Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2022/01757

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ж.Н,

Нэхэмжлэгч: Р.Т,

Нэхэмжлэгч: Г.Э

Хариуцагч: Ө Сууц өмчлөгчдийн холбоо , Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Э.А

Ө СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгч Ж.Н-ийн өмгөөлөгч Ж.Э, нэхэмжлэгч Р.Т, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Э.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Ө Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/, СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Э.А-т холбогдуулан Ө СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгохоор нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.1-т удирдах зөвлөлийн дарга удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах гэж хуульчилсан тул 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн бүх гишүүдийн хурлаас СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Э.А-ыг хариуцагчаар татсан. Ө СӨХ-ны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулаттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль зөрчсөн тул нэхэмжлэл гаргасан.

Нэгд: хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэнэ гэж заасан. 2021 оны 09 сарын 21-ний өдрийн хурал нь Удирдах зөвлөлийн гишүүн н.Т, н.Н нар нас барсан тул гишүүн нөхөн сонгох ээлжит бус хурал байсныг бүх гишүүдийн хурал болгож өөрчлөхдөө хуралд оролцсон гишүүдийн санал аваагүй. Өмнө нь 2019 оны 06 сарын 08-ны өдөр бүх гишүүдийн хурал зарласан боловч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон байдаг, энэ хуралд оролцсон гишүүдийн ирцийг 2021 оны 09 сарын 21-ний өдрийн хуралд оролцсон мэтээр ирц бүрдүүлсэн байх үндэслэлтэй, энэ нь өмнө зарлагдсан ээлжит бус хурал нь дараагийн хуралд агуулга, асуудал нь өөрчлөгдсөн бол өмнөх зарлагдсан хурлын саналын хуудас, ирц хүчингүй болно гэх заалтыг зөрчсөн.

Хоёрт: хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална гэсэн заасан. Гэтэл энэ хуралдаанд удирдах зөвлөлийн гишүүн Б.Б, Д.Э нар өөрсдөө оролцсон, хурал даргалах үндэстэй байтал СӨХ-ны гишүүн бус, орон сууцны өмчлөгч бус С.М гэх хүн ямар ч итгэмжлэлгүйгээр энэ хурлыг даргалсан нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно гэснийг зөрчсөн.

Бүх гишүүдийн хурлын ирц бүрдээгүй, хуралд зөвхөн орон сууцны өмчлөгч эсхүл өмчлөгчөөс итгэмжлэл авсан этгээд оролцдог. Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооноос ирүүлсэн ... дугаар байрны оршин суугчдын бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн оршин суугчдын бүртгэл, хуралд оролцсон гишүүдийн нэрсийг тулгаж, тооцоход хурлын тэмдэглэлд 128 хүн оролцсон гэж бичсэн нь хурлын ирц 40.65 хувьтай байжээ. 128 хүн гэж биеэр, 72 хүн саналын хуудсаар оролцсон гэж хариуцагч тайлбарладаг. Хуульд ямар тохиолдолд саналын хуудсаар авах вэ гэвэл нэг бол итгэмжлэлээр хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа саналын хуудсаар урьдчилан өгч болохоор заасан.

Гуравт: Хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгохоор заасан. Хорооны өрхийн бүртгэлээр Э.А, н.Х нар нь бүртгэлгүй, өмчлөгч биш атал нэгийг нь удирдах зөвлөлийн дарга, нөгөөг нь гишүүнээр сонгосон. Сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг, холбоо гэдэг нь захиран зарцуулах эрх бүхий өмчлөгч нарын нэгдлийг ойлгодог, гэтэл гадны 2 хүн сонгосон нь хууль зөрчсөн.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Э.А нь иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргээхээр нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийг ойлгохоор заасан. Гэтэл Э.А гэх иргэний ямар эрх нь зөрчигдсөн нь тодорхойгүй, харин Удирдах зөвлөлийн дарга Э.А гэж нэхэмжлэл гаргасан бол удирдах зөвлөлийн даргын хувьд эрх нь зөрчигдсөн гэж ойлгогдоно. Дээрх үндэслэлүүдээр Ө СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э.А нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Ө СӨХ-ны гишүүн 365 айлын эрх ашгийг хоёрхон этгээд хүчингүй болгуулах үндэслэлгүй, хоёр этгээд гэж нэхэмжлэгч Ж.Н, нөгөө нь Р.Т, Г.Э хоёрын хэн нь эрхээ эдлэх гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг сонгох боловч хариуцагч Э.А хариуцвал зохих этгээд мөн үү гэх асуудал яригдана. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал гэж зааснаар Э.А бүх гишүүдийн хурлын шийдвэр гаргасан этгээд бус болно.

Ө СӨХ ажлаа хийж чадахгүй байна, удирдах зөвлөл, уяналтын зөвлөлөө шинээр сонгож, гарсан шийдвэрийг нь бүрэн хүлээн зөвшөөрнө гэх 72 айлын гарын үсэг зуруулснаас 49 орон сууцны өмчлөгч бус этгээд гарын үсэг зурсныг нягтлахад ээж нь, нөхөр нь, түрээслэгч, эгч, эгчийн нөхөр, бэр гээд хүмүүс хуралд оролцох уу гээд саналыг нь авахаар би энэ байрны хүн, хурлаас гарах шийдвэрийг дэмжинэ гээд гарын үсэг зурсан. Бүх гишүүдийн хуралд биеэр оролцсон 128 хүнээс 56 өмчлөгч биш хүнийг хасахаар 72 хүн хуралд оролцсон нь хүчингүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй. Тухайлбал жагсаалтын 84-д Д.О, нөхөр нь Э.А гээд бичээстэй байна. Би Д.О-ийг гэрчээр оролцуулж ирц хүрсэн эсэхийг асуулгах гэхэд шүүх 100 гаруй хүнийг гэрчээр асуухаас төвөгшөөсөн. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсдэг, хуулийн 9 дүгээр зүйлд эрхийг нь хүлээн зөвшөөрөх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх зэрэг иргэний эрх зүйн хамгаалалтуудыг зааснаас нэхэмжлэгч тал аль эрхийг сэргээх гэж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл Ө СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгосноор ямар эрх ашиг сэргэхийг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Хуралд оролцсон гишүүд С.М-аар даргалуулсан нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлд заасан төлөөлөх эрхийг зөрчөөгүй. Урьдчилан санал өгсөн хүмүүс нь хаягт бүртгэлгүй боловч сууц өмчлөгчдийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, хаалгыг нь тогшоод хурлын тов мэдэгдэхэд дэмжиж байна гэж гарын үсэг зурсан нь ирцэд хамаарна, ирц 50 хувиас дээш хүчинтэй гэж үзнэ. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн албан бичгээр давхар нотлогдоно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нарын шаардлага нийт оршин суугчдын эрх ашигт нийцээгүй, биелэгдэх боломжгүй шаардлага гэж үзэж байна. Биелэгдэх боломжгүй шаардлага болохыг тогтоолгох хуулийн зохицуулалт Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй боловч Улсын дээд шүүхийн 2006 оны 04 сарын 24-ний өдрийн 21 дүгээр Шүүхийн шийдвэрийн тухай тогтоолоор шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байхыг заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалт нь зөрчигдсөн болон зөрчигдөж магадгүй эрхээ шүүхээр хамгаалуулах өргөн боломж олгож, тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй буюу тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй гэж заасан нь манай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжтойг илтгэнэ.

Улсын дээд шүүхийн тогтоолоор шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой тул 2019 оны 09 сарын 21-ний өдрийн хурлыг хүчингүй болгосноор дээрх тогтоол хэрхэн хэрэгжих нь ойлгомжгүй болно. Үндсэн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл Ө СӨХ-ны гүйцэтгэх захирал хэнд тамга тэмдгээ хүлээлгэж, хэн холбооны үйл ажиллагааг явуулах нь тодорхой байх ёстой. 2004 оноос хойш Ө СӨХ-г нэхэмжлэгч Ж.Н, Ш.Р нар дампууруулсан, санхүүгийн хяналтгүй болгосон бөгөөд дахин удирдах зөвлөлд ажиллах ёс суртахуунгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.6 дахь заалт, Улсын дээд шүүхийн 2006 оны 04 сарын 24-ний өдрийн 21 дүгээр Шүүхийн шийдвэрийн тухай тогтоолыг үндэслэн биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тоггоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 113, 114, 115 дугаар итгэмжлэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 4922 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 184/ШЗ2020/03900 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 5/663 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/01735 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 184/ШЗ2020/06965 дугаар шүүгчийн захирамж, 2013 оны 03 сарын 15-ны өдрийн №1 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2012 оны 08 сарын 01-ний өдрийн №2 Гэрээ, 2019 оны 08 сарын 14-ний өдрийн №3 Гэрээ, Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн №4 тогтоол, 2016 оны 09 сарын 27-ны өдрийн №6 Гэрээ, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн А/78 дугаар тодорхойлолт, 2019 оны 05 сарын 24-ний өдрийн А/24 дүгээр албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 09 сарын 27-ны өдрийн 2295 дугаар тогтоол, Ө СӨХ-ны аж ахуй санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулга, Ө СӨХ-ны 2009 оны 08 сарын 13-ны өдрийн №4 тогтоол, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2021 оны 09 сарын 03-ны өдрийн А/01/22 дугаар албан бичиг, /1 дүгээр хавтас хэргийн 5-15, 26, 61-71, 208-209, 224-230, 2 дугаар хавтас хэргийн 177 тал/

Хариуцагч нь Ө СӨХ-ны гэрчилгээ, 2019 оны 09 сарын 21-ний өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, мөн өдрийн СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоол, СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоол, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоол, СӨХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоол, 2019 оны 12 сарын 22-ны өдрийн СӨХ-ны 17 дугаар тогтоол, СӨХ-ны ТУЗ-өөс гүйцэтгэх захирал Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 06 сарын 11-ний өдрийн итгэмжлэл, Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, тэмдэглэл хөтөлсөн хурлын тэргүүлэгч Г-ийн гар бичмэл, 4 хуудас итгэмжлэл, хурлаас гарах шийдвэрийг дэмжиж, хүлээн зөвшөөрнө гэх сууц өмчлөгч оршин суугчдын баталгаажуулсан хуудас, Ө СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хуралд оролцсон өмчлөгч нарын мэдээлэл, 2019 оны 06 сарын 18-ны өдрийн Ө СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын №1004 дүгээр тогтоол, 2019 оны 06 сарын 08-ны өдрийн Ө СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2019 оны 06 сарын 18-ны өдрийн Ө СӨХ-ны Төрийн банкны Өнөр тооцооны төвд хүргүүлсэн мэдэгдэл, 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Д.Э-оос С.М-д олгосон итгэмжлэл, 2019 оны 07 сарын 02-ны өдрийн Төрийн банк ХХК-ийн албан бичиг, 2016 оны 09 сарын 27-ны өдрийн Ө СӨХ-ны №4 тогтоол, 2019 оны 08 сарын 08-ны өдрийн Ө СӨХ-ны Төрийн банкны хуулийн хэлтэст гаргасан гомдол, Өнөр-20 СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2009 оны 08 сарын 13-ны өдрийн №4 дугаар ээлжит бус хурлын тэмдэглэл, 2019 оны 09 сарын 22-ны өдрийн Ө СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгох хурлын протокол, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн А/24, 2019 оны 11 сарын 19-ний өдрийн А/78 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооноос иирүүлсэн .. дугаар байрны оршин суугчдын судалгаа, 2019 оны 09 сарын 21-ний бүх оршин суугчдийн ээлжит бус хурлын бичлэг гэх тэмдэглэл, Ө СӨХ-ны 2014 оны 03 сарын 24-ний өдрийн №11 Гишүүнээр элсэх тухай хүсэлт, Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн №02 Гишүүнээр элсэх тухай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 31-ний өдрийн 184/ШШ2021/02042 дугаар шийдвэр, 2019 оны 09 сарын 21-ний өдрийн гишүүдийн хуралд биеэр ирсэн оршин суугчдын судалгаа, /1 дүгээр хавтас хэргийн 26-34, 58, 72-138, 154-167, 199-207, 233-239, 2 дугаар хавтас хэргийн 1-4, 7-10, 178-179, 231-242, 3 дугаар хавтас хэргийн 153-156 тал/

Шүүх Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн Ө Сууц Өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд оролцсон иргэдийн судалгаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 09 сарын 07-ны өдрийн 6/6147 дугаар албан бичиг болон .. дугаар байрны орон сууцуудыг 2019 оны 09 сарын байдлаар өмчилж байсан өмчлөгч нарын мэдээлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 10/332 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /шүүгчийн захирамжид дурдсан иргэдийн мэдээлэл/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 10/1650 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /шүүгчийн захирамжид дурдсан иргэдийн мэдээлэл/ тус тус бүрдүүлсэн. /1 дүгээр хавтас хэргийн 169-198, 2 дугаар хавтас хэргийн 107-156, 3 дугаар хавтас хэргийн 39-142, 176-179 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Н, Р.Т, Г.Э нарын нэхэмжлэлтэй, Ө СӨХ, Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Э.А-т холбогдох Ө СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Э.А-ын нэхэмжлэлтэй Ж.Н, Р.Т, Г.Э нарт холбогдох биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тогтоолгох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: бүх гишүүдийн хурал нь ирц бүрдээгүй хуралдсан, хурал даргалагчаар сууц өмчлөгч бус хүнийг сонгосон, удирдах зөвлөлийн дарга Э.А нэхэмжлэл гаргах байтал иргэн Э.А нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй гэж,

Хариуцагч татгалзал, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж: бүх гишүүдийн хурлын ирц бүрдсэн, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн сонгох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үндсэн нэхэмжлэл нь сууц өмчлөгч гишүүдийн эрх ашгийг зөрчсөн тул биелэгдэх үндэсгүй тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг.Үндсэн нэхэмжлэл

Нэхэмжлэгч нь Ө СӨХ, Ө СӨХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Э.А-ыг хариуцагчаар татжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн /цаашид хууль гэх/ 10 дугаар зүйлийн 10.10-т удирдах зөвлөлийн дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 10.10.1-т удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалахаар хуульчилснаас үзэхэд удирдах зөвлөлийн дарга Э.А-ыг хариуцагчаар сонгосныг буруутгах аргагүй байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2019 оны 11 сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, ... дугаар байрны оршин суугчдын өргөдөл, холбогдох материалыг үндэслэн ... СӨХ-г сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 100 дугаар гэрчилгээ олгожээ. /1 х.х-ийн 26 тал/

2019 оны 09 сарын 21-ний өдөр Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдсан нь хурлын тэмдэглэлээр тогтоогдсон. /1 х.х-ийн 73-77 тал/

Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал даргалагчаар С.М-ыг сонгожээ. /1 х.х-ийн 79 тал/

Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Б, Б.Э, Э.А, Ж.Г, А.У, Б.Х, Г.Г нарыг сонгосон. /1 х.х-ийн 29 тал/

Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Э.А-ыг Удирдах зөвлөлийн даргаар сонгожээ. /1 х.х-ийн 28 тал/

Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолоор хяналтын зөвлөлийн гишүүнээр З.Г, Д.Б, Г.Б нарыг сонгосон. /1 х.х-ийн 31 тал/

Ө СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүдийн тогтоолоор З.Г-ыг хяналтын зөвлөлийн даргаар сонгожээ. /1 х.х-ийн 30 тал/

Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 12 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Б.Н-ыг Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон. /1 х.х-ийн 32 тал/

Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг, 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгохоор заажээ.

Мөн хуулийн 7 дугаар зүйлд зааснаар холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх ба хурлаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгоно, 8 дугаар зүйлийн 8.7-д бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална гэжээ. Ө- СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Э бүх гишүүдийн хуралд оролцсон болох нь 1 дэх хавтаст хэргийн 125 дугаар тал дахь баримтаар тогтоогддог боловч тэрээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.М-нд ямар үндэслэлээр хурал даргалах итгэмжлэл олгосон нь тодорхойгүй. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино, 64.2.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, 64.2.4-т хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, 64.3-т энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэжээ. Д.Э-ын итгэмжлэл нь нотариатаар гэрчлүүлээгүй, гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бусаас гадна С.М-ыг итгэмжлэлээр төлөөлөх эрхгүй этгээд гэж үзнэ.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравын нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулах ба ээлжит бус хурлыг ямар эрх бүхий этгээдийн санаачилгаар хуралдуулсан баримт хэрэгт авагдаагүй нь хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэх үндэстэй.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно 9 дүгээр зүйлийн 9.2-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж тус тус заажээ.

2 дугаар хавтаст хэргийн 1, 2, 4 дүгээр тал дахь 20 дугаар байрны оршин суугчдын судалгаа гэх баримтаар 72 оршин суугч /сууц өмчлөгч бус/ саналаа бичгээр урьдчилан өгсөн гэх үндэстэй боловч хяналтын зөвлөлд мэдэгдсэн нь нотлогдсонгүй. С... байр нь 365 сууц өмчлөгчтэй тухай талууд маргаагүй бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 99-138 дугаар тал дахь баримтаар 126 сууц өмчлөгч хуралд оролцсон нь 365 сууц өмчлөгчийн 50-иас дээш хувьд хүрэхгүй байна.

Дээр дурдсанаас дүгнэхэд 2019 оны 09 сарын 21-ний өдөр Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хурал зарлах эрх бүхий этгээд санаачлаагүй, хурлын ирц бүрдээгүй, С.М нь хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр хуралд оролцож, түүнийг даргалсан, санал авах хуудсыг урьдчилан бичгээр өгөхдөө хяналтын зөвлөлд мэдэгдээгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1, 64.2.4, 64.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.3, 8.7, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Ө СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал болон Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Ө СӨХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Анхдугаар хурлын тогтоол, Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Ө СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 12 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр.Сөрөг нэхэмжлэл

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар нь Э.А-аас 2020 оны 06 сарын 11, 2021 оны 11 сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч итгэмжлэлийг Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Э.А бус иргэн Э.А олгожээ. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч нар нь удирдах зөвлөлийн даргыг хариуцагчаар татсанаас бус иргэнийг хариуцагчаар татаагүй байхад хэргийн оролцогч, зохигч бус этгээдийн итгэмжлэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлээр зохицуулсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна. Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, төсвийн орлогоос 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1, 64.2.4, 64.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.3, 8.7, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Өнөр- 20 СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал болон Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Ө СӨХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Анхдугаар хурлын тогтоол, Ө СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Ө СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 12 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Э.А-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ө СӨХ, Удирдах зөвлөлийн дарга Э.А-аас нийт 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н, Р.Т, Г.Э нарт хувь тэнцүүлэн олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар тогтоолын 2 дахь заалтад гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР