Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч Т.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т-ийн А-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Х овгийн Т-ийн А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Т.А  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 17-ны шөнийн 01 цагийн үед *** улсын дугаартай приус 10 загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1.1. Гэрч Н.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 04 дүгээр сарын 16-наас 2025 оны 04 дүгээр сарын 17-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Шөнө 01 цаг 10 минутын үед Оргил багийн “Дуган хад” зочид буудлын баруун талын замд *** улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийг зогсоон шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж драгер багаж үлээлгэхэд үлээхээс татгалзаж, эрүүл мэндийн төв дээр авч ирж өөрөө сайн дураараа цус өгнө гэсний дагуу тэмдэглэл үйлдэж Т.А ийн цуснаас согтолтын зэргийг тогтоох зорилгоор 0.5 мг цус авч тэмдэглэл хөтөлж цагдаагийн бүртгэлд оруулж, тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд түр саатуулж ажилласан. Би Т.А  гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тухайн жолооч тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан. Т.А  гэх хүнийг *** регистрийн дугаараар X-Cover торгуулийн багажаар шалгахад 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

1.2. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ГОА0325/030 дугаартай “...Т.А ийн гэх цусанд 2,6% промилль спирт илэрч байна. Цусанд илэрч байгаа 2,6% промиллийн спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

1.3. Шүүгдэгч Т.А  нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 / …согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон…/-т зааснаар  шийтгэл оногдуулсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ЗШ/249 дугаартай шийтгэврийн хуулбар/хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

1.4. 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Т.А-ийн биеэс дээж авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна.

Шүүгдэгч Т.А-ийн тухайд өмнө нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Х овгийн Т-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг)  жил 5 (тав) сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.А-д хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.А-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ