Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/01955

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

     06 сар       07  р                      184/ШШ2022/01955

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т нар овогт Ш.Т /РД: /. Хаяг: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот

Хариуцагч: Д овогт Э.Г /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр гарам, ..дүгээр гудамж, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Т нь найз Э.Г-н гуйлт хүсэлтээр мөнгөний яаралтай хэрэг болоод байна туслаа ч гэсний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч удаа хүү болон үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд мөнгөө авахаар нэхэхэд өнөөдөр маргаашгүй өгнө гэсээр өгөхгүй хохироож байна. Иймд Э.Г-с үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг нийт 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Т нэхэмжлэлдээ намайг мөнгө зээлээч гэж гуйсан байдлаар бичсэн байна. Би түүнээс мөнгө зээлээч гэж гуйгаагүй, харин чиний эд хөрөнгийг зарж борлуулж өгье, зураг төсөл хэрэгтэй гэхэд нь чи өөрөө зардлаа гаргачих, зарагдсаны дараа шагнал өгье гэж хэлсэн. Ш.Т- зураг гаргахад 4,000,000 төгрөг, хөрсний шинжилгээ хийлгэхэд 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн зардал гарсан чи мөнгө авсан гэж бичээд өг гэсний дагуу гарын үсгээ зурсан, дараа нь нотариатаар орно гэхэд нь ч татгалзаагүй. Зураг төслөө гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан баримтуудын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.Т-с Э.Г-д мөнгө зээлүүлсэн тухай гар бичмэл, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1966 дугаартай зээлийн гэрээ, Ш.Т-с Б.О-д олгосон 0278 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Э.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Зохигчид 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж,  гэрээгээр зээлдүүлэгч Ш.Т нь зээлдэгч Э.Г-д 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч гэрээний хугацаа дуусахад мөнгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцжээ.

Гэрээнд  5,000,000 төгрөгийг  2020 оны 4 дүгээр сарын 23-нд олгосон, гэрээний дуусах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байхаар заасан, мөн хариуцагч Э.Г 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Ш.Т-с барилгын зургийн урьдчилгаа 4,000,000 төгрөг, хөрсний шинжилгээ 1,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг авсан тухай баталгаа гэх баримт үйлдсэн байна.

Хариуцагч гэрээ байгуулсан, баталгаа гэх баримт үйлдэж гарын үсэг зурсан тухайд маргахгүй, харин татгалзлын үндэслэлээ мөнгө аваагүй, авсан гээд бичээд өгчих гэсний дагуу бичиж өгсөн, барилгын зургийн ажилд нэхэмжлэгч мөнгө зарцуулаад дараа төлүүлэх зорилготой байсан гэж тайлбарлана. 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг хариуцагчид 2020 оны 4 дүгээр сарын 23-нд шилжүүлэн өгсөн, 2020 оны 8 дугаар сарын 11-нд зээлийн гэрээг нөхөн  байгуулсан болох нь тогтоогдож байна.

Энэхүү зээлийн гэрээгээр нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй, талууд өмнө байгуулсан зээлийн гэрээгээ дүгнэж, харилцан тооцоо нийлж төлбөрийн хэмжээг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй юм. 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ билүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан байна. 

Талуудын 2020 оны 8 дугаар сарын 11-нд байгуулсан гэрээгээр хүүгийн хэмжээг сарын 5 хувь байхаар тохиролцсон боловч мөнгийг шилжүүлэн өгөөгүй, өмнө байгуулсан гэрээгээр хүүгийн хэмжээг тохиролцоогүй гэж үзнэ

Нэхэмжлэгч барилгын зураг төсөл хийх зорилгоор өөрөө гаргасан зардлаа надаас авахаар баримт үйлдэж гарын үсэг зуруулсан, дараа нь нотариат дээр мөн гэрээ хийж гарын үсэг зуруулсан гэх хариуцагчийн тайлбар эргэлзээтэй, үндэслэл муутай байх бөгөөд хариуцагч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Иймд хариуцагч Э.Г-с 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т-д олгож, нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Г-с 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т-д олгож, нэхэмжлэлээс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ