Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2022/01852

 


 

 

2022 05 31 184/ШШ2022/01852

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн

 

Хариуцагч:  Б.А-д холбогдох

 

Зээл болон фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шинжээч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Б.А-тай ЗГ1114130112000033 тоот зээлийн гэрээ, мөн тоот фидуцийн гэрээг тус тус байгуулж, 8.000.000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийг хангах аргын үүднээс фидуцийн гэрээ байгуулж, Тоёота приус маркийн 44-37 УБЗ улсын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 8.000.000 төгрөгт тооцож үнэлж, гэрчилгээг манай компанийн нэр дээр бүртгүүлж, зээлдэгч нь тус автомашиныг эзэмшиж ашиглаж ирсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу сар бүр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хуваарьтайгаар үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг зээлдэгчид удаа дараа хүргүүлж байсан. Зээлдэгч Б.А нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр өгсөн хүсэлтдээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ мэдэгдсэн боловч өдийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч тухайн үед 8.000.000 төгрөгөөр автомашиныг худалдаж авсан. Нэхэмжлэгч талаас тухайн автомашины гэмтэлтэй холбоотой засваруудыг 2.000.000 гаруй төгрөгөөр хийсэн. Хариуцагч тал автомашины хяналтын самбар дээрх моторын гэрлийг асаж байсан, ямар нэгэн байдлаар засвар үйлчилгээг тодорхой хэмжээгээр хийх ёстой гэдэг байдлыг гаргасан. Тооцооллын хувьд манай нягтлан бодогч алдаа гаргасан гэж үзсэн тул зээлийн гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 7.000.000 төгрөг, зээлийн хүү 3.675.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.135.000 төгрөгийг 735.000 төгрөг болгон багасгасан, ингээд нийт 11.410.000 төгрөг болсон. Б.А нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байхдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс үүдэн 220.000 төгрөгийн торгууль үүссэн байсныг нэхэмжлэгч талаас төлж барагдуулсан. Энэ зээлийн хүү тооцооллыг дахин залруулж тайлбар гаргаж нийтдээ 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 11.630.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг хасаад 3.630.000 төгрөгийн зээлийн хүү, торгуулийн хамтаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Талууд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр фидуцийн гэрээг Тоёота приус маркийн 44-37 УБЗ улсын дугаартай автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэлж, чөлөөтэйгөөр хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Монгол Улсад тухайн автомашин 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орж ирсэн, Улаанбаатар хотод 2 жил орчим явсан хуучин автомашин байсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргуудын нэг юм. Энэ хүрээнд тухайн автомашиныг үндсэн үнээр нь үнэлж, банк бус санхүүгийн байгууллага өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан, зээлдэгч тус автомашиныг эзэмшиж, ашиглахдаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй асуудал нь нэхэмжлэгч талаас шалтгаалаагүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол өнөөдрийн маргаан гарахгүй, банк бус санхүүгийн байгууллага тодорхой хэмжээний алдагдалд орохгүй байсан. Гэрээнийхээ үүргийг биелүүлсэн нөхцөлд талуудын хооронд ямар нэгэн чирэгдэл, нэмэлт зардлууд гарахгүй. Зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй асуудлаа зээлдүүлэгч талаас шалтгаалсан гэж тайлбарлаж байна. Тухайн зээлийн гэрээ хэдийгээр нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг алдаатай бодсон ч Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчийн хариуцлага болгож төлөх үүрэгтэй гэж хуульчилсан. Нэмэгдүүлсэн хүү болон хуримтлагдсан хүүг төлөх болсон нь хариуцагч талын хариуцлагатай холбоотой асуудал юм. 8.000.000 төгрөгөөр тооцож, автомашиныг хураан авсан. Чанар байдал нь энэ хугацаанд муудаж, үнэлгээ нь буурдаг тогтсон жам ёсны харилцаа тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүсдэг. Тийм учраас хариуцагчийн ирүүлсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж ХХК-аас Б.А миний биед холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 4.810.000 төгрөг, торгуульд төлсөн 220.000 төгрөг, нийт 5.030.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Миний бие нэхэмжлэгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэмэгдүүлсэн хүүг тооцох тухай зээлийн гэрээний зохицуулалт нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4-д гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүү 2.135.000 төгрөг гэсэн боловч энэхүү нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг аль дүнгээс хэрхэн тооцсон, ямар хугацааг хамарч буй талаар дурдаагүй, тооцоолол ойлгомжгүй байгааг анхаарч үзэхийг хүсье. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар хэрхэн зохицуулсныг дээр дурдсан байгаа, харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д заасан нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний байх гэсэн гол зүйлийн талаар талууд харилцан тохиролцоогүй ба харилцан хүсэл зоригоо хангалттай бүрэн илэрхийлсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн яг хэдэн хувь байх, 10 хувь эсхүл 20 хувь байх уу энэ талаар зохицуулаагүй байгаа нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл давхцаагүй, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй учраас нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй юм. Харин нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэснийг зөрчиж, зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцно гэсэн нь өөрөө хуульд нийцээгүй буюу нэмэгдүүлсэн хүү гэсэн нэрийдлээр анзын үндсэн зохицуулалтыг ашиглан шаардаж буй нь хууль зөрчиж байгаа юм. Нэхэмжлэгч талаас шаардаж буй зээлийн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А миний бие Ковид-19 цар тахалтай холбоотой орлогогүй болсноос үүдэн зээл, түүний хүүг төлөх чадамжгүй болж, хүнд байдалд орсон юм. Гэтэл Ж ХХК фидуцийн гэрээгээр шилжүүлсэн байсан автомашиныг маань 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хураан авч, үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн үнэлгээ нь 8.000.000 төгрөг гэж гарсан. Тиймээс 8.000.000 төгрөгт тооцон авч, үндсэн зээлээс хасна гэж хэлсэн. Миний бие тухайн үед автомашины үнэ өссөн байгаа, одоо 8.000.000 төгрөг байх ёсгүй дээ, үнэлгээний компаниас гаргасан үнэлгээг үзье гэсэн боловч надад үүнийг танилцуулаагүй. Миний хувьд хэдийгээр автомашинаа 8.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч хил гааль хаагдаад, автомашин шинээр ирэхгүй байгаатай холбоотойгоор автомашины үнэ огцом өссөн байсан учраас 8.000.000 төгрөг биш, зах зээлийн бодит үнээр тооцон өгөх хүсэлтэй байсан ч тухайн байгууллага үнэлгээ хийлгэсэн гэж хэлээд л хурааж авсан байдаг. Ж ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн зээл, түүний хүүгийн тооцоолол нь алдаатай байгаа юм. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр автомашиныг тус байгууллагад хураалгаж, үндсэн зээлийг бүхэлд нь харин хүүгээ 1.000.000 төгрөгийг хасуулсан байхад зээлийн хүүг бодохдоо 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хүү нь 3.611.774 төгрөг байгаа болно. Тэгэхээр зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, түүний хүү 3.611.774 төгрөг буюу нийт 10.611.774 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 8.000.000 төгрөгөөр автомашиныг хураан авснаар төлбөрийн үлдэгдэл 2.611.744 төгрөг байх ёстой. Тус байгууллага нь автомашины үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн гэдэг талаар дээр дурдсан байдаг, гэхдээ үнэлгээг шүүхэд ирүүлээгүй байгаа бөгөөд тухайн автомашиныг 8.000.000 төгрөгөөр бус илүү өндөр дүнгээр худалдан борлуулсан гэж үзэж байгаа учраас үлдэгдэл төлбөр болох 2.611.744 төгрөг ч мөн адил барагдсан байх боломжтой байна. Ж ХХК нь хүүгийн тооцооллыг буруу гаргасан, мөн хуульд заасан үндэслэлийн дагуу нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг талууд тохиролцсон нөхцөлд тухайн хүүг шаардах эрхтэй боловч нэмэгдүүлсэн хүү нэрийдлээр анз 2.135.000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ж ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлага, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тусгай зөвшөөрөл, түүний хавсралт, итгэмжлэл-хх4-5,67-69, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ1114130112000033 дугаартай Зээл болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх/фидуцийн/ гэрээ-хх6-7, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн огноотой бэлэн мөнгөний зарлагын баримт-хх-8, Зээлийн тооцооллын хүснэгт-хх-9, 44-37 УБЗ тоёота приус маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар-хх10, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа-хх-11 зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

Хариуцагч талаас хариу тайлбар-хх16-18 болон түүний хүсэлтээр шинжээч томилон Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан-хх48-58, хариуцагчийн хүсэлтээр маргаан бүхий автомашины үнэлгээний баримт нэхэмжлэгч талаас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Ж ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн огноотой 22/01/26 дугаартай хариу албан бичиг-хх-70 зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.А-ад холбогдуулан банк бус санхүүгийн буюу зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний үүрэг болон фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлд анх 5.030.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 7.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.675.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 735.000 төгрөг, автомашины торгуулийн төлбөрт 220.000 төгрөг, нийт 11.630.000 төгрөгийн төлбөр гаргуулахаас фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан автомашиныг өөртөө гаргуулан авсан тул гэрээгээр тохиролцсон 8.000.000 төгрөгийн автомашины үнийг хасаж тооцоод 3.630.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хэмжээг багасгасан.

Нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч Б.А нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ1114130112000033 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр 8.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалттайгаар зээлдэж, зээлдүүлэхээр тохиролцсон байх ба мөн өдрийн мөн дугаартай фидуцийн гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Тоёота приус маркийн 44-37 УБЗ улсын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг 8.000.000 төгрөгөөр тохиролцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаанд хариуцагч Б.А-ын эзэмшил ашиглалтад байлгахаар харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж, хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тэрээр хариу тайлбартаа үндсэн зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол хууль зөрчсөн талаар марган тайлбар ирүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хуульд нийцүүлэх байдлаар багасган нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 5.030.000 төгрөгөөс 3.630.000 төгрөг болгон багасгасан.

Гэсэн хэдий ч хариуцагч тал уг тооцооллыг үл хүлээн зөвшөөрч фидуцийн гэрээний үүргийг дуусгавар болгон 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий автомашиныг хураан авч зээлийн гэрээний үүргийг хангахаар тохиролцсон гэх 8.000.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул уг үнэлгээтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулахыг хүссэн хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тал уг үнэлгээ хийсэн талаар баримтгүй гээд талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцоогоор тогтоон үнэлж байгаа талаар албан бичиг ирүүлдэг.

Хариуцагч маргаан бүхий автомашиныг 8.000.000 төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй, автомашины үнэ өссөн үндэслэлээр уг автомашиныг үнэлүүлэх хүсэлт гаргасныг шүүх ханган Итгэлт эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээг хийлгэн шинжээчийн дүгнэлт гаргуулахад хөрөнгийн үнэлгээчин маргаан бүхий автомашины байдлыг бодитоор үзэж танилцан өнөөгийн зах зээлийн үнэлгээг 9.800.000 төгрөгөөр тогтоон үнэлсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг.

Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хөрөнгийн үнэлгээчин шинжээч Э.Г-аас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тодруулах зүйл байгаа талаар хүсэлт гаргасныг шүүх ханган шүүх хуралдаанд оролцуулан шийдвэрлэсэн.

Шинжээч уг автомашины үндсэн зах зээлийн ханш 13.100.000 төгрөгийн үнэ ханштай байх боловч хариуцагч талын эдэлгээ арчлалттай холбогдуулан автомашины чанар байдал ашиглах явцад алдагдсан байсан гэх үндэслэлээр засварласан гэх нэхэмжлэгч талын баримтад үндэслэн 3.300.000 орчим төгрөгийн элэгдэл хорогдлыг хасан тооцсон талаараа тайлбар гаргасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээ нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн түүнчлэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх/фидуцийн/ гэрээнүүд байгуулагдсан, тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд уг гэрээнүүдийн үүрэгт 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагч талд шилжүүлэн өгсөн болон маргаан бүхий автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн гэх үйл баримтын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсний сацуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар заажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч зээлээ буцаан төлөөгүй ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзалд дурдсан зээлийн нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй, тооцоолол буруу гэх тайлбар үндэслэлгүй, зээлийн тооцооны хүснэгтэд дурдсан үндсэн зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 15 сарын хугацааны 3.675.000/245.000*15/ төгрөгийн үндсэн хүү, уг үндсэн хүүгийн үлдэгдлийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 735.000 төгрөг, нийт 11.410.000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нь уг хугацаанд зээлийн гэрээний үндсэн зээл болон үндсэн хүүгийн төлбөрт 2.311.646 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөгийн талаар маргаж тайлбар ирүүлээгүй байдаг.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч хариуцагч үндсэн буюу зээлийн гэрээний үүргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 15 сар 5 хоног хэтрүүлсэн болох нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.

Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгөө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор заасан талууд маргаан бүхий автомашиныг харилцан өмчлөлд гэрээ байгуулах үед шилжүүлсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хариуцагч Б.Аын эзэмшил ашиглалтаас Ж ХХК гаргуулан авсан талаар маргаагүй.

Энэхүү гэрээнд зааснаар үүрэг хүлээгч хариуцагч Б.А нь зээлийн гэрээний үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул автомашины өмчлөл ашиглалтыг буцаан авахаар шаардах эрхгүй, фидуцийн гэрээ дуусгавар болсон байна.

Гэвч талуудын хооронд фидуцийн гэрээний үүрэгтэй холбогдуулан хариуцагч тал зээлийн гэрээний үүргээс уг гэрээгээр тогтоосон 8.000.000 төгрөгийг хасан тооцоход өөрт хохиролтой үндэслэлээр татгалзлаа нотлон шинжээч томилуулан тус хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргуулсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн 11.410.000 төгрөгийн үүргээс 9.800.000 төгрөгийг хасан тооцож 1.610.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. /Хавтаст хэргийн 48-58 дугаар тал/

Нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашины торгуульд 220.000 төгрөг төлсөн үндэслэлээр хохиролд тооцон нэхэмжилдэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй ч уг зардлыг нэхэмжлэгч тал төлсөн төлбөр болон зөрчлийн талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч тал өөрийн энэ шаардлагаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д зааснаар банкнаас олгох зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Ааас 1.610.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-ид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.020.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 40.710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-ид, мөн хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон боловч шинжээчийн зардал төлөгдөөгүй тул хариуцагч Б.Ааас 100.000 төгрөг гаргуулан шинжээч Итгэлт эстимэйт ХХК/РД-2866641, Капитрон банк 3022005743/-д тус тус олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д заасныг тус тус баримтлан эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ болон фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.А-аас 1.610.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.020.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 40.710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-ид, шинжээчийн зардалд 100.000 төгрөг гаргуулан шинжээч Итгэлт эстимэйт ХХК/РД-2866641, Капитрон банк данс-3022005743/-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б. Б