Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025         05           21                                        2025/ШЦТ/362

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,

улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү,  

хохирогч Ч.Т.,

шүүгдэгч: Н.Г., түүний өмгөөлөгч А.Очбадрал нар оролцсон эрүүгийн 2408046050468 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц. овогт Н.гийн Г.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт оршин суух, урьд:

1/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар,

2/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 979 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г. нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Ч.Т.ыг “ээжийгээ харааж, дээрэлхсэн” гэх шалтгаанаар уурлаж, ... дүүргийн 2 дугаар хороо, ... тоот байшингийн цонх руу хагарсан блок шидэж хагалсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Н.Г.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Ч.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгчийн хашаан дээгүүр манай тогны утас явдаг. Шүүгдэгчийнх манайхаас тог авсан байсан. Ээж нь манайд ирээд тог авсан, юун сүртэй юм гэхээр нь би түлхсэн. Гэтэл шүүгдэгч ээжийнхээ өшөөг авахаар манай гэрийн цонхыг хагалсан. Би жаахан нялх хүүхдүүдтэй. Манай хүүхдүүд гэртээ цонхны хажууд унтахаас айж байна. Шүүгдэгч хохирлоо төлөхгүй, чадахгүй гэж хэлсэн. Надтай тухайн өдрөөс хойш нэг ч удаа уулзаагүй. Би хохирлоо нэхэмжилж байна. Цонх хагалах тухайн мөчид манай оюутан хүү тэр өрөөнд унтаж байсан, эрсдэл учирсан бол яана, цаашид анхаарахыг хүсэж байна.” гэв.

Эрүүгийн 2408046050468 дугаартай хэргээс:

Хохирогч Ч.Т.ын мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Д.Н.гийн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шинжээч М.Н.ын мэдүүлэг /хх-ийн 31-32/,

“Тэнцвэр эстимейт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-36/,

Н.Г.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95/,

Н.Г.ийн хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 40-79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Н.Г. нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Ч.Т.ыг “ээжийгээ харааж, дээрэлхсэн” гэх шалтгаанаар уурлаж, ... дүүргийн 2 дугаар хороо, ... тоот байшингийн цонх руу хагарсан блок шидэж хагалсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Ч.Т.ын өгсөн “... дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө унтаж байхад гадаа хүн орилж, чимээ гаргаад байсан тул хувцсаа өмсөж байхад хажуу айл талын өрөөний 2 давхрын цонхыг хажуу айлын залуу 2 удаа тал блокоор цохиж хагалсан. Тухайн үед би гэртээ эхнэр, хүүхдийн хамт байсан. Байшингаас гарч харахад хажуу айлын залуу ээжтэйгээ байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Д.Н.гийн өгсөн “...Н.Г. согтуу ирчихээд хажуу айлын ахтай орж уулзана гээд орох гэхээр нь би “яах гээд байгаа юм бэ, битгий ор” гэж хэлээд хүүхдээ оруулахгүй болиулж байхад манай хүү Н.Г. нь манай хашаанд байсан тоосгыг авч, хөрш Ч.Т.ын байшингийн цонх руу шидсэн чинь цонх нь хагарсан юм. Улмаар би хүүхдээ гэртээ оруулж амраасан. Урьд өдөр нь Ч.Т. намайг түлхэж, мөн намайг харааж, дээрэлхсэн гэж хүүхдээ хэлсэн чинь хүү маань согтуудаа ирж, ээжийг минь дээрэлхсэн хүнтэй орж уулзана гээд хашаан дотор орилоод байсан. Тухайн үед хашаанд байсан тоосгыг манай хүү авч Ч.Т.ын байшингийн цонх руу шидсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шинжээч М.Н.ын өгсөн “...1 м.кв шил 87.000 төгрөг болсон. Тус цонх нь давхар шилтэй байсан учир 2.4 м.кв+2.4 м.кв=4.8 м.кв болсон тул 87.000 төгрөгөөр бодохоор 417.600 төгрөг болсон. Энэ үнэлгээ нь зөвхөн вакум цонхны шилний үнэлгээ юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

“Тэнцвэр эстимейт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Нийт хохирлын дүн 417.600 төгрөг” гэх тайлан /хх-ийн 34-36/,

Н.Г.ийн яллагдагчаар өгсөн “...Гэм буруу дээр маргахгүй. Ч.Т.д учирсан  хохирлыг барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г. нь хөрш Ч.Т.ыг ээж Д.Н.тай нь таарамжгүй харьцлаа гэх шалтгаанаар хагарсан блокоор гэрийн нь цонх руу шидэн хагалж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ, шинжээчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг зориуд санаатай устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг ойлгодог.

“Эд хөрөнгө устгасан” гэдэгт халдагч этгээд бусдын эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, зайлшгүй тухайн хөрөнгийн адил төрлийн шинэ эд зүйлээр сольж орлуулах нөхцөл байдал үүсгэсэн буюу сэргээн засварлахааргүй болгосныг илэрхийлдэг бол “эд хөрөнгө гэмтээсэн” гэдэгт халдагч этгээд бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших, боломжтой байхыг тус тус ойлгоно.  

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Н.Г. нь хатуу биетээр бусдын орон байр, тэр дундаа цонх руу шидсэнээр хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ч.Т.д 417.600 төгрөгийн хохирол учирсан байна.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Г.оос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Н.Г.ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “...Би сантехникч хийдэг ба сарын 1-2 сая төгрөгийн цалинтай. Маргааш хүнээс мөнгө авах ёстой тул маргааш хохирлыг төлөх боломжтой...” гэж, хохирогчоос “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх ба шүүх шүүгдэгчийг хөдөлмөр эрхэлж, түүнээс олсон орлогоор хохирогчид учирсан хохирлыг даруй төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Г.оос 417.600 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Т. олгож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Н.Г.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Г. нь бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд хүний эрүүл мэндийн эсрэг 1 удаа, өмчлөх эрхийн эсрэг 1 удаа тус тус ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Г.т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Н.Г. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар тайлбарлаж байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэнд Н.Г.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналын хүрээнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц. овогт Н.гийн Г.ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г.ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Г.т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Г.оос 417.600 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт Ч.ийн Т. /.../-д олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН