| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1130 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1130
2025 5 02 2025/ШЦТ/1130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч П.Итгэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Бын Тод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2503 00000 0115 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, Дундговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг, эх, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ............ дугаар хороо ...................... дүгээр гудамж .................... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Урьд
- Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр 16-ны өдрийн 110 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн.
Б Бын Т /РД:.................... /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн академийн гудамж “Сод Монгол” ШТС-ын баруун талын автобусны буудлын явган хүний гарц дээр 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Ниссан Caravan-E26 маркийн ....УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасны дагуу "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Бий хөлийг дайрч эрүүл мэндэд нь зүүн өсгий ясны сэлтэрсэн, өсөлтийн бүс дайрсан шугаман хугарал, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М мэдүүлэхдээ: “Хохирлыг барагдуулсан. Хүүхдийн бие гайгүй байгаа. Хичээлдээ явж байгаа” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мгийн “Манай хүү М.Б надад хэлэхдээ “2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 50 минутын үед сургууль руугаа явах гээд Тэнгэр плазагийн зүүн талын явган хүний гарцаар “School police”-ийн дохиогоор тугаа өргөх үед нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гарах чиглэлд явган хүний гарцаар явж байхад гуравдугаар эгнээний машин баруун хойд дугуйгаараа зүүн хөлийн өлмий дээгүүр нь гараад явсан гэсэн. Тэгээд зам гараад цаад талд нь байж байхад дайрсан машины жолооч буцаж эргэж ирээд тухайн хүнд аавын утсыг өгөөд аавыг дуудаж Гэмтлийн эмнэлэг рүү явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1463 дугаар
1. М.Бий биед зүүн өсгий ясны сэлтэрсэн, өсөлтийн бүс дайрсан шугаман хугарал, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зараг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дахь тал/,
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-51 дэх тал/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1724 дүгээр
1 Явган зорчигч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасны дагуу “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах ундсан шалтгаан болсон байн үндэслэлтэй байна.” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 60 дахь тал
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 2-3 дахь тал/ зэрэг баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн *******од холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн академийн гудамж “Сод Монгол” ШТС-ын баруун талын автобусны буудлын явган хүний гарц дээр 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Ниссан Caravan-E26 маркийн ....УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасны дагуу “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Бий хөлийг дайрч эрүүл мэндэд нь зүүн өсгий ясны сэлтэрсэн, өсөлтийн бүс дайрсан шугаман хугарал, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн академийн гудамж “Сод Монгол” ШТС-ын баруун талын автобусны буудлын явган хүний гарц дээр 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Ниссан краван-E26 маркийн ....УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасны дагуу “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Бий хөлийг дайрч эрүүл мэндэд нь зүүн өсгий ясны сэлтэрсэн, өсөлтийн бүс дайрсан шугаман хугарал, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн академийн гудамж “Сод Монгол” ШТС-ын баруун талын автобусны буудлын явган хүний гарц дээр 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Ниссан краван-E26 маркийн ....УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасны дагуу “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Бий хөлийг дайрч эрүүл мэндэд нь зүүн өсгий ясны сэлтэрсэн, өсөлтийн бүс дайрсан шугаман хугарал, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мгийн “Манай хүү М.Б надад хэлэхдээ “2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 50 минутын үед сургууль руугаа явах гээд Тэнгэр плазагийн зүүн талын явган хүний гарцаар “School police”-ийн дохиогоор тугаа өргөх үед нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гарах чиглэлд явган хүний гарцаар явж байхад гуравдугаар эгнээний машин баруун хойд дугуйгаараа зүүн хөлийн өлмий дээгүүр нь гараад явсан гэсэн. Тэгээд зам гараад цаад талд нь байж байхад дайрсан машины жолооч буцаж эргэж ирээд тухайн хүнд аавын утсыг өгөөд аавыг дуудаж гэмтлийн эмнэлэг рүү явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 16/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1463 дугаар дүгнэлт /хх 42-43/,
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаар дүгнэлт /хх-ийн 47-51 дэх тал/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1724 дүгээр магадалгаа /хх 60/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд *******ын үйлдэлд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах, мөн хохирогчийн авсан эмчилгээ үйлчилгээ авсан зардлыг төлөх үүрэгтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд баримтаар 698,300 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч ******* насанд хүрээгүй хохирогч М.Бий Эрүүл Мэндийн Даатгалын сангаас 298,700 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр /хх 83-84/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,000,000 /хх 99-100/ төгрөгийг нөхөн төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж 3,000 нэгжээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруу дээр маргахгүй, үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Тухайн үед хайхрамжгүй хандсаныхаа улмаас бага насны хүүхдийг замаар гарах явцыг анзааралгүй хойд дугуйгаараа хөлийг нь гэмтээсэн. Бага насны хүүхдүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцохоо мэдэхгүй. Энэ асуудалд шүүгдэгч маш их гэмшиж байгаа. Тухайн үед гэмтэл учруулснаасаа хойш яаралтай тусламж үзүүлж асран хамгаалагч нарыг нь дуудаж иргэний үүргээ биелүүлсэн байдаг. Дахин болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсондоо сэтгэл зүйн хувьд гэмшиж байдаг ба яаралтай хугацаанд хохирлоо хурдан барагдуулах талаар хэлж байсан нь хохирогчийн эрхийг хамгаалж явж хүүхдийн эрүүл мэндэд анхаарал тавьж байсан. Энэ талаар хохирогчийн гэр бүл ойлгож тайвнаар харилцсанд талархаж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж байгаад талархаж байна. Энэ осол нь хэзээ хэнд ч тохиолдож болох болгоомжгүй учирсан. Хохирогч нь бага насны хүүхэд байсан нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг байна. Шүүгдэгчийн хувьд 6 хүүхэдтэй. Эрх хасагдах тал дээр ухамсарлаж байгаа. Эхнэрээрээ машинаа бариулаад түгээлтээ хийнэ гэж байдаг. Бусад ялын хувьд 54 настай гэр бүлээ тэжээн тэтгэдэг хүнд өөр бусад ялаас сонгон хэрэглэх нь зохимжгүй байна. Иймд шүүхээс торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч *******од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийн шинж чанар, энэ төрлийн гэмт хэрэг урьд нь холбогдож байсан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА