Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/01879

 

 

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/01879

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 00А-0 тоотод оршин суух, Ө овогт Ю.Ч /РД: ХЕ:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0дугаар хэсэг, Маршал таун, 000 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогт Д.М/РД:ЦГ00000000/ холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ю.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын чацаргана нийгэмлэгээс 10 га газрыг хүмүүст олгоод худаг бариад ашиглаж байсан. Сүүлд газрын хууль гарсантай холбогдуулан 10 га газрыг хувааж өгөхөөр болоод би тухайн үед компанитай байсан учраас компанийнхаа нэр дээр 2002 оны 0дугаар сард Нийслэлийн засаг дарга М.Э-ын захирамжаар уг газрыг анх эзэмшиж эхэлсэн. Тэгээд газраа эзэмшиж, ашиглаж байх үед мөн газрын тухай хууль шинэчлэгдээд инженерийн шугам, сүлжээтэй газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар харин гэр хорооллын газрыг Дүүргийн Засаг даргын захирамжаар олгохоор болсон. Тэгээд би өөрийн нэр дээр газар эзэмших хүсэлт гаргаад Нийслэлийн Газрын албаны дарга н.С гэх хүн Хан-Уул дүүргийн Газрын албанд 2000оны 09 дүгээр сард албан тоот хүргүүлж, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2000оны 12 дугаар сард миний нэр дээр газар эзэмших гэрчилгээ гарсан. Уг газар нь 4 шонтой, том хашаатай байсан, эзэнгүй хоосон газар биш. Гэтэл миний эзэмшлийн газар дээр төмс, ногоо тарьчихсан байсан. Би тухайн үед хариуцагчийг хаана ажиллаж, амьдарч байгааг нь мэдэхгүй байсан учир олж чадаагүй. Гэтэл нэг өдөр миний газар дээр байшин барьж байсан. Тэгээд би ажиллаж байгаа ажилчдаас нь асуугаад хариуцагчийн хаана ажилладаг талаар мэдэж авсан. Би газар эзэмших гэрчилгээгээ авч очоод хариуцагчтай уулзахад намайг доромжилсон. Ингээд би 2010онд миний эзэмшлийн газар дээр байшин бариад байна, үүнийг чөлөөлж өгнө үү гээд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гзарын албанд өргөдөл өгсөн боловч газрын албанаас уг газар нь Соёлз трейд ХХК байшин барьж байна, гэхдээ Соёлз трейд ХХК-ийн эзэмшил биш байна та шүүхэд хандаж газраа чөлөөлүүл гэж хэлсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг, нэр нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэд хэдэн удаа буцаж байсан. Одоо хариуцагч нь миний эзэмшлийн газар дээр байшин барьчихсан, би эзэмшиж, ашиглаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Соёлз трейд ХХК Мөнхжаргал нар хамааралтай хүмүүс юм. Би үүнийг мэдэж байгааа. Иймд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлах өөрийн эзэмшлийн газрыг хариуцагчаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийнхөө газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга хянан шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл Газрын албанаас шүүхэд ханд гэж хэлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр уг асуудлыг Газрын алба шийдвэрлэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийнхөө эзэмшлийн газар дээр байгаа байшин нь хариуцагч Д.Мөнхжаргалынх гэж байгаа боловч хариуцагч нь миний байшин биш Соёлз трейд ХХК-ийн байшин, гэхдээ уг байшин нь бүрэн баригдаж дуусаагүй, хүн амьдрахгүй байгаа гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийг амьдарч байгаа гэж ярьж байна. Хоёрдугаарт хавтаст хэрэгт цугларсан баримтаар хариуцагч болон Соёлж трейд ХХК-ийнх гэж нотолсон баримт огт байхгүй. Өмнөх шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулахаар хойшилсон. Тус захирамжид заагдсан ажиллагаа хийгдсэн боловч хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт ирүүлээгүй байна гэж үзэж байна. Уг захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Доод өлзийт гудамжны 002 тоотод байрлах, газрын түүхчилсэн лавлагаа, 7800 м.кв болон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Доод өлзийт гудамжны 000 тоот газар нь нэхэмжлэгчийнх мөн эсэх, Соёлз трейд ХХК нь тус газрыг эзэмших эрхтэй эсэх, гэрчилгээ олгогдсон эсэх талаарх баримтуудыг Улсын бүртгэлийн газраас гаргуулахаар заасан. Гэтэл Улсын бүртгэлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 00-ний өдрийн 0/0000 гэсэн албан бичигт танай 183/АБ2022/00000 дугаартай албан бичиг болон шүүгчийн захирамжид дурдсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Доод өлзийт гудамжны 000 тоот байр болон нэгж газрын дугаараар эрхийн улсын бүртгэлд өнөөдрийн байдлаар газар эзэмших, өмчлөх эрх бүртгэлгүй байна. Иймд газар эзэмших эрхийн талаарх мэдээллийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандан авна уу гэж тайлбар ирсэн. Гэвч Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж ирсэн хариу, тоот, албан бичиг байхгүй. Тэгэхээр дээрх тайлбараар харахад хариуцагч Д.М-ынх гэдгийг нотолсон баримт байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааны дагуу ирсэн албан тоотоор нотлогдохгүй байна гэвэл шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримт гаргах шаардлагатай гэж үзвэл уг баримтуудыг гаргасны дараа уг асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас 2007.12.05-ны өдрийн 000 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, 2021.09.17-ны өдрийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласан албан бичиг, 2014.05.26-ны өдрийн 00/000 дугаар Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанаас иргэн Ю.Чд хаягласан албан бичиг, Гэр бүлийн хамтын хэрэглээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2009.12.22-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, иргэний үнэмлэхийн хуулбар,

Хариуцагч талаас: нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Тус шүүх 2022.02.07-ны өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ю.Ч нь Д.М-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ю.Ч 2000оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 000 тоот захирамжаар Юмч ХХК-ийн газрыг Ю.Ч 00 жилийн хугацаатай эзэмшижээ.

Улмаар Хан-Уул дүүргийн Өмч газрын харилцааны албаны 2014.05.26-ны өдрийн 00/000 албан тоотоор Таны ирүүлсэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Доод өлзийтийн 002 тоот газар чөлөөлүүлэх хүсэлтийг судлан үзлээ. Уг газар дээр Соёлз трейд ХХК блокон хашаа, дүнзэн байшин барьсан байгаа тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт /бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх/ шийдвэрлэнэ гэж заасны дагуу хүсэлтээ гарган шийдвэрлүүлнэ үү гэжээ.

Энэ албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хариуцагч Д.М биш харин Соёлз трейд ХХК байшин барьсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.М-ын эзэмшлийн байшин миний газар дээр барьсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаадлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Ю.Ч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй боловч түүний эзэмшлийн газар дээр хэн байшин барьсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Д.М-д холбогдох газар чөлөөлүүлэх тухай Ю.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Ю.Ч нь өөрийн эзэмшлийн газар дээр байшин барьсан этгээдээс шаардах эрх нь нээлттэй бөгөөд энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.3, 006, 008 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Д.М-д холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай Ю.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2, 009.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.СОЛОНГО