Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 0191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч С.С-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-т холбогдох эрүүгийн 1725000000015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, удирдаач мэргэжилтэй, Орхон аймгийн 9 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг толгодын ** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Л овогт С-ний С- /РД: хх*******/

 

Шүүгдэгч С.С- нь 2017 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод С.Б-ын толгой тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 06-нд ажлаа тараад Б-ын хамт 1 шил архи авч ахынд очсон. Биднийг очиход ах согтуу байсан. Б- тэр 2 архи уусан. Би ахтайгаа урьд нь маргалдсан байсан. Тэгээд тэр үед бас ахтайгаа маргалдаж барьцалдаж авсан. Энэ үед Б- дундуур орсон. Хохиролд 600.000 төгрөг төлсөн. Би буруу зүйл хийснээ хүлээж байна. Ойлгож гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 сарын 06 ны өдөр би хотын төвд явж байгаад Сонорхайрхан худалдааны төвийн урд талаас С-ийн машинд суугаад түүний хамт С-ийн төрсөн ах өөрийн найз Б- гэж залуугийн гэрт очсон. Тэдний гэрт очих үедээ нэг шил 0,75 граммын архи авч очсон. С- бид хоёрыг очиход Б-ын гэрт Т- гэдэг байх Солонгос улс руу явах гэж байгаа гээд мах шуузлаад байж байсан. Б- архи уучихсан халамцуу байсан. Миний авч очсон архийг С-, Б- бид гурав хувааж уусан. Т- ах нь явахдаа нэг шил 0,75 граммын архи авч бид нарт өгөөд явсан. Бид гурав үлдээд архиа ууж байхад С-, Б- хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би дундуур нь ороод боль гэж хэлж байсан. Тэгтэл С- миний толгой руу архины шилээр цохисон. Түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа юм. Ухаан орсон чинь эмнэлэг дээр ирсэн байсан. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул би хохирогчоор орж байна. С- надтай уулзаад уучлалт гуйсан. Одоо миний зүгээс гаргах гомдол санал байхгүй. С.С- надад эмчилгээний зардал мөнгөө өгсөн. Би өөрөө хувийн ажил ихтэй байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Тийм учраас одоо надгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

 

-Гэрч Ш.Бэхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...06 сарын 07-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай гэрийн үүдийг хүн цохисон. Үүдээ тайлаад өгсөн чинь миний нөхөр Б-ын нүүр, тархи толгой нь хавдсан толгойдоо оёдол хийлгэж боолгосон, өмссөн хувцас нь цус нөж болсон байдалтай орж ирсэн. Миний нөхөр С Б-тай хамт түүний найз Б- нь хамт ирсэн ба мөн зодуулсан гэж байсан. Би нөхрийгөө хараад яасан юм бэ юу болсон юм бэ гэсэн чинь Б- манай дүү С- Б-ыг зодчихлоо гэж хэлсэн. Яасан гэж зүгээр байгаа хүнийг зоддог юм бэ гэсэн чинь мэдэхгүй Б-ыг согтоод унасан байхад нь С- нь түүнийг архины шилээр цохиж зодсон. Намайг салгах гэсэн чинь архины шил хага цохиод намайг гэмтээсэн гэж ярьсан. Б- өөрөө согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

 

-Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т-дорж ах махаа шуузлаад байж байхад 16 цагийн орчим манай найз Б-, миний төрсөн дүү С- нар манай гэрт ирсэн. Тэр хоёр ирэхдээ нэг шил 0,75 граммын архи авч ирсэн байсан. Тэр архийг нь Б- бид хоёр хувааж уусан. С- тэр архинаас ганц хоёр хундага архи уусан байх. ...Тэр архийг нь Б-. С- бид гурав хуваагаад ууж байсан. Ямар ч байсан С- гитар хөгжим тоглоод дуу дуулж байсныг мэдэж байгаа юм. Би согтоод унасан байсан. Нэг сэргэсэн чинь Б-ын баруун талын хөмсөгнөөс нь цус гарч байсан. Би юу болж байна гэхэд л С- миний гар луу архины шилээр цохисон. Тэгтэл миний зүүн гараас цус гарсан. Тэгэхээр нь би айгаад гэрээсээ гарч гүйгээд гудамжинд байсан хүүхдүүдээр цагдаа дуудуулсан. Цагдаа дуудаад эргээд ороод ирсэн чинь С- зугтаагаад явсан байсан. Б-ын баруун талын хөмсөг нь тасарсан байсан. Тэгээд удаагүй эргүүлийн цагдаа ирээд эмнэлэг дуудсан. Түргэний машинаар Б- бид хоёр ирээд эмнэлгийн тусламж авсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 559 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Б-ын биед духанд 1 тооны зүсэгдсэн шарх үүсчээ.

2. Уг гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 2017 оны 06 дугаар сарын 06-нд дээрх гэмтэл үүссэн байж болно.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайханд нөлөөлөхгүй. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг зовхины буултын эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэсэн дүгнэлт /хх 26 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 585 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Б-ын биед зүүн шуунд сорви тогтоогдлоо.

2. Эдгээр гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно.

3. Гэмтэл нь 2017 оны 06 дугаар сарын 06-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 30 ху/,

 

-С.С-ийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 02-05 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.С- нь 2017 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод С.Б-ын толгой тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Б-ын“...Бид гурав үлдээд архиа ууж байхад С-, Б- хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би дундуур нь ороод боль гэж хэлж байсан. Тэгтэл С- миний толгой руу архины шилээр цохисон” /хх 18-19 ху/, гэрч Ш.Б, Л.Б-ын нарыг гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед духанд 1 тооны зүсэгдсэн шарх гэмтэл үүссэнийг тогтоосон 559 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч С.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч С.Б- мөрдөн байцаалтын шатанд “одоо миний зүгээс гаргах гомдол санал байхгүй. С.С- надад эмчилгээний зардал мөнгөө өгсөн” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С-н С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.С-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-т урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.БАЙГАЛМАА