2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1315

 

 

 

 

 

 

 

 

     2025        5         20                                     2025/ШЦТ/1315

                                    

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,

хохирогч Б.И,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Г-ын Гд холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Г.Г нь цахим мэдээллийн сүлжээнд өөрийн ашигладаг “**********” гэсэн нэртэй хаягнаас “**********”-т “нэхий элддэг машин зарна” гэж хохирогч Н.Тыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр М.Эий эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансаар 900,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр цахим мэдээллийн сүлжээнд өөрийн ашигладаг “**********” гэсэн нэртэй хаягнаас “***********”-т “Нэхий элддэг машин зарна”, “нэхий элддэг машин зарна” гэж хохирогч Д.Эг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 350,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 450,000 төгрөгийг, өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансаар нийт 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.Ид “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 3,400,000 төгрөгийг өөрийн хүү Г.Аын эзэмшлийн Капитрон банкны ***********тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.И нь мэдүүлэхдээ: “2022 онд анх танилцсан. Би Солонгос улсын виз гаргаж байгаа, манай нэг Гадаад харилцааны яаманд ажилладаг эгч байдаг гэж хэлсэн. Та өмнө хохирч байсан юм чинь дүү нь танд  туслая гэсэн. Нэлээд хэдэн сар харьцаж байгаад би уулзъя гэхээр ажилтай завгүй гээд байсан. Над руу “хүмүүсийн виз гараад гадагшаа явах гэж байна шүү дээ, эгчээ” гээд зурагнууд явуулсан. Тэрийг нь хараад үнэн юм байна гэж бодоод 3 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 4 дүгээр сарын 28-ны өдөр машиныг банк бусад барьцаанд тавиад 2,400,000 төгрөг өгсөн, 5 дугар сарын 11-ний өдөр 100,000 төгрөг,  5 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөг өгсөн. Би гомдол гаргах хугацаандаа өөрийнхөө охин шиг санаад “миний дүү боломжоороо өгчих, эгч нь хагалгаанд орох гээд байна” гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй байхаар нь хадам эгчээс нь нөхрийнх нь дугаарыг олж аваад ярьсан. Нөхөр нь “Архангайд ажиллаж байна, наадмаас өмнө гайгүй цалин авчихна, тэгээд өгье” гэж хэлсэн. Тэгээд намайг блок хийгээд алга болсон. Би хангалттай сайн хүлээсэн. Нийт 3,400,000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн **********дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Н.Тын мэдүүлэг /1-р хх-ийн 10-р хуудас/, М.Эы эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансны хуулга мэдүүлэг /1-р хх-ийн 18-19-р хуудас/, Г.Ггийн эзэмшлийн Хаан банкны **********тоот дансны хуулга мэдүүлэг /1-р хх-ийн 21-28-р хуудас/, хохирогч Д.Эгийн мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р хуудас/, Д.Эгийн эзэмшлийн Хаан банкны **********тоот дансны хуулга мэдүүлэг /1-р хх-ийн 93-97-р хуудас/, Г.Ггийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулга мэдүүлэг /2-р хх-ийн 110-р хуудас/, хохирогч Б.Игийн мэдүүлэг /1-р хх-ийн 221-222-р хуудас/, Г.Аын эзэмшлийн Капитрон банкны ***********тоот дансны хуулга /1-р хх-ийн 226-228-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Б.И нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүгдэгч Г.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.            

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Г.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр цахим мэдээллийн сүлжээнд өөрийн ашигладаг “**********”, “**********” гэсэн нэртэй хаягнуудаас “**********” болон “***********”-т “нэхий элддэг машин зарна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Н.Таас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны ***********тоот дансаар 900,000 төгрөгийг, хохирогч Д.Эгаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны *********** тоот дансаар 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.Ид “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 3,400,000 төгрөгийг Капитрон банкны ***********тоот дансаар шилжүүлэн авч залилсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Хохирогч Н.Тын: “...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк хаягаас хурганы арьс элдүүрийн машин зарна гэсэн зурагтай зар байхаар нь ********** дугаар руу залгаж холбогдоод үнийг нь асуусан чинь эмэгтэй хүн байсан, 900,000 төгрөг гэж хэлсэн, тэр өдрөө авъя гээд ярьсан, энэ элдүүрийн машиныг чинь авч ашиглаж байгаа хүн байна уу гэж асуусан чинь нэг утасны дугаар өгсөн, тэр хүн рүү нь ярьсан чинь Архангайд байдаг хүн байна, гараар элдсэнээс хамаагүй дээр, их аятайхан юм байна гэж хэлсэн, одоо бодоход тэр залилсан хүн өөрөө байсан байх, дуу нь их төстэй байсан Тэгээд 12 цагийн үед **********дугаартай, **********утастай, приус-20 маркийн машинд тавьчихлаа, дотор нь 2 эмэгтэй суусан байна, дахиад нэг хүн аваад гарна гэж байна гээд ярьсан ... түүнээс хойш ********** дугаараас залгаад мөнгө авсан гэж ярьсан, таксины дугаар руу залгаад бас өөр рүү нь залгаад утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 10-р хуудас/,

- М.Эий эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансны хуулга мэдүүлэг /1-р хх-ийн 18-19-р хуудас/,

- Г.Ггийн эзэмшлийн Хаан банкны **********тоот дансны хуулга мэдүүлэг /1-р хх-ийн 21-28-р хуудас/,

- Хохирогч Д.Эгийн: “...фейсбүүк дээр “**********” гэсэн хаягаас оруулсан нэхий элддэг машин зарна гэсэн зарын дагуу өөрийнхөө “Dash Enkhtuya” гэсэн хаягаас тухайн зар оруулсан фейсбүүк хаяг руу чат бичиж холбогдсон. Оруулсан зар дээрээс ********** гэсэн дугаар бичиж үлдээсэн байсан. Би тэр хүнтэй холбогдож эхлээд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 12-ны өдөр 450,000 төгрөг шилжүүлсэн. Тэр эмэгтэй өөрийгөө хятад улсаас нэхий элддэг машин оруулж ирж зардаг гэсэн бөгөөд нэхий элддэг 2 төрлийн загвартай машины зураг над руу фейсбүүк чатаар явуулсан. Би цэнхэр өнгөтэй 800.000 төгрөгийн үнэтэй машиныг худалдаж авахаар тохирч мөнгө шилжүүлсэн боловч намайг залилсан байсан. Мөнгөө шилжүүлсэн *********** дугаарын данс эзэмшигч нь Г гэсэн нэртэй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р хуудас/,

- Д.Эгийн эзэмшлийн Хаан банкны **********тоот дансны хуулга мэдүүлэг /1-р хх-ийн 93-97-р хуудас/,

- Г.Ггийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулга мэдүүлэг /2-р хх-ийн 110-р хуудас/,

 Хохирогч Б.Игийн: “...Би өөрийн хүү Төмөрсүхийг Солонгос улс руу явуулах санаатай Урнаа гэдэг хүн харилцаж байгаад мөнгөө алдсан тэгээд 2023 оны 01 дүгээр сард фейсбүүк орчинд У-ийн зургийг тавиад залилан хийж байна гэсэн пост оруулсан чинь миний хувь чат руу **********гэсэн хаягаас би бас Урнаа гэх хүнд залилуулсан гээд хамт мөнгөө олж авах уу гэж харилцаж танилцсан. Надад өөрийгөө Г гэж танилцуулаад манай эгч гадаад харилцааны яаманд ажилладаг, миний виз гараад 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нисэх гэж байгаа гээд та манай эгчтэй танилц гээд намайг **********гэдэг фейсбүүк хаягтай хүнтэй танилцуулсан. Би тэр хүнтэй танилцаж, хүү Төмөрсүхийн Солонгос улсын визийг гаргуулахаар болж эхлээд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөг Капитрон банкны ***********дугаартай дансруу шилжүүлж өгсөн. Тэгээд тэрний дараа 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2,400,000 төгрөг Капитрон банкны ***********дугаартай дансруу шилжүүлж өгсөн. Ахиад 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 100,000 төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг Капитрон банкны ***********дугаартай дансруу тус тус шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш манай хүүхдийн Солонгос улсын виз гараагүй, надтай фейсбүүк харилцаж удахгүй гарна гэдэг байсан. Би Ггаас энэ талаар асуухаар “Би эгчээсээ асууж өгнө” гээд янз бүрээр шалтаг тоочиж алга болдог байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 221-222-р хуудас/,

- Г.Аын эзэмшлийн Капитрон банкны ***********тоот дансны хуулга /1-р хх-ийн 226-228-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ, буцаагаад өгье гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.Г нь цахим мэдээллийн сүлжээнд өөрийн ашигладаг “**********” гэсэн нэртэй хаягнаас “**********”-т “нэхий элддэг машин зарна” гэж хохирогч Н.Тыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр М.Эий эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансаар 900,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр цахим мэдээллийн сүлжээнд өөрийн ашигладаг “**********” гэсэн нэртэй хаягнаас “***********”-т “Нэхий элддэг машин зарна”, “нэхий элддэг машин зарна” гэж хохирогч Д.Эг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 350,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 450,000 төгрөгийг, өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансаар нийт 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.Ид “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 3,400,000 төгрөгийг өөрийн хүү Г.Аын эзэмшлийн Капитрон банкны ***********тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Дундговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ид 3,400,000 төгрөгийн хохирол /1-р хх-ийн 226-228-р хуудас/, хохирогч Н.Тд 900,000 төгрөгийн хохирол /1-р хх-ийн 93-97-р хуудас/ хохирогч Д.Эд 800,000 төгрөгийн хохирол /1-р хх-ийн 22-29-р хуудас/-ыг шүүгдэгч Г.Г нь төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ггаас нийт 5,100,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ид 3,400,000 төгрөгийг, хохирогч Н.Тд 900,000 төгрөгийг, хохирогч Д.Эд 800,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулав.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан.

            Шүүх шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бага насны гурван хүүхэдтэй буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.

            Шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Г-ын Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх хялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ггаас нийт 5,100,000 /таван сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ид 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг, хохирогч Н.Тд 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийг, хохирогч Д.Эд 800,000 /найман зуун мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ