| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай Т овгийн А-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн 5 дугаар гудамжны нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 22 цагийн үед приус 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1.1. Гэрч О.Дамдинбазарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *** сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад Цагдаагийн газрын жижүүрийн 7048102 дугаарын утаснаас Хөгжил хороолол *** тоотод манай нөхөр намайг зодоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн ба тус хаяг дээр очиход хүн байхгүй болохоор нь дуудлага өгсөн дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн утас аваад Баянхайрхан баг 5 дугаар гудамжинд байна гэсэн. Би эргүүлийн үүрэг хамт гүйцэтгэж байсан дэд ахлагч Ганхүлэгийн хамт Баянхайрхан баг 5 дугаар гудамжинд очиход хар өнгийн приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл айлын хашаа мөргөсөн, мөргөсөн хашааныхаа талд зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн гадаа нүүр амнаас цус хажуу хувцас нь урагдсан залуу зогсож байхаар юу болсон талаар асуухад дугарахгүй тээврийн хэрэгслийн ард талын сандал дээр сууж байсан эмэгтэй болохоор манай нөхөр Б намайг зодож цохиод хамт үхье гэж хэлээд Хөгжил хороололоос дээшээ тал руу яваад айлын хашаа мөргөөд зогссон гэхээр нь 04 дүгээр сарын 09-ний өдрийн шугам замын зохицуулагч М.Чойжинсүрэнд дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд тухайн 2 хүнийг цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж драгер үлээлгэсэн. Тээврийн хэрэгслийн гадаа Бумбаяр, тээврийн хэрэгсэл дотор Пүрэвдулам гэх хүмүүс байсан. Эхнэр Ц.П нь А.Б бид хоёр маргалдах үед А.Б нь хамт үхээд энэ амьдралаа дуусгая гэж хэлээд машинаа жолоодоод Хөгжил хорооллоос дээшээ явсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
1.2. Гэрч Х.Ганхүлэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүргийн дэд ахлагч Дамдинбазарын хамт гүйцэтгэн ажиллаж байхад дэд ахлагч О.Дамдинбазар нь Хөгжил хороолол гэр бүлийн зөрчлийн дуудлага мэдээлэл ирлээ Хөгжил хороолол яв гэсэн. Би дэд ахлагч О.Дамдинбазарын заасан газар ирэхэд тухайн газар ямар нэгэн хүн байгаагүй болохоор О.Дамдинбазар дуудлага мэдээлэл өгсөн хүний дугаар руу залгаад ярьж дуусаад намайг Баянхайрхан баг 5 дугаар гудамж руу яваарай гэж хэлсэн. Бид хоёр Баянхайрханы 5-р гудамж өгсөөд явж байхад хар өнгийн приус- 30 маркийн 09-06 ГАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл айлын хашаа мөргөсөн, мөргөсөн хашааныхаа хажуу талд зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн гадаа нүүр амнаас цус гарсан эрэгтэй хүн зогсож байхаар юу болсон талаар асуухад дугарахгүй, тээврийн хэрэгслийн ард талын сандал дээр сууж байсан эмэгтэй манай нөхөр Б намайг зодож цохиод хамт үхье гэж хэлээд Хөгжил хорооллоос дээшээ тал руу яваад айлын хашаа мөргөөд зогслоо би дуудлага өгсөн хүн байна гэсэн. Тэгээд О.Дамдинбазар тухайн өдрийн шугам замын зохицуулагч М.Чойжинсүрэнд дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд тухайн 2 хүнийг цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж драгер үлээлгэсэн. Эрүүлжүүлэх саатуулах байранд тухайн хоёр хүний хооронд юу болсон талаар асуухад эмэгтэй нь нөхрийнхөө ажлын газрын хүмүүстэй хамт архи уусан. Тэгээд манай нөхөр надтай муудалцаад хамт үхье гэж хэлээд машинаа жолоодоод явсан гэсэн утгатай зүйл ярьж байсан ба тухайн эмэгтэй нөхөртөө зодуулсандаа гомдолтой гэсэн учир рапортоор оруулж зөрчлийн байцаагчид тухайн хүмүүсийг хүлээлгэн өгсөн. Эхнэр Ц.П нь А.Б бид хоёр маргалдах үед А.Б нь хамт үхээд энэ амьдралаа дуусгая гэж хэлээд машинаа жолоодоод Хөгжил хорооллоос дээшээ явсан гэж хэлсэн...."гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
1.3. Гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтан М.Чойжинсүрэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/,
1.4. Шүүгдэгч А.Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 / согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/-т зааснаар шийтгэл оногдуулсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэврийн хуулбар/хавтаст хэргийн 9-11 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна.
Шүүгдэгч А.Б-ын тухайд өмнө нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг CD/сиди/-ийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг CD/сиди/-ийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ