| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0058/э |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч С.Э түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт Сгийн Ээд холбогдох эрүүгийн 2517000000048 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Шивээ-Овоо ХК-нд технологийн машинч эрхэлсэн ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн .......... сумын ............ дугаар баг, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус 2 удаа ял шийтгүүлсэн гэх Н овогтой Сгийн Э, регистрийн дугаар /........................./.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Н овогтой Сгийн Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 07-54 УАВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,08 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд
1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхээ: 2025 оны 04 сарын 11-ны өдөр би замын цагдаагийн тасгаас зохион байгуулж буй “Сумын хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Шивээговь сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх үүргийг авч д/а Я-ын хамт авч Шивээговь суманд очиж авто зам дээр хяналт шалгалт хийж байсан. Орой 17 цагийн үед Шивээговь сумын төвийн зүүн урд хэсэгт шороон зам дээр хяналт шалгалт хийж байх үед зүүн талын гудамжны эгнээнээс /эгнээний нэрийг мэдэхгүй байна гэх/ саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл наашаа чиглэн ирж байсан тэгээд дөхөж байснаа бид 2-ыг хараад гэнэт буцаж эргээд 1 айлын хашааны хаалганы өмнө очоод зогссон тэгэхээр нь д/а Я бид 2 очиж тухайн жолоочийн бичиг баримтыг шалгахад 07-54 УАВ гэсэн улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй С.Э гэх залуу байсан. Би бичиг баримтыг нь шалгах үедээ С.Э гэж нэрийг нь мэдсэн. Тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан болохоор би тухайн үед би жолоочоос хаанаас хаашаа явж байгаа болохыг болон юу уусан талаар асуухад “Ойрхон найзындаа пиво уусан дөнгөж хөдлөөд явж байна гэж хэлж байсан. Тэгээд д/а Я тухайн тээврийн хэрэгслийг жолоодож цагдаагийн хэсгийн гадаа авч ирсэн. Тухайн үед жолооч залуу машиндаа ганцаараа явж байсан.
Тус жолоочийг цагдаагийн хэсэг дээр авч ирж согтолын зэрэг тогтоодог тусгай багаж руу үлээлгэж үзэхэд 2.08% гэсэн тоон үзүүлэлт гарсан гэх мэдүүлэг. /х.х-ийн 9 хуудас/
3. Гэрч М.Я мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр би замын цагдаагийн тасгаас зохион байгуулж буй “Сумын хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Шивээговь суманд ажиллахаар д/ч Б.Б, д/а Б.А ах нарын хамт Шивээговь сум руу явсан. Суманд очоод д/а Б.А ах бид 2 Шивээговь сумын төвийн зүүн урд хэсэгт шороон зам дээр хяналт шалгалт хийж байх үед зүүн талын гудамжны эгнээнээс саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл наашаа чиглэн ирж байсан тэгээд дөхөж байснаа бид 2-ыг хараад гэнэт буцаж эргээд айлын хашааны хаалганы өмнө очоод зогссон тэгэхээр нь д/а Б.А ах бид 2 очиж А ах бууж очоод тухайн жолоочийн бичиг баримтыг шалгаад намайг машиныг нь жолоодчих гээд би тухайн эрэгтэйн машиныг жолоодоод цагдаагийн эхэсэг рүү явсан. Намайг машиныг нь жолоодох үед тэр хүнээс архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/
4. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 01, 04 хуудас/
5. Жолоочийн үнэмлэхний лавлагаа авсан тухай тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/01 дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 28, 34-38 хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 32 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: шүүгдэгч С.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 07-54 УАВ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,08 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна. Мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.А, М.Я нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, цагдаагийн рапорт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч С.Ээд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э болон түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч С.Ээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Ээд холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ням овогт С-ийн Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 07-54 УАВ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2.08 хувийн согтолттой жолоодон хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиггүй. Шүүгдэгч С.Эийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалтыг тогтоох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд урьд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийг төлж барагдуулсан. Харин эрх хасах ялыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд эдлээгүй үлдсэн ялыг өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 1 жил 8 сар 1 хоногийн үлдэгдэлтэй байна. Эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 жил 8 сар 1 хоногийг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хугацааг нийт 3 жил 11 сар 1 хоногийн хугацаагаар хасах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч С.Ээд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн саналыг,
Өмгөөлөгч Г.Энхжаргал: Миний үйлчлүүлэгч С.Э нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан. Мөн прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэм буруутай үйлдэлд нь улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч С.Ээд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жил 03 /сарын/ хугацаагаар хасаж, зорчих эрхийг 07 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас өмнөх шийтгэл тогтоолоос эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд эдлээгүй үлдсэн ялыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 1 жил 8 сар 1 хоногийн үлдэгдэлтэй байна. Эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 жил 8 сар 1 хоногийг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хугацааг нийт 3 жил 11 сар 1 хоногийн хугацаагаар хасах тухай саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бол тус заалтын 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулах бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэсэн заалтын ялын төрөл хэсэгт эрх хасах ялыг дурдаагүй болно. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэхээр заасан нь хууль хэрэглээний хувьд нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргаж болно гэснийг үндэслэл болгов.
Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Сгийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эийг 07 /долоо/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ээд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ээд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ