Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 0189

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Б.Жавхлантуяа

          Хохирогч Ш.Эрдэнэбаяр

          Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэр

          Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэг

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн 201714000194 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгт төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн Жаргалант сумын сургуулийн 8а ангид суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Орхон аймгийн Жаргалант сум Булаг баг 4-09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мянгат овогт Баттөмөрийн Батдэлгэр РД:/ФВ01242414/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэр нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Х.Түмэнбаяртай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Эгэл” ХХК-ийн авто засварын төвийн байранд нэвтэрч Ханой загварын мотоцикль /мопед/ хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Урьд нь мөрдөн байцаалтын шатанд ярьсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ш.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манаач өглөө ярьж Улаантолгойд байдаг авто засварын газарт байсан мотоциклийг хулгайд алдсан талаар хэлсэн. Цагдаад хэлж камерын бичлэг үзэхэд 2 хүүхэд байсан. Хохиролд 260.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан мопедоо буцааж авна гэсэн мэдүүлэг,

-Гэрч С.Шаравдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газрын манаач Адъяа миний утасруу залгаад байшингаас мотоцикль алдагдсан байна гэж хэлсэн. Маргааш нь хүү Эрдэнэбаяр Жаргалант суманд очоод засварын газрын цонхоор хулгай орчихсон байна гэж надад хэлсэн. Авто засварын газрын дотор талын хяналтын камерийн бичлэгт 2 эрэгтэй хүн мотоцикль хулгайлж байгаагаар бичигдсэн байсныг хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэд хуулбарлаж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Х.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баттөмөр ахын хүү Батгэрэлийн хамт Жаргалант сумын төвөөр явж байхад Батдэлгэр ах намайг нэг хашааны гадаа авчираад энэ дотор мотоцикль байгаа, хуучин цонхны үйлдвэр байсан, хүн байхгүй, хоёулаа орж үзэе гэхээр нь би Батдэлгэр ахын хамт хашаа даваад ороход том үйлдвэрийн хуучин байр байсан. Уг байрны нэг цонх нь хагархай байхаар нь Батдэлгэр ах бид хоёр орсон. Дотор талд улаан өнгийн мотоцикль байхаар нь Батдэлгэр ах бид 2 хагархай байсан цонхоор банз тавиад түрж гаргасан. Батдэлгэр ахыг дараа нь цагдаа сэргийлэх болох байх, хэрэггүй юм биш үү гэхэд би өөрөө арын даана, чи зүгээр гаргалцаад өгчих гэсэн. Хуучин цонхны үйлдвэрээс мотоцикль гаргаад Батдэлгэр ахын хашаанд оруулаад амбаарт тавьсан гэсэн мэдүүлэг / хх 23 ху/,

-Гэрч Н.Адъяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би улаан өнгийн мотоциклио авах гээд авто засварын байранд ороход байхгүй байхаар нь Шаравдоржийн утас руу залгаж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

-Камерийн бичлэг үзлэг хийсэн бичлэг /хх 10 ху/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 12 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 13, 14, 103-106 ху/

-Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх16 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 32, 95 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/

-Нас тоолсон тухай тэмдэглэл /хх 55, 74 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 152, 153 ху/,

-Б.Батдэлгэрийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 47-51 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэр нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Х.Түмэнбаяртай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Эгэл” ХХК-ийн авто засварын төвийн байранд нэвтэрч Ханой загварын мотоцикль /мопед/ хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шатанд өгсөн хохирогч Ш.Эрдэнэбаяр “Манаач өглөө ярьж Улаантолгойд байдаг авто засварын газарт байсан мотоциклийг хулгайд алдсан талаар хэлсэн. Цагдаад хэлж камерын бичлэг үзэхэд 2 хүүхэд байсан” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын гэрч С.Шаравдорж /хх 21/, насанд хүрээгүй гэрч Х.Түмэнбаяр /хх 23 ху/, Н.Адъяа /хх 25 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батдэлгэрийн дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бүлэглэн орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Батдэлгэрт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Батдэлгэр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас хохирогчид 630.000 төгрөгийн хохиол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд 260.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, Ханой загварын мотоциклийг хохирогч Ш.Эрдэнэбаярт буцаан олгож, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэрийн Төрийн банкны 130200052025, 130200123091 дугаартай дансуудад тавигдсан хоригийг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мянгат овогт Баттөмөрийн Батдэлгэрийг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.1.д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэрт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд 1 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3.т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэрийг төрсөн эх Н.Оюунцэцэгийн хяналтанд өгсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4., 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, Ханой загварын мотоциклийг хохирогч Ш.Эрдэнэбаярт буцаан олгож, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэрийн Төрийн банкны 130200052025, 130200123091 дугаартай дансуудад тавигдсан хоригийг хүчингүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдэлгэрт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА