Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/370

 

 

 

 

 

 

 

  2025         05          26                                     2025/ШЦТ/370

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 7 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ........... хамт, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

.......... овогт Ч.А /РД:********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 хорооны ..........байрны гаднаас Д.А-ээс 1977 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсын Тулагийн сумны үйлдвэрт цэргийн байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн малгай хэсэгтээ “***”, “**” гэсэн тэмдэглэгээтэй 500 ширхэг сум, 1989 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Климовскийн сумны үйлдвэрт цэргийн байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн малгай хэсэгтээ “***”, “**” гэсэн тэмдэглэгээтэй 840 ширхэг сум, 1990 онд Оросын Холбооны Улсын Климовскийн сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн цэргийн байлдааны зориулалттай малгай хэсэгтээ “***”, “**” гэсэн тэмдэглэгээтэй 140 ширхэг сум, 1971 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Барнаулын сумны үйлдвэрт цэргийн /байлдааны/ зориулалттай үйлдвэрлэгдсэн малгай хэсэгтээ “**”, “**” гэсэн тэмдэглэгээтэй 20 ширхэг 7,62х39мм-ийн калибрын ган зүрхэвчтэй нийт 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, улмаар Баянзүрх дүүргийн ** дүгээр хороонд байрлах ............ давхарт гражид хадгалж, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1500 ширхэг сумыг **** УАК улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар борлуулахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- СХДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 16 дахь хуудас/,

- 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эд зүйл барим, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-25 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1500 ширхэг сум нь биет байдлаар ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. 3.Шинжилгээнд ирүүлсэн малгай хэсэгтээ “***”, “**” гэсэн тэмдэглэгээтэй 500 ширхэг сум нь 1977 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Тулагийн сумны үйлдвэрт, малгай хэсэгтээ “***”, “**” гэсэн тэмдэглэгээтэй 840 ширхэг сум нь 1989 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Климовскийн сумны үйлдвэрт, малгай хэсэгтээ “***”, “**” гэсэн тэмдэглэгээтэй 140 ширхэг сум нь 1990 онд Оросын Холбооны Улсын Климовскийн сумны үйлдвэрт малгай хэсэгтээ “**”, “**” гэсэн тэмдэглэгээтэй 20 ширхэг сум нь 1971 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Барнаулын сумны үйлдвэрт цэргийн /байлдааны/ зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39мм-ийн калибрын ган зүрхэвчтэй ердийн сумнууд бөгөөд 7.62х39мм-ийн калибртай бүх галт зэвсэгт ашиглах боломжтой. 4.Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь үйлдвэрийн хийцийнх. 5.Шинжилгээнд ирүүлсэн нийт 1500 ширхэг сумнуудын бялтыг нэг болон өөр өөр төрлийн багаж хэрэглэж цэнэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 6.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 56-59 дэх хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн 330 ширхэг хонгионууд нь биет байдлаар ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь сумны хошуу биш. З.Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь өөр өөр төрлийн галт зэвсгээр буудагдсан байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн 16 ширхэг сумын хонгио нь 7mm REM MAG калибртай галт зэвсгээр, 14 ширхэг сумын хонгио нь HORNADY 30-06 SPRG калибртай галт зэвсгээр, 1 ширхэг сумын хонгио нь “l D 39 18” 7,92х57мм калибртай галт зэвсгээр, 116 ширхэг сумын хонгио нь 308 WIN калибртай галт зэвсгээр, 59 ширхэг сумын хонгио нь “PMC 7.62х39мм” калибртай галт зэвсгээр, 63 ширхэг сумын хонгио нь 6.5 CREEDMOOR калибртай галт зэвсгээр, 59 ширхэг сумын хонгио нь PMC 223 REM калибртай галт зэвсгээр, 2 ширхэг сумын хонгио нь FC 6мм CREEDMOOR калибртай галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. 5.Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь өөр калибрын галт зэвсгээр буудлага үйлдэгдээгүй байна. 6.Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь хэлбэр дүрсээ алдаагүй байна. 7.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-71 дэх хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 211-212 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 209-210 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч болон миний зүгээс хэргийг хялбаршуулах хүсэлт гаргасан. Зүйлчлэлийн тал дээр маргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ч.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтэд дурдагдсан “борлуулсан болон борлуулахыг завдсан” гэдэг үйл баримт тогтоогддоггүй гэсэн хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хадгалсан, тээвэрлэсэн” гэх асуудал багтаж байгаа учир маргахгүй байгаа. Мөн тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13,500,000 төгрөгийг улсын орлого болгоно гэсэн санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалт байдаг. Хэдийгээр хялбаршуулсан журмаар орж ирж байгаа боловч хууль хэрэглээ дээр хэрэглэх нь зөв гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл нь өөрөө тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахын тулд албадлагын арга хэмжээг хэрэглэхээр зохицуулсан. Энэ гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг бодитойгоор учраагүй гэдгийг яллах дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал байгаа. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг хураана, өөрийнх нь биш бол хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол үнэлж хураана гэсэн зохицуулалт юм. Энэ нь өөрөө шударга ёсны зарчмын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж харахаар байна. Тэгэхээр заавал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учраагүй. Мөн худалдаж борлуулах гэж байсан гэх баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй учир улсын яллагчийн 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээний хууль хэрэглээний талаар шүүх анхаарч үзнэ үү...” гэв.

Иймд шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ч.А-д оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ч.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын дотор 5,400,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар 1350 ширхэг сум, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 13,400,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, улсын орлого болгосон 1350 ширхэг сумыг Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвд шилжүүлж, мөн 330 ширхэг хонгиог устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Ч.А /РД:********/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1350 ширхэг сум, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 13,400,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, улсын орлого болгосон 1350 ширхэг сумыг Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд шилжүүлж, мөн Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 330 ширхэг хонгиог устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР