Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр

     Улсын яллагч Ө.Манзушир,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

     Шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай Д овгийн Б-ын Г.

Шүүгдэгч Б.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б.Г  нь “*** ” гэх өөрийн зурагтай фэйсбүүк хаягнаас 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн хамгийн то Нэгдсэн зарын групп гэх пэйж хаягт иргэн Б.Ц-ын *** гэх фэйбүүк хаягийн зургийг байршуулж “...ийм хаяг ***  гэсэн дугаар хоёроос янз бүрийн чат, мессеж бичвэл хариу энэ тэр бичиж болохгүй шүү хүмүүсээ шалгадаг газар нь өгсөн байгаа...” гэж бичин нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

Мөн “*** ” гэх хуурамч фэйсбүүк хаяг нээн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Зарын Нэгдсэн Групп гэх пэйж хаягт иргэн С.Ц-г “er bolgonii dewsger bolj ywhaasaa ichij amidar bie unelj mongo olood ywj baihaasaa ich” гэж бичин нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

1.1. Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байж байхад миний өөрийн *** гэсэн дугаар руу ***  дугаараас над руу: “Янхан банзал минь. 5 шээсээ дагуулаад Э-хээ дэвсгэр болоод хэвтэж бай гэснээ чаддаг юм бол хүрээд ир жорлон минь” гэх мэт намайг доромжлоод мессеж бичээд байсан. Би энэ болгонд ямар нэгэн хариу бичээгүй. Мөн манай нөхөр М-тай чаталсан байсан чатыг нь утсан дээрээ татаж авсан юм. Манай нөхөр рүү янз бүрийн юм бичээд бид хоёрыг хооронд нь хэрүүлдүүлж маргалдуулаад байхаар нь би өөрийнхөө “*** ” гэх өөрийн зурагтай фэйсбүүк хаягнаас Говь-Алтай аймгийн зарын групп дээр Ц-ын талаар мэдээллийг байршуулсан. Би яагаад байршуулсан бэ гэхээр нь манай охины найз залуугийнх нь тал юу болоод байгаад талаар асуугаад байхаар нь би тэр мэдээллийг байршуулсан. “*** ” гэх фэйсбүүк хаяг нь миний өөрийн фэйсбүүк хаяг мөн. Би нэрийг нь өөрчлөөд Б.Г  гэж өөрчилсөн байгаа. Миний хувьд Б.Ц  гэх хүнтэй ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй. Б.Ц ын нөхөр Э  ахыг 2013 оноос эхлэн танина. Э  ах бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харилцаа байхгүй. Э  ах алтанд явчихаар нь хүүхдүүд нь манайд надтай хамт байдаг байсан юм. Би *** , ***  гэсэн дугааруудыг эзэмшдэг юм. Би С.Ц  гэх хүнийг 2024 оны 09 сараас эхлэн таних болсон. Манай хажуу талын өрөөнд байр түрээслэдэг байсан юм. С.Ц  нь Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуульд сурдаг байсан юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байхаа өдрийг сайн санахгүй байна. Би өмнө нь С.Ц тай хэрэлдчихсэн байсан юм. Мөн намайг янз янзаар хэлээд манай нөхөртэй асуудал гаргаад байсан юм. Би тэгээд дүүд нь манай нөхөртэй асуудал үүсгээд байх шиг байна гэж хэлж байсан юм. Би тэгээд Говь-Алтай аймгийн нэгдсэн зарын групп дээр айлын нөхөртэй явалддаг талаар зурагтай нь хамт постыг оруулсан. Би Б.Г  гэсэн нэртэй фэйсбүүкийг ашиглаж байгаа юм. “***” гэх нэртэй фэйсбүүкийг би өөрөө нээгээд С.Ц-гийн талаарх мэдээлэл, постыг оруулсан. Миний хувьд С.Ц  гэх хүнтэй ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй. Надтай хэрэлдэж маргалдаад, манай нөхөртэй асуудалтай байгаад байх шиг байхаар нь Зарын групп руу пост оруулсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54, 126-127 дугаар хуудас/,

1.2. Хохирогч Б.Ц-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...Хохирогч Б.Ц-ын "... Би нөхөр Э гэх хүнтэй ханилан суугаад 10 гаруй жил болж байгаа юм. Бид 2 дундаасаа хүүхэдгүй юм. Тэгтэл 2023 оны 07 сараас хойш манай нөхөр Э  нь Б-ын Г гэх эмэгтэйтэй нэр холбогдож байнга хамт гадуур явж эхэлсэн нь хүмүүсийн ярианаас сонссон. Би тухайн асуудлаас нь болоод тэр үед нь ямар нэгэн хэрүүл маргаан хэл ам үүсгээгүй бөгөөд 2023 оны 10 сард Улаанбаатар хот руу яваад шууд тэндээ ажилд орсон. Тэгээд ажиллаад хэд хоног байж байтал манай нөхөр над руу залгаад хаана байгаа талаар минь тодруулан асуухаар нь би Улаанбаатар хотод ирсэн эндээ ажиллаж байгаа талаараа хэлсэн юм. Би Улаанбаатар хот руу явахдаа тухайн үедээ нөхөртөө хэлэлгүй шууд холдоод яваад өгсөн юм. Тэгсэн чинь надаас ямар учир шалтгааны улмаас хот явсан талаар асуухаар нь чи Б.Г  гэдэг хүнтэй холбогдоод байгааг сонсож мэдсэн, чи түүнтэйгээ амьдар гэдэг байдлаар хандаж хэлээд хэрүүл үүсэж эхэлсэн. Тэгтэл манай нөхөр тийм зүйл байхгүй, ямар нэгэн гэр бүлээс гадуур харилцаа байхгүй гэдэг байдлаар хариулсан. Тэгээд хэрүүл маргаан үүсээд байхаар нь нөхрийнхөө утсыг блок хийгээд 2-3 сар холбоо бариагүй, би хотод өвөл хүртэл байсан. Миний хүү Т  нь тухайн хугацаанд аймагт миний ээж буюу эмээ дээрээ байсан ба хааяа гэртээ буюу Э  дээр очдог байсан юм. Т  нь Э гийн төрсөн хүүхэд биш юм. Би хүүдээ битгий тэр хавиар очоорой гээд хотод байхдаа ярьдаг боловч миний хүү Э д дасчихсан багаасаа ааваа гэж дуудаад хүндлээд сурчихсан учир байнга очиж байгаа талаараа надад хэлсэн юм. Миний хүү Т  Э  дээр очиход Б.Г ийн охин Д  нь манайхаар байгаад байсан талаар хүү хэлээд би мэдсэн юм. 2024 оны цагаан сараар манай нөхөр намайг гуйгаад хотод очоод намайг аймагт авч ирээд бид 2 буцаад одоог болтол амьдарч байгаа юм. Энэ хугацаанд байнга Г  нь манай нөхрийн утас руу залгадаг, мөн түүний охин Д  нь байнга залгаад энэ асуудлаас болоод гэрт хэрүүл маргаан үүссээр байна. Тэгээд намайг удаа дараа өөрийнхөө фейсбүүкээр аймгийн зарын фейсбүүк групп дээр гэр бүл үймүүлсэн хүүхэн гээд миний зургийг тавьчихсан мэдээлэл тавьсан байсан. Би хамгийн гол нь худал мэдээлэл тараагаад байгаад харамсаж гомдол гаргаж байгаа юм. 2014 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн юм. Гэрлээгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй юм. Нөхөр хүүхдүүдтэй л юм шиг байна лээ. Манай нөхөртэй холбогдсоноос хойш бол таньж байгаа. Янз янзын нэрээр фейсбүүк нээгээд байдаг юм байна лээ шүү дээ. Хамгийн эхлээд *** гэсэн нэртэй байсан. Сүүлдээ Г , ***  нэг тийм нэртэй болоод фейсбүүк нээгээд байдаг юм байна лээ. Б.Г  нь хамгийн эхлээд 2023 оны 12 сарын үед *** хаягаас гэр бүл салгагч ичиж амьдар гээд манай 2 хүүхдийн зурагтай намайг оруулаад тэгээд чамд бэлэг болгоод өгчихье гээд хамгийн том нэгдсэн зар дээр тавьчихсан байсан. Тухайн мэдээлэл нь худал мэдээлэл, надад ямар нэгэн гэр бүл салгасан тийм асуудал байхгүй, 10-аад жил ханилсан хүнтэйгээ одоо болтол амьдарч байгаа. Г  гэх эмэгтэй л харин манай гэр бүлийг үймүүлээд байгаа. Тэгээд дараа нь болохоор 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б.Г  нь өөрийнхөө зурагтай ***  гэсэн хаягаасаа Говь-Алтайн хамгийн Том нэгдсэн зар дээр миний ***  утасны дугаар, миний фейсбүүк *** гэх хаягийг scrееnshot хийж оруулаад "янз бүрийн чат, мессеж бичвэл бичиж болохгүй шүү, шалгадаг газар нь өгчихсөн байгаа гээд шал худлаа мэдээлэл фейсбүүк дээр нийтэлсэн байсан. Одоохондоо бол тэрний хэлснээр цагдаа, шүүхээс намайг шалгасан зүйл байхгүй. *** гэх хаягийг би ашигладаг. Энэ Мөнхбаатар гэдэг хүн Б.Г ийн нөхөр нь би танихгүй. Нөхөр нь гэж өөрөө энэ фэйсээс над руу найзын хүсэлт явуулаад л ороод ирсэн байхгүй юу. Тэгээд л танай нөхөртэй одоо манай хүн холбоотой юу үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг л надаас асууж байсан. Тэр Г  гэдэг хүн угаасаа нөхрийнх нь фэйсээр ороод над руу янз янзын юм бичээд байсан байна лээ. Тэгээд сүүлдээ " яах нь вэ гээд бичээд байсан чинь яадаг юм муу жингэр вэ?..." гээд намайг янз бүрээр л гутаадаг хөгшин хар авгай жингэр гэж бичсэн. Тэгээд энэ угаасаа байнгын нөхрийнхөө чатаар л над руу юм бичээд байдаг хүн байна лээ. Манай нөхөр Э  2023 оны 1 сард приус-30 авсан юм. Тэгээд л тэрнээс хойш тэр Г  гэдэг хүнтэй цуг явж байгаа сураг дуулдаад байсан. Энэ хойно Рашаант гэдэг газар цуг явж байна гэж сонсоод би ээжийндээ очоод байж байсан. Ээжийндээ очоод байж байсан чинь манай гэрт тэр Г  гэдэг хүний охин Д  гэдэг ирчихсэн байгаад байгаа сураг дуулдсан. Би өөрөө ч харсан юм ирж. Тэгээд би хаячхаад 10 сар гээд хот руу яваад өгсөн. Хотод очоод ажил хийж өвөлжиж байсан юм. Г  гэдэг хүн 5 хүүхэдтэй хүн юм байна лээ. Хүүхдүүд нь манайд ирчихсэн манай хажуу талын байшинд байгаад энэ Г  гэдэг хүн өөрөө ирчихсэн байсныг манай хүү, манай ээж ч гэсэн ирж харсан байсан. Тэгээд тэрнээс хойш байнгын хэрүүл. Байнгын холбоотой байхаар чинь байнгын л хэрүүл болно шүү дээ. Тэгээд л тэрнээс хойш л ерөөсөө энэ Г  гэх хүнтэй хэрүүл уруул хийж гэр бүл хэрүүлтэй хэцүү байгаа. Одоо ерөөсөө байнгын манай нөхөр рүү залгаастай хэрүүлтэй. Г  ***  ***  дугаарыг барьдаг. Түүний охин Д ий утас *** энэ 3 дугаар манай нөхрийн *** дугаар руу байнгын залгаж байдаг... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-30-р тал/,

1.3.        Иргэн Б.Ц-ын Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-41-р тал/,

1.4.        2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Э нь Б.Г-ийн самсунг-А7 маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39-р тал/,

1.5.        Хохирогч С.Ц-ийн “....2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Говь-Аптай аймгийн нэгдсэн зар фейсбүүк группэд *** гэх хаягаас миний зургийг оруулан нэр хүндэд халдаж хуурамч мэдээлэлтэй пост оруулсан байсан тул би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би *** гэх фейсбүүк хаягтай хэрэглэгчийг мэдэхгүй. Би Г  гэх хүнийг миний нэр төрд халдаж тухайн постыг оруулсан гэж бодож байгаа. Учир нь тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г  нь над руу өөрийнхөө ашигладаг “***” гэх фейсбүүк хаягаас “миний дүү санаа зоволтгүй би админ руу нь яриад устгуулчихлаа даварсан хар гөлөг вэ?” гэж чат бичсэн. Мөн утсаа зарсан чинь миний утсыг худалдаж авсан хүмүүс тэр постыг оруулсан байна гэж над руу чат бичсэн. Бас манай бүл дүү Х Б.Г  рүү тэр постыг хараад ийм пост орчихсон байна одоо яах уу гэж постыг явуулсан байсан бөгөөд Х нь Г т “Ц анай цагдаад өгсөн шалгуулж байна” гэтэл за байж бай гэж хэлээд 5 минутын дараа өөрийнхөө Б.Г  гэх хаягаас Х руу чат бичээд “би админ руу нь яриад устгуулчихлаа одоо тавихыг нь харъя ямар овоо юм бэ?” гэх утгатай чатуудыг бичсэн байсан. Би Г ээс та хэн рүү яаж яриад устгуулсан юм бэ? гэтэл би хотод шүүхэд ажилладаг эгч рүүгээ ярьж устгуулсан юм дугаар нь энэ гээд *** гэх дугаарыг надад хэлсэн. Тухайн дугаар нь Г ийн хүүхдийн барьж байсан дугаартай төгсгөл нь адилхан байгаа тул тухайн дугаар нь өөрсдийнх нь дугаар бөгөөд *** гэх дугаар руу залгаж пост устгуулсан зүйл байхгүй худлаа яриад байгаа тул тухайн постыг Г  оруулсан гэж бодож байгаа. Би Г  гэх хүнтэй түрээсийн байранд хажуу өрөөнд амьдардаг байсан юм. Тэгж амьдарч байхдаа танилцсан. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, бид хоёрт хэрэлдэж маргалдсан асуудал өс санах асуудал байхгүй, пост ордог өдрийн өмнөх өдөр бид хоёр Г ийнд очсон бөгөөд зүгээр л байсан. Тэгээд маргааш өглөө нь тийм пост орсон байсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,

1.6.        Гэрч А.Б-ын “...Би тухайн “Говь-Алтай аймгийн нэгдсэн зар" гэх фейсбүүк группийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нээсэн байдаг ба тухайн группийг нээснээс хойш админыг нь миний бие өөрөө хариуцаж хийдэг. Тухайн фейсбүүк групп нь одоогоор 57,800 орчим гишүүнтэй ба өдөрт дунджаар 130 орчим пост болон мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа ордог юм. Би тухайн группт гишүүдээс байршуулсан пост, зар сурталчилгаа болгонд ямар нэгэн байдлаар хяналт тавьдаггүй юм. Тухайн цахим фейсбүүкийн группэд надаас өөр админ байдаггүй. Анх би нээж хөгжүүлж байсан болохоор одоогоор тухайн группт надаас өөр хяналт тавьж, хөгжүүлж байгаа болон идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа админ байхгүй. Би өөрийн биеэр тухайн группийг хариуцаж ажиллуулдаг. Надаас өөр админ байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "Говь-Алтай аймгийн нэгдсэн зар” фейсбүүк группт “***" гэх хаягаас " er bolgonii dewsger bolj ywhaasaa ichij amidar bie unelj mongo olood ywj baihaasaa ich" гэх утгатай орсон постын талаар надад ямар нэгэн мэдээ мэдээлэл болон мэдэж байгаа зүйл байхгүй. "***" гэх цахим хаягтай хэрэглэгчийг огт танихгүй. Тухайн постыг оруулсан талаар надад цагдаагийн байгууллагаас залгаж асуусан ба яг тухайн үед би ийм юм болсон талаар мэдсэн. Тэгээд тэр үед нь өөрийн хөтөлдөг цахим фейсбүүкийн групп руу орж тухайн постыг байгаа эсэх талаар харахад тийм утга агуулгатай постыг олж харж уншаагүй, намайг хайх үед тийм утга агуулга бүхий ямар ч нийлэл болон зураг байгаагүй ба хэн нэгэн хуний хүсэлтийн дагуу тийм утга агуулгатай постыг миний зүгээс лав устгасан зүйл байхгүй. Би тухайн "***" гэх цахим фейсбүүк хаягийг болон ямар хүнийг тухайн хаягийг эзэмшдэг талаар мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р тал/,

1.7.        2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Тэмүүжин нь “***” гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-89-р тал/,

1.8.        Хохирогч С.Ц гаас гаргаж өгсөн Б.Г ээс ирүүлсэн гэх зурвасын хуулбар /хх-ийн 96-100-р тал/,

1.9.        2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4/1424 дугаартай Мобиком корпорац ХХК-ийн “....*** дугаараас 2024 оны 12 дугаар сарын 15-наас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хоорондох хугацаанд гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын хандалт хийгдээгүй ба тус дугаар нь одоо ашиглалтад байхгүй болно...” гэх албан бичиг /хх-ийн 106-107-р тал/,

1.10.      2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Тэмүүжин нь Б.Г ийн А7 загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 110-113-р тал/,

1.11.      Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-68-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Г  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ц , Б.Ц  нар нь гомдол саналгүй байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд хохирол нэхэмжлээгүй болно.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Б-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б.Г-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ