| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/02042/И |
| Дугаар | 184/ШШ2022/01657 |
| Огноо | 2022-05-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2022/01657
| 2022 05 17 | 184/ШШ2022/01657 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Б ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.А -д холбогдох
6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцаг+чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э “...П.Б нь Нарантуул зах дээр тэрэг түрэх, дэлгүүрийн туслах гэх мэт ажил хийж эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 09 дүгээр сард байр авахаар шийдээд Энхтайваны Атэй 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Б дүүргийн 19-р хороо, Ц /13291/ да хүрээ гудамж, 39В байр 81 тоот хаягт байршилтай, 29.63 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай байрыг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг 2-3 хувааж төлөхөөр тохирч “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээ байгуулсан. Гэрээнд байрны төлбөрийн урьдчилгаа 5,950,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хоёр хувааж Хаан банкны 5845259300 дугаарын Э.А гэсэн дансанд хийсэн. Мөн дараагийн 9,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн.
Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг “А ББСБ”-аас зээл авч төлөхөөр Э.Атэй ярилцаж тогтоод зээж хөөцөлдөж байтал ББСБ нь санхүүжилтгүй болчихлоо гээд зээл гаргаж өгөөгүй учир үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өгөх боломжгүй болсон билээ. Тухайн үед зээл авахаар хөөцөлдөж байх хооронд Э.А танайх байрандаа орчих гэсний дагуу худалдан авахаар тохирсон байрандаа нэг хэсэг амьдарч байсан юм. Гэтэл миний хөөцөлдөж байсан орон сууцны зээл гарахгүй байх шалтгаан нөхцөл үүссэн. Иймд би тухайн байрнаас тэр даруй гарсан бөгөөд иргэн Э.Ад учир байдлаа тайлбарлаж хэлээд энэ байрыг авах боломжгүй болчихлоо урьдчилгаа болгож өгсөн 15,000,000 төгрөгөө буцааж авья гэж хэлсэн. Э.А 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөгийг маань буцааж өгсөн боловч үлдэгдэл 6,000,000 төгрөгийг энэ байраа зараад өгье гэж хэлчихээд одоог хүртэл өгөхгүй байна. Иргэн Э.А нь энэхүү байраа өөр хүнд 2019 оны 10 дугаар сарын 15-20-ны хооронд зарсан бөгөөд миний мөнгийг одоог болтол өгөхгүй зугтаагаад байна. Иймд Агээс 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Э.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариу тайлбартаа “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн П.Бтой миний бие 45,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус байрыг П.Бийн эзэмшил ашиглалттанд хүлээлгэн өгсөн. Иргэн П.Б төлбөр мөнгийг нь баталгаатай график хугацаандаа төлнө би мянгат малчин гэж хэлээд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б дүүргийн 19-р хороо, Ц 19 да хүрээ 39в 81 тоот хаягт худалдаж байгаа байранд нүүж орсон. Бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 хэсэгт төлбөр төлөх нөхцлөө харилцан тохиролцсон. Гэрээ байгуулснаар урьдчилгаа 6,000,000 төгрөгийг, 2019.09.21-ний өдөр 9,000,000 төгрөгийг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 27-ны өдөр тус тус төлж барагдуулахаар заасан бөгөөд хэрвээ тус гэрээт хугацаа алдагдвал төлөх ёстой дүнгээс хоног тутам алданги 0,5 хувиар тооцох, гэрээг цуцалсан тохиолдолд ний үнийн дүнгээс 20% торгууль төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэвч 2019 оны 09 дүгээр сарын 27-ны дотор 30,000,000 төгрөгийг П.Б нь төлж дуусгаагүй. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөнгө бүтэхгүй, мал зарагдахгүй, зээл бүтэхгүй юм байна гэдэг шалтгаанаар байрыг чөлөөлж өгсөн. Миний бие гэрээнд тусгагдсаны дагуу нийт үнийн дүн 45,000,000 төгрөгөөс 20% торгууль буюу 9,000,000 төгрөгийг авахаар байсан. Гэвч би 6,000,000 төгрөгийг суутган үлдэгдэл зөрүү мөнгийг буцааж өгсөн” гэжээ.
3. Хариуцагч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ “...П.Б Э.А нар нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б дүүргийн тойргын нотариатчаар батлуулан 3778 дугаар “Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Уг гэрэг талууд байгуулахдаа бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсд авталгүй хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан байх ба худалдан авч буй үл хөдлөх хөрөнгө болох Ү-2204096787 дугаартай Б дүүргийн 19-р хороо, Ц /13291/ да хүрээ гудамж 39В байр 81 тоот хаягт байрлах 29.63 м.кв нэг өрөө орон сууцны гэрээгээр тохиролцсон нийт үнийн дүн болох 45,000,000 төгрөгийг тодорхой хувиар хуваан төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч тал болох П.Б нь тухайн байрыг худалдан авах гэрээг байгуулсан өдрөөс эхлүүлэн эрхийн болоод аливаа нэгэн доголдолгүй тус байранд түрээсийн төлбөр гэх зардал үгүй амьдран сууж байгаад гэнэт авч чадахгүй боллоо гэж хэлээд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн ба өгсөн мөнгөө авахаар шаардахад иргэн Э.А нь гэрээнд заасны дагуу тухайн үед Бийг бодож алданги хийгээд торгуулийн зарим хэсгийг суутгалгүй 6,000,000 төгрөгийг авч үлдэх хэсгийг шилжүүлсэн. Иймд П.Боос алданги 2,700,000 төгрөг, торгууль 3,000,000 төгрөг, нийт 5,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээнээс татгалзсан зүйл байхгүй, харин нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэж харж байна” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Гэрээний үлдэгдэл төлбөр 30 сая төгрөгийг 9 сарын 27-нд төлөх байсан. 9 сарын 24, 25-ны өдрүүдэд А нь байранд ирж мөнгө болж байна уу гэж шаардсан. Манай зүгээс зээл бүтэхээ байсан, гэрээнээс татгалзах талаараа хэлж өгсөн авсанаа буцаая гэж хэлсэн. Байраа чөлөөлж өгчих гэсэн, урьдилчгаа мөнгөө авая гэхэд мөнгийг хэрэглэсэн байгаа мөнгө олж өгөх хүртэл байрандаа байж бай гээд 15 сая төгрөгөөс 9 сая төгрөгийг өгөөд байраа зараад үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнээс татгалзаж А нь татгалзлыг хүлээж авсан. Сөрөг шаардлага үндэслэлгүй” гэв.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
5.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баимт, итгэмжлэл, Б дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, П.Бийн Хаан банкны депозит дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа.
5.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Бийн хариуцагч Э.Ад холбогдуулан гаргасан 6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, алданги болон торгуулийн төлбөрт 5,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Атэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дуусахаас өмнө үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар хэлж гэрээнээс татгалзах саналаа хэлсэн тул өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Энэ дагуу урьдчилгаанд өгсөн 15 сая төгрөгөөс өгөөгүй үлдсэн 6 сая төгрөгийг нэхэж байгаа, сөрөг шаардлага үндэслэлгүй” гэж тайлбарладаг, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзсан тайлбартаа болон сөрөг шаардлагадаа “...Төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн тул нэг талын санаачилгаар гэрээг цуцалж гэрээнд заасны дагуу алданги, торгууль нэхэмжилж байгаа, гэрээнээс татгалзсан асуудал байхгүй, анхнаасаа үүргээ гүйцэтгээгүй тул төлсөн урьдчилгаа 15 сая төгрөгөөс 9 сая төгрөгийг буцааж өгсөн, 6 сая төгрөгийг гэрээнд заасан торгуульд суутгаж үлдээсэн” гэж мэдүүлдэг.
3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар
- 2019 оны 09 сарын 17-ны өдөр Э.А, П.Б нар нь “Б дүүргийн 19-р хороо, Ц /13291/ да хүрээ гудамж, 39в байрны 81 тоот хаягт байршилтай 29,63 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, урьдчилгаа 6,000,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 39,000,000 төгрөгийн 9,000,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 21-нд төлнө, 30,000,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 27-нд төлж дуусгана, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алданги тооцно, гэрээ цуцалсан тохиолдолд буруутай этгээд нийт үнийн дүнгийн 20% торгууль төлнө” гэх гэрээг /хх 9/ байгуулсан,
- 2019 оны 09 сарын 17-ны өдөр байрны төлбөрт 2,500,000 төгрөг, 3,450,000 төгрөг, нотариат 55,000 төгрөг,
- 2019 оны 09 сарын 21-ны өдөр байрны төлбөрт 9,000,000 төгрөг П.Бийн данснаас зарлага болж гарсан,
- 2019 оны 10 сарын 15-ны өдөр байрны буцаалт гэж 5,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг П.Бийн дансанд орлого болж орж ирсэн /хх 8/ үйл баримт тогтоогддог ба энэ талаар талууд маргаагүй.
4. Харин талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул өгсөн авсан зүйлээ буцаана, гэрээний үүргээ биелүүлээгүй тул цуцалсан, алданги торгууль гаргуулна гэх агуулгаар харилцан маргадаг.
5. Дээр дурдсан үйл баримт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тэдний хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Хариуцагч талын сөрөг шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул тухайн гэрээг цуцалсан, гэрээний зөрсөнөөс үүсэх хохирол алданги, торгуулийг гаргуулна гэдэг. Энэ талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан, зохицуулсан байдаг. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги, торгуулийн талаар талууд гэрээндээ тусгасан байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол алданги, торгууль төлөх үүрэгтэй, үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч талаас ...гэрээнээс татгалзах саналыг 30,000,000 төгрөгийг төлж дуусгах 2019 оны 09 сарын 27-оос өмнө тавьсан, зээл бүтээгүйн улмаас үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсныг хэлсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан, энэ үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар шаардаж байна гэдэг.
8. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, худалдах, худалдан авах гэрээний нөхцөл, орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн, буцаасан үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч буюу худалдан авагч П.Б нь гэрээнээс татгалзсан саналыг гаргасан, хариуцагч буюу худалдагч нь урьдчилгааны 9 сая төгрөгийг буцаан өгсөн үйл баримт нь гэрээнээс татгалзсан татгалзлыг хүлээн авсан гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 204.2 “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно...” гэж заасантай нийцэж байна.
Түүнчлэн хариуцагч тал орон сууцны төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж байгаа гэх хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ нь урт хугацаатай гэрээнд хамаарах ба төлбөр төлөх үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж явсан, хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөөгүй нөхцөл байдлаар буюу ялимгүй зөрчсөн гэж хариуцагч талын санаачилгаар гэрээнээс татгалзах нь үндэслэлгүй болно. Тиймээс гэрээг цуцалж алданги, торгууль шаардсан сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаар мэдэгдэж, гэрээнээс татгалзах саналыг тавьсан, бодит нөхцөл байдлыг хариуцагч хүлээн авсан байх бөгөөд урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг 9,000,000 төгрөгийг буцаан өгсөн байдаг. Хариуцагч талын гэрээний үүргээ биелүүлээгүй тул 6,000,000 төгрөгийг торгуульд суутган авсан гэх тайлбар нь хуулийн үндэслэлгүй ба гэрээний нэг талын зөрчлийн улмаас, үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдаагүй тул нөгөө тал гэрээнд заасан анзыг шаардах боломжгүй гэж үзэв.
9. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т зааснаар гэрээний зүйлийн төлбөрийг төлөх боломжгүй болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул талууд урт хугацаатай гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзсан байна. Харин гэрээнээс татгалзах буюу цуцлагдах хүртэлх хугацаанд учирсан хохирлоо шаардах эрхийг хуульд зохицуулсан. Нэгэнт талууд гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журам үйлчилнэ.
10. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.Б нь орон сууцыг чөлөөлж өгсөн, улмаар хариуцагч 3 дагч этгээдэд худалдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд урьдчилгаа 15 сая төгрөгөөс 9 сая төгрөгийг буцааж өгсөн, 6 сая төгрөгийг буцааж өгөөгүй үйл баримт мөн тогтоогддог. Энэ хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй болно.
11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон тул хариуцагч Э.Аг 6,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэв.
12. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Э.Агээс 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бид олгож, хариуцагчаас гаргасан сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Агээс 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бид олгож, хариуцагчаас гаргасан алданги болон торгуулийн төлбөрт 5,700,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 110,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 106,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ