| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/04251/И |
| Дугаар | 183/ШШ2022/01713 |
| Огноо | 2022-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2022/01713
2022 оны 05 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2022/01713 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, Нарны зам-00, Тээвэрчдийн гудамж, Саруул төв хаягт байрлах, М ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Ривер гарден 000 байр, 000 тоот хаягт оршин суух, Э овогт Эн А /РД:0000000/-т холбогдох,
0000 УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн, авто машины тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, түүний өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Манай байгууллага нь 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орж ирсэн TOYOTA LAND CRUISER 78 автомашины хууль ёсны өмчлөгч билээ. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр н.М гэх залуу машин зарж өгье мөнгийг нь удахгүй шилжүүлнэ гээд аваад явсан. Өнөөдрийг хүртэл мөнгө дансанд ороогүй. Ммашиныг Э.Ат шилжүүлсэн бөгөөд Э.А нь Дарханд машинаар явдаг атлаа машины татвар, торгуулийг төлдөггүй, татвар торгууль нь манай байгууллага дээр гардаг учир төлсөөр ирсэн. Иймд манай өмчлөлийн автомашиныг Э.А хууль бусаар эзэмшиж байгаа тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 0000УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 машиныг манай хүү худалдаж авсан. Тухайн үед машиныг худалдаж авахаас өмнө Циркийн хажуу талын автомашины зогсоол дээр зарна гэж байсныг үзээд 10 хоногийн дараа худалдах, худалдан авах гэрээ хийж, гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Компаниас гэрчилгээгээ шилжүүлж авъя гэсэн боловч манай захирал гадаад гарсан байгаа, одоо шилжүүлэх боломжгүй байна гэж хэлсэн. Тухайн үед манай хүү гадагшаа сургуульдаа яваад гэрчилгээг авах бололцоогүй байж байгаад захирлыг нь ирэхээр ажил дээр очиход нарийн бичиг нь захирал байхгүй гэсэн удаа дараа тайлбар өгч байсан. Нэг хэсэг холбогдохгүй байж байгаад 2019 оноос эхлээд манай хүү рүү залгаж 10 000 000 төгрөг өг, өгөхгүй бол шүүх рүү шилжүүлнэ шүү гэж сүрдүүлж байсан. Тухайн үед гэрээ хэлцэл хийж, нотариатаар баталгаажуулсан учраас шүүхээр явахад асуудалгүй гэж бодсон. Миний ойлгосноор н.Г, н.Г хоёрыг төрсөн ах, дүү хоёр гэж ойлгосон. Машин худалдаж авахад Э.Аын нэр дээр хийх болсон шалтгаан нь бид өөрсдөө Дарханд байдаг учраас хүүгээ хотод байдаг болохоор бичиг баримт шилжүүлэхэд ойр гэж бодсоны үүднээс итгэмжлэл хийлгэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...0000УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 машины тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг Э.Ат шилжүүлэхийг М ХХК-д даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр худалдаж авсан автомашины үлдэгдэл төлбөр болох 1 000 000 төгрөгийг автомашины гэрчилгээ авах буюу шилжүүлэх үед төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд Э.Аын эзэмшилд байгаа боловч албан ёсны бүртгэлийн лавлагаагаар М ХХК-ийн хуулийн этгээдийн нэрээр байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон гэж үзэж байгаа. Э.Аын нэр дээр гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв...
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:...Маргаан бүхий автомашин нь М ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө. Бүртгэлтэй компанийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүй бусад этгээдүүд хоорондоо тохиролцож, худалдан борлуулахыг Иргэний хуулиар зөвшөөрөөгүй. Нотариатын бүртгэлийн дэвтэр дээр бүртгэлийг хийхдээ ямар нэг байдлаар компаниас н.Ганзориг, н.Мбусад этгээдүүдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл хэрэгт авагдаагүй. М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар н.Ганбаяр итгэмжлэлгүйгээр төлөөлдөг. Эцсийн өмчлөгч нь нэг хувьцаа эзэмшигчтэй гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хийгдсэн хэлцэл учраас байгуулагдаагүй хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Байгуулагдаагүй хэлцэл учраас өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үүсэх боломжгүй. М ХХК-ийн итгэмжлэлтэй этгээдээс худалдаж авахыг мэдэх боломжтой байсан боловч анхаарал, болгоомжгүйгээс болоод өөр этгээдээс худалдаж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхны шаардлагын хувьд тодруулж хэлэхэд н.Мнь худалдан авах хүнээ дагуулж ирээд шилжүүлье гэдэг асуудал яриад 4, 5 жил алга болсон. Бид нар өөрсдийн өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 0000 УНЭ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2018, 2019 оны тээврийн хэрэгслийн татвар төлсөн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын мэдүүлэг-4 хуудас, эдгээр баримтуудын нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр маргааны зүйл болох автомашины эзэмшигчийн талаарх лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс нотлох баримтаар гаргуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу Нийслэлийн архивын газраас Сүхбаатар дүүргийн 138 дугаар тойргийн нотариатч Г.Б-ийн М буюу Б.Г, Э.А нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэнтэй холбогдох бүхий л баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 01-06 сарын гэх бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, Э.Аын иргэний үнэмлэхний хуулбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М ХХК нь шаардлагын үндэслэлээ ...өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч Э.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч маргааны зүйл болох автомашиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу эзэмшиж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, худалдах, худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай сөрөг шаардлага гаргаж мэтгэлцэв.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 0000УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 маркийн автомашины эзэмшигчийн лавлагаанаас үзэхэд тухайн авто машиныг 2011 оны 10 сарын 19-ны өдрөөс 2016 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэл Баасанжавын Ганзоригийн эзэмшилд бүртгэлтэй, Б.Гоос М ХХК-ийн эзэмшилд шилжсэн байна.
Нэхэмжлэгч М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Баасанжавын Ганбаатар болох нь компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Нийслэлийн архивын газраас нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Г.Бн гэрчилсэн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 138 дугаарт бүртгэгдсэн Автомашин худалдах, худалдан авах гэрээ болон бүртгэлийн дэвтрийн хуулбараас үзэхэд худалдагч М ХХК-ийг төлөөлөн Б-ын Г гэрээ байгуулж, 42 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тухайн автомашиныг худалдан борлуулахаар бусдад шилжүүлэн өгсөн талаараа нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарласан бөгөөд маргааны зүйл болох автомашиныг худалдах хүсэл зориг нэхэмжлэгчид байсан гэж үзэхээр байна. Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөх нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн автомашиныг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй гэдгийг нотолсноор шаардах эрх үүснэ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд ...нэхэмжлэгч М ХХК-ийг төлөөлөн хариуцагч Э.Атай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Б.Гийг танихгүй, автомашиныг ямар үндэслэлээр Э.Ат шилжүүлснийг мэдэхгүй... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу Б.Г нь М ХХК-ийг төлөөлөн Э.Атай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд хариуцагч Э.А нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 138 дугаарт бүртгэгдсэн Автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаж буй 0000УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 маркийн автомашины шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Э.Ат холбогдуулан гаргасан 0000УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг шаардсан гэж үзэхээр байна.
Дээр дүгнэсэнчлэн, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу Б.Г нь М ХХК-ийг төлөөлөн Э.Атай байгуулсан. Уг гэрээг шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын хооронд байгуулсан гэрээний нэмэлт нөхцөлд урьдчилгаа 42 000 000 төгрөгийг 2016.04.27-нд бэлнээр хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 1 000 000 төгрөгийг автомашины гэрчилгээ авах буюу шилжүүлэх үед төлөхөөр тохиролцов. гэжээ.
Дээрх тохиролцооны дагуу хариуцагч Э.А нь автомашины эзэмшигчээр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч М ХХК-иас шаардах эрхтэй байна.
Иймд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 0000УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 маркийн автомашины эзэмшигчээр бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг Э.Ат гаргаж өгөхийг М ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Э.Ат холбогдуулан гаргасан 0000УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 0000УНЭ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER 78 маркийн автомашины эзэмшигчээр бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг Э.Ат гаргаж өгөхийг М ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас төлсөн 372 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 372 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ