| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0056/э |
| Дугаар | 2025/ШЦТ/58 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Т.Н,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2517000050044 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд ****** * төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ****ажилладаг, ам бүл 1, *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***оны ** дугаар сарын ***-ны өдрийн 2019/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*** оны ** дугаар сарын ***-ны өдрийн 2021/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Ж овогт Б-н Б /РД: ЕЙ****/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эмийн сангийн байрны 03 тоотод 45 настай эрэгтэй О.С-тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдал, хатингаршил, зүүн нүдний хараагүйдэл, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эмийн сангийн байрны 03 тоотод 45 настай эрэгтэй О.С-тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдал, хатингаршил, зүүн нүдний хараагүйдэл, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
2. Хохирогч О.С-ын “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Эмийн сангийн байранд орой 22 цагийн үед найз Б гэх найзынд 0.5 литрийн Агар гэх архи аваад гэрт нь орж хамт байсан. Миний авчирсан архийг уугаад Б дахиж 1 шил 0.5 литрийн Агар гэх архи аваад хамт ууж байгаад бид хоёр ялихгүй юмнаас болоод маргалдаад би Б-гийн нүүрэн тус газар хоёр удаа алгадаад эргээд харсан чинь миний зүүн нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохиод би газар унаад миний зүүн нүднээс цус гараад байж байтал Б 103 дуудаж аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очсон. Би эмнэлэгт хэвтсэн цагаас хойш 1 сая төгрөгийн зардал гарсан. Мөн нүд харахаа больсон тул би гомдолтой байна. Нэг асуудлаас болоод хоорондоо маргасан чинь миний эрүүнээс өргөж байгаад Б миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд би яаж байгаан бэ гэсэн чинь миний нүднээс цус гарч байсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 837 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- О.С-ын биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдал, хатингаршил, зүүн нүдний хараагүйдэл, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
- Зүүн нүдний хараагүйдэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
Дүгнэлт гаргасан: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжээчийн дүгнэлтэд:
- Хохирогч О.С нь гэмт хэрэгт өртөх үедээ тухайн нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.
- Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
- Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.
Дүгнэлт гаргасан: Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, сэтгэцийн эмч Ц.Д, шинжээч сэтгэл зүйч Х.Б гэжээ. /хх-ийн 36-38 хуудас/,
5. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-47 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 51-53 дугаар хуудас/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч О.С-ын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 837 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.С нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Б.Б-д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.С-тай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч О.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч О.С-ын эмчилгээ үйлчилгээнд гарсан зардал болох 1 002 762 төгрөг, хохирогч О.С-ын эмчилгээнд 2 200 000 төгрөгийг тус тус нөхөн төлжээ.
Хохирогч О.С нь шүүгдэгч Б.Б-гээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилснийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь:
Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогч О.С-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, түүнд учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зүүн нүдний хараагүйдэл үүссэн, мөн түүний сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрсэн, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогч О.С-ын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 9 900 000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-гээс гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгээс 9 900 000 төгрөгийг гаргуулж хохирогч О.С-т олгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч О.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Б-гээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.С нарын хүлээн зөвшөөрсөн 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.С-т 2 200 000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 1 002 762 /нэг сая хоёр мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 9900000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.С-т олгосугай.
7. Хохирогч О.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Бгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ