Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/01516

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2022/01516 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 000 байр, 00 тоот хаягт байрлах, Г ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Нью гарден-0 хотхон, 0 байр, 000 тоот хаягт оршин суух С Г /РД:00000000/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б Г, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч Б.Т, гэрч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: ....Г ХХК нь өөрийн өмчлөлийн БНСУ-д үйлдвэрлэгдсэн 000 УН улсын дугаартай DX маркийн эксковаторыг хариуцагч С.Гд 380 000 000 төгрөгөөр худалдаж, 2021 оны 08 сарын 12-ны өдөр бичиг баримтын нэрийг шилжүүлэн, хүлээлгэн өгсөн. С.Г нь 380 000 000 төгрөгөөс 355 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 25 000 000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү. Техник нь тухайн үед ББСБ-ын барьцаанд үндсэн зээл, хүүтэйгээ нийлээд 252 843 100 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 200 000 000 С.Г төлсөн. Үлдсэн 52 843 100 төгрөгийг би өөрөө төлсөн. 180 000 000 төгрөгт байраа тооцож аваад төлбөр төлөгдөөгүй байр байсныг мэдээд байранд 100 000 000 төгрөгийг аваад 45 000 000 төгрөгт машин тооцож авсан. Нийт 355 000 000 төлсөн ба үлдэгдэл 25 000 000 төгрөгийг өнөөдөр хүртэл аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үнэд 2021 оны 08 сарын 12-ны өдөр 250 000 000 төгрөгийг ББСБ-д барьцаанаас чөлөөлөх зорилгоор зээлд нь төлсөн. Үлдсэн төлбөрт бартераар байр шилжүүлэхээр тохирсон байсан боловч байраа өгөх боломжгүй болсон тул 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ө.Г гэсэн данснаас 100 000 000 төгрөгийг барилгын буцаалт гэсэн утгаар шилжүүлсэн. Мөн 60 000 000 төгрөгийн үнэ бүхий 0000УБН улсын дугаартай авто машиныг 45 сая төгрөгт тооцон компанийн захирал нь нэр дээрээ шилжүүлэн авсан. Шилжүүлсэн 100 000 000 төгрөгийн хамт нийт 145 сая төгрөгийг хүлээн авснаа илэрхийлэн баримт үйлдэж өгсөн байдаг. Төлбөрт орон сууц шилжүүлж чадаагүйтэй холбоотой БГд хохиролтой байлгахгүй тул 10 000 000 төгрөг нэмж өгье гэж хэлээд 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 520 экскэ үлдэгдэл тооцоо дуусав гэсэн утгаар 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл надаас дахин үндэслэлгүй мөнгө шаардаж байгаа тул би түүнд илүү төлсөн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...худалдсан эд хөрөнгө нь ББСБ-ын барьцаанд байсан бөгөөд барьцаанаас чөлөөлөхөөр надаа бэлэн 50 000 000 төгрөг байсан. Гэтэл ББСБ нь төлбөрийг бүтнээр нь дансаар шилжүүл гэсний дагуу Г өөрийн данснаасаа 250 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. Би түүнд бэлнээр 50 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2021.08.12-ны өдрийн техник худалдах, худалдан авах гэрээ, техникийн фото зураг, нэхэмжлэгчээс Авто тээврийн үндэсний төвд 2021.08.12-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хаан банк дахь 5070452834, 0000000000 тоот данснуудын хуулга, 2021.09.10-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Ө.Г, С.БГ нарын хооронд 2021.08.12-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээ, С.БГээс 2021.09.10-ны өдөр Ө.Гэс 145 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар үйлдсэн баримт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр С.БГийн 00000000 дугаарын утсанд үзлэг хийж, гэрч Д.О, Ө.Г нарыг асуух ажиллагааг гүйцэтгэсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн техник худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарлав.

 

3. хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр илүү төлсөн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

4.1. Г ХХК болон С.Г нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр техник худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Г ХХК өөрийн өмчлөлийн 000УН улсын дугаартай, БНСУ-д үйлдвэрлэсэн DX маркийн эксковаторыг худалдан авагч С.Гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон 380 000 000 төгрөгийг худалдагчид төлөхөөр тохирчээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

4.2. Худалдагч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох техникийг худалдан авагч болох С.Гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин хэлэлцэн тохирсон үнэ бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болсон.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь Н ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох техникийг фидуцийн гэрээгээр ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн байсан ба хариуцагч С.Г нь нэхэмжлэгчийн зээлийн үүрэгт 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн охин Гийн Мөнхзулын Хаан банк дахь 0000000000 тоот данснаас 0000000000 тоот дансанд 250 000 000 төгрөгийг доосан 500 дх үнэ гэх утгаар шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчид00000000004 тоот дансыг Н ББСБ ХХК-ийн эзэмшлийн данс болох талаар маргаагүй. Харин хариуцагчийн шилжүүлсэн 250 000 000 төгрөгөөс нэхэмжлэгч 50 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагч С.Гд буцаан өгсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.БГийн дансанд 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ө.Гэс 100 000 000 төгрөгийг барилгын буцаалт гэх утгаар шилжүүлсэн, мөн 45 000 000 төгрөгт тооцон 0000УБН улсын дугаартай Jeep Wrangler-JK шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд С.БГ нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ...Ө.Гэс 145 000 000 төгрөгийг хүлээн авсан. Ө.Гтэй төлбөр тооцоо дууссан болно гэх баримтыг үйлджээ.

 

Гэрч Ө.Г нь ...000УН улсын дугаартай, БНСУ-д үйлдвэрлэсэн DX маркийн эксковаторын үнэд байр оролцуулахаар тохирч байсан боловч байраа өгөх боломжгүй болсон. Ингээд 100 000 000 төгрөг болон машиныг 45 000 000 төгрөгт тооцон С.БГд өгсөн... гэх мэдүүлгээс үзэхэд Ө.Г нь хариуцагчийн нэрийн өмнөөс төлбөр төлснөөс бус нэхэмжлэгчийн төлөөлөгч С.БГтэй тусдаа эрх зүйн харилцаа үүсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.БГийн өр төлбөрийг хүлээн авсан талаарх баримт нь хариуцагч С.Гтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамааралгүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн үзлэгээр С.БГ болон С.Г нар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр харилцан зурвас илгээж, төлбөр шаардаж, хариуцагч төлөхөө илэрхийлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч С.Гээс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөгийг 520 экскээ үлдэгдэл тооцоо дуусав гэх утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй болно.

 

Хариуцагч С.Г нь техник худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 405 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С.Гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөгийг шаардах эрхгүй тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Дээр дүгнэсэнчлэн хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид 405 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагчийн ...гэрээний төлбөрт орон сууц оролцуулахаар тохирсон байсан боловч орон сууц шилжүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор төлбөр нэмж төлөх болсон... гэх тайлбараас үзэхэд талууд тухайн тохиолдолд гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэд өөрчлөлт оруулан, хариуцагч зөвшөөрч 25 000 000 төгрөгийг нэмж нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг 25 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч буцаан шаардах эрхгүй байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч С.Гд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Гийн нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ