| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0868/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1300 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1300
2025 05 19 2025/ШЦТ/1300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Ц.Сайнхүү,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Т-ийн Гт холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд *********гаднаас хохирогч Т.Тын гээгдүүлсэн “Самсунг эс-21” загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 625,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************дугаартай хэргээс:
Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан талаар тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тын мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, үүрэн телефоны операторуудад хүргүүлсэн албан бичгийн хариу, “Мобиком корпараци” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/2404 дугаартай “********* Т Г *********, дугаар бүхий имей кодтой гар утсыг ашигласан байна” гэсэн албан бичиг /хх-ийн 16-21-р хуудас/, “Дамно Үнэлгээ” ХХК-ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 531-24-367 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 22-24-р хуудас/, яллагдагч Т.Гын мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Гт холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Т.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Т.Г нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд *********гаднаас хохирогч Т.Тын гээгдүүлсэн “Самсунг эс-21” загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 625,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан талаар тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,
- Хохирогч Т.Тын: “...2024 оны 02 дугаар сарын 11- ний өдөр 15 цагийн орчимд айлд очих гээд гараасаа гарсан, тэгээд очих айлынхаа гадаа ирээд машинаасаа буухдаа өвөр дээрээ тавьсан байсан гар утсаа унагаасан байсан, тэгээд айлд ороод мэдээд гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан... Би гар утсаа 2021 оны 11 дүгээр сард Самсунг центрээс 2,690,000 төгрөгөөр худалдан авсан одоо гар утсаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Самсунг эс-21 загварын гар утас, хар өнгийн ногоон өнгийн кейстэй байсан... *********дугаартай байсан, имей кодоор хайлгах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Үүрэн телефоны операторуудад хүргүүлсэн албан бичгийн хариу, Мобиком корпараци ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/2404 дугаартай “********* Т Г *********, дугаар бүхий имей кодтой гар утсыг ашигласан байна” гэсэн албан бичиг /хх-ийн 16-21-р хуудас/,
- “Дамно Үнэлгээ” ХХК-ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 531-24- 367 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 22-24-р хуудас/,
- Яллагдагч Т.Гын: “...Тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сард буюу цагаан сарын үеэр гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15-р байрны гадна автомашины зогсоол дээр явж байгаад газарт Самсунг эс-21 загварын гар утас олсон түүнийг авахад нууц кодтой байсан болохоор явж байгаад утасны код гаргадаг засварчин дээр очиж нууц үгийг нь тайлуулсан. Тэгээд тэр утсаа 4-5 хоног өөрөө хэрэглэж байгаад фейсбүүк дээр зар байршуулж байгаад үл таних хүнд 500,000 төгрөгөөр зарсан... тухайн үед мөнгө хэрэгтэй болоод зарчихсан... тухайн асуудалтай холбоотой хохирлыг барагдуулахаар холбогдоход хулгайч гэх мэтээр хараагаад байхаар нь би утсаа салгачихсан. Тус асуудалтай хохирлыг би бүрэн барагдуулна... надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алтаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн тухайд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрсөн байдаг онцлогтой.
Өөрөөр хэлбэл, гээгдэл эд хөрөнгө олсон этгээд нь тухай эд хөрөнгийг өөрийн бус бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж тухайн цаг хугацаанд үүссэн шунахайн сэдэлт, идэвхитэй үйлдлээр завшиж, улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Т.Г нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд *********гаднаас хохирогч Т.Тын гээгдүүлсэн “Самсунг эс-21” загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 625,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тд учирсан 625,000 төгрөгийн хохирол /хх-ийн 24-25-р хуудас/-ыг шүүгдэгч Т.Г нь бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд энэ талаар хохирогч нь шүүхэд бичгээр хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай жил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гын цагдан хоригдсон 18 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлаар тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 156 цагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт 18 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Т-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх хялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гын цагдан хоригдсон 18 /арван найман/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлаар тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 156 /нэг зуун тавин зургаан/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
7. Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт 18 /арван найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ