Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

 

 

 

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /онлайнаар/, С.Сувдмаа,

Шүүгдэгч ******* /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох 1934002950277 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мэнгэт овгийн Цэцэгдэлгэрийн Ууганбаяр, 1982 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар баг Бүрд гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ЗМ820327**,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн авто зам дээр согтуурсан, мансуурсан үедээ Тоёота камри маркийн 66-77 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, мөн 11.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Э.Цэрэнбат, Б.Тэгшээ, Э.Баяраа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Мэнгэт Цэцэгдэлгэрийн Ууганбаярыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 8 493 320 /найман сая дөрвөн зуун ерэн гурван мянга гурван зуун хорь/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21-р хороо Гор 21-724 тоотод оршин суух хохирогч Сартуул Эрхэмбаярын Цэрэнбат /РД:УЗ9090533/-д олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг 2 /хоёр/ жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдаж,

Эрүүгийн 2034002950277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Ц. Ууганбаяр нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р баг Долоон уулын эх гэх газраас өөрийн эзэмшлийн 66-77 ТӨВ улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэлтэй айлд очихоор гарч улмаар шороон замаас салан засмал замд орж явахдаа хоёр урсгалтай замын эсрэг урсгалруу орж өөдөөсөө ирж явсан 85-59 УВЧ улсын дугаартай тээврийн хэрэгспийг мөргөж МУ-ын замын Хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд 8.493.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. ******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй . Шүүх нь *******ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг хэдий ч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч Ж.Цэрэнбатын хохиролд машин авч өгөхөөр тохиролцсон гэсэн боловч үүнийг нотлох баримт хохирогч талаас ирүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзсэн. ******* нь гэмт хэргийн   улмаас учруулсан хохирлыг хохирогч Ж.Цэрэнбатад төлсөн болно. *******ын хувийн байдлын талаар ам бүл 3 эхнэр хүүхдийн амьдардаг. Ослын улмаас нэг бөөрөө авахуулсан, цөөн тооны мал маллан амьдардаг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэр бүлийг нь *******аас өөр тэжээн тэтгэх хүнгүй, зан байдлын хувьд төлөв даруу зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Хохирол төлөгдөөгүй байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирол бүрэн төлөгдсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан саналдаа: Гэм буруу болон зүйлчлэл дээр маргадаггүй. Хохирол төлөгдөөгүй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Шүүх хурлын дараа хохирогч Цэрэннбатад учирсан хохоирлыг бүрэн төлж барагдуулсан. Ахуй амьдрал болон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан саналдаа: Энэ хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хохирлоо бүрэн төлөөгүй байсан учраас шүүх зөв шийдвэрлэсэн. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, хохирол төлбөрөө бүрэн төлсөн мөн эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзаад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Үлдсэн ялыг тэнсэж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2034002950277 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн авто зам дээр согтуугаар Тоёота камри /Toyota carmi/ маркийн 6677 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын "а", мөн 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 8559 УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 /Toyota Prius 20/ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 8 493 300 төгрөгийн хохирол, уг тээврийн хэрэгслийн жолооч Э.Цэрэнбат, зорчигч Б.Тэгшээ, Э.Баяраа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, А.Сугаррагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Цэрэнбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /хх-ийн 83-86/, хохирогч Б.Тэгшээгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /хх-ийн 87-91/, хохирогч Э.Баяраа /хх-ийн 93-94/, хохирогч А.Сугаррагчаа /хх-ийн 96/, иргэний нэхэмжлэгч Д.Оюунбат /108-109/, иргэний нэхэмжлэгч Э.Чулуунханд /хх-ийн 111/ нарын мэдүүлгүүд,

Тоёота камри /Toyota camri/ маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4.013.300 төгрөгөөр үнэлсэн тухай ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09/115 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 115-127/,

            Тоёота приус 20 /Toyota Prius 20/ маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн хандлага арилжааны шууд харьцуулалтын аргаар тооцож 8.493.300 /найман сая дөрвөн зуун ерэн гурван мянга гурван зуу/ төгрөгөөр үнэлсэн талаарх ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09/116 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 129-142/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 144/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 146-149/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №191 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 153-154/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн №190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 156-158/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1995 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159-161/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1994 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 164-166/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт /хх-ийн 173/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

- 3 дугаар заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж,

- 5 дугаар заалтыг5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдсугай.” гэж,

- 7 дугаар заалтыг7.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Тэгшээ, Э.Цэрэнбат нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, 4 дүгээр заалтыг хасаж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч *******ын тэнссэн 2 жилийн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хувийн баталгааг бичгээр гаргуулан, гарын үсэг зуруулахыг шүүгчийн туслах Б.Ууганцэцэгт даалгасугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ