| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/1126/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1325 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1325
-
2025 05 20 2025/ШЦТ/1325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн “**********” дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.М,
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *дүгээр байрны *тоотод хамтран амьдрагч Б.У-тай “Шүдний эмнэлгийн гадаа хүлээсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь гараараа болон гар утсаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд духанд няцарсан шарх, уруулд язрал, баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Мөнхжаргалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Ц.М* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.М* нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *дүгээр байрны *тоотод хамтран амьдрагч Б.У-тай “Шүдний эмнэлгийн гадаа хүлээсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь гараараа болон гар утсаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд духанд няцарсан шарх, уруулд язрал, баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.У* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би Ц.М гэх хүнтэй 2024 оны 03 дугаар сард танилцан, 2024 оны 12 дугаар сараас хойш хамтран амьдрах болсон юм. Бид байнгын хэл амтай, жижиг зүйлсээс болоод муудалцчихдаг байсан юм. Өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Мөнхжаргал нь шүдний эмнэлэг орно гэхээр нь би Сүхбаатар дүүрэгт Төв шуудангийн хажууд байрлах шүдний эмнэлгийн урд 15:00 цаг орчимд буулгаад яг урд талд нь байрлах гадаадаас ирсэн дүүгийндээ ороод, захисан зүйлсээ аваад эргээд 40 минутын дараа гараад иртэл "Намайг шүдний эмнэлгийн гадаа хүлээсэнгүй" гээд машин дотор орж суугаад миний баруун гар руу цохиод авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь алгадаж аваад муудалцаад эхэлсэн. Тэр ууж байсан колагаа над руу цацаад, шууд өөдөөс дайраад ирсэн. Тэгж байгаад миний духыг маажсан ба дух нэлээд хавдаад, шархалсан байсан. Би энэ талаараа өөрийн төрсөн эгч болох Б.М-д хэлээд гэртээ хариад, гэртээ дуудсан юм. Тэгээд М* бид хоёр 16:30 минутад гэртээ орсон юм. Би гэртээ ороод М-д хандан "Чи одоо яв, би чамтай хэрэлдэх сонирхол байхгүй байна" гэтэл М* хувцсаа бэлдээд гараад яваад өгсөн. Би нээрээ л гараад явчихлаа гэж бодоод байж байтал удалгүй буцаж орж ирээд, виски шиг бор өнгөтэй архи аяганд дүүргэж хийгээд уусан. Тэгээд босож ирээд надад агсам тавьж эхэлсэн ба алчуураар нүүр рүү цохиод байсан. Би аль болох тайвшруулаад “Юмаа аваад яв” гээд хэлж байтал гар утсаа шүүрч аваад гар утсаараа миний дух хэсэгт цохиод, миний духыг цөмлөсөн. Миний духнаас цус гараад би эгч М* руу залгаад юу болсон талаараа хэлээд, Цагдаагийн байгууллагад хандсан. Миний дух яс хүртлээ цөмөрсөн. Би хол, хол зайтай 4 оёдол тавиулсан. Бас миний хамар хугарсан юм шиг байна. Тэгээд баруун гар хөхөрсөн, төмөр сам нуруу хэсэгт шидээд, алчуураар бие рүү ороолгоод байсан...” /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,
Гэрч Б.М* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15:00 цаг орчимд манай дүү У* над руу уйлж залгаад "Мөнхжаргал над руу дайраад байна, намайг тархи, толгой руу цохиод, зодоод байна" гэж ярьсан юм. Бид хоёр утсаар яриад байж байтал цаанаас нь М* нь орилоод ороод ирсэн. Би гайхаад “Наадхаа наанаа хаяад гэртээ харь” гэтэл манай дүү утсаа тасалчихсан. Би тухайн үед Яармагт гэртээ байж байсан ба гэрээсээ гараад дүү рүүгээ дахиад залгатал манай дүү уйлаад "Машинд суугаад л байна" гэсэн. Тэгээд би 16:00 цаг орчимд хот руу орж ирээд, охиноо эмээ өвөөгийнд нь буулгачхаад дахин 1 удаа дүү рүүгээ залгаад асуутал "Бид 2 гэртээ ирсэн. М* хувцсаа бэлдэж байна. Одоо явах юм шиг байна" гэсэн. Би дүүдээ санаа зовоод “Зурагаа явуул” гэтэл өөдөөс духаа маажуулсан зурагаа явуулсан юм. Тэгээд би дүүдээ өвчин намдаах эм уугаад жаахан тайвшраад наадхыгаа явахаар нь над руу залгаарай гэж хэлээд 120 мянгатын ойролцоо айлд ороод сууж байтал 1 их удалгүй Урангуа над руу залгаад "Та хүрээд ир, намайг Мөнхжаргал аллаа" гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *дугаартай шинжээч эмч Ц.Б-ын “...1. Б.У-ийн биед духанд няцарсан шарх, уруулд язрал, баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдпоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 3-аас доошгүй удаагийн үйлдлээр үүснэ. 3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.М* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Эмнэлгийн гадаа болсон зүйл үнэн. Түүний нүүр хэсэгт нь гараараа болон утсаараа цохисон зүйл байгаагүй. Эмнэлгийн гадаа маргалдсан. Гэртээ байхдаа утсаа шидэхэд орон дээр ойгоод хохирогчийн дух хэсэгт нь оносон. Гараараа түүнийг цохисон зүйл байхгүй. Үүнийг нотлох бичлэг, зураг гэх зүйлс байхгүй. Хохирогч өөрөө л мэдүүлнэ...” гэх мэдүүлэгүүд болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1-д “Эхнэр нөхөр гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Ц.М*, хохирогч Б.У* нар нь тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд тооцогдохоор байна.
Ц.М* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй юм.
Иймд шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.М-аас 246,300 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэцэрлэг овогт Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.М-аас 246,300 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД