| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогч Т.Б ,
иргэний нэхэмжлэгч С.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.М-ын өмгөөлөгч М.Энхзаяа,
шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч Б.Болормаа,
шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч М.М , Г.Ц , Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.М , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Ц , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Б нарт холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** аймгийн *** сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *** аймгийн *** сумд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд *** аймаг дахь сум дундын 1-р шүүхийн *** оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял эдэлж байсан, регистрийн дугаар ***, Б овогтой М-ын М.
Монгол улсын иргэн, *** оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь *** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 2 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн *** регистрийн дугаартай, *** овогтой Г-ийн Ц.
Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 27-ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “***” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, аав, ээж, охины хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Х овогтой Т-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ц , М.М нар нь бүлэглэн улаан хүрэн өнгийн мустанг загварын мотоцикл ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 16-21-ны өдрийн орчим Говь-Алтай аймгийн Тайшир сумын *** багийн нутаг *** гэх газарт байх Т.Б ын өвөлжөөн дээр байсан цагаан өнгийн контейнерын хаалгыг цоожилсон цоожийг эвдэн 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн тоногтой хуучны эмээл 1 ширхэг, 3,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний цааны арьсан гутал 1 хос, 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүн өмсдөг нохойн арьсан гадна талтай гутал 1 хос, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий хусны дун 1 ширхэг, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн ээмэг 1 хос, 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй, эмэгтэй хүний хос бөгж, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий телевизор 1 ширхэг, 380,000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин цагийн ваар 1 ширхэг, тус бүр нь 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий толь жааз 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 13,380,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж,
Г.Ц , Т.Б нар бүлэглэн 2020 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** хорооллын засмал замын төгсгөлд байх байрны зүүн хойд талын цонхны дор байрлуулсан мустанг-150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Ж-д 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруутайд тооцох:
1.1.Шүүгдэгч М.М , Г.Ц нар нь хамтран 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Тайшир сумын *** багийн нутаг дэвсгэр “*** ” гэх газарт байрлах хохирогч Т.Б ын өмчлөлийн кантейнорын цоожийг эвдлэн орж 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн тоногтой хуучны эмээл 1 ширхэг, 3,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний цааны арьсан гутал 1 хос, 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүн өмсдөг нохойн арьсан гадна талтай гутал 1 хос, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий хусны дун 1 ширхэг, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн ээмэг 1 хос, 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй, эмэгтэй хүний хос бөгж, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий телевизор 1 ширхэг, 380,000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин цагийн ваар 1 ширхэг, тус бүр нь 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий толь, жааз 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч нийт 13,380,000(арван гурван сая гурван зуун наян мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.1.1.Хохирогч Т.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “ ...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед Тайшир сумын *** багийн нутаг *** гэх газар байх контейнерт эхнэр О-ын хамт очиж зуны хувцас болон эд хогшлоо хийгээд цоожлоод явсан. Тэгээд 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 16 цагийн үед өвөлжөөний контейнер дээрээ очиход цоожийг нь цохиж эвдлээд контейнерын амыг дутуу онгойлгоод орхисон байсан. 2020 оны 09 сарын 16-ны өдөр контейнер дээрээ очиход ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүх юм бүрэн бүтэн байсан. Контейнерт байсан эрэгтэй, эмэгтэй хүний хүрэн, хар өнгөтэй хурган дээл 2 ширхэг, мөнгөн тоноглолтой хуучны хийцтэй эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, цааны арьсан цайвар өнгөтэй эмэгтэй хүний гутал 1 ширхэг, эрэгтэй хүний нохой гутал 1 ширхэг, эмэгтэй хүний нударгатай улаан хүрэн дээл 1 ширхэг зэргийг тус тус алдсан. Мөн өөр эд зүйл алдагдсаныг саяхан мэдсэн. Үүнд: дээр үеийн үлээдэг дун, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, эрэгтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан. Мөн контейнерт байсан зурагт, толь жааз, хуучны ваар зэрэг эд зүйлийг хагалж эвдэлсэн байна. Мөнгөн тоноглолтой эмээл нь хүрэн улаан дэстэй, 8 цагаан хуучны мөнгөн дараатай, ясан хяртай, хуучны дөрөөтэй гөлөмгүй байсан. Эрэгтэй хүрэн өнгийн хээтэй хурган дотортой дээл нь 6 ширхэг мөнгөн товчтой, мөнгөн хазаарууд товгор 6 ширхэг товруутай, нийтдээ ойролцоогоор 100 ширхэг бөгжтэй, суран дээрээ бөгжилсөн. Эмэгтэй хүний хар дээр шар хээтэй хурган дотортой дээл байсан. Өөр бусад зүйл нь ямар содон шинж тэмдэгтэйг сайн мэдэхгүй байна. Дээр үеийн хийцтэй цагаан өнгөтэй дун 20 см өндөртэй, эрэгтэй мөнгөн бөгж голдоо сүлдтэй байсан. Эмэгтэй хүний ээмэг, бөгж нь цулгуй цагаан өнгөтэй байсан. Эрэгтэй хүний хурган дээлийг 2.500.000, эмэгтэй хүний хурган дээл 2.000.000 , мөнгөн тоноглолтой хуучин цагийн эмээл 5.000.000 , хуучин цагийн хийцтэй 2 ширхэг мөнгөн хазааруудыг 6.000.000, цааны арьсан гутал 800,000, эрэгтэй хүний нохой гутал 200.000 төгрөг, нударгатай улаан хүрэн дээл 200.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Саяхан алга болсоныг мэдсэн хуучны дун, мөнгөн ээмэг 1.000.000 эрэгтэй эмэгтэй хүний бөгжийг 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн эвдэлж хэмхэлсэн зурагт 700,000, хуучны ваар 500,000, толь 100,000, жаазыг 50.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 48-49-р тал/,
1.1.2.Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнөөдөр *** багийн *** гэх газарт байх манай өвөлжөөн дээр байсан контейнерын хаалгыг эвдэлж дотроос нь өнгийг нь мэдэхгүй хурган дотортой эрэгтэй хуучин хэрэглэж байсан дээл, 1980-аад онд хүнээс хоёр адуу нэг үхрээр худалдаж авсан Увс хийцийн шомбогор бүүрэгтэй, давхар ясан хяртай усан хээтэй 6-н завхаатай, бор өнгийн нанжин гахай, ирмэг хэсгээр нь өнцөглөсөн хээтэй, төмөр хар цулгай хээгүй дөрөөтэй эмээл алга болсон байна та дуудлага өг гэж том хүү Т.Б утсаар залгаж ярьсан юм. Өөр ямар зүйл алга болсныг мэдэхгүй байна гэж хэлсэн юм. Энэ алдагдсан зүйл миний том хүү Т.Б ын эд зүйлс байгаа юм. Энэ эмээл нь одоогийн ханшаар 3,000,000 төгрөг орчим болох байх...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 54-55-р тал/
1.1.3.Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед нөхөр бид хоёр малынхаа гэрт оччихоод Тайшир сумын Далан багт байдаг *** гэх газар өвөлжөөгөөрөө дайраад контейнерт зуны хэрэглэж байсан гутал хувцсаа авчирч тавьсан юм. Тэгэхэд манай контейнерын хаалга цоожтой ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй байсан. Тэндээсээ шууд аймаг руу явсан тухайн үед манай ээж нас барсан ажил явдал гарсан байсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 18-нд хөдөө мал руугаа явсан. Тэгээд би араас нь 20-ны өдөр хөдөө очсон маргааш нь 21-ний еглөө манай нөхөр адуугаа харна гээд явсан чинь удалгүй буцаад ирсэн. Яасан талаар нь асуухад контейнерт хулгай орсон байна. Авдар дотор байсан хоёр хурган дээл алга байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр очиж үзтэл эрэгтэй эмэгтэй хурган дээл алга болсон байхаар нь хадам аав руу манай нөхөр яриад өвөлжөөн дээр байдаг контейнерт хулгай орсон байна цагдаад хэл гэж хэлсэн. Тэр шөнө цагдаа нар ирж үзсэн. Эрэгтэй хүний 2018 оны цагаан сараар хийлгэсэн улаан торгон дээл, эмэгтэй хүний 2018 оны цагаан сараар хийлгэсэн хар торгон дээр шар хээтэй дээл, эмэгтэй хүний 2016 онд аваад өвөл өмсөж байсан цагаан саарал өнгийн годон гутал нэг ширхэг, эрэгтэй хүний 2019 намар авсан нохой гутал нэг ширхэг, эмэгтэй хүний 3-н жилийн өмнө авч байсан нударгатай ганц өмссөн улаан өнгийн хамбан материалтай дээл нэг ширхэг, хуучин цагийн том 4-5 мөнгөн товруутай жолоогүй мөнгөн хазаар нэг ширхэг, хуучин цагийн жижиг 4-5 товруутай жолоогүй мөнгөн хазаар нэг ширхэг, хуучин цагийн увс гаралтай гөлөмгүй хуучин цагаан улаан хүрэн дэвстэй 6-н цагаан завхаатай мөнгөн эмээл нэг ширхэг зэрэг алдагдсан байсан. Мөн дотор нь байсан эд зүйлийг хагалж эвдэлсэн байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60-р тал/
1.1.4.Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сард Завхан аймгийн *** сумын харьяат Ц-тай хамт Ховд аймагт ял эдэлж байсан М гэх залуу өөр нэг залуутай хамт манайд ирж хэд хоносон. Анх ирэхдээ ямар нэгэн унаа тэрэг байгаагүй. Нэг өглөө босож ирэхэд манай хашаанд цагаан өнгийн уутанд юм хийсэн байсан түүнийг Ц , манай охин хоёр харчхаад хурган дээл, цааны арьсан гутал байна гэж хэлсэн тэр зүйлсийг нь М түүнтэй хамт явсан залуу хоёр авч явсан юм уу унаанд тавьж явуулсан юм уу мэдэхгүй алга болсон байсан. Түүний дараа манай хашаанд эмээл, дөрөө, ганзага, жирэм, мөнгөн хазаар, бор өнгийн аяга зэрэг зүйлс үлдсэн байсан. Түүнийг би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн автобусанд тавьж явуулсан. Тухайн зүйлсийг Улаанбаатар хотоос нэг эрэгтэй хүн яриад *** гэсэн дугаарыг тавиулаад авсан юм. Хэн нь хэзээ хулгайлсан гэдгийг би мэдэхгүй. Ямар ч байсан нэг өглөө манай хашаанд цагаан ууттай зүйлс авч явсан байсан. Түүнээс үлдсэн зүйлсийг би автобусанд тавьж явуулсан юм. Миний бодлоор М түүнтэй хамт ирсэн хүмүүс л хулгай хийсэн байх. Манай хашаанд үлдсэн байсан зүйлсийг унаанд тавиад явуулчих гэж М ярьсан. Удалгүй *** дугаараас яриад би таны дансанд 20,000 төгрөг шилжүүлнэ түүний 10,000 төгрөгийг та ав 10.000 төгрөгөөр нь автобусны хөлсөнд нь өгчих гэхээр нь би дансандаа 20,000 төгрөг аваад тэр хүний хэлснээр автобусанд тавьж явуулсан юм. Би өөрөө тухайн үедээ авч явсан зүйлсийн талаар цаасан дээр бичиж авч үлдсэн түүн дээр хот *** гэсэн дугаар тавьсан нь хотоос тосч авсан хүний утас байгаа юм. Цаасан дээр 2020.09.30-нд 3 цагийн автобус гэж бичсэн. Эмээл дөрөө ганзага жирэм хазаар аяга бор гэж тэмдэглэсэн байна. /гар бичвэртэй цаасыг хувилж хавсаргасан/. хуучны модон эмээл, дөрөөтэй, гөлөмгүй, ганзага, олом, жирэмтэй мөнгөн хэрэглэлтэй байсан. 1 ширхэг мөнгөн хазаар байсан, айргийн модон бор том аяга байсан... ” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 104-р тал/
1.1.5.Ашид билгүүн ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 921/4711 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 128-130-р тал/
1.1.6.Гэрч С.П-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны намар 8-9 сарын үед Улаанбаатар хотоос М.М ын хамт тендерийн автобусаар Говь-Алтай аймагт ирсэн. Говь-Алтай аймагт ирээд М ын таньдаг гэх айлд ирсэн. Тухайн үед М.М надад хэлэхдээ Говь-Алтай аймагт байдаг манай найз утсаар яриад байна. Алт гарч байна, бүх багаж нь байна. Тэнд очоод хоёулаа ёндоогоо үзчихээд Завхан аймаг руу явъя гэж хэлсэн. Бид хоёр тэгээд Говь-Алтай аймагт ирсэн. М ын айлд очоод тэр хүнтэйгээ уулзаад ирсэн өдөр болон маргааш нь М архи уусан. Би архи уугаад байхаар нь М д наадах чинь бүтэхгүй юм байна. Хоёулаа явъя гэж хэлсэн. М нь манай нэг хуурай дүү одоо ирнэ тэрэнтэй уулзана гэж хэлсэн. Удалгүй саарал 20 приус маркийн машинтай нэг залуу ирж уулзсан. Очсон айлын хүн, М , нөгөө ирсэн залуу гарч машиндаа уулзсан. Тэд нар нэг цаг орчим болсон байх буцаж орж ирээд очсон айлын гэх халзан толгойтой, 50 дөхөж байгаа байрын эрэгтэй ийшээ яваад амбаар руу ноолуур аваад ирье гэж хэлсэн. Бид нар тэр айлаас приустэй ирсэн залуутай хамт машинд нь суугаад машин унаж ирсэн гэх залуугийн хашаанд очсон. Тэр залуу грашаас нэг улаан өнгийн, мустанг-150 маркийн мотоцикл гаргаж ирсэн. Тухайн үед М нь надад хэлэхдээ наад мотоциклоо уначих гэж хэлэхээр нь би мотоциклийг нь унасан. Тухайн үедээ орой болчихсон байсан ба цагийг нь сайн мэдэхгүй байна. Би приус 20-той залууг дагаад араас нь явсан. Би араас нь явж байгаад засмал зам дээр орж ирээд урд явж байсан приус 20 гэнэт зогссон. Би араас нь мотоциклтой явж байгаад тормосоо гишгэсэн чинь гулгаж очоод жолооч талын арын улаан гэрлийг мөргөөд хагалчихсан юм. Тэгсэн чинь гэрийн эзэн гэх халзан толгойтой хүн: Чи наад мотоцикл эвдэллээ гэж хэлээд мотоциклийг унаад түрүүлээд явсан. Би машин руу орж суугаад араас нь аймгаас хойшоо засмал замаар явсан. Тухайн үедээ цагдаагийн постоор хойшоо гарсан. Харин Ц-ыг хаагуур нь гарсныг бол мэдэхгүй байна. Цагдаагийн постоос нэг их хол яваагүй. Засмал замын баруун гар талд байх овооны ар талд зогссон. М , Ц хоёр нь: Та хоёр наанаа байж бай. Бид хоёр явчхаад ирье гэж хэлээд мотоциклтой явсан. Би приусын жолоочтой хамт тухайн газар нилээд удсан. Тэр газар бид хоёр нэг цаг гаран хоёр цаг орчим болоод тэр хоёр мотоциклтой ирсэн. Бид хоёр ирээд Ц гэх хүн нь: Манай гэр ингээд чигээрээ шороогоор явчихаар дөт байдаг юм. Та гурав засмалаараа яваад оч гэж хэлсэн. Тухайн үед машинд юм хийгээгүй. Харин мотоцикл дээр нэг уутыг хоёр талд нь тэнцүү хуваагаад мотоцикл дээрээ дарчихсан байсан. Ц нь мотоциклтой яваад бид нар засмалаараа яваад Ц ынд очиход Ц гэртээ ирээгүй байсан. Бид гурвыг гэртээ очсоноос хойш 20-30 минутын дараа гэртээ хүрээд ирсэн. Ц нь мотоциклийг нь хүргэж өгнө гээд гэрээсээ гарсан ба М бид хоёр гэрт нь үлдсэн. Тэр шөнөө Ц нь гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө 09-10 цагийн үед гэртээ нэг хөгшин хүнтэй хамт орж ирсэн. Ц нь өчигдрийн мотоциклийг зарна гэж хэлсэн. Би тэгэхээр нь өчигдөр харанхуй байсан учраас сайн харж чадаагүй. Одоо гэгээтэй байхад үзье гэж хэлсэн. Бид нар нөгөө мотоциклийг үзэхээр М , Ц бид гурав нөгөө мотоцикл байгаа газар руу хамт алхаж очиж үзсэн. Би очиж мотоциклийг нь үзээд авахаар болсон. Нөгөө мотоцикл зарах гэж байгаа залуу нь: 1,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь би надад 1,000,000 төгрөг өгчих гэхээр өөрөө мөнгөгүй болчих гээд байна. 800,000-900,000 төгрегенд бол болж байна гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу: 800,000 төгрөгөнд ав гэж хэлсэн. Би тэгээд өөрийнхөө *** дугаартай Төрийн банкны данснаас АТМ-с мөнгөе авч нөгөө залууд өгсөн. Би тэгээд тэр мотоциклийг нь авсан. АТМ-с гараад шууд М ын найзынд очоод: Бид хоёр Завхан явах унаа хайх шаардлагагүй боллоо. Эндээс шууд мотоциклтой явчихна гэж хэлсэн. Ц нь тухай үедээ надад цааны арьсан гутал зарахаар болоод чи надад дэлгүүрээс юм аваад өгчих гэж хэлээд 3 удаагийн гүйлгээгээр 200,000 гаран мянган төгрөгийн гүйлгээг хийсэн. Тухайн үедээ авсан юмнуудад архи холбоотой болон ойр зуурын юм аваад байсан. Тэр өдөр 15 цаг өнгөрөөгөөд Завхан аймаг руу гарах үед Ц нь: гэрийнхээ гадаа байх бараанаас эмэгтэй хүний цааны арьсан гутал 1 ширхэг, өнгийг нь сайн мэдэхгүй байна. Нэг үстэй дээлийг хамт өгсөн. Тэгэхдээ Ц нь эхнэрт мэдэгдэж болохгүй юм байгаая. Эхнэр мэдвэл бөөн юм болно шүү гэж хэлээд надад нуугаад өгсөн юм. Би дээл, гутал хоёрыг уутанд хийгээд мотоциклынхоо ард дарж аваад Завхан аймаг руу явсан. Би гэртээ очоод нэг их удалгүй Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод 10 гаран хоосон байх. Миний өөрийн *** дугаарын утас руу нэг танихгүй залгаж орж ирээд: Говь-Алтайгаас М ын найз нь Ц байна. Эмээл зармаар байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь хэр эмээл юм бэ гэхэд тэр хүн: Гайгүй эмээл байгаа юм. би шартаж үхэх гэж байна эхний ээлжинд 20,000 төгрөг шилжүүлээч гэж хэлэхээр нь би тээшний мөнгөтэй хамт тухайн үед Ц руу 35,000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрөө тухайн үедээ хэлэхдээ эмээл чинь ирэхээр үзэж харж байгаад гайгүй эмээл бол хэдэн төгрөг нэмж шилжүүлнэ гэж хэлсэн, эмээлээ явуулчихлаа гэж хэлэхээр нь би Драгон дээрээс очоод авахад алимны жижиг хайрцганд хийгээд явуулсан байсан, хайрцгийг нь задлаад үзэхэд: гөлөм, мөнгөн тоноглол байхгүй, хавтгай бүүрэгтэй, хавтас нь салсан, гандмал даавуун зөөлөвчтэй эмээлийн мод явуулсан байсан. Би буцаагаад Ц руу залгаад: Хүнд ийм юм явуулаад байхдаа яадаг юм бэ гэж хэлээд хэрэлдсэнээс хойш дахиж холбоо бариагүй. Миний худалдаж авсан мотоцикл байхгүй. 2022 оны 04-05 сарын үед Завхан аймгийн *** сумд байхдаа шатсан юм. Улаан хүрэн өнгийн мустанг-150 маркийн мотоцикл байсан бөгөөд улсын дугааргүй, нэг толь нь хугархай мотоцикл байсан..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 177-178-р талууд/,
1.1.7.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дугаар талууд/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч нар нь хохирогч Т.Б-ын эзэмшлийн эд зүйлээ хадгалах зориулалттай контейнерын/чингэлэг/ хаалганы цоожийг эвдлэн орж эд зүйлсийг нь авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тодруулбал, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн гэдэг нь шүүгдэгчийн хувьд уг байранд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд байр нь саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан эсвэл анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх төдийгүй хамгаалагдсан гэдэг нь илтэд мэдэгдэхүйц байхад түүнийг нь мэдсээр байж зөрчсөн үйлдлийг хэлдэг. Иймээс шүүгдэгч нарыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болсон болно. Өөрөөр хэлбэл, тухайн байрны халдашгүй байдал нь хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүрээр онгойлгох, түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх болон эвдэхгүйгээр орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэн хохирлын хэмжээнээс үл хамааран энэ шинжээр хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг тайлбарлах зүйтэй.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
Шүүгдэгч М.М , Г.Ц нар нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах контейнерт/чингэлэг/ хүрч очих, хэргийн газраас эд зүйлсийг хурдан хугацаанд зөөвөрлөх зорилгоор мотоцикл ашигласныг “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан байна. Гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч үйлдвэл хамтын оролцооны шинж хангагдсан гэж үзнэ . Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч байгаа гэдгээ мэдсээр байж хамтран гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.
Иймээс шүүгдэгч М.М , Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч Г.Ц , Т.Б нар нь хамтран 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хорооллын засмал замын төгсгөлд байх байрны зүүн хойд талын цонхон доороос хохирогч С.Ж-ын мустанг 150 загварын мотоциклыг авч 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.2.1.Шүүгдэгч Т.Б-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 09 сарын 20-дын эхээр байна уу, өдрийг нь сайн санахгүй байна. Би тухайн үед Говь-Алтай аймаг дээр өдөр найз Баатартулгатайгаа уулзах гээд очсон. Би тэр өдрийн орой Ц-ынд унтах гээд оройхон 22 цагийн үед гэрт нь очсон юм. Тэгээд Ц-ынд архи уусан ба тухайн үед Ц ын гэрт Ц-ын эхнэр, охин, Ц өөрөө байсан. Тухайн үед архиа ууж дуусчихаад Г.Ц нь доошоогоо төв рүү оръё гэж хэлээд тухайн үед бид хоёр машинтайгаа аймгийн төврүү орсон. Бид хоёр Хөгжил хорооллын хойд талын засмал зам өөд өгсөөд явж байтал нэг байшингийн гадна талд цонхны доод талд улаан өнгийн мустанг-150 маркын мотоцикл байж байхаар нь Ц машинаас буугаад явсан. Тэгээд Ц тухайн мотоцикл дээр очоод намайг дуудсан. Би машинаасаа буугаад очиход Ц нь энэ мотоциклыг түр гэж хэлсэн. Бид хоёр мотоциклыг байшингийн дээд талын өнцөг хүртэл түрсэн. Уг мотоциклыг Ц нь унаж аваад би араас нь машинтайгаа дагасан юм. Бид хоёр тухайн газраасаа шууд манай гадаа очсон. Бид хоёр тэнд очоод мотоциклио грашинд хийсэн юм. Бид хоёр тэндээсээ Ц ын руу унтахаар явсан. Ц ынд унтаад өглөө нь гэртээ ирсэн. Би тэгээд тэр мотоциклыг грашиндаа хоёр хонуулаад Пунцагдаш гэх хүнд 900,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Ц нь надад 50,000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь Ц ад 50,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 850,000 төгрөгийг нь ахуйн хэрэглээнд зарцуулаад дуусгасан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас/,
1.2.2.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 51-54 дүгээр тал/,
1.2.3.Хохирогч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 08 дугаар сард Говь-Алтай аймгийн Шинэ-Алтай захаас 1,900,000 төгрөгөөр шинэ улаан өнгийн мустанг 150 маркийн мотоцикль худалдан авсан. Тухайн мотоциклыг үзлэгт оруулж улсын дугаар авч чадаагүй байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны орчим *** сумын *** багийн *** хорооллын дээд хэсэгт байх шүүгч нарын байрны урд талын орцонд айлд ирж хоноод мотоциклоо цонхон дор нь тавьж хонуулаад хулгайд алдсан. Тухайн үед цагдаад хандаагүй шууд хөдөө явсан. Тухайн мотоциклд шинээр хоёр ширхэг сонсдог спикер тавьсан байсан. Хойд шаврын хаалтын боолт нь гээгдсэн тул хоёр ширхэг урт боолтоор боосон байсан. Мотоциклоо худалдаж авахдаа гаалийн бичиг арал, хөдөлгүүрийн дугаартай нь тулгаж үзээд авсан бичиг нь байгаа. Би шинээр нь худалдаж аваад 1 сар орчим л унасан. Шинэ мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,
1.2.4.Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Цаг хугацааг нь сайн санахгүй байна. 09 дүгээр сарын дундуур байсан. Би С-ийн П гэх найзтайгаа хамт Говь-Алтай аймагт Г.Ц-ын д очсон. Тэгэхэд Г.Ц-ын хуурай дүү гэх цагаан өнгийн приус 20 эсвэл 30 маркийн машинтай залуу мотоцикл зарна гэсэн юм. Тухайн мотоциклын үнэ ханшийг асуухад 800,000-900,000 төгрөг гэж хэлсэн. С.П-ийн худалдаж авсан мотоцикл нь шинэ, улаан өнгийн мотоцикл байсан. Тэр мотоциклыг Г.Ц-ын хуурай дүү гэх залуу хашаандаа байх амбаараас гаргаж өгч байсан. Ц бид хоёр Ховд аймагт ял эдэлж байсан учир танина. П бид хоёр Улаанбаатар хотод ажил хийж байгаад Г.Ц тай утсаар ярихад хүрээд ир гэсэн тул Говь-Алтай аймагт ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76-78 дугаар тал/,
1.2.5.Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 921/2752 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мустанг-150 маркын 1 ширхэг мотоциклыг 1,900,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 84-86 дугаар тал/,
1.2.6.Т-ийн Б-ын Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар тал/ зэрэг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлжээ.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгө болох мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч худалдан борлуулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангана гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч М.М ын цагдан хоригдсон хоногийн судалгаа /4 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар, Б-ын Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар, Т.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 227 дугаар тал/, Т-ийн Б-ын Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч М.М , Г.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч М.М нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ц нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 9 сар 08 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр, түүнээс дээш үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзлээ. Тодруулбал, урьд ял шийтгүүлсэн гэмт хэрэг болон энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр бүлэгт хамаарах, мөн тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Т.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч М.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр мөн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ц , Т.Б нар нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд, шүүгдэгч М.М , Г.Ц нар нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний хооронд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, өршөөлд хамруулах нөхцөл байдал тогтоогдож байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт/...” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул оногдуулсан эрүүгийн хариуцлагыг Өршөөлийн хуульд хамруулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд эерэгээр нөлөөлөх тул шүүгдэгч М.М-д оногдуулсан 3 (гурав) жил хугацаагаар хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж шийдвэрлэлээ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ. Иймээс шүүгдэгч М.М д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “Завхан аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар”, шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар” тус тус хэрэгжүүлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай нийцэхээр байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг Өршөөлийн хуульд хамруулах нь түүний эрх зүйн байдалд эерэгээр нөлөөлөх тул шүүгдэгч Т.Б од хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.М , Г.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б од 13,380,000 (арван гурван сая гурван зуун наян мянга) төгрөгийн хохирол, шүүгдэгч Г.Ц , Т.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ж-д 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас 154,000 (нэг зуун тавин дөрвөн мянга) төгрөгийн зардал гаржээ.
Шүүхээс шүүгдэгч М.М , Г.Ц нараас тус бүрээс 6,690,000 (зургаан сая зургаан зуун ерөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б од, шүүгдэгч Г.Ц ааас 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Ж-д , шүүгдэгч М.М-аас 154,000 (нэг зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт тус тус олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч С.Ж-д төлсөн байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Ц , Т.Б нар нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдаж, 1 ширхэг СD-г хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хадгалах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цоож 1 ширхгийг устгуулахаар шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн М-ын М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч Д овгийн Г-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч Х овгийн Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 1 (нэг) болон 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-д оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Ц-д оногдуулсан 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ялыг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 (нэг) жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М-ын цагдан хоригдсон 129 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын эдлэх 3 (гурван) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Г.Ц-ын эдлэх 4 (дөрөв) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялыг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.М , Г.Ц нарт сануулсугай.
11.Шүүгдэгч Т.Б , Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12.Шүүгдэгч М.М , Г.Ц нараас тус бүрээс 6,690,000 (зургаан сая зургаан зуун ерөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б од, шүүгдэгч Г.Ц-аас 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Ж-д , шүүгдэгч М.М-аас 154,000 (нэг зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт тус тус олгосугай.
13.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Ц , Т.Б нар нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдаж, 1 ширхэг СD-г хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хадгалах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цоож 1 ширхгийг устгуулахаар шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлсүгэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 5. Дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М , Г.Ц , Т.Б-д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ