Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга О.Үнэнболд

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч Т.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 201710010109 тоот хэргийг 2017 оны 07 дүгээр сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 23 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 7, ээж, аав, 4 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбо гудамжны 15-09 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинжаргал /РД: ЕО94062313/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Т.Түвшинжаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт иргэн О.Анхбаярын зүүн гуяан тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Т.Түвшинжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн танил О.Анхбаяртай Жимбий гээд нэртэй цайны газарт ороод 2 пирошки, 3 мантуун бууз хувааж идсэн. Тэгсэн О.Анхбаяр хоолоо идэж дуусаад юу ч хэлэлгүй гараад явчихаар нь би араас нь гартал явчихсан байсан. Тэгээд би хоолныхоо мөнгийг өгөөд талбай дээгүүр дэмий явж байгаад Греен корнер рестораны урд талаас шар иштэй төө хиртэй хутга газраас олоод цамцныхаа баруун талын ханцуйн дотор хийсэн. Тэгсэн О.Анхбаяр тэрэг түрдэг Ооёо / бүтэн нэрийг нь мэдэхгүй/ эгчийн хамт Греен корнер рестораны хажууд зогсож байхаар нь Анхбаярыг надаас зугтаалаа гээд баруун гараараа хөл рүү нь цохих гээд далайсан чинь цамцны ханцуйн дотор хийсэн хутга ханцуйнаас мултраад гуяных нь ар тал руу зоосон. Гэтэл Анхбаяртай хамт зогсож байсан Ооёо гээд эгч “ хүн хутгалчихлаа” гээд цагдаад дуудлага өгөөд удаагүй байж байтал Ууганбаатар цагдаа ирээд намайг саатуулсан. Ингээд би цагдаагийн хэлтэс дээр нэг хоноод маргааш өглөө нь гараад Эрээн хот руу жимсний мөнгө өгч явуулаад тэр өдрийн орой жимсээ аваад орой нутгийн суудлаар Сайншанд сум болон бусад сумдуудаар зарж борлуулсан. Үүнээс хойш Замын-Үүд сум руу ирэн очин байж байгаад 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Эрээн хотод замын туслах ажил хийхээр хил гараад тэндээ ажил хийж байгаад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд сум руу орж ирээд саатуулагдсан. Миний хувьд цагдаагийн байгууллагаас оргон зугтаасан зүйл байхгүй. Маргааш өдөр нь Анхбаяртай уулзахад надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэхээр нь юм бодолгүй явчихсан юм. Би тухайн өдөр Анхбаяртай талбай дээр тааралдаад вакзолын ойр орчим 3 шил Улаан бөглөөт архи хувааж уугаад салсан, өөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй, цагдаагийн хэлтэс дээр очиж драйгер багажаар үлээхэд 2,30 хувьтай байсан бөгөөд өөрийн гэсэн ухаан сулавтар, нэлээн согтуу байсан гэжээ. /хх-ийн 40-43/

-Хохирогч О.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 04 сарын 29-ний 14 цагийн орчим Замын-Үүд сумын Сүлд багт байрлах авто зогсоолын төв талбай дээр өөрийн танил эгч Отгонтогоогийн хамт Грин корнер рестораны хажуу талд юм яриад зогсож байтал Түвшинжаргал гэгч залуу нэлээн согтуу байдалтай вокзал талаас над руу чиглэж ирээд шууд үг хэлэлгүй шүдээ зуугаар өмсөж явсан цамцныхаа зүүн талын ханцуйнаас шар иштэй, шовх үзүүртэй хутга гаргаж ирээд миний зүүн гуяны ар хэсэг рүү 2 удаа хатгасан, эхний удаа хатгахад дотогш нэвтрээгүй бөгөөд 2 дахь удаагаа хатахад дотогш нэвтэрч цус гарсан. Тэгэхээр нь би “чи намайг яаж байгаа юм бэ, хутгалчихлаа ш дээ” гэхэд “чи муу үхлээ юу, цагдаад намайг барьж өгөх үү, манай дүү шоронд орчихсон байгаа, би араас нь орсон ч чадна, гөлөг минь” гээд намайг дагуулаад вокзалын ойролцоо очоод “чи тэгээд яах гээд байгаа юм, намайг цагдаад хэлэх гээд байгаа юм уу” гээд зогсож байтал эргүүлийн цагдаа Ууганбаатар ирээд түүнийг саатуулсан. Урд нь нэг бус удаа намайг дарамталж, архины мөнгө нэхэмж хэд хэдэн удаа цээж рүү цохихоор нь би өөдөөс нь юм хэлэлгүй түүний үгээр явдаг байсан. Гэтэл тэр өдөр намайг зөв зүгээр ачаа гарахыг нь хүлээгээд зогсож байхад гуян тус газар хутгалсан. Одоо санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 9-10/

- Гэрч Д.Майнбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 04 сарын 29-ний өдрийн 12-13 цагийн үед Замын-Үүд сумын төв талбай дээр нөхөр Батболд, түүний найз Анхбаяр нарын хамт дэмий зогсож байтал Түвшинжаргал гартаа шар өнгийн бариултай, хурц үзүүртэй хутга барьчихсан согтуу байдалтай бид нар дээр ирээд “та нарт мөнгө байна уу, 3000 төгрөг байвал өгчих” гэхээр нь “байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн Түвшинжаргал Батболд, Анхбаяр хоёрыг дээрэлхэх гээд байхаар нь би Батболд, Анхбаяр хоёрыг яачхаж магадгүй гэж бодоод “цаашаа яв яв” гэж хэлээд явуулсан. Тэгээд би Түвшинжаргалыг “чи наад хутгаа хаяач” гэсэн чинь “өнөөдөр би энэ жолооч нараас нэг хүн ална, чамд ер нь миний яах ямар хамаатай юм, мэдсэн ч мэдээгүй юм шиг явж бай” гээд Жинчин буудлын ойролцоо нэг үл таних хүнтэй юм яриад үлдсэн. Ингээд би нөхрөө аваад Булган дэлгүүрийн ойролцоо явж байсан ба Анхбаяр, Грин корнер рестораны зүг явсан, тэгээд удалгүй Анхбаяр “Түвшинжаргалд гуяа хутаглуулчихлаа” гээд ирэхээр нь эмнэлэг рүү дагуулж явсан, тухайн үед Анхбаярын өмсөж явсан саарал өмд цоорчихсон, бага зэрэг цус гарч байсан гэжээ. /хх-ийн 14-15/

-Гэрч В.Отгонтогоогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ....Тэгсэн О.Анхбаяр Түвшинжаргалыг “энэ намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь Түвшинжаргал руу хартал цамцныхаа ханцуй руу 20 см хиртэй хурц үзүүртэй шар өнгийн бариултай хутга хийгээд О.Анхбаярыг вокзал руу дагуулаад явсан. Тухайн үед О.Анхбаярын зүүн талын өгзөгний хэсгээс цус гарч байсан бөгөөд О.Анхбаяр Түвшинжаргалд хандаж "чи намайг яасан гэж хутгалж байгаа юм вэ" гэхэд “би чамайг хутгалаагүй, яасан сүртэй амьсгаа вэ” гэсэн гэжээ. /хх-ийн 16-17/

-Гэрч Ч.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Тухайн үед Түвшинжаргал нь согтуу байдалтай байсан ба цамцныхаа баруун ханцуйд шар өнгийн бариултай хурц үзүүртэй хутга хийчихсэн байхаар нь би санаа зовоод “чи хүн амьтны нүдэн дээр хутга бариад яваад байх юм, халаасандаа хийгээд, нуугаач” гэсэн чинь “өө өнөөдөр хүн зодохгүй бол нойр хүрэхгүй байна, та хоёрт мөнгө байна уу, байвал 3000 төгрөг өгчих” гэхээр нь “мөнгө байхгүй байна аа хөгшөөн, бид хоёр дөнгөж сая талбай дээр ирсэн гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 18-19/

-Гэрч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтын атанд өгсөн мэдүүлэгт: Ингээд Түвшинжаргалд хуулийн дагуу шаардлага тавиад цагдаагийн хэлтэс дээр авчирж, согтуурлын зэргийг драгер багажаар үлээлгэн шалгахад 2,30 хувьтай гарсан бөгөөд Түвшинжрагал нь тухайн үед ил харагдах гэмтэл шархгүй өөрийгөө удирдан жолоодон авч явах чадваргүй байсан тул саатуулсан, мөн болсон зүйлийн талаар Түвшинжаргалаас асуухад “би яадгийн Анхбаярыг хутгалчихсан юм, манай дүү угаасаа шоронд байгаа, би дүүгийнхээ араас явмаар байна, явуулаад өг пиздаанууд минь” гээд орилоод байсан болно гэжээ. /хх-ийн 21-22/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Эд зүйл түр хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6/

-Шинжээчийн 127 тоот дүгнэлт: 1.О.Анхбаярын биед зүүн өгзөгний доод талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 2.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.”Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-р заалтыг үндэслэсэн болно. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно  гэжээ. /хх-ийн 29/

-Шинжээчийн 15 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн бэлтгэлийн өмдний зүүн ар хэсэгт 02х0,09 см хэмжээтэй ташуу хэлбэрийн урагдал байна. 2.Уг урагдал нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /хх-ийн 31-33/

-Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 83-84/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хх-ийн 90/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч Т.Түвшинжаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт иргэн О.Анхбаярын зүүн гуяан тус газар нь хутгалж зүүн өгзөгний доод талд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Д.Майнбаярын “...Түвшинжаргал гартаа шар өнгийн бариултай, хурц үзүүртэй хутга барьчихсан согтуу байдалтай бид нар дээр ирээд “та нарт мөнгө байна уу, 3000 төгрөг байвал өгчих” гэхээр нь “байхгүй” гэж хэлсэн. ...Анхбаяр, Грин корнер рестораны зүг явсан, тэгээд удалгүй Анхбаяр “Түвшинжаргалд гуяа хутгалуулчихлаа” гээд ирэхээр нь эмнэлэг рүү дагуулж явсан, тухайн үед Анхбаярын өмсөж явсан саарал өмд цоорчихсон, бага зэрэг цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч В.Отгонтогоогийн “...О.Анхбаяр Түвшинжаргалыг “энэ намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь Түвшинжаргал руу хартал цамцныхаа ханцуй руу 20 см хиртэй хурц үзүүртэй шар өнгийн бариултай хутга хийгээд О.Анхбаярыг вокзал руу дагуулаад явсан.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Батболдын “...Тухайн үед Түвшинжаргал нь согтуу байдалтай байсан ба цамцныхаа баруун ханцуйд шар өнгийн бариултай хурц үзүүртэй хутга хийчихсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ууганбаатарын “...болсон зүйлийн талаар Түвшинжаргалаас асуухад “би яадгийн Анхбаярыг хутгалчихсан юм, манай дүү угаасаа шоронд байгаа, би дүүгийнхээ араас явмаар байна, явуулаад өг пиздаанууд минь” гээд орилоод байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 127, 15 тоот дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч нь хохирогч О.Анхбаярыг хутгалж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

 Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Т.Түвшинжаргалд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялаас нөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Төмөрбаатарын Түвшинжаргалыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Түвшинжаргал нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар нийт 300 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Түвшинжаргал нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Түвшинжаргалд нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА