Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

 

 

 

С.Төгсжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/329 дугаар шийтгэх тогтоолтой С.Төгсжаргалд холбогдох 2034004290475 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргал, Дархан-Уул аймагт 1980 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг, Хээтээ хороолол 4/7-118 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистр: ТИ800309**,

С.Төгсжаргал нь 2018 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт ажил үүргээ гүйцэтгэж байсан Замын Цагдаагийн ажилтанд үзүүлж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Төгсжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/329 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргалыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргалд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгтэй дүйцүүлэн тооцож, 405 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1.005.000 /нэг сая таван мянга/ төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.005.000 /нэг сая таван мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн 2034004290475 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Төгсжаргал нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А-0008118 дугаартай, цэнхэр өнгийн цагдаагийн албаны 1 ширхэг хуурамч үнэмлэхийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Төгсжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405.000 төгрөгийн торгох ялаар сольж, ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1.005.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ялыг сольсон байна гэж дүгнэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг торгох ялаар солихгүй" гэж заасан байхад шүүгдэгч С.Төгсжаргалын эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольсон нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гараагүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан оногдуулсан ял шийтгэлд зохих өөрчлөлтийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх эрүүгийн хууль буруу хэрэглэж ял шийтгэл оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Төгсжаргалд холбогдох эрүүгийн 2034004290475 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Төгсжаргал нь 2018 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт ажил үүргээ гүйцэтгэж байсан Замын Цагдаагийн ажилтанд үзүүлж ашигласан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

гэрч П.Октбишийн ...Баянчандмань сум дээр автын цагдаа зогсоогоод хэсэг удсан. 40 орчим минут болоод машинд ирж суугаад хугацаа нь дууссан үнэмлэхтэй удаалаа одоо пост орно гэж байна. Миний түр үнэмлэхийн хугацаа дууссан байна гээд цагдаа нарыг дагаад явсан. Тэгээд постон дээр үлдсэн. Би машинаа Баянчандмань суман дээр очиж дугуйгаа янзлуулаад буцаж ирээд л машины зургийг авч багаж үзээд тэгээд бид хоёрыг явуулсан. Тэгээд Дарханд ирээд буцсан... ...үнэмлэх дээрх зураг Төгсжаргалын зураг мөн байна... ...би тийм үнэмлэх үзүүлсэн гэж бодоогүй. Одоо л сонсож байна. Надад жолооны үнэмлэхийн хугацаа дууссан гэж хэлсэн... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

яллагдагч С.Төгсжаргалын ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 44-45 дугаар хуудас/  гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн А-0008118 дугаартай үнэмлэх нь шинжилгээнд тэнцэнэ... ...шинжилгээнд ирүүлсэн А-0008118 дугаартай үнэмлэх нь энгийн өнгөт принтерээр хэвлэгдсэн хуурамч үнэмлэх байсан... талаарх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйл түр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгч С.Төгсжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 12-24, 35-38, 49-53 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Төгсжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч С.Төгсжаргал өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг торгох ялаар солихгүй гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргалд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгтэй дүйцүүлэн тооцож, 405 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1.005.000 /нэг сая таван мянга/ төгрөгөөр тогтоон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг заасан байх бөгөөд үндсэн ял дотроос торгох ял нь хамгийн хөнгөн ял байна. Ялыг нэмж нэгтгэнэ гэдэг нь хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх ойлголт юм.

Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шүүгдэгч С.Төгсжаргалд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгийн торгох ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоол өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/329 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргалд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.” гэж,

4 дүгээр заалтыг “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Монгол овгийн Сандагдоржийн Төгсжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ”гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч С.Төгсжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ