| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03806/И |
| Дугаар | 183/ШШ2022/01573 |
| Огноо | 2022-05-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2022/01573
2022 оны 05 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2022/01573 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Хулан, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах, Н /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Т овогт Ц Г /:0000000/-д холбогдох
Гэм хорын хохиролд 30 610 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, хариуцагч Ц.Г, түүний өмгөөлөгч П.Э, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлд дурдсан эрүүгийн хэргийн тухайд Наас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Наас эцэслэн шийдвэрлэгдээгүй, миний гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байхад гэм хорын хохирлыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. н.Д гэх хүнтэй анх гэрээ байгуулсан. Яамнаас мөнгөө авах гэсэн боловч хувь хүн авч болохгүй гэсэн учраас компанитай гэрээ байгуулах шаардлага гараад А ерөө ХХК гэх компанитай гэрээ байгуулж 82 500 000 төгрөгийг гаргуулж авсан. Мөнгөө урьдчилаад авчихсан юм. Гарын үсэг хуурамч эсэхийг нь мэдэхгүй байна. Хуурамч байсан бол А ерөө ХХК-ийн хүмүүстэй гэрээ хийж мөнгөө гаргаж авч чадахгүй байсан байх. Тооны хувьд зөрүүтэй байгаа. Уг компани нь бэлэн мөнгө гаргаж авчирч өгөхдөө мөнгөн дүнгийн 10 хувийг авсан. Зэвсэгт хүчин жанжин штабт 74 300 000 төгрөг ирснээс Зэвсэгт хүчний 244 дүгээр ангиас урьдчилгаанд өгсөн байсан 22 500 000 төгрөгөө хасаад, Зэвсэгт хүчний 000 дугаар ангид 18 500 000 төгрөгийг өгөөд Н.Дд 60 000 000 төгрөг өгөх байснаас 19 000 000 төгрөг гүйцээж өгөөд, 14 300 000 төгрөг манай байгууллагад үлдсэн. Уг мөнгөө гадны зочин төлөөлөгч, бэлэг дурсалд өгөх маягаар зарцуулсан. Яг хэнд хэдэн төгрөг өгсөн баримт байхгүй байгаа. Төсвийн мөнгө биш гадаад харилцааны яамнаас зарцуулсан мөнгө байсан, баримтаар тайлбарлах шаардлага байгаагүй учраас тухайн үед нь тухайн арга хэмжээ хариуцаж байсан хүмүүстэй тооцоо хийгээд явж байсан. Зэвсэгт хүчний жанжин штабын төсвийн мөнгөнөөс гараагүй учраас эргээд тайлагнах шаардлагагүй байсан тул санхүүгийн баримт хадгалагдаж үлдээгүй. Хувьдаа ашигласан л гэж хардаад байгаа болохоос миний хувьд нэг ч төгрөг ашиглаагүй... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 онд АСЕМ зохион байгуулагдах үед 55 зочид төлөөлөгч нарт эмээл, хазаарыг бэлдэж өгөхийг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгасан байдаг. Төсөв мөнгө, урьдчилгааг нь хожигдож шийдсэн учраас санхүүгийн албаны дарга нь 2 ангиасаа мөнгийг урьдчилан татаж эмээл, хазаар хийдэг хүн болох н.Д руу шилжүүлсэн. Үүний дараа гадаад харилцааны яамнаас 82 500 000 төгрөг шилжиж орж ирэхдээ н.Дын данс руу биш А ерөө ХХК-ийн данс руу орсон. А ерөө ХХК-г хуулийн этгээдээр гэрээ хийхгүй бол гадаад хэргийн яамнаас шилжүүлэх боломжгүй гэсэн учраас н.Д нь өөрийн хуурай ах болох А ерөө ХХК-г ашиглаж байгаад гэрээ хийж, компанийн данс руу мөнгийг шилжүүлж авсан байдаг. 82 500 000 төгрөгийг авсны дараа 000 дугаар анги, 243 дүгээр ангиудад авсан мөнгөө эргүүлж төлсөн ба иргэн н.Д 19 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Сүүлд өгсөн Наас өгсөн хавтаст хэргийн 058 дугаар хуудсанд 19 000 000 төгрөгийг бэлнээр авсан мөн 61 000 000 төгрөгийг төлбөрийг надад төлсөн гэх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн 8 250 000 төгрөгийн төлбөрийг А ерөө ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Алтансүх нь татварт суутгаж авсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай үнийн дүн тохирч байна. Мөн Н нь хэргийн оролцогч мөн үү. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үйл баримтыг хангаж чадаж байна уу. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 471 дүгээр тогтоолын хориглох хэсэгт хэргийн хохирогч түүний хууль ёсны этгээд биш, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд байхгүй болохыг дурдсан хүчин төгөлдөр тогтоол байдаг. Гадаад хэргийн яам болон А ерөө ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэхтэй холбоотой маргааныг задлаад гэм хор учруулсан гэж яриад байна. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 471 дүгээр тогтоолоор манай үйлчлүүлэгчийг төрийн албан хаагч гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заасны дагуу учирсан хохирлыг төр хариуцна гэсэн зохицуулалттай байна. Нэхэмжлэгч ямар дүнг, ямар үндэслэлээр нэхээд байгаа нь ойлгомжгүй. 2 байгууллагын хооронд байгуулсан гэрээ нэгэнт дууссан, хохирогч тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчээс Нын 2019.09.09-ний өдрийн 471 дугаар прокурорын тогтоол, 2018.12.03-ны өдрийн 000000000 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэрчийн мэдүүлгүүд, 2018.11.21-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Д ХХК-ийн үнэлгээний тайлан, 2019.04.23-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал, 2019.01.03-ны өдрийн 12/14 дугаартай Зэвсэгт хүчний жанжин штабын архивын лавлагаа гэх баримт, Санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, 2016.12.26-ны өдрийн Санхүү, дотоод хяналт шалгалтын байнгын комиссын нотломж, орлогын баримт, А ерөө ХХК-ийн 1410008014 тоот дансны хуулга, төлбөрийн хүсэлт, орлогын баримт, Ц.Дын Хаан банк дахь 5113007093 тоот дансны хуулга, А ерөө ХХК-тай байгуулсан эмээл, хазаар бэлтгэн нийлүүлэх гэрээ, А ерөө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.08.25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах тухай Мөрдөгчийн санал, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба тус баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4-т заасан шаардлагад нийцээгүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх бүрдүүлэв. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Нын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 471 дугаар прокурорын тогтоолыг үндэслэн гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол 30 610 000 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлийг ...хувьдаа мөнгө завшиж, хэн нэг этгээдэд хохирол учруулсан зүйлгүй. Гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй... гэх үндэслэлээр үгүйсгэв.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Улаанбаатар хотод 2016 онд зохион байгуулагдсан Ази Европын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабаас гадаад зочид төлөөлөгч нарт бэлэглэх 55 ширхэг эмээл, хазаарыг худалдан авах ажиллагааны явцад төсвийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
4.2. Н 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 471 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолд Ц.Г нь Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас шилжүүлсэн 82 500 000 төгрөгөөс иргэн Ц.Дд 60 089 500 төгрөгийг өгч, үлдэгдэл 22 410 000 төгрөгийг уулзалт, айлчлал төлөвлөлтийн хурал зэрэг арга хэмжээнд зарцуулсан гэх боловч энэ талаар баримтгүй, түүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад үлэмж хэмжээний буюу 22 410 000 хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэжээ.
Мөн Ц.Г АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас санхүүжилтийн 82 500 000 төгрөг орж ирэхээс өмнө Булган аймгийн Хялгант суманд байрлах Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас Ц.Дд шилжүүлсэн 22 500 000 төгрөгөөс 8 200 000 төгрөгийг буцаан өгөлгүй завшиж, тус ангид 8 200 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар дүгнэж, хөөн хэлэлцэх хугацаан өнгөрч, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.
Дээрх Н 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 471 дүгээр прокурорын тогтоол нь хариуцагч Ц.Гын гэм буруутай болохыг тогтоогоогүй. Уг прокурорын тогтоол болон гэрч нарын мэдүүлгүүдээр Ц.Г нь гадаадын зочид төлөөлөгч нарт бэлэглэх 55 ширхэг эмээл, хазаарыг худалдан авах ажиллагаанд зориулж АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас шилжүүлсэн 82 500 000 төгрөгөөс 22 410 000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар баримтгүй, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид 8 200 000 төгрөгийг буцаан өгөөгүй гэх үйл баримтын талаар агуулж байх боловч Ц.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх эргэлзээгүй баримт биш юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл тогтоогдоогүй тул хохирлын шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.
Иймд нэхэмжлэгч Нын хариуцагч Ц.Гад холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 30 610 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Гаас гэм хорын хохиролд 30 610 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Ц.ОЮУНБИЛЭГ