Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2022/00644

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2022/00644

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00471/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 9940****, 9589****, 9985****, ТК93****** регистрийн дугаартай, Б овогт Б.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Нарантолгой ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 9983****, МИ82****** регистрийн дугаартай, Б овогт Ө.Цт холбогдох,

3,597,585.71 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 8*-9* ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 11,500,000 төгрөгөөр худалдаж авахаар Ө.Цтай хэлцэл хийж улмаар 5,000,000 төгрөгийг нь бэлнээр өгч, үлдэгдэл 6,500,000 төгрөгийг нотариатаар орж хэлцэл хийж хуваарийн дагуу төлж барагдуулаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэж хэлэхэд Ө.Ц нь энэ тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээг чи өөрийн нэр дээр шилжүүлж аваад машинаа унаж бай, би 2 сарын дотор банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж дуусгаад чи машинаа ав гэж хэлсэн. Ингээд Б.Т миний бие 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н..................... ББСБ-аас авсан зээлийн гэрээнд өөрийн нэрээ сольж оруулан гэрээ байгуулсан. Ө.Ц нь тухайн өдрөө би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,800,000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулна гэж надтай гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагч Ө.Цаас банк бус санхүүгийн байгууллагад төлсөн үндсэн зээл 2,800,000 төгрөг, түүний хүү 797,585.71 төгрөг, нийт 3,597,585.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г нь шүүх хуралдаанд гаргасан талбартаа:

Нэхэмжлэгч Б.Т нь Ө.Цын гуйлтаар банк бус санхүүгийн байгууллагын зээл 2,800,000 төгрөг байхад нь өөрийн нэр дээр зээлийн гэрээг шилжүүлсэн байдаг. Хариуцагч Ө.Ц нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүргээ гүйцэтгэхгүй байгаа учир нэхэмжлэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар 3,597,585.71 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ө.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд нэхэмжлэгч Б.Таас надад холбогдуулж банк бус санхүүгийн байгууллага дахь 2,700,000 төгрөг, түүний 18 сарын хүү 797,585.71 төгрөг, нийт 3,597,585.71 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Т нь Н..................... ХХК-аас зээл авсан. Миний бие тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваагүй. Мөнгө төлөх тухай баримтад гарын үсэг зурах ёсгүй байсан. Б.Т өөрийн авсан зээлээ өөрөө төлөх ёстой, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн асуудал надтай хамааралгүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Т нь Н..................... ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргээ надад шилжүүлж, уг үүргийг би биелүүлэх тухай тус банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдээгүй, тус газар зөвшөөрсөн асуудал байхгүй. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийж болдоггүйг мэдээгүй гарын үсэг зурсан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудад ИХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар машин худалдаж авсан байдаг. Машинтай холбоотой зээлийн гэрээний харилцаа дууссан боловч банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр талууд хоорондоо хэлцэл хийсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийг би төлнө гэж өөрийн сайн дураар шилжүүлж авсан тухайн мөнгийг төлөөгүй байна. Б.Т нь 3,597,585 төгрөгийг Ө.Ц төлнө гэж байгаа нь үндэслэлгүй байна. ИХ-ийн 56.1.8-т зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Энэ хэлцэл нь Н..................... ББСБ-ын зөвшөөрлийг аваагүй аваагүй хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцлийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2-3 дахь тал/, хариуцагч Ө.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,700,000 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэх мөнгө төлөх тухай баримт, Ө.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 4 дэх тал/, Б.Тын иргэний үнэмлэхийн хуулбар /хавтас хэргийн 5 дахь тал/, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, Н..................... ББСБ ХХК болон Б.Т нарын хооронд байгуулсан 102****** дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хавтаст хэргийн 7-10 дахь тал/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 102****** дугаартай фидуцийн гэрээ /хавтаст хэргийн 11-12 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Г.Солонгын Тоёота приус-20 маркийн ДАХ 8*-9* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,500,000 төгрөгөөр худалдаж авахаар Б.Т, Ө.Ц нар тохиролцож, бэлэн 5,000,000 төгрөгийг гар дээр нь өгөөд үлдсэн 6,500,000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 400,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож нотариатаар батлуулсан. Б.Т нь сар болгон 400,000 төгрөгөөр төлж байгаад бэлэн 3,000,000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөг тус тус Ө.Цт өгч 6,500,000 төгрөгийг төлж дуусгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, гэрч Б.Уийн Автомашины үнэ болох 11,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан байсан. Төлбөрийг төлөхдөө талыг нь бэлнээр, талыг нь сар болгоны 15-ны өдөр төлөөд дууссан байсан. Анх худалдан авахдаа хийсэн гэрээ дээрээ төлбөрийг барагдуулсны дараа автомашиныг Б.Тын нэр дээр шилжүүлнэ гэж нотариатаар батлуулсан. Төлбөрийг төлж дуусгасан боловч Б.Тын нэр дээр шилжүүлээгүй, нэр дээрээ шилжүүлэхээр олон удаа хөөцөлдсөн. Тухайн автомашин нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан. Ө.Ц нь банк бус санхүүгийн байгууллагынхаа зээлийн хүүг төлмөөр байна гэж хэлээд Б.Таас 400,000 төгрөгийг нэмж авсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрч Б.Сын Би Ө.Цтай Приус-20 маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож байсан. Цалингийн зээл аваад урьдчилгаа болгон 3,500,000 төгрөгийг Ө.Цын данс руу шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр цалингаасаа төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Гэтэл Ө.Ц нь дараа машиныг өгье, ирэх 7 хоногт өгье гэх зэрэг шалтаг хэлээд сарын дараа бүүр таг болсон. Б.Ттай хамт Ө.Цтай уулзаад Б.Тын машины зээлээс нь өөрийн шилжүүлсэн 3,5 сая төгрөгийг хасуулсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, Н..................... ББСБ ХХК болон Ө.Ц нарын хооронд байгуулсан 102****** дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 102****** дугаартай фидуцийн гэрээ, зээлийн дансны хуулга /хавтас хэргийн 53-59 дэх тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ө.Цт холбогдуулан Банк бус санхүүгийн байгууллага дахь 2,700,000 төгрөг, түүний 18 сарын хүү 797,585.71 төгрөг нийт 3,597,585.71 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Ө.Ц нар нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ө.Цын эзэмшлийн Приус-20 маркийн 8*-9* ДАХ улсын дугаартай автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалдаж авахаар, үүнээс 5,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 6,500,000 төгрөгийг сарын бүрийн 20-ны өдөр 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, төлбөрийг барагдуулж дууссан үйл баримт зохигчдын тайлбар, гэрч Г.С, гэрч Б.У, Б.С нарт хууль сануулан авсан мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 45-50 дахь тал/

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Приус-20 маркийн 8*-9* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Н..................... ББСБ ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр Ө.Ц, Ө.Ц нар нь Н..................... ББСБ ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн ба уг зээлийн төлбөрийн үүргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №102****** дугаартай зээлийн гэрээгээр Б.Т нь шилжүүлэн авч тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, мөнгө төлөх тухай баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4, 7-12 дахь тал/

Тодруулбал талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулсны дараа тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлэхээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн барагдуулсан боловч хариуцагч Ө.Ц нь тээврийн хэрэгслийг Б.Тын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, уг тээврийн хэрэгсэл банк бус байгууллагын зээлийн барьцаанд фидуцийн гэрээгээр шилжсэн байх ба уг машиныг өөрийн эзэмшилдээ авах зорилгоор Б.Т, Ө.Цын хүсэлтээр зээлийн үүргийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн байгууллага дахь 2,700,000 төгрөг, түүний 18 сарын хүү 797,585.71 төгрөг нийт 3,597,585.71 төгрөг гаргуулах гэж шаардлагаа тодорхойлж ирүүлсэн боловч энэ нь талуудын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой буюу гэрээ байгуулсанаас үүдэлтэй хохирол байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ө.Ц нь Б.Тын Н..................... ББСБ ХХК-аас авсан 2,700,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор хүүгийн хамт төлөхөө амлаж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн Мөнгө төлөх тухай баримт үйлдсэн байх ба уг баримт дээр гарын үсгийн талаар маргаагүй, харин Б.Т авсан зээлээ төлөх ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн.

Гэвч дээрх хэлцэл нь Н..................... ББСБ ХХК-ийн өмнөөс хийсэн талуудын хэлцэл биш харин худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөнөөс улбаатай байх тул хариуцагчийн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Ө.Цаас 3,597,585.71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,512 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 72,512 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА