| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/1019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1196 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1196
2025 5 08 2025/ШЦТ/1196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Болорзул,
хохирогч, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхзолбоо,
хохирогч, шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Д-ийн Г, Д овгийн Х-ийн Г нарт холбогдох эрүүгийн ****************дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Д.Г 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ****************тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хохирогч Х.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүний зүүн суга хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн суганы нугалаасны ар дээд хэсэг, зүүн суганы дунд шугамаар 7, 8 дугаар хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ****************тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хохирогч Д.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүний гуяа хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь 2 гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч, шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч, шүүгдэгч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ****************дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Д.Ггийн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, хохирогч Х.Гын мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13266 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 12957 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 69-р хуудас/, гэрч Э.Мын мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, гэрч Г.Сын мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, гэрч Д.Сын мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/, гэрч Д.Оийн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, яллагдагч Д. Ггийн мэдүүлэг /хх-ийн 146-р хуудас/, яллагдагч Х.Гын мэдүүлэг /хх-ийн 155-р хуудас/, хохирогч Х.Гын Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 71-74-р хуудас/, хохирогч Д.Г, Х.Г нараас бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 91, 132-р хуудас/, хохирогч Х.Гын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлсэн лавлагаа /хх-ийн 119-р хуудас/, хохирогч Д.Ггийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлсэн лавлагаа /хх-ийн 130-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч, шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Б.Мөнхзолбоо эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогч, шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогч, шүүгдэгч Д.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Хохирогч, шүүгдэгч Х.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Г, Х.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Д.Г 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ****************тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хохирогч Х.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүний зүүн суга хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн суганы нугалаасны ар дээд хэсэг, зүүн суганы дунд шугамаар 7, 8 дугаар хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ****************тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хохирогч Д.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүний гуяа хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь 2 гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Д. Ггийн: “...Намайг газарт унагаагаад хоёр талаас ээлжлэн цээж толгой хэсэгт өшиглөж байсан. Миний хөлийн хоёр гуя хэсэгт яг хэн юу зоосон талаар би мэдэхгүй байна. Гэхдээ Мөөгийгийн найз Г би таныг хутгалсан, та ч намайг хутгалсан, та ч миний машины цонхыг хагалсан, би бас таны цонхыг хагалсан тийм болохоор хоёулаа цагдаа гэж яах юм тавь тавин хувилаад салцгаая гэж хэлсэн. Тэгээд салцгаасан юм. Миний хувьд Г намайг миний хөлийн хоёр гуянд юмаар зоож гэмтээсэн гэж бодож байна. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлэх үед эмч нь баруун талын хөл рүү 7 см, зүүн талын хөл рүү 5,5 см гүнзгий орсон байна гэж хэлээд тус бүр хоёр оёдол тавьж боосон. Би тухайн үед архи ууж хоноод согтуу байсан болохоор аль эмнэлэгт очсон талаараа мэдэхгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын төв нэгдүгээр эмнэлэгт очиж боолтоо солиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
- Хохирогч Х.Гийн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 7 буудалд баригдаж байгаа дулааны цахилгаан станцын суурийг зөөдөг ажил хийж байхад 14 цагийн үед найз М залгаад Дарь-эхэд нэг айлын хаяг мэдээд ирье гэж залгахад нь орой ажлаа тараад 20 цаг өнгөрөөгөөд Мгэрийн гаднаас буюу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12-484 тоотоос очиж аваад Дарь-Эх рүү айл хайж яваад шөнийн 00 цагийн үед буцаад ирэхэд гэрийн ойролцоо байх далангийн цаана М бид 2 миний машинд 2,5 литр пиво хувааж уугаад сууж байтал Мэхнэр С руу дүү нь залгаад ирж охиноо ав гээд ууртай залгахад Мохиныг авахаар гэрийн гадна очиход хашааны гадна Мхадам ээж С руу Г согтуу машин унаж явах гээд дайраад маргалдаж байхад маргааныг зогсоох гээд М бид 2 очоод эмэгтэй хүнийг цохилоо гээд Гг хэд хэд цохиход Г гэр лүгээ ороод ногоон иштэй жижиг хутга бариад гарч ирээд та хоёрыг хутгална гээд дайрах үед М бид 2 зугтаахад миний машин дээр очоод машины хамар дээр гарч суугаад машины шил хагалаад Мэхнэр С 1 нас гарантаа хүүхэдтэйгээ миний машинд байхад хүүхдийг чинь мөчилж ална, хүүхэдгүй хүний зовлонг та нарт мэдрүүлнэ гээд машины урд салхины шилийг хутгаараа цохиод хагалахад үед М буцаж гүйж ирээд машинд орж сууж асаагаад ухраахад Г машин дээрээс унахад Сын ээж С нь Ггаас ногоон иштэй хутгыг булаагаад авахад М бид 2 очоод хүүхэд ална гэж дайраад, машины шил хагаллаа гээд би уурлаад хэд хэд цохиод автал буцаж гэр лүгээ ороод хүрэн иштэй хутга ахиад аваад гарч ирээд М бид хоёрыг хутгална гээд над руу дайрахад эгч С болиулах гэж оролдож байхад М Ггаас хутгыг булааж аваад үзүүрийг нь хугалаад хашаа давуулаад шидсэн. Тэр үед зүүн мөр хөндүүр оргиод, хөдөлж болохгүй цус гараад байсан гэтэл С, М, манай найз охин Оэ 3 та хүн хутгалсан байна ш дээ гээд орилоход Г гэрүүгээ гүйгээд ороход эгч С араас нь гэр рүү нь ороод буцаад хамт гараад ирэхэд нь “та намайг хутгалсан байна” гэж хэлэхэд Г ахиад гэрүүгээ орохоор нь эгч С бид 2 араас нь ороход чи азтай байна ах нь хүн хутгалахдаа алдаж байгаагүй гэж хэлсэн. Тэр үед Г гэрийнхээ баруун талд сандал дээр суучихсан өмднийх нь хоёр гуяны тэр хавьд урагдчихсан чи ч бас намайг хутгалсан байна гэж хэлээд сууж байсан. Тэр үед би цагдаа дууд гэж хэлэхэд С юм уу манай найз охин 2-ийн нэг нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхэд Сын ээж очиж уулзаад дуудлагаар ирсэн цагдааг буцаагаад явуулсан байсан. Мнайз болон ах Д 3 ирсэн. Манай найз охин, Мах Дөш-Өлзийгийн хамтаар Гэмтэл согог Судлалын үндэсний төвд үүрийн 04 цагийн үед очиход хүлээж аваагүй. Цэргийн төв эмнэлэг рүү явуулж Цэргийн төв эмнэлэгт очиж үзүүлж оёдол тавиулж, боолт хийгээд биеийн байдлыг чинь ажиглана гээд 06 цаг 30 минут хүртэл суулгаад рентгенд хараад өдөр болгон ирж боолт хийлгэж, рентгенд харуулаарай аюултай шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12957 дугаартай: “Х.Гын зүүн суганы нугалаасын ар дээд хэсэг, зүүн суганы дунд шугамаар 7,8-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр Үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13266 дугаартай: “Д.Ггийн биед хоёр гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80-р хуудас/,
- Гэрч Э.Мын: “...2024 оны 9 дүгээр сарин 23-ны шөнийн 00 билүү 01 цагийн үед бид гурав буцаад манай гэрт ирсэн, бид нарыг ирэх үед Гүрээ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байасан ба хадам ээж Сд агсам, согтуу тавьж байгаа байдалтай байхаар нь О /Г/ бид 2 Гүрээтэй маргалдаж эхэлсэн, тэгээд хэсэг хальт зууралдаж байгаад салцгаасан бөгөөд Гүрээ нь гэрлүүгээ буцаж ороод хоёр гартаа хутга бариад гараад ирсэн, Гүрээ нь О бид хоёрыг хутгална гээд дайраад байхаар нь О бид 2 зугтаж байгаад машиндаа суусан бөгөөд тэр үед миний төрсөн хүүхэд Гэгээнхүслэн /2 настай/ хүүхэд гэр дотор байсан ба Гүрээ нь “...Хүүхдийг чинь амьдаар нь евчиж ална...” гэж хэлэхээр нь машинаа хөдөлгөөд Гүрээгийн ард нь зогссон чинь Гүрээ нь машины копутанд үсэрч гараад урд талын салхины жилийг хутганыхаа ишээр цохиж хагалсан, тэгээд бид хоёр машинаас гараад О нь Гүрээгээс хутгыг нь авах гэж байх үед би эхнэр С болон хүүхдүүдээ машин дотор суулгасан, миний харсанаар О нь Гүрээг газар унагаагаад дээр нь дарсан байдалтай байсан... тухайн үед маргаан болсны дараа О буюу Г нь Гүрээ ахад хутгалуулсан юм шиг байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
- Гэрч Г.Сын: “...Отай хамт 2.5 литрийн пивоноос 2-г уусан дараа нь Огийн найз охин бид 4 хамтдаа ахиад 2,5 литр пиво 1-г уугаад сууж байтал манай дүү Стуяа голын цаанаас гараараа далаад дуудаад байсан. Тэгээд очтол манай ээж С, үеэл ах Г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж гарах гэж байхад нь болиулах гээд маргалдаад зогсож байсан бид 4 ирээд манай нөхөр эхлээд машинаас буугаад Г ахыг та согтуу байна машин бариад хэрэггүй гэж хэлээд зогсож байтал найз О машинаасаа буугаад Г ахтай маргалдаж эхэлсэн. Тэгээд Г ах гэрүүгээ ороод хутга бариад гарч ирээд манай нөхөр түүний найз О 2 руу дайрсан тэр 2 зутаагаад машинд суугаад О машинаараа Г ахыг мөргөх гээд байхад нь Г ах машины хамар дээр гарч суугаад хутганыхаа ишээр урд салхины шилийг цохиж хагалсан. Тэгээд машины хамар дээрээс буухад ээж гэрээс гарч ирээд Г ахаас ногоон өнгийн жижиг хутгыг булааж авахад манай нөхөр түүний найз О 2 дайраад зодоод байхад ээж Г ахыг хамгаалаад дээрээс нь дараад хэвтсэн. Тэгээд би нөхөртөө болиоч ээ ээжийг цохиод байна гэхэд манай нөхөр М больсон харин найз О болихгүй өшиглөөд байсан. Тэгээд манай нөхөр М Ог болиулаад Огийн найз охин Оюука бид 2-т цагдаа дуудсан. Цагдаа иртэл гэрийн цаана байдаг худгийн хажууд очоод байж бай гэхэд бид 2 машинтай худгийн цаана байж байгаад цагдаа ирэхээр нь буцаад очсон хэдэн цаг байсныг сайн мэдэхгүй байна. Гэтэл О ээжид цагдаагаа буцаагаад явуулчих танай дүү намайг хутгалсан би танай дүүг хутгалсан хоорондоо зохицъё гэхээр нь цагдаагаа буцаагаад явуулсан. Манай нөхрийн найз Д ирсэн тэгээд Ог дагуулаад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,
- Гэрч Д. Сын: “...2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед дүү Г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барих гэхэд нь болиулах гээд маргалдаад зогсож байхад голын цаанаас манай охин С нөхөр М, түүний найз Г болон найз охин 4-лээ ирсэн. Энэ хэн ирчихвээ гээд бага охиноосоо асуухад Мөөгий ах найзуудтайгаа архи ууж байна гэсэн. Тэр үед Гтай муудалцаж байхад тэр хэд хүрч ирээд М Гг өргөөд гэрт нь оруулаад машиныг нь унтраасан. Хашааны гадна М гарч ирэх үед араас нь Г буцаад гарч ирээд миний машины түлхүүрийг өг гэхэд М та согтуу байна машин бариад яах юм гэж хэлэхэд Г чи архи ууж эхнэр хүүхдэдээ агсам тавьдаг билүү гээд зогсож байхад цаанаас Г ирээд маргалдаж байсан. Тэгээд би тавчиктай байсан болохоор дулаан хувцас өмсөх гээд гэртээ ороод гарч ирэхэд Г хутга бариад бүгдийг нь ална гээд зогсож байхад нь би хутгыг нь булааж аваад далд хийгээд дүү Гг дараад хэвтсэн. Тэр үед Г түүний найз охин, М 3 гурван талаас Г руу дайраад цохиод байсан, Г руу дайрч цохиод байхдаа намайг бас давхар цохиод байхаар нь болиулаад босгоход Гг хутгалсан байсан. Би 102 Дугаарын утас руу залгаж цагдаа дуудах үед Г та цагдаа дуудсан юм уу. цагдаагаа явуулчихаа хоорондоо учраа олъё гэж хэлэхэд нь дуудлагаар ирсэн цагдаад буцаагаад явуулсан. Тэгээд Гг гэрт оруулаад өмдийг нь тайлаад харахад хоёр гуяны дээд хэсэгт хутгалуулсан байсан тэр үед Г гаднаас орж ирээд Гүрээ ахаа та намайг хутгалсан би таныг хутгалсан та миний машины шилийг хагалсан би таны машины шилийг хагалсан хоёулаа цагдаа гээд яах вэ ингээд учраа олъё гэж хэлээд явсан. Тэгээд Г гараад явчихсан байсан маргааш нь өглөө залгахад Г найзындаа 2 хөл нь хутгалуулсан байсныг Улсын нэгдүгээр эмнэлэг дээр авч очоод боолт хийлгэсэн. Тэгсэн цагдаагаас залгаад дуудсан. Би Гг хамгаалж дээр нь хэвтэж байгаад босох үед Г босож ирэх үедээ намайг хутгалчихлаа, гуя халуун оргиод цус гараад байна шүү дээ гэж орилоод байсан. Би яг хэн нь хутгаар хатгаж, хутгалсан талаар хараагүй. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед маргалдаж зодолдож дуусаад Ггийн гэрт нь байх үед Г гаднаас орж ирээд Гд хандаж ахаа та бид хоёр бие биеэ хутгалчихлаа ш дээ, хоёулаа цагдаа гэхгүйгээр эндээ тохиролцоод 50, 50 хуваарь тохиролцъё гэж хэлэхэд Г Гад хандаж “би хутгалуулчхаад яахаараа тохиролцдог юм бэ гээд” байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/
- Гэрч Д.Оий: “...Сын ээжийнх нь дүү Г агсам тавьж байсан тэгээд манай найз залуу Г хутгалуулчихлаа Г намайг хутгалчихлаа гэж хэлсэн. С тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог ба гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тодорхойлогдсоноор дээрх гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагдана.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Д.Г 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ****************тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хохирогч Х.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүний зүүн суга хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн суганы нугалаасны ар дээд хэсэг, зүүн суганы дунд шугамаар 7, 8 дугаар хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ****************тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хохирогч Д.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүний гуяа хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь 2 гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Г, Х.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г, Х.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г, Х.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учиржээ.
Хохирогч Д.Г, Х.Г нар нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Г, Х.Г нар нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ авсан нийт 124,856 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Д.Г, Х.Г нар нь бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
шүүгдэгч Х.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” саналыг,
Хохирогч, шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Б.Мөнхзолбоогоос “...Торгох ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх...” саналыг,
Хохирогч, шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс “...Хувийн байдлыг нь харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.Г, Х.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Х.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овгийн Д-ийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д овгийн Х-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 1,300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг мянга гурван зуун сая/ төгрөгөөр торгох ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Д.Г, Х.Г нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ