Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0193

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Иргэдийн төлөөлөгч Н.Батмөнх

Улсын яллагч Б.Жавхлантуяа

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг

Шүүгдэгч Н.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жог овгийн Нямдэлэгийн Даваасүрэнд холбогдох 201614000252 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 19 дүгээр гудамж 1140А тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жог овгийн Нямдэлэгийн Даваасүрэн,  РД:ЙС83042018

 

Шүүгдэгч Н.Даваасүрэн нь 2016 оны 05 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн ажил хийж байхад нь амь хохирогч Б.Ням-Очир “наад ажлаа хурдан хийцгээ” гэж бөгс рүү нь өшиглөхөд эргэж хараад зүүн хацар луу нь цохиж цементэн газарт савж унагаснаас бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулж, Б.Ням-Очир нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22:20 цагт БОЭТөврийн яаралтай тусламжийн төвд хүргэгдэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч Б.Ням-Очир нь 2016 оны 05 сарын 15-ны өдөр хүнд гэмтлийн улмаас амь насаа алдаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Улаанбаатар хотоос Орхон аймагт 10 хоногийн хугацаатай ажиллахаар ирсэн. Ингээд 3-20 дугаар байрны гадаа газар шорооны ажил хийж байхад нэг согтуу залуу “ажлаа хурдан хийгээч” гэж байсан. Намайг ажлаа хийж байтал гэнэт бөгс рүү хүчтэй цохисон. Тэгээд сандраад цохичихсон чинь нөгөө хүн газар унаад босохгүй байсан. Намайг ажлаа хийж байхад хохирогч эхэлж ар талаас цохисон. Би эргэж харалгүйгээр цохисон. Тэгээд эргээд хартал тэр хүн газар уначихсан байсан. Согтуудаа унтаад байна гэж бодоод орцонд оруулж орхисон. Хохиролд 6.900.000 төгрөг төлсөн. Хохирлын үлдэгдэл 4.613.728 төгрөгийг төлнө. Маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний зүгээс болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байгаа. Тухайн хэрэг болсон өдөр Улаанбаатар хотод байсан. 2016 оны 05 сарын 13-наас 14-нд шилжих шөнө ээжээсээ мэдсэн юм. Манай ээж над руу утсаар ярьж талийгаачийг эмнэлэгт хэвтсэн байна, бие нь муу байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар тэр шөнөдөө Орхон аймаг руу гарсан юм. Ээжид манай хорооны хэсгийн байцаагч залуу манай дүүг орцонд согтоод унасан байна, уруул нь хавдсан, цус гараад байна, ямар нэгэн юм мөргөсөн юм шиг байна гэж хэлсэн гэсэн. Мөн над руу 2016 оны 05 сарын 13-ны орой 22 цагийн үед ярьж ингэж хэлсэн. ...Болд болон Ерөөлт гэх хоёр эмчтэй уулзсан. Тэгсэн чинь талийгаачийн тархины баруун талд их хэмжээний цус хурсан байна, хагалгаа хийгээд үзье, эм эмчилгээгээр шимэгдэх боломжгүй байгаа учир цусыг нь соруулж авна гэж байсан. Биеийн байдал маш хүнд байна, хагалгааны үед зүрх зогсчих магадлал өндөр шүү гэж байсан. Тэгэхэд нь ар гэрийн зүгээс зөвшөөрлийн хуудас бөглөн хагалгаа хийлгэсэн юм. Тэгээд хагалгаа хийсний дараа бид нарт эмч нар хагалгааны талаар танилцуулсан. Их хэмжээний цус соруулж авсан, цус тогтоосон гэж байсан. Мөн тархины хаван ихтэй байсан гэж байсан. Тэгээд талийгаач сэхээний тасагт ухаангүй хэвтэж байгаад 2016 оны 05 сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минутын үед нас барсан гэсэн мэдүүлэг /1хх 68-69 ху/,

 

-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Түүний биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн нүүрэн хэсэгт үүссэн язарсан шархууд, зөөлөн эдийн цус харвалтаас үзэхэд урдаас хойш чиглэсэн хүч үйлчилсэн байна. Уг хүчний үйлчлэлээр арагш толгойн ар хэсгээр унахад үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл үүссэн байж болно. Нүүрэнд үүссэн олон гэмтлүүд нь бүгд урдаас хойш чиглэсэн байсан. Аль ч гэмтлийнх нь үед хойш толгойн ар хэсгээр унаж болно. Гавал тархины битүү гэмтэлд гавал ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны гэмтэл, цус харвалтууд, тархины эдийн няцрал бүгд багтдаг. Гавлын ясыг байрлалаар нь дагз, баруун зүүн чамархай, дух, орой яс гэж ангилан хуваадаг. Гавал тархины битүү гэмтлийн үед гэгээн үе гэж байдаг. Энэ үед ямарч гэмтэлгүй хүн шиг байх ба энэ үе нь 2 хоног хүртэл үргэлж болдог. Гавал тархины битүү гэмтлийн үед суурь яс хугарсан тохиолдолд чихний сувгаас цус гарч болдог бөгөөд зулгаралтын үед тэр дороо цус гарна. Талийгаачийн биед үүссэн дээрх гавал тархины битүү гэмтлийн үед тэр даруйдаа болон дараа нь эмнэлгийн тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй гэсэн мэдүүлэг /1хх 80-81 ху/,

 

-Гэрч Г.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр би ажлаа тараад 21 цаг өнгөрч байхад гэртээ орохоор Уурхайчин багийн 3-20 дугаар байрны 2-р орц руу орох гэж байхад манай орцонд 1 давхарын шатны хажуугийн зайнд, паарны хажууд ар нуруугаараа хана налчихсан нэг согтуу эрэгтэй хүн хагас суугаа байдалтай байсан юм. Би тухайн байрын 21 тоотод 4 давхарт амьдардаг юм. Тэгээд согтуу хүн байна гэж бодоод, мөн уруул нь хавдчихсан хөдөлгөөнгүй байсан болохоор хажуугийн 3-р орцонд байдаг хэсгийн цагдаагийн өрөөнд орж манай орцонд согтуу хүн байна гэж хэлсэн юм. Цагдаа өөдөөс ямар байдалтай байна гэж асуухаар нь би түүний амнаас нь бага зэрэг цус гарсан, уруул нь хавдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр ахтай хамт гарч орцондоо орсон юм. Цагдаагийн ажилтан түүнийг босоорой, цагдаа байна гэж хэлж байсан. Орцонд байсан хүн ухаангүй согтуу байсан болохоор өөдөөс нь ямар нэг байдлаар дуугараагүй. Тэр цагдаа түүнийг танай орцны хүн юм биш биз дээ гэж байсан, мөн царайг нь муухан таниад байх шиг байсан. Би харж байгаагүй хүн байна гэдгээ хэлсэн юм. Тэгээд цагдаагийн ажилтан тэр залуугийн орцонд байгаа байдлыг нь гар утсаараа зургийг нь дарж авсан юм. Тэгээд цагдаа нэг хүнтэй утсаар ярьж байснаа намайг тэр орцны 3 давхарт гараад голын хаалгыг нь цохиод хүн байна уу үзээд ир гэсэн юм. Би 3 давхарт гарч хаалгыг нь цохиход нэг эрэгтэй согтуу байрын хүн гаднаас цоожилсон байна гэж байсан. Би танай гэрийн эзэн байна уу гэсэн. Тэгсэн чинь тэр хүн намайг гаднаас цоожлоод явсан байна гэж байсан. Би доод давхарт нэг согтуу хүн байна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь наад хүн чинь мөн байхаа халаасанд түлхүүр нь байгаа гэж байсан. Тэгээд би доош бууж цагдаад хэлсэн юм. Тэгээд намайг хажууд нь байж байхад цагдаагийн ажилтан тэр залуугийн ар гэртэй нь холбогдох хэрэгтэй гэж, мөн түлхүүриийг нь халаасанд нь үзсэн юм. Халаасанд нь гар утсыг нь үзсэн, жижиг гар утсыг тэр согтуу залуу халаасаандаа хийгээд гараараа атгасан байсан. Цагдаагийн ажилтан түүний халаасанд байсан 1 ширхэг түлхүүрийг аваад бид хоёр 3 давхарт гарч гэрт цоожлогдсон гэх залуутай уулзсан. Тэр залуу нэлээн согтуу байсан. Гэрт нь ширээн дээр байсан архины шил болон бусад зүйлийн зургийг мөн цагдаагийн ажилтан гар утсаараа дарж авсан юм. Тэгээд 3-лаа доош бууж орцонд байсан залууг өргөж гэрт нь оруулсан. Цагдаа бид хоёр цээжин хэсгээс нь өргөж, гэрт нь байсан залуу хөлнөөс нь өргөж гэрт нь оруулсан юм. Энэ үед цагдаа эмнэлэгт дуудлага өгч байсан санагдаж байна. Орцонд унтаж байсан залууг том өрөөнийх нь хивсэн дээр газарт хэвтүүлсэн юм. Ингээд л би гэр рүүгээ орсон гэсэн мэдүүлэг /1хх 122-123 ху/,

 

-Гэрч Э.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Өрөөндөө орж ирээд сууж байхад 21 цаг 40-50 минутын үед манай хэсгийн байртай 3-20 дугаар байрны 21 тоотын оршин суугч гэх Энх-Амгалан гэдэг 20 орчим насны залуу орж ирж, амаар дуудлага өгсөн юм. Тэрээр гэр рүүгээ орох гэж явахад манай орцны үүдэнд 1-р давхарт хүнд зодуулчихсан гэмээр ухаангүй согтуу хүн унтаж байна гэж хэлсэн юм. Тэгээд нөгөө залуугийн хэлсэн орцонд яваад ороход урьд нь зүс харж байсан, нэр, хаягийг нь сайн мэдэхгүй, манай цагдаагийн хэсэгтэй байранд байдаг залуу байсан. Тэгээд хэсгийн цагдаа Эрдэнэ-Очир руу залгаж манай байранд байдаг, урьд нь хэдэн сарын өмнө чамтай маргалдаад байсан гэх, шаардлагыг чинь эсэргүүцээд байсан гэх, архи уугаад яваад байдаг залуу хэн билээ гэж асуусан юм. Эрдэнэ-Очир наад залуу чинь 2-р орц, 3 давхарын голын хаалганд байдаг. Ням-Очир гэх залуу гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь дуудлага өгсөн залууг 3 давхарт гараад голын хаалгыг цохиод хүн байна уу үзээд өгөөч гэсэн чинь тэр залуу дээш гарч эргэж бууж ирснээ хаалгаа онгойлгож өгөхгүй байна, гэрт нь нэг хүн байна, наад согтуу хүний чинь халаасанд нь гэрийнх нь түлхүүр байгаа гэж байна гэж хэлсээр бууж ирсэн юм. Тэгээд нөгөө орцонд согтуу хана налаад сууж байсан, дээд уруул нь хавдсан, амнаас нь бага зэрэг цус гарсан, амьсгалж байсан, хурхираад байгаа байдалтай байсан залуугийн гадуураа өмсөж явсан ногоон эрээн хувцасных нь зүүн энгэрийн халааснаас нь 1 ширхэг түлхүүрийг аваад дуудлага өгсөн залуутай 3 давхарт гарч хаалгыг нь онгойлгосон юм. Тэгсэн чинь гэрт нь нэг согтуу залуу байсан, өөрийгөө Цогоо гэх хэлж байсан, тэгээд юу хийж байгаа, хаанаас ирсэн талаар нь асуухад тэрээр Ням-Очир гэгчтэй хамт архи уусан, хамт архи ууж байгаад унтчихсан байна. Сая хаалга цохихоор нь сэрлээ, намайг гаднаас түгжээд явсан байна гэж байсан. ...талийгаачийн гэрт байсан залуу болон дуудлага өгсөн залуу хоёртой орцонд унтаж байсан талийгаачийг өргөөд гэр рүү нь оруулж, том өрөөнийх нь хивсэн дээр хажуу тийш нь харуулж толгой доор нь дэр тавиулж хэвтүүлсэн юм. Дээш нь харуулчихвал бөөлжсөндөө хахаж магадгүй гэж бодсон юм. Тэгээд талийгаачийн гар утсыг аваад ар гэрээс нь хүн дуудахгүй бол болохгүй гэж бодоод тухайн үед Цэнд гэсэн одоо бүтнээр нь санахгүй байна. Ийм нэрээр хадгалсан хүн рүү залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. ...Ингээд өрөөндөө сууж байхад араас гадаа байрны дунд зам талбайн ажил хийж байгаа 2 залуу орж ирж, надаас орцонд сууж байсан согтуу залуу яасан юм бэ түргэн ирээд аваад явж байгаа юм уу бие нь яасан юм бэ гэж асуусан. Энэ үед Эрдэнэ- Очирын утас нь дуугарч түргэн ирчихлээ гэнэ гэж хэлээд гарсан юм. Ингээд тэр залуугаас юу болсон талаар нь асуухад, тэр залуу орцонд байсан залуутай маргалдсан хүн нь би гэж хэлсэн юм. Яагаад маргалдсан юм бэ гэж асуухад ажлаа хийж байхад араас нь ирж өшиглөсөн, мөн янз бүрээр хэлээд байсан, тэгэхлээр нь эргэж хараад уурандаа нэг удаа түүний нүүрэн тус газарт гараараа цохисон гэж ярьж байсан. Тэр цохиулсан залуу нь толгойгоороо саваад унасан гэж хэлсэн. Тэгээд босч ирэхгүй, ухаан орохгүй согтуудаа сэрэхгүй байна гэж ойлгоод байрны орцонд хамт ажилладаг хүн өргөж дамжилж оруулаад суулгасан гэж байсан. Тэгээд архи нь гараад өөрөө босоод явна биз гэж бодсон гэж байсан. Миний бие Цагдаагийн газрын жижүүр Хатанбаатар руу залгаж тэр хоёр залуугийн талаар хэлсэн юм. Тэгэхэд тэр хоёр залууг цагдаа дээр дагуулаад ир гэсэн. Ингээд тухайн хоёр хүнийг цагдаагийн газарт хүлээлгэн өгөөд дараагийн ажил руугаа явсан юм гэсэн мэдүүлэг /1хх 124-125 ху/,

 

-Гэрч М.Алтанбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр өдөр миний бие БОЭТ-ийн яаралтай тусламж эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэх тасагт хүлээн авахын жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. ...Уг хүнийг үзэхэд биеийн байдал маш хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй, комын байдалтай, 2 талд хүүхэн хараа өргөссөн, артерийн даралт 80/50-тай, зүрхний цохилт 1 минутанд 92 удаа, зүрхний авиа бүдэг, хэм жигд, уушиг хоёр талд цулцангийн амьсгалтай, биеийн ерөнхий үзлэгт толгойн дагз орчимд хавдсан, дээд уруул хавдсан, доод уруулын доод хэсэгт эрүүнд 2 см орчим язарсан шархтай, зүүн бугалганы гадна хэсэгт 15-16 см орчим арьсны өнгөн давхарга зулгарч улайсан шархтай, биеийн байдал туйлын хүнд байсан учир сэхээний эмчид үзүүлэн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 134-135 ху/,

 

-Гэрч Д.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Ням-Очир бид хоёр 0,75 литрийн 1 шил ерөөл архи авч хувааж уусан. Энэ архийг би явж Ачит худалдааны төвөөс авч ирсэн юм. Ням-Очир гэртээ үлдсэн. Тэгээд 16 цагийн үед би түүний байрны урд дэлгүүрээс өөрийн мөнгөөр 1 шил 0,75 литрийн ерөөл архи авсан. Ням- Очир гараагүй гэртээ л байж байсан. Хоёр дахь архийг уух гээд байж байхад гаднаас Кенежбай, Мөнх-Очир гэх хоёр залууг Ням-Очир намайг архинд гарсан хойгуур утсаар дуудсан байсан. Тэгээд дөрвүүлээ нөгөө архиа хувааж уусан. Энэ архийг ууж дуусаад Ням-Очир Кенежбайтай манай эхнэрийн картанд хүнээс мөнгө хийлгэсэн гээд гараад явсан юм. Би Мөнх-Очиртой нь үлдсэн. Тэгээд тэр хоёр гаднаас 30-40 минутын дараа 2 шил 0,75 литрийн ерөөл архи авч орж ирсэн. Тэгээд дөрвүүлээ нөгөө хоёр архийг нь уусан. Тэр сүүлийн хоёр архийг ууж байхад би унтаад өгсөн юм. Би 21 цаг 30 минутын орчимд унтаж байгаад сэрэхэд ганцаараа түүний гэрт байсан. Тэгээд Ням-Очир руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би гэрээс нь гарах гэсэн чинь гаднаас цоожилсон байсан. 22 цагийн үед гаднаас хаалга цохисон. 3-р микрийн цагдаа байна, хаалгаа гэж байсан. Би намайг гаднаас цоожилсон байна гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа Ням-Очирыг хүнд цохиулж, зодуулсан байна, 1 давхарт хэвтэж байна гэж байсан. Би түүний халаасанд түлхүүрийг нь үз надад түлхүүр байхгүй гэж цагдаад хэлсэн. Цагдаа гаднаас хаалга онгойлгож орж ирсэн. Ням-Очирын халааснаас түлхүүрийг нь авсан байх. Тэгээд намайг дагуулаад доошоо буусан. 2 цагдаа ирсэн байсан. Ням-Очирынх 3 давхарт байдаг, арктай 1 өрөө байр юм. Буугаад очиход Ням-Очир толгойгоо орцны үүд рүү харуулаад хажуу талаар хэвтсэн байдалтай байсан. Уруул амнаас нь цус гарчихсан, уруул нь хавдсан, хөмсөгнийх нь дээд хэсгээс язарч цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид 3 түүнийг гэрт нь өргөж оруулсан. Намайг очиход хурхираад байгаа мэт ухаангүй байсан. Цагдаа түүнийг сэрээх гэж хацар руу нь зөөлхөн гараараа алгадсан юм. Тэгсэн чинь уртаар амьсгаа аваад байсан, сэрэхгүй байсан. Гэрт нь ороод гэрийнх нь гэрлийг асаах гэсэн чинь гэрэл нь буудаж унтарсан юм. Тэгээд цагдаа нар түргэн дуудсан гэсэн мэдүүлэг /1 хх 136-137 ху/,

 

-Гэрч К.Кенежбайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Мөнх-Очирын хамт өдөр 16 цагийн үед гэрээсээ гарч таксинд сууж 3-20 дугаар байранд талийгаачийн гэрт очсон. Талийгаачтай уулзахад тэрээр надтай хамт архи уух гэж л дуудсан юм байна лээ, юм асууна гэж байсан тэр нь худлаа байсан. Гэрт нь ороход тэр ганцаараа байсан. Ширээн дээр нь 200 гм-ийн жижиг архи байсан, мөн 0,75 литрийн архины хоосон шил байсан. Талийгаач нэлээн согтуу байсан. Гэрт нь ороод суух гэж байхад араас түүний найз Цогоо /Цогбадрах/ гэх залуу орж ирсэн. Талийгаач түүнийг нөгөө юм аа гаргаач гэсэн. Тэр 1 шил 0,75 литрийн архи авчихсан орж ирсэн юм. Тэгээд нөгөө архийг нь 4-лээ хувааж уусан. Тэр архийг дууссаны дараа Ням-Очир бид хоёр Цогоогоос түүнийг виза картыг нь аваад архинд гарсан юм. Талийгаач гэртээ байхдаа 6-11 дүгээр байранд байдаг Аянагуль гэдэг эмэгтэйтэй очиж уулзах хэрэгтэй байна гэж надаас машинтай таньдаг хүн байна уу гэж асуусан юм. ...6-11-р байранд очиж Аянагультай утсаар ярьсан. Нөгөө эмэгтэй нь гарах завгүй, гарах арай болоогүй байна гэж хэллээ гэж талийгаач надад хэлсэн. Ингээд бид хоёр нөгөө машинаараа 3-20-р байранд хүргүүлсэн. Эрдэнэбаяр бид хоёрыг буулгаад явсан. Бид хоёр дээрхи нэг шил архийг байрны урдах дэлгүүрээс авсан юм. 0,75 литрийн ерөөл архи авсан. Тэгээд гэр лүү нь ороход гэрт нь Мөнх-Очир Цогоо хоёр юу ч хийгээгүй сууж байсан. Бид хоёр гэрээс нь гараад барагцаагаар 20-30 минут явсан байх. Тэгээд гэрт нь ороод авч орсон нэг шил архинаас 4-лээ дээрээс нь 1, 1 хундага уусан талийгаач нэлээн согтоод ирсэн. Би нэмж архи уух сонирхолгүй байсан учир найз Мөнх-Очирыг аваад гэрээс нь гарсан. Түүний гэрт Цогоо, талийгаач хоёр үлдсэн. Талийгаач дэлгүүрээс сүүлийн архийг авах гэж явахдаа өөрийнхөө байрны урд ажил хийж байсан залуучуудын хажуугаар нь өнгөрөхдөө согтуурхаж мөрөлж, шүргэчих гээд байсан юм. Би түүнийг боль боль, тийм юм байхгүй шүү гэж хүнтэй маргалдуулахгүй гэсэндээ хориглосон.  Талийгаач мөн тэд нарт хандан хэрүүл өдсөн өнгө аястай үг хэлээд байсан болохоор нь түүнийг холдуулаад цааш нь түлхэж дэлгүүр рүү аваад орсон юм. Тэр залуучууд руу яг юу гэж хэлснийг нь анзаарч сонсоогүй, лав л хэрэлдчих гээд л байсан юм. Тэр залуучууд нь харин өөдөөс нь ямар нэг зүйл хэлээгүй, ажлаа хийж байсан гэсэн мэдүүлэг /1 хх 138- 139 ху/,

 

-Гэрч Т.Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Өчигдөр орой 19 цаг өнгөрч байсан байх, 3-20-р байрын гадна талд шороо зөөгөөд ажлаа хийгээд Даваасүрэн түрдэг тэрэг барьчихсан, би шороо хүрздээд байж байхад өндөр нуруутай, нүдний шилтэй нээх согтуу биш халамцуу байрын залуу өөрийнхөө орц руу орох гэж байхдаа бид хоёрт хандан хөөе ажлаа хий гэж хэлсэн юм. Тэгэхлээр би юу хэлээд байгаа юм бол гээд аан гэж хэлсэн юм. Тэгсэн чинь хүрээд ирсэн. Тэгснээ хүрч ирээд Даваасүрэнг хойноос нь бөгс рүү нь өшиглөсөн. Тэгэхлээр нь Даваасүрэн зөрүүлээд өөдөөс нь түүний нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр өндөр залуу хойшоогоо дээшээ хараад толгойгоороо саваад байрын дундах хар засмал зам дээр унасан юм. Тэр залуу дээшээ харж унаад чимээгүй болчихсон юм. Би түүнийг очиж тэвэрч аваад дээш нь хоёр суганаас нь өргөж өндийлгөсөн чинь нэг амьсгаа авсан. Тэгээд түүнийг замаас холдуулъя гээд өргөж орц руу оруулсан юм. Тэгээд түүнийг орцонд оруулж орхичихоод архи уучихаад архиндаа унтаад байгаа юм болов уу гэж бодоод жаахан унтаж байгаад сэргэх болов уу гэж бодоод үлдээсэн. Тэгээд ажлаа хийсэн юм. Тэгээд түүнийг яаж байна гэж бодоод би 1 удаа орж харсан. Зүгээр хурхираад унтаж байгаа мэт байж байсан. Цогоо 1 удаа очиж харсан. Тэгээд унтаж байна гэж байсан. Тэгээд орой ажил тарах болж захирал руу ярьж буулаа гэдгээ хэлээд миний бие ганцаараа гэр лүүгээ явахдаа замаараа дахиад 1 удаа харсан юм. Нөгөө орцондоо хажуу тийш налчихсан, хурхираад байгаа байдалтай байсан юм. Би түүнийг амьсгалаад унтаад байгаа байдалтай байсан болохоор нь гайгүй байх гэж бодоод явсан юм. Би гэртээ харьчихаад санаа зовоод 23 цаг өнгөрч байхад нөгөө орцондоо очиж нөгөө залууг харах гэж очсон. Тэгсэн чинь эмнэлэгийн машин ирээд зогсчихсон, түүнийг аваад явж байсан. Би Даваасүрэн, Цогоо хоёрын байрладаг 3-6-ийн подволь руу очих гээд явж байхад өөдөөс энэ хоёр гарч ирж таарсан юм. Тэгээд тэр хоёр болсон хэргийн талаар цагдаад мэдэгдэх гэж хэсгийн өрөө рүү орсон юм гэсэн мэдүүлэг /1 хх 140-141 ху/,

 

-Гэрч Б.Түмэнцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …гурвуулаа зам хийх талбайгаа шороо асгаж тэгшлээд завгүй л ажиллаж байсан. Өдөр 15-16 цагийн үед Даваасүрэнд цохиулдаг залуу, өөрөөсөө гадна хоёр залуутай 3-19-р байрын голын орцны үүдэнд зогсч байгаад бид гурав руу хандан хөөе тар нар наад ажлаа хурдан хийгээч, юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу эрүүл саруул гэмээр зүгээр л зогсож байсан. Бид гурав тухайн үед нь ажлаа хийгээд маргааш нь цемэнт цутгана гэж байсан болохоор нэлээн шуурхай ажиллаж байсан. Мөн газар тэгшлэж давтдаг цохилттой давтагчийн бензин нь дуусчихсан, Даваасүрэн асаах гээд Жавхаа бид хоёр тамхи татчихсан зогсож байхад л тэр залуу тийм зүйл бид гуравт хандан 2-3 удаа хэлсэн юм. Тэгээд нөгөө залуу тэрнээс хойш өөрийнхөө 3-20-р байрын голын орцны үүдэнд гараад ирчихсэн, саяхан цагдаагийн газрын гадаа эхнэртэйгээ явж байсан нэг ахтай хамт зогсож байсан байх гэж бодож байна. Бас л та нар ажлаа хурдан хийгээч гэх мэтийн зүйл яриад л байсан. Мөн хөөе нааш ир гээд байсан. Тэгээд нөгөө залуу хэсэг тэр хавиар харагдахгүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад орцноосоо ганцаараа гарч ирээд өөрийнхөө байрны хамгийн доод талын орц руу орж байгаа харагдсан. Ингэхдээ бид нарт ямар нэг зүйл хэлээгүй. Би тэр үед нь 3-20-р байрны урд талын дэлгүүрийн ар талд Жавхаа, Даваасүрэн хоёрын зөөж асгаж байсан шороог тэгшлээд зогсож байсан юм. Тэгснээ 5 орчим минутын дараа нөгөө залуу гараад ирсэн. Тэр залуу өөрийнхөө орцноос гарч ирэхдээ амаа цагаан өнгийн салфитка мэт зүйлээр дарчихсан л явж байсан юм. Тэгээд өөрийнхөө орц руу орох гэж явж байгаа байдалтай явж байсан, тэгэхдээ мөн хөөш та нарыг наад ажлаа хурдан хий гээд байгаа юм биш үү гэж байсан. Түүнийг тэгж хэлж байхад нь Жавхаа, Даваасүрэн хоёр бараг анзаараа ч үгүй хоёулаа түүнээс буруу тийш харчихсан зогсож байсан. Тэгээд тэр залуу өөрийнхөө орц руу явж байснаа гэнэт явган хүний замаас хажуу, баруун тийшээ гараад өөрөөс нь холгүй шороо зөөх гээд шороо тэргэнд ачиж байсан Даваасүрэнг араас нь очоод өгзөг хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд авсан юм. Тэгэхээр нь Даваасүрэн эргэж хараад түүнийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр залуу арагшаагаа гулдгас хийгээд ар дагзаараа газарт унасан. Тэгээд Жавхаа, Даваасүрэн хоёр түүнийг өндийлгөөд тэвэрсэн байсан. Энэ үед нь тэр хавьд явж байсан нэг залуу хажууд нь ирсэн, тэгээд энд цагдаа байгаа шүү дээ цагдаад хэлээч гэж хэлчихээд өөрөө 3-20-р байрын доош утсаар яриад яваад өгсөн юм. Би цагдаагийн хэсгийн өрөө рүү очиж үзэхэд хүн байхгүй байсан. Намайг очиход Даваасүрэнд цохиулсан залуу нь ухаан алдчихсан, архи үнэртэж байсан. Мөн сэрэхгүй байсан. Тэгэхлээр нь Жавхаа, бид хоёр түүнийг орц руу оруулъя гээд түүнийг цохиулсандаа цохилт аваад мөн согтуудаа сэрэхгүй байна гэж бодоод орц руу оруулсан юм гэсэн мэдүүлэг /1 хх 142-143 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 42 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт, зүүн өгзөг, баруун гарын сарвуу, дээд болон доод уруулд зөөлөн эдэд цус хуралт, дух, доод уруул, хуйханд дагз хэсэгт, доод эрүүнд язарсан шарх, хуйханд дагз оройг хамарсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Үхлийн шалтгаан болсон гэмтлүүд, уруул, доод эрүүнд үүссэн зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх нь гэмтлийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хуйханд үүссэн цус хуралт, зулгаралт, язарсан шарх, чамархайн булчингийн цус хуралт нь үхлийн шалтгаан болсон гэмтэлтэй шалтгаант холбоо бүхий гэмтэл болно.

3. Талийгаачийн биед үүссэн гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйл унах үед үүсэх боломжтой, бусад гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжтой.

4. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэнэ.

5. Талийгаач нь элэгний хатуурал, хэвлийн хөндий дэх шингэн, дэлүүний томрол, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчтэй бөгөөд эдгээр нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно.

6. Цогцосноос авсан цусанд этилийн спирт илрээгүй болно. 2016-05-13-ны өдрийн 00 цаг 10 минутанд Б.Ням-Очирын судаснаас хүлээн авах тасагт авагдсан цусанд этилийн спирт 3.9 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана.

7. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай болно.

8. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан доорхи баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан доорхи их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт болно.

9. БОЭТ-д оношлогоо эмчилгээ стандартын дагуу хийгдсэн байна гэсэн дүгнэлт /1 хх 71-73 ху/,

 

-Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд:

1. Магадлуулагч Н.Даваасүрэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан.

2. Магадлуулагч Н.Даваасүрэн удамшилтын хувьд сэтгэцийн өвчингүй.

3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Магадлуулагч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.

5. Албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн мэдүүлэг /1 хх 84 ху/,

 

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3859 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад шинээр гарсан ямар нэгэн уранхай байхгүй байна гэсэн дүгнэлт / 1 хх 108 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5107 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Б.Ням-Очирын гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.

2. Сэжигтэн Н.Даваасүрэнгийн гэх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

3. Талийгаач Б.Ням-Очирын гэх хатаасан цус, баруун, зүүн гарын гэх 10 ширхэг хумснууд, толгойн баруун, зүүн чамархай, дагз хэсгийн гэх үсний дээж, юүдэнтэй саарал өнгийн цамц, Е\/ЕRLAST гэсэн бичигтэй саарал өнгийн шорт, ногоон эрээн өнгийн даавуун өмд, хөх өнгийн /ванны/ алчуур, цагаан өнгийн дэр, шар өнгийн жижиг алчуур, сэжигтэн Н.Даваасүрэнгийн гэх хатаасан цусан дээр цус илэрсэн.

4. Талийгаач Б.Ням-Очирын гэх юүдэнтэй саарал өнгийн цамц, Е\/ЕRLAST гэсэн бичигтэй саарал өнгийн шорт, хөх өнгийн /ванны/ алчуур, цагаан өнгийн дэрэн дээрх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна

5. Талийгаач Б.Ням-Очирын гэх баруун, зүүн гарын гэх 10 ширхэг хумснууд, толгойн баруун, зүүн чамархай, дагз хэсгийн гэх үсний дээж, ногоон эрээн өнгийн даавуун өмд, шар өнгийн жижиг алчуур дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

6. Талийгаач Б.Ням-Очирын гэх бор эрээн өнгийн дэрний уут, сэжигтэн Н.Даваасүрэнгийн гэх баруун, зүүн гарын гэх 10 ширхэг хумс, хар өнгийн оруулгатай цагаан эрээн өнгийн малгай, энгэр дээрээ \W/ үсэгтэй цагаан өнгийн футболка, юүдэнтэй ханцуйгүй хөх өнгийн куртик, цахилгаантай бор саарал өнгийн цамц хар цагаан алаг өнгийн хос пүүзэн гутал, цэнхэр өнгийн женсэн өмдөн дээр цус илрээгүй гэсэн дүгнэлт /хх 116 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5108 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Б.Ням-Очирын өмсөж байсан гэх хувцаснууд болон гэрт байсан зүйлд химийн хүчтэй хүчил, шүлт, шатах тослох материал илрээгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Н.Даваасүрэнгийн өмсөж байсан гэх хувцаснуудад химийн хүчтэй хүчил, шүлт, шатах тослох материал илрээгүй.

3. Өөр төрлийн химийн бодис, элемент тодорхойлох шинжилгээг хийх техникийн боломжгүй байна гэсэн дүгнэлт /1 хх 119 ху/,

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 3-5 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх 6, 7, 16-18, 25-26, 30-31, 74-76, 101-102, 109-111, 128-133 ху, 2 хх 49, /

-Хэрэг учралын нөхөн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 хх 8-10, 11-13 ху/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 14-15 ху/

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 22-23 ху/

-Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 32-33, 44, 52 ху/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хх 64 ху, 2 хх 138 ху /

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1хх 196 ху/

-Амь хохирогчийн өвчний түүх / 1 хх 235-250, 2 хх 1-17 ху/

-Хохирлын баримт / 2 хх 55-98

-Хохирол төлсөн баримт / 2 хх 102-103, 213-214 ху, 3 хх 113-115, 207-208 ху/

-Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл / 2хх 130 ху/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2 хх 135 ху/

-Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 136-137 ху/

-Н.Даваасүрэнг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2 хх 47-48, 51-53 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Даваасүрэн нь 2016 оны 05 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн ажил хийж байхдаа Б.Ням-Очирыг “наад ажлаа хурдан хийцгээ” гэж бөгс рүү нь өшиглөснөөс түүний зүүн хацар луу нь цохиж унаган биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулан амь насыг нь хохироож, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ мэдүүлсэн “...3-20 дугаар байрны гадаа газар шорооны ажил хийж байхад нэг согтуу залуу ажлаа хурдан хийгээч гэж байсан. Намайг ажлаа хийж байтал гэнэт бөгс рүү хүчтэй цохисон. Тэгээд сандраад цохичихсон чинь нөгөө хүн газар унаад босохгүй байсан. Намайг ажлаа хийж байхад хохирогч эхэлж ар талаас цохисон. Би эргэж харалгүйгээр цохисон. Тэгээд эргээд хартал тэр хүн газар уначихсан байсан. Согтуудаа унтаад байна гэж бодоод орцонд оруулж орхисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Цэндсүрэн /1 хх 68-69 ху/, шинжээч эмч Ж.Гэрэлмаа /1 хх 80-81/, Г.Энх-Амгалан /1 хх 122-123 ху/, Э.Цогтсайхан /1 хх 124-125 ху/, М.Алтанбек /1 хх 134-135/, Д.Цогбадрах /1 хх 136-137 ху/, К.Кенежбай /1 хх 138-139, Т.Баяржавхлан /1 хх 140-141 ху/, Б.Түмэнцогт /1 хх 142-143 ху/, нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт, зүүн өгзөг, баруун гарын сарвуу, дээд болон доод уруулд зөөлөн эдэд цус хуралт, дух, доод уруул, хуйханд дагз хэсэгт, доод эрүүнд язарсан шарх, хуйханд дагз оройг хамарсан зулгаралт бүхий гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн 42 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /1 хх 84 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг ажлаа хийж байтал гэнэт бөгс рүү хүчтэй цохисон. Тэгээд сандраад цохичихсон чинь нөгөө хүн газар унаад босохгүй байсан. Намайг ажлаа хийж байхад хохирогч эхэлж ар талаас цохисон. Би эргэж харалгүйгээр цохисон” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгчийг ажлаа хийж байхад нь араас нь өшиглөснөөс ийм асуудал болсон. Шүүгдэгч эргэж харж байгаад цохиогүй. Энэ хэргийн хувьд санаатай биш болгоомжгүй хэрэг” гэж тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэдийгээр бусдыг шууд алах санаа зорилго байгаагүй боловч түүний цохиж байгаа үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон нь гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Н.Даваасүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  

            Хохирогч Б.Цэндсүрэн нь шүүх хуралдаанд оролцохгүй талаараа хүсэлт ирүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардал, оршуулгын ажилд амь хохирогчийн ах болон хүүхдүүд ирж оролцсон нислэгийн зардал, сувилалд байрласан зардал, нотариатын хөлс нийт 19.483.000 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж зөвхөн оршуулгын зардал 11.513.728 төгрөгийг нэхэмжилж үүнээс 6.900.000 төгрөг төлөгдөж, одоо үлдэгдэл 4.613.728 төгрөгийг нэхэмжилж байгаа болохыг түүний өмгөөлөгч тайлбарлаж байна.

 

            Шүүгдэгчийн хувьд гэм хорын хохиролд 6.900.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл хохирол болох 4.613.728 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул дээрхи нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

            Харин иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргал  шүүхийн шийдвэрээр амь хохирогч эхнэр хүүхэддээ төлөх ёстой байсан төлбөр 67.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч шүүхэд ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх үнэлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Н.Даваасүрэн нь энэ хэрэгт 437 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэрэгт үлдээж, амь хохирогч Б.Ням-Очирын ар гэрээс хүлээлгэн өгсөн малгайтай саарал цамц, саарал богино өмд, ногоон эрээн өмд, хөх өнгийн алчуур, цагаан дэр, шар алчуур, улаан эрээн дэрний уут 2 ширхэг, шүүгдэгч Н.Даваасүрэнгээс хураан авсан цагаан малгай, цагаан пудволк хар хөх хантааз, ногоон цамц, хар оруулгатай цагаан гутал 1 хос, цэнхэр жинсэн өмд, шүүгдэгч Н.Даваасүрэнгийн хатаасан цус, ШША-наас авсан амь хохирогч Б.Ням-Очирын хатаасан цус зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

           

            Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Жог овгийн Нямдэлэгийн Даваасүрэнг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Даваасүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнг 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнгийн цагдан хоригдсон 437 /дөрвөн зуун гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Даваасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2.т тус тус зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнгээс 4.613.728 /дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга долон зуун хорин найм/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5-р хороо 10-р хороолол 3-57 тоотод оршин суух РД:/ФБ80091965/ Б.Цэндсүрэнд олгож, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргалын 67.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэрэгт үлдээж малгайтай саарал цамц, саарал богино өмд, ногоон эрээн өмд, хөх өнгийн алчуур, цагаан дэр, шар алчуур, улаан эрээн дэрний уут 2 ширхэг, цагаан малгай, цагаан подволка, хар хөх хантааз, ногоон цамц, хар оруулгатай цагаан гутал 1 хос, цэнхэр жинсэн өмд, шүүгдэгчийн хатаасан цус, амь хохирогчийн хатаасан цус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргал нь нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

           

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА

 

    ШҮҮГЧИД                                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

                                        Ц.АЛТАНГАДАС