| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Ө.Манзушир
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Н-т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** хорооны *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр *** дугаартай шимтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан, *** регистрийн дугаартай Ж овгийн А-ийн Н.
Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод эхнэр Н.О-ын нүд хэсэгт гараараа цохиж зодон, түүний биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд хавдар, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хацарт хавдар бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.1. Хохирогч Н.О-ын хэрэгт бүртгэлтэд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ ганцаараа 2 ширхэг лаазтай пиво уусан. Тухайн пиво ууж дуусгаад Б руу гар утсаар залгаад, хоёулаа айлаас очоод юм аваад ирье гэсэн чинь Б би арай ажил амжихгүйгээр байна. Чи түрүүлээд очоод юм аа авч бай гэсэн. Тэгэхээр би Харзат 7-4 тоотод байх айлаас цүнх авах гээд очсон. Очсон чинь хэдэн хүмүүс архи уугаад байж байсан. Тэгээд би тухайн хүмүүстэй нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэнд архи уугаад байж байсан чинь манай нөхөр Н ороод ирсэн. Би баруун талын орон дээр нь сууж байсан. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Маргааш нь өглөө нь ухаан орсон чинь зүүн талын нүд хөхөрчихсөн байсан. Миний нүдийг манай нөхөр Н цохисон байх. Эмнэлгийн байгууллагад үзүүлсэн зүйл байхгүй. Хадам ээж нас бараад удаагүй байхад аймгийн төв дээр ирээд 3 хоног архи уусан. Түүнээс болоод намайг зодсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
1.2. Гэрч Д.Ц-ийн хэрэгт бүртгэлтэд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Харзатын хороонд байх Э-ынд бид нар архи уусан. Я согтоод унтаад өгөхөөр нь О, В, Н бид 4 гарч яваад замдаа 0,75 литрийн хараа нэртэй архи аваад Магванбаатарынд очсон чинь гэр цоожтой байхаар нь бид хэд амбаарынх нь дээд талд сууж байгаад тухайн архи уусан. Уугаад сууж байсан гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд одоо та нар эндээс гарчих М-ын эгч ирнэ. Та нарт гай болно одоо яв гэсэн. Тэгсэн чинь Н тухайн ахтай маргалдсан. О нь одоо боль дугуй бай гээд босоод ирсэн чинь Н нь эргэж хараад О ын зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохисон. Тэр хооронд В гараад зугтаасан. Тэгээд би газарт байсан архийг аваад боссон. Нөгөө танихгүй ах Н нар маргалдаад нарийн гудамж руу орохоор нь О бид 2 араас нь орсон. Тэгсэн чинь О нь надаас архи булааж аваад амаар нь уугаад байсан чинь Н уурлаад О ын цээж хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Цаанаас нь танихгүй ахын аав нь охин гараад ирэхээр би түрүүлээд нарийн гудмаар гарсан чинь Н О 2 гараад ирэхээр нь би харилаа гээд гэр рүүгээ явсан. Тэр хоёр Э руу явсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
1.3. Гэрч С.Ч-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 01 цаг 40 минутад дуудлага мэдээлэл хүлээн авагч цагдаагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Х баг *** тоотод манай нөхөр намайг зодлоо гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу жолооч цагдаа А/ч Д.Чиндөлийн хамт очиход А.Н нь эхнэр Н.О-ыг зодсон байх бөгөөд эхнэр нөхөр хоёр хоёулаа согтуу байсан. Тэгээд А.Н-ыг эрүүлжүүлэх байран дээр аваачиж хүлээлгэн өгсөн. А.Н нь энэ янхан зүгээр байхад цагдаа дуудаж өглөө гэж байсан. Н.О нь зүүн талын нүдээ дарсан. Баруун талын нүд нь хөхөрсөн байсан. Зүүн талын нүд нь хавдаад улайсан байсан. Дуудлагаар очиход Н.О нь намайг А.Н зодчихлоо гэж хэлж байсан. Тухайн үед Н.О-ын баруун нүд нь хөхөрсөн. Зүүн талын нүд нь нээгдэхгүй болтлоо хавдсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
1.4. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “1. Н.О-ын биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд хавдар, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хацарт хавдар гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 4. Н.О-ын биед учирсан гэмтлүүдээс баруун нүдний дээд доод зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн нүдний дээд, доод зовхинд үүссэн цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн хацрын хавдар гэмтэл нь бүрдлээрээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний дээд, доод зовхинд үүссэн цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн хацарт үүссэн хавдар гэмтэл нь 2025.04.06-07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой болно. Баруун нүдний дээд, доод зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь 3 хоногоос дээш хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно..." гэх ГА00725/145 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
1.5. Шинжээч Д.Даваахүүгийн хэрэгт бүртгэлтэд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ГА00725/145 дугаартай Н.О-ын биед гэмтлийн зэрэг тогтоох шинжээч эмчийн дүгнэлт гаргасан. Н.О-ын баруун зүүн нүдэнд үүссэн гэмтэл нь юм руу унахад үүссэн байх боломжтой. Баруун талын нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн талын шанаа, хацар зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт үүсэх нь мохоо зүйл рүү унахад үүссэн байх боломжтой гэмтэл. Н.О-ын баруун зүүн нүдэнд үүссэн гэмтэл нь гараар цохиход мөн адил үүсэх боломжтой гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн А-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Н-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ