Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2022/01822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Т

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Я.Ц

....давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.Б, Я.Ц нарт холбогдуулан хамтран өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б.Т нь 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд хариуцагч Б.Б болон 0-15 насны 7 дүүгээ тэжээхийн тулд ажил хийж эхэлсэн, 1985-1988 онд цэргийн албанд явж ирээд, үргэлжлүүлэн ажиллах хугацаандаа ....8 тоот өөрийн өмчлөлийн хашаа, байшинд амьдардаг байсан. Тэрээр дээрх хашаа, байшинг 2002 онд зарж, ....давхарт хөрөнгө оруулснаас гадна өөрөө тус барилгад харуулаар ажиллаж, барилга угсралтын ажилд оролцож байсан. Нэхэмжлэгч нь Б.Б, Я.Ц нарыг өөрийн хөрөнгө оруулсан хашаа, байшингийн мөнгийг өгнө гэж хүлээсэн боловч хариуцагч нар мөнгийг нь өгөөгүй, төрсөн гэрт нь оруулахгүй хөөж, шүүхэд хандаад ав, өгсөн хүнээсээ ав гэдэг. Хөрөнгө оруулсан мөнгө авах өөр аргагүй болсон тул ... давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Б, Я.Ц нараас хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаас бус өвлөгчөөр тогтоолгохоор шаардаагүй. Нэхэмжлэлээ нотолж хорооны Засаг даргын тодорхойлолт, 2 хүнийг гэрчээр асуулгасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч татгалзлаа нотлох нэг ч баримт өгөөгүй, урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг судлуулж шүүгчийг төөрөгдүүлэх гээд байна гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... байрлах хашаа, байшинг бидний эцэг Б амьд сэрүүн байхдаа 1982 онд барьж, түүний өмчлөлд байж байгаад эцэг маань 1990-ээд онд зарсан гэж эх Я.Ц хэлдэг. Б.Т-ийн нэр дээр байсан, өмчлүүлж өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь ...давхарт хөрөнгө, мөнгө оруулсан бол өгсөн, авсан гэх баримт байх ёстой. Б.Т нь хөрөнгө, мөнгө оруулсан гэж байгаа бол надаас бус Б.П-аас нэхэмжлэх нь зүйтэй. Учир нь Б.Т 2011 оны 03 сарын 22-ны өдөр өвлөх эрхээсээ татгалзаж, ... давхрын суурь өргөтгөлийг дүү Б.П-т өвлүүлэхийг зөвшөөрч байна, дүү Б.П-ийн барьж бүтээсэн барилгатай холбоотой маргаан гаргасан байна, уг барилгыг барьж дуусах хүртэл нь тус барилгад хэн, ямар хөрөнгө оруулж байсныг мэднэ гэж тодорхойлолтоо дурдсан. Б.Т нь Б.П энэ барилгыг барьсан, би болон манай ах дүү нар холбоогүй гэдэг. 2010 оны 10 сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээс үзэхэд Б.П нь энэ барилгын 1, 2, 3 давхрыг өөрийн хөрөнгөөр өөрөө барьсан гэж тайлбарладаг, өнөөдөр болохоор Б.Т-ийн хөрөнгөөр барьсан гэж байна. Шүүхийн шийдвэр болон баримтуудаар Б.Т нь нэхэмжлэх эрх байхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.Т нь Чингэлтэй дүүргийн ... хорооны Засаг даргын 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 224 дүгээр тодорхойлолт, гэрэл зураг, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн итгэмжлэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/03483 дугаар шийдвэр, /хэргийн 4, 19-22, 57, 109-110, 177-179 тал/

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоол, 2022 оны 03 сарын 28-ны өдрийн итгэмжлэл, /хэргийн 23-52 тал/

Шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоол, 2011 оны 03 сарын 22-ны өдрийн Өв хүлээн авахаас татгалзсан баримт, Б.Т-ийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан тодорхойлолт, Б.Т-ийн гараар бичсэн тодорхойлолт, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00310А дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ...1 давхар/ тоот хаягт байршилтай, 72 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ....2 дугаар давхар/ тоот хаягт байршилтай, 72 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, .... зоорийн давхар тоот хаягт байршилтай, 72 м.кв талбай бүхий автомашин гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ...тоот хаягт байршилтай, 296 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 872 дугаар тогтоол, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоол тус тус бүрдүүлж, Т.Г, Д.Г нарыг гэрчээр асуусан. /хэргийн 61-64, 70-107, 120-146, 159-174 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Т-ийн нэхэмжлэлтэй Б.Б, Я.Ц нарт холбогдох ... 1, 2 дугаар давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч нарын өмчлөлийн орон сууцыг барьж, ашиглалтад оруулахад миний бие өөрийн хашаа, байшинг зарж хөрөнгө оруулснаас гадна харуул, сахиулаар ажилласан, барилгын суурийн давхрын ажилд гар, бие оролцсон тул хамтран өмчлөгчөөр тогтоолгоно гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж: хөрөнгө оруулсан гэх хашаа, байшин анхнаасаа нэхэмжлэгчийн өмч байгаагүй, хөрөнгө оруулсан гэх баримт байхгүй, энэ маргааныг шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн тул зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэрээр Б.П-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох ... 1, 2, 3 дугаар давхрын өмчлөгч болохыг тогтоож, ... дугаар газар эзэмших гэрчилгээг үндэслэн өв нээсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, эцэг Б.Б-гийн өмч болох ...тоот орон сууцны өвлөгдөх хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт ....3 дугаар давхрын өмчлөгчөөр Б.П-ийг тогтоож, уг байрны 1, 2 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 23-24, 71-74, 155-158 тал/

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрээр Б.Б-ийн нэхэмжлэлтэй Д.Ц, Б.П нарт холбогдох нотариатч Д.Ц-гийн 2012 оны 04 сарын 25-ны өдрийн Б.П-т олгосон 17 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, өвлөгдөх эд хөрөнгө болох ...давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Б-г, барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Ц-г тус тус тогтоох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр Б.Б, Я.Ц нарыг тогтоох, ... тоот хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн давхарын өмчлөгчөөр Б.Б-г тогтоолгох тухай иргэний хэрэгт өвлөх эрхийн гэрчилгээ Б.П-т олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, ... 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхарын 50 хувийн өмчлөгчөөр Б.Б-г, барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхарын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Ц-г тус тус тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн ...хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр Б.Б, Я.Ц нарыг тогтоож, ...тоот хаягт байрлах, Ү-... тоот гэрчилгээтэй 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхарын хамтран өмчлөгчөөр Б.Б-г тогтоож шийдвэрлэсэн. /хэргийн 75-83 тал/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлалаар ... хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Б-г, мөн барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Ц-г тогтоохоор өөрчилжээ. /хэргийн 84-92 тал/

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоолоор ... хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.Б-г, мөн хаягт байрлах барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.Ц-г, мөн хаягт байрлах 3 давхар үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.П нарыг тогтоосон. /хэргийн 93-107, 132-146 тал/

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00310А дугаар тогтоолоор ...тоот хаягт байрлах 3 давхар үндсэн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.П нарыг тогтоож шийдвэрлэсэн. /хэргийн 164-174 тал/

 Б.Б-г  ...1 дүгээр давхар/ тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, Ү-2... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. /хэргийн 121 тал/

Я.Ц-г...2 дугаар давхар/ тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн Ү-22... дугаарт бүртгэжээ. /хэргийн 122 тал/

Б.П-г ... тоот хаягт байрлах 296 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, Ү-... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. /хэргийн 124 тал/

Б.Б, Я.П, Б.П нарыг ... зоорийн давхрын 72 м.кв талбайтай, автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн Ү-2... дугаарт бүртгэжээ. /хэргийн 123 тал/

Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор ... давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.Б-г, ... тоот хаягт байрлах 3 давхар барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.Ц-г, мөн хаягт байрлах зоорийн давхрын 72 м.кв талбайтай, автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.П нарыг тус тус тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б, Я.Ц, Б.П нарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохоор заасан. Хамтран өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүснэ гэдэг нь нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч, хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохирсныг ойлгодог. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 39 тоот барилгыг хамтран өмчлөх талаар Б.Т, Б.Б, Я.Ц нар амаар, бичгээр тохиролцсон тохиолдолд хамтран өмчлөхөөр шаардах боловч ийм баримт хэрэгт байхгүй. Хуульд зааснаар хамтран өмчилж болох бөгөөд энэ тухай Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэжээ. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хашаа, байшинг зарж, 39 тоот барилгад хөрөнгө оруулсан, барилцсан, харуул, сахиулын үүрэг гүйцэтгэсэн гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар нэхэмжлэгчийн Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхэд ... барилгыг барихад дүү Б.П өөрийн хүч, хөдөлмөр, хөрөнгөө оруулан барьсан болно ... гэх тайлбартай харьцуулахад Б.Т-ийн тайлбарыг үнэн, зөв гэж үнэлэхэд эргэлзээтэй.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Г, Д.Г нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад баримтаар нотлогдсонгүй.

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Т-гийн нэхэмжлэлтэй, Б.Б, Я.Ц нарт холбогдох ...тоот хаяг бүхий байрны 1, 2 давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан үндэслэлгүй тул Б.Б, Я.Ц нарт холбогдох ... тоот хаягт байрлах байрны 1, 2 давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох Б.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР