2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1229

 

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Иргэдийн төлөөлөгч Н.Б ,  

Улсын яллагч Д.Ундармаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө , түүний өмгөөлөгч Н.Хувцагаан,  

Шүүгдэгч Н.Л , түүний өмгөөлөгч Д.Гомбо, А.Ариунаа, Э.Ганбат,

Гэрч О.М , Б.Н , Н.Л ,

Шинжээч Ц.ГанБ  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Л ид холбогдох эрүүгийн 2311000000015 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч Н.Л  нь ... тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хамаатны дүү болох Т.Б той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгойн хэсэгт нь өшиглөж, хана руу түлхэж унагаах зэргээр гавал тархины битүү гэмтэл учруулан зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд “...шүүгдэгч Н.Л  нь ... тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хамаатны дүү болох Т.Б той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, өшиглөх, хана руу түлхэж унагаах зэргээр зодож биед нь гавал тархины битүү гэмтэл учруулж хүнийг алсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 2-5 дугаар тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 6-9 дүгээр тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач Т.Б нь манай төрсөн ах байгаа юм. Бид эхээс дөрвүүлээ ба хамгийн том эгч Т.О нь Америкийн нэгдсэн улсад амьдардаг. Талийгаач Т.Б  нь айлын хоёр дахь хүүхэд. Манай ээж Т  нь Гачууртад амьдардаг, настай, чих муутай, сонсгол муутай хүн учир миний бие талийгаач Т.Б ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Талийгаач Т.Б нь 1983 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрж байсан. Төрсөн цагаасаа хойш манай ээж Т ийн аав, ээж буюу манай өвөө эмээгийн гэрт нагац ах нар болон төрсөн эгчийнхээ хамт амьдардаг байсан. ...Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийг төгссөн гэж сонсож байсан. ...2008 онд Япон улс руу суралцахаар явж байсан талаар нь мэднэ. Монгол Улсад буцаж ирээд хувиараа барилгын ажил хийдэг байсан. Талийгаач Т.Б нь хүнтэй сууж эхнэртэй болж байгаагүй, хүүхэд төрүүлж байгаагүй, ганцаараа байдаг байсан. Талийгаач нь хөдөөгүүр ажил төрөл хийж явдаг байсан ба тогтсон гэр орон гээд байх зүйл байдаггүй байсан. Талийгаач Т.Б  нь манай нагац ах Н.Л ийн хамт байр түрээсэлж амьдардаг байсан гэж нас барах үед нь мэдсэн. 2023 оны 01 сарын 02-ны өдөр манай төрсөн дүү Ө.Б нь над руу залгаж “ах гэмтчихсэн, гэмтлийн эмнэлэгт байна” гэсний дагуу очиход манай ах Т.Б  нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины хагалгаанд орчихсон гэж хэлж байсан ба 2023 оны 01 сарын 02-ны өдрийн орой гэмтлийн эмнэлэгт нас барсан юм. Би гэмтлийн эмнэлэгт гэмтэж очсон талаар л мэдэж байгаа, өөр ямар шалтгааны улмаас очсон талаар мэдэхгүй. Талийгаачтай байнга уулзаад байдаггүй байсан. Гэхдээ даруухан дөлгөөн зантай хүн байсан. Миний мэдэхийн талийгаач нь хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, их найрсаг дөлгөөн зантай, аливаа зүйлд уурлаад ч байдаггүй зан ааштай хүн байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-17 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би амь хохирогчийн төрсөн дүү. Хэргийг бүрэн мөрдөөгүй гэж үзэж байна. Баримт нотолгоо цуглуулаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 4 хүний 3 хүнээс мэдүүлэг авсан ч уг мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр амь хохирогчийн эгч мэдүүлэг өгөхөд мөрдөгч бичиж авсан боловч тэр хэлсэн талаар нь камерын бичлэгүүдийг шүүж үзээгүй. Тэр камерууд хүүхдийн амбулатори, байрны гадаах, замын урд талын эмнэлгийн 360 камер байдаг, 7 буудлын камерыг ерөөсөө шинжлэн судлаагүй. Би хууль дүрмийг сайн мэдэхгүй. Хангалтгүй баримт нотолгоогүй зүйлд тулгуурлаж хилс хэрэг хийх гэж байгаад гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйлгүй, энэ хүн төрсөн цагаас нь хамт байгаад аав шиг нь байсан тул хүн алах араатан шиг хүн биш. Жинхэнэ хэрэгтэн сул чөлөөтэй явж байгаа байх. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч О.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Л  ах нөхөр бид хоёрыг дуудаад гэрт нь очиход Т.Б  бөөлжсөн байдалтай орон дээрээ хэвтэж байсан ба удалгүй түргэн тусламж ирээд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв рүү очоод үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэг рүү яв гээд гэмтлийн эмнэлэгт аваачсан. Өөрийнхөө өрөөнд орон дээрээ хажуу талаараа харчихсан, хамар юм уу, амнаас нь шингэн зүйл гарчихсан байдалтай, Л  ах арчаад байж байсан. Т.Б  нь ямар нэгэн зүйл ярьж чадахгүй, ухаан нь балартсан байдалтай байсан. Л  ах хэлэхдээ Т.Б ыг ариун цэврийн өрөөний гадна талд шалан дээр тас хийж хүчтэй унасан, тэгээд эвгүй болчихлоо гэж хэлсэн. Л  эрүүл байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Л  манай хадам ах, Ө.Ө  манай том хадам эгчийн охин. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө нөхөр бид хоёрыг дуудсан бөгөөд очиход Б  хэвтчихсэн байсан. Ах амыг нь арчаад зогсож байсан. Түргэн ирээд архины шоктой байна гэж байсан. Чингэлтэй дүүргийн түргэн лүү очиход аваагүй бөгөөд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү явсан. Ороход хэвтэж байсан бөгөөд ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. Шүүгдэгч бие засах гээд явчхаад тас гээд унасан гэсэн. Тэгээд нойлд оруулаад бие засуулчхаад хэвтүүлсэн гэсэн. Тэгээд унтаж байгаад сэрэхэд муухай дуугараад байсан бөгөөд очиход амнаас нь юм гарч байсан гэсэн. Ахын хувьд сэгсэрсэн гэж хэлсэн. Түргэн дуудаад иртэл нь 2-3 цаг цуг байж байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Д.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд би өөрөө Б  руу залгаад ах нь өчигдөр завгүй байсан болохоор утсаа авсангүй, чи одоо манай хүрээд ир гэж хэлтэл төд удалгүй А  гэдэг хөгшин ах хүүтэй хамт манайд орж ирсэн. Тэгэхээр нь би шампанск задлаад, дахиад нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч өгсөн. Тэгээд А  ах, Б  бид гурав хувааж уугаад, би урд өдөр нь нойр муутай байсан болохоор ядраад унтаад өгсөн юм. Нэг сэрээд хартал Б  манай гэрээс гараад явсан байсан. Тэгэхээр нь би А  ахаас Б  хаашаа явчхав, та мэдсэн үү гэж асуухад мэдэхгүй гэсэн. Б  олон жил Япон улсад ажиллаж, амьдарсан. Архи дарс нээх уугаад байдаггүй, томоотой залуу байдаг. Би лав Б ыг архи дарс ууж хүнтэй хэрүүл зодоон хийж байна гэж сонсож байгаагүй. Архи дарс уусан үедээ Л  ахаасаа их айдаг юм. Ах нь архи дарс уулаа гээд хааяа зоддог юм шиг байна лээ. Б  манай гэрээс 11 цаг 20 минутын орчимд л гарч явсан байх. Б  архи уучихаараа Л гийн гэрт нь очдоггүй гэсэн. Л  ах нь өөрөө архи уудаггүй болохоор согтуу очихоор нь дургүйцдэг юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

Гэрч Н.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Б  нь миний төрсөн эгч болох Т ийн хоёр дахь хүүхэд нь байгаа юм. Талийгаач Т.Б , манай төрсөн дүү Н.Л  нарыг өнгөрсөн намар буюу 2022 оны 10 дугаар сарын үеэр хамт амьдруулах талаар яригдаж байгаад сарын өмнөөс Хайлаастад байр түрээсэлж хамт амьдарч байгаа талаар нь би төрсөн дүү Н.Л оос мэдсэн. Би Л той холбогдоход “Б оо одоо хагалгаанд орох гэж байна, бид шөнө 03 цагт ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэгт очиход Т.Б  нь тархины хагалгаанд ороод, сэхээн амьдруулах тасагт нь байсан. Бид өдөржингөө сахиж гэмтлийн эмнэлэгт байсан ба эмч нар хэлэхдээ биеийн байдал муу, найдвар муутай гэж хэлээд байж байгаад орой 20 цаг 40 минутын үед нас барсан гэж хэлсэн. Манай дүү Л  надад хэлэхдээ “Т.Б  нь гэрт ирэхээсээ өмнө залгахаар нь гар утсаа аваагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрт орж ирэхдээ согтуу орж ирэхээр нь Т.Б ыг 2-3 удаа цохиод авчихсан чинь надтай ноцолдоод байхаар нь би түлхэхэд аккумлятор луу уначихаар нь босгоод орон дээр нь унтуулаад, өөрөө унтаж байхад өрөөний гадна талд уначихсан байдалтай байсан. Тэгээд би шээмээр байна гэхээр нь Т.Б ыг арай гэж шээлгэчхээд орон дээр нь хэвтүүлэхэд хэсэг хугацааны дараа бөөлжөөд байх шиг сонин чимээ гараад байхаар нь очиход цус гарчихсан байхаар нь цэвэрлэж өгчхөөд хэвтэж байхад дахиад эвгүй чимээ гараад байхаар нь түргэн дуудсан” гэж хэлсэн. Би энэ талаар сонсоод ах дүү нарын хооронд Б ог л асуудал байна гэж бодоод нээх тоогоогүй юм. Талийгаач Т.Б , мөн Л  нар нь хоёулаа ганц бие, эхнэр, хүүхэдгүй, тогтсон гэр оронгүй байдаг учраас хамт амьдруулах гээд талийгаачийн төрсөн эгч О  нь Америкаас мөнгө явуулж байранд оруулсан юм. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний төрсөн дүү болох шүүгдэгч Н.Л , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол миний төрсөн эгчийн охин байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 02-ны өдөр болох үйл явдлыг нүдээр хараагүй. Амь хохирогч болон шүүгдэгчийн хувийн байдлыг маш сайн мэднэ. Амь хохирогч хар багаасаа бидэн дээр өссөн. Зан байдлын хувьд миний төрсөн хүүхэд шиг байдаг. Сүүлийн үед эхнэр, хүүхэд аваагүй, архи дарсанд орж биднээс жаахан холдсон. Надаар зодуулж, надад алгадуулж, суран тэлээ амсаж өссөн хүүхэд. Нас биед хүрээд томроод өөрийн эрхгүй амьдралын замаар хараа хяналтаас гарсан. Хамт ажиллаж үзсэн, хамт бизнес хийсэн бөгөөд сүүлдээ архи уугаад явсан. Эгч нь дүүгийнхээ байр байдлыг мэдчихээд ингэж яваад байна гээд ах болох Л ид даалгаж хариуцуулах санаатай байсан. Наашаа гээд бидэнтэй хамт байдаггүй. Манай дүү эхнэр, хүүхэд байхгүй, аав бид хоёрыг өнгөртөл хамт байсан. Хамгийн сайн мэддэг нь амь хохирогч, шүүгдэгч хоёр байсан. Хамт байр хөлслөөд байж бай гэхэд нь би баярлаж байсан. Манай дүү чинь гэр оронтой, байртай байсан, түүнээс гараад хамт байгаад өг гээд татаад авах хугацаанд архи дарснаас хол байлгаад өгөөч гэж гуйсан учиртай. Шүүгдэгч айлын том хүүхдийн хувьд миний нэг ч дүү буруу өсөөгүй. Миний дүү нар архи дарс ууж үзээгүй. ...Дүү маань олон хоног архи ууж яваад гэртээ ирээд өнгөрөөд, өглөө Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр хагалгаанд орсон талаар мэдсэн. Шөнөжин над руу залгасан ч нөгөө өрөөнд утсаа тавьсан байсан тул өглөө мэдээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү явсан. Би хагалгаа хийсэн эмчтэй нь уулзсан бөгөөд 8 цагийн үед нас барсан. Хагалгаа хийсэн эмч нь тархиндаа гэмтэл авсан, хагалгаа хийхээс аргагүй ноцтой гэмтэл байна гэсэн. Яасан бэ гээд асуухад тийм зүйл байхгүй, тархи гэмтээд хавагнаад бусад зүйлийг хариуцах чадваргүй Б ог гэж надад хэлсэн. ...Мөрдөгч тэр орой дүүг аваад явсан бөгөөд би дагаад очсон. Энийг баривчлахаар боллоо гэхэд би нөхцөл байдлыг ойлгосон. Хамт байсан тул шалгах шаардлага гарсныг би үгүйсгэхгүй. Тэр хооронд бид хоёр эр хүмүүс шиг ярилцсан. Та яасан бэ гэхэд би нээх зүйл яриагүй ийм зүйл болсон гээд хэлсэн. Танай дүү тэнд хоёулаа байсан тул дүүг тань сэжигтэн гэж үзнэ гэж хэлсэн. Тэр хүн та зодчихсон байна гэхэд ах нь юм чинь 5-6 хоног архи уухад алгадаад авч бололгүй яах вэ, унт гээд түлхчхэж бололгүй яах вэ, өөрөө тэгж хэлсэн гээд байдаг. Тийм зүйл байж болох талаар би хэлсэн. Тэрний дараа танаас мэдүүлэг авъя гэсэн бөгөөд энэ яриа албан ёсоор мэдүүлэг авахаас өмнө болсон бөгөөд мэдүүлэг авахдаа 5-6 ерөнхий асуулт асуусан. Тэгээд гарын үсэг зурчих гэхээр нь машинд нүдний шилээ орхичихсон бөгөөд уншиж чадахгүй, хажуу талын мөрдөгчөөс нүдний шил байна уу гэхэд байхгүй байна гэсэн. Та харахгүй бол нүдний шил гээд банкнууд тавьчихдаг юм байна лээ. Би асуусан асуултыг, хариултаа бодсон бөгөөд зурчихъя гээд зурсан. Сүүлд таны мэдүүлгээр хохирогчид хэрэг наалдуулж байна гэхээр нь тэр миний мэдүүлэг биш. Албан ёсоор баримтжуулсан мэдүүлэг минийх биш гэж үнэн зөвөөр хэлнэ. Амь хохирогчийн ажил явдлыг би хийсэн. Бид камерыг шалгаад өг, амь хохирогчийн хувцсанд шалгалт хийгээд өг гээд хүсэлт тавьсан ч ганц фудволкийг авч явсан байсан. Амь хохирогчийн хувцсыг одоо шатаачихсан. Мөрдөгчид одоо хийх зүйл байна уу гэхэд асуудал байхгүй гэсэн бөгөөд лам хувцсыг нь шатаа гэж хэлсэн тул шатаасан. Ө , дунд хүргэн хоёр зан үйлийн шатаалтыг хийсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаачтай 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудалд 9 дүгээр гудамжны урд талын дэлгүүрийн үүдэнд 10 цагийн орчим таарсан. Тэгээд баярын өдөр гээд дэлгүүрээс Хараа гэх нэртэй 0,75 литр савлагаатай архи аваад талийгаачийн хуурай таньдаг ахынд ороод ууя гэхээр нь бид хоёр тэр ахынх нь гэрт очиход 60 орчим насны ганцаараа амьдардаг ах байсан. Хашаандаа хоёр гэртэй айл байсан. Талийгаач бид гурав тэр архиа ууж дуусгаад талийгаач бид хоёр гараад манайх руу очоод, талийгаач би гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. Удалгүй эргэж орж ирээд надаас түлхүүрээ аваад гараад явсан. Түлхүүрээ хаячих гээд байхаар нь би түлхүүрийг нь авчихсан байсан юм. Манайхаас гарахад 14 цаг болж байсан байх. Түүнээс хойш дахиж уулзаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цаг 37 минутад талийгаачийн ...  дугаараас миний ...  дугаар луу нэг удаа залгасан байсан. Би дуудлагыг нь аваагүй. Талийгаач миний мэдэхээр нэг ахтайгаа Хайлаастад байр түрээсэлж амьдарч байгаа. 2022 оны 12 дугаар сарын 11, 12-нд бид хоёр хамт сангийн ажил хийж дуусаад талийгаач ер нь уугаад эхэлсэн. Нөгөө ах дээрээ ч очихгүй, хойгуур 7 буудал орчмоор архи уугаад яваад байсан. Би машины багажаас нь багажаа авах гэж хэд хэдэн удаа очиход ууж л байсан. Би одоо болно, ажлаа хийе гэхэд за байж бай, найз нь өнөөдөр уучхаад болилоо гэж байсан. Би гэр лүүгээ яв гэхээр яах юм, ах уучихаар уурлаад байдаг юм, яаж архи үнэртүүлээд орох юм гэдэг байсан. Сүүлд 31-нд уулзахад шартаад үхлээ, уухаар бөөлжөөд байна гэж байсан. Харин ил харагдах шарх бол байгаагүй. Талийгаач уучихаараа хүнтэй маргалдаад байдаггүй. Ер нь их дөлгөөн хүн байсан. Хэн нэг нь өөрийг нь өдөөд байхгүй л бол ер хүнтэй маргалдаж муудалцдаггүй. Талийгаач 31-нд намайг дагуулж очсон айлд Г  гэх айлаар архи уугаад хонож өнжөөд яваад байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар тал/,

 

Гэрч О.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б ыг танина. Бүүр бага байхаас нь мэдэх ба миний танил хуурай дүү байгаа юм. Нэг гудамд амьдардаг тул одоо Америкт байгаа эгч О , бие муутай ээжийг нь, ах нь Л  гэх нэртэй хүмүүс байдаг юм. 2022 оны 7 дугаар сарын 11-нээс 12 хавьцаа Б  надад эгч О  удахгүй Америкаас ирэх гэж байгаа учир унааны хэрэг гараад байгаа юм гээд надаас Приус 11 маркийн мөнгөлөг саарал өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахаар 3,500,000 төгрөгөөр тохироод, мөнгөө надад хувааж өгөхөөр болсон. ...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр оройны 21 цагийн үед над руу өөрийнхөө ...  дугаараас миний дугаар луу залгаад “ахаа танд өгөх мөнгөө хойшлуулаад өгч чадсангүй, шинэ оны мэнд хүргэе” гэж ярьж байсан. Цайлган сэтгэлтэй, хүнд их тусархуу, инээд алдаад явж байдаг хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр тал/,

 

Гэрч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаачтай хамгийн сүүлд хэзээ уулзсанаа сайн санахгүй байна. Хааяа бид хоёр утсаар ярьдаг байсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цаг 02 минутад над руу өөрийн ...  дугаараас миний ...  дугаар луу залгасан ба би аваад ярьтал “дүү нь машинаа асаах гэтэл асдаггүй ээ, маргааш машинаа асаахаас, хэд хоног гадаа зогсоочихсон чинь хөлдчихсөн юм шиг байна, Дамбад явж байна, дүү нь жаахан юм уучихсан байна, одоо харилаа” гэж хэлээд утсаа тасалчихсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр тал/,

 

Гэрч Ч.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... тоот гэртээ ээж Я.О , охиныхоо хамт байхад Т.Б  нь манай гэрт өглөө 10 цаг өнгөрч байхад ирээд цай, хоол идээд гараад явсан. Тухайн үед манай ээж баяр болох гэж байхад архи уугаад яваад байхаа боль гэж Т.Б ыг загнахад гэрээс гараад явчихсан юм. Тэгээд би тухайн өдрөөс хойш огт уулзаагүй, мөн утсаар холбоо бариагүй. Т.Б ын биед ил харагдахаар гэмтэл шарх байгаагүй, зүгээр байсан. Бага зэрэг архи уучихсан халамцуу байдалтай байсан ба манай гэрт нэг шил архи уучихъя гэхэд ээж уурлаад гаргасан юм. М , Г  гэх хоёр найзыг нь мэднэ. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/,

 

Гэрч Н.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын үед манай эхнэр М ын ...  дугаарын утас руу Н.Л  ах өөрийнхөө ...  дугаарын утаснаас залгаж “Б оо эвгүй болчихлоо, та хоёр хүрээд ирээч” гэж хэлснийг манай эхнэр надад хэлсэн. Эхнэр бид хоёрыг очиход Т.Б  нь өөрийнхөө унтдаг өрөөнд газарт гудсан дээр хэвтэж байсан ба амнаас нь шингэн зүйл гарчихсан, Н.Л  ах хажуу талд нь арчаад байж байсан. Түргэний эмч үзээд “энэ хүнийг эмнэлэг рүү авч явна” гэхээр нь би гарч түргэний машинаас нацилк оруулж ирээд Т.Б ыг аваад гарцгаасан юм. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт оруулж эмч үзэж хараад гэмтлийн эмнэлэг рүү аваачиж үзүүлэх шаардлагатай гэсний дагуу гэмтлийн эмнэлэг рүү аваачихад тархины хагалгаанд орно гээд үүрээр тархины хагалгаанд орсон. Тэгээд бид ойр дотны хүмүүсээ дуудаж, Т.Б ын биеийн байдал хүнд байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орой гэмтлийн эмнэлэгт нас барсан. ...Тухайн үед очиход Т.Б  нь өрөөндөө орон дээрээ хэвтэж байсан, амнаас нь шингэн зүйл гарсан байдалтай байсан. Т.Б ын байсан өрөөний гэрэл нь асдаггүй, харанхуй байсан учраас биед нь ил харагдах гэмтэл шархыг анзаараагүй. Т.Б  нь ямар нэгэн үйл хөдлөл, үг хэлж чадахгүй, амнаас нь шингэн зүйл гараад байж байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй. Талийгаач Т.Б , Н.Л  ах хоёр л байсан. 2022 оны 12 дугаар сарын эхээр хамт амьдрах болсон. Т.Б ын төрсөн эгч Т.О  нь ах Н.Л той хамт байлгаж, архи дарснаас хол байлгах санаатай байр түрээсэлж өгч хамт амьдруулах болсон гэж бодож байна. Ах нь учраас айж эмээж хүндэлдэг байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар тал/,

-Дахин өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талийгаачийн байсан гэх ... тоот гэрт нь очиход талийгаачийн өмсөж байсан гэх хувцаснууд нь жинсэн өмд, фудволк, ноосон цамц, саравчтай малгай, бор өнгийн гутал, саарал өнгийн дотуур өмд, оймс зэрэг хувцаснууд байсан. Тухайн хувцаснууд одоо байхгүй. Тухайн үед талийгаачийн гаргах шашны зан үйлийг хийхэд лам хэлэхдээ өмсөж байсан хувцаснуудыг шатаа гэсний улмаас “Буян” ХХК-д гаргах зан үйлийг хийлгүүлж байхдаа тухайн компаниар шатаалгасан юм. ...Түргэн тусламжийн эмч Т.Б ыг үзэж байхад би өрөөнийх нь гадна талд байсан, яг хажууд нь байгаагүй учраас түргэний эмчтэй ямар нэгэн яриа өгүүлэл хийгээгүй юм. Түргэний эмчийн хажууд манай ах Н.Л , эхнэр О.М  нар нь байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-54 дүгээр тал/,

 

Гэрч Т.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 сарын 02-ны өдрийн өглөө Монгол Улаанбаатар хотын цагаар 08 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Б  нь над руу мессенжерээр “Т.Б оо ах хагалгаанд ороод гарсан, эмч хэлэхдээ муу байна, ойр дотных нь хүмүүст хэл гэсэн” гэж холбогдсон. Тэгээд тухайн өдрийнхөө орой нь дахиад Монголд байсан ах дүү нартайгаа холбогдоход гэмтлийн эмнэлэгт бие нь муу байна гэсэн. Тухайн үед Америкийн нэгдсэн улсад шөнө болж байсан учраас би унтчихаад өглөө үүрээр сэрэхэд манай дүү нараас “Б оо ах өнгөрчихлөө” гэсэн зурвас ирсэн юм. Талийгаач Т.Б  нь хүнтэй гэрлэж байгаагүй, хүүхэдгүй, ганцаараа хүн байсан. Талийгаач нь сүүлийн хэдэн жилүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд болохгүй байсан учраас ганцааранг нь амьдруулахад хэцүү байсан тул өөрийн нагац ах Н.Л ийн хамт байр түрээсэлж өгч амьдруулах болсон. ...... тоот байрыг 2022 оны 12 дугаар сарын 10-ны үеэс эхлэн 6 сараар түрээсэлсэн. ...Талийгаачтай хамгийн сүүлд өнгөрсөн зун уулзахад царай зүс муутай, гундуу байсан ба тэр үед алсдаа гадагшаа татаж авах бодолтой, эхний ээлжинд байранд оруулж, ах Л той хамт амьдруулахаар болсон юм. Хамгийн сүлд буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр талийгаачтай мессенжерээр ярихад гагнуурчны сургалтанд явж байгаа, мөн суудлын машинтай, тэр машинаараа хувиараа таксинд явж өдөр тутмын зардлаа олж байгаа талаар хэлсэн. Манай нагац ах нар бол талийгаач Т.Б  бид хоёрыг өсгөж хүмүүжүүлсэн, аав шиг хүмүүс маань байгаа юм. Талийгаач бид хоёр ах нарынхаа үгнээс гардаггүй, ах нарыгаа хүндэлдэг байсан. Талийгаач Т.Б ыг нагац ах Н.Л той хамт амьдруулах талаар Н.Л д ахад хэлэхэд “Т.Б  нь одоо миний үгэнд орж хамт байх юм болов уу, би зөндөө хамт байя гэж хэлэхэд миний үгэнд орохгүй хаяадаа ирчхээд буцаад явчихдаг, хажууд тогтохгүй байна” гэх утгатай зүйл ярьж байхад нь би Н.Л  ахыг ятгаж гуйсаар байгаад талийгаачтай хамт амьдруулахаар болсон. Манай ээж Т  нь 66 настай хөгшин хүн байгаа. Миний зүгээс тухайн хэргийг үнэн зөвөөр шийдэж, талийгаач нас барсан өдрөөс өмнө хүмүүст зодуулж гэмтсэн эсэхийг тодруулж шалгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-57 дугаар тал/,

 

Гэрч Ж.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Б той хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед 7 буудлын уулзвар дээр байдаг Хаан банкны орчимд таарсан юм. Надтай таарахдаа Б  нь бага зэрэг үнэртүүлсэн байдалтай, шартаад байна гэж хэлж байсан. Тэгээд Б  бид хоёр Бүрэн плаза худалдааны төвд ороод 0,33 литрийн “Хараа” нэртэй архи авсан. ...Г , Б  бид гурав гэрт нь кино үзээд бараг 2 цаг орчим байцгаасан. Тэгэхэд бид гурав нэмж архи уугаагүй. Кино үзэж дууссаны дараа Б  түрүүлээд гараад явчихсан. ...Хамгийн сүүлд уулзахад Б  нь хэвийн байсан. Тийм гэмтэл бэртэл авсан зүйл огт байгаагүй. Г гийн гэрт байхдаа гар утсаар хүнтэй ч холбоо барьсан зүйл байгаагүй. Б  нь өөрөө их дуу цөө багатай, даруухан талдаа хүн байсан, хаа хамаагүй хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр тал/,

 

Гэрч Б.Н н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдрийг 2022 оны 12 дугаар сарын сүүлийн өдрүүдийн нэг нь байсан гэж бодож байна, яг хэдний өдөр байсныг сайн мэдэхгүй. Би 7 буудлын замынхаа баруун талд Эмон төвийн гадна талд хонины мах зараад байж байсан. Тухайн үед Т.Б  нь ганцаараа зогсож байгаа харагдсан. Хэрвээ намайг харах юм бол мөнгө нэхнэ гэж бодоод би буруу хараад зогсож байсан юм. Тэгээд Т.Б ын ойролцоо хүмүүс бужигнаад явчихаар нь хартал Т.Б ыг архи согтууруулах ундааны зүйлийн хамааралтай хүмүүс зодож байсан. Би очоод тухайн хүмүүсийг салгахад Т.Б  босоод алхаад явж байхад нь араас нь очоод дахиад зодоод байсан. Тэгэхээр нь би очоод салгахад Т.Б  босоод хотын төв рүүгээ алхаад явж байгаа харагдсан. Тухайн үед Т.Б  нь ганцаараа явж байсан. Тухайн үед Т.Б ыг үл таних 2- 3 эрэгтэй хүн зодож байсан. Би тухайн хүмүүсийг танихгүй. 7 буудлын ойролцоо архи уудаг шинжтэй, муу муухай хувцастай хүмүүс байсан. Т.Б ыг эхлээд цохиж зодоцгоож байсан. Тэгэхээр нь би очоод салгахад Б  тухайн хүмүүсээс салаад явж байхад дахиад араас нь очоод газарт унагаачхаад бужигнаад л зодож байсан. Би тухайн үед бужигнаж байсан учраас хэрхэн яаж халдаж цохиж байсныг хараагүй. Т.Б ын хажуу талд очиж хараагүй юм. Би мах зарж байсан гэх Эмон төвийн урд талаас болиоч гэж орилоход тухайн хүмүүс болиод байсан. Би хажуу талд нь очиж хараагүй учраас Т.Б ын биед ил харагдахаар гэмтэл шарх байсныг хараагүй. Тухайн үед саравчтай малгайтай байсан санагдаж байна. Тухайн үед Т.Б  нь олон хоног архи уусан шинжтэй ядарчихсан царайтай, өрвийсөн байдалтай зогсож байсан. Т.Б  нь зодуулсныхаа дараа өөрөө босоод явж байсан. Эмнэлэг түргэн ирсэн зүйл байхгүй. Би Т.Б ыг явж байгааг харчхаад махаа зараад үлдсэн юм. Тухайн үед хөл хөдөлгөөн ихтэй, 7 буудлын ойролцоо байсан учраас олон үл таних хүмүүс байсан. Миний ойролцоо үл таних хүмүүс байсан, яг ямар хүмүүс байсныг би мэдэхгүй байна. Тэгээд архины хамааралтай хүмүүс нэгнийгээ зодож байсан учраас хүмүүс ч нээх тоохгүй байсан. Би ойролцоогоор 100 метр орчмын зайтай байсан. Т.Б  нь эхлээд зодуулж байхад би салгахад миний гар утас алга болчхоод би гар утсаа хайж олоход Т.Б  арай зайтай очоод зогсчихсон байсан. Тэгээд тухайн газраасаа алхаад явж байсан. Тухайн үед Т.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй алхаад явж байсан. Би тухайн өдрөөс хойш Т.Б той уулзсан зүйл байхгүй. Би Т.Б ыг таньдаг л болохоос биш, харьцаад байдаггүй төрлийн хүмүүс байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-195 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч бид хоёр үеэлүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аавын охиных нь охин. Би Б ын аавын ахын охины хүүхэд. Төрснөөс нь хойш мэднэ. Амь хохирогч Япон яваад манайд нэг ирсэн, ажил хийдэг байхад манай хүүхэд Б ыг маш их архи уудаг болчихсон байна гэж хэлж байсан. ...Б  өнгөрчихлөө гээд Хайлаастад очсон бөгөөд яриад сууж байсан. Би 25, 26-ны өдрөөс зарж эхэлсэн бөгөөд 4-5 хонож байсан. Би автобусны буудлын хажууд хонины мах зарж байтал эргээд хартал Б  зогсож байсан. Архи уух юм чинь мөнгө нэхэх байх гээд буруу хараад зогссон. Цагаан дэлгүүрийн урд бужигнаан болоод хартал архичид Б оог зодож байсан. Ахиад пижигнээд хартал цагаан булан руу Б ыг өшиглөж байсан. Тэрнээс хойш хараагүй байж байгаад ажил явдал дээр очсон. ...Эргээд хартал архичид Б оог нийлчихсэн цохиж байсан. Архи зардаг цагаан дэлгүүрийн шатны хажууд байсан дэлгүүрийн авгай, бид хоёр боль гээд явуулсан. Босоод явахад хоёр архичин унагаагаад өшиглөж байсан. Боль гээд хэлэхэд нөгөө хоёр хүн болиод Б  босоод яваад өгсөн. 5-6 орчим хүн зодож байсан. Эхний улсууд бөөнөөрөө цохиж байсан, дараа нь хоёр эрэгтэй архичин өшиглөж байсан. Хөөе болиоч гээд явуулаад Б  босоод яваад өгсөн. ...Шинэ жилийн дараа ах дүү нар Т гийн хүүхэд өнгөрчхөж гэхээр нь дүүтэйгээ очсон. Тэгээд очоод ярьж байгаад Б оог хүмүүс зодож байсан, хоёр архичин өшиглөөд байхаар нь очиж салгасан талаараа хэлсэн бөгөөд цагдаа нар надаас 2-3 удаа асуусан. ...Цагдаа харчхаад эндээ камертай юм байна гэж байсан.  ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутаас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чингэлтэйн салбарт дуудлагын эмчээр ажилласан юм. Тухайн үед би ажиллахдаа Чингэлтэй дүүргийн 7-19-р хорооны нутаг дэвсгэр болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр дуудлага мэдээлэл авч ажилласан болно. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 05 минутад ...  дугаарын утаснаас “олон хоног архи уусан, татаад хурхираад байна, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн буудал дээр тосоод авна” гэх утгатай дуудлагын дагуу би  түргэний жолооч Б гийн хамт 01 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 34 минутад очсон. Би тухайн дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн автобусны буудал дээр очиж дуудлага өгсөн дугаар луу залгахад нэг эрэгтэй хүн гарч ирээд би тухайн хүний хамт орон сууц буюу гэр лүү нь орсон. Тухайн байранд ороход жижиг өрөөнд нь 39 настай, Т.Б /тухайн үед би үзүүлэгчийн иргэний үнэмлэхийг харсан болохоор сайн мэдэж байна/ зүүн хажуу талаараа газарт хэвтчихсэн, хамраас нь цус гараад хатчихсан байдалтай, зүүн нүд хөхөрсөн, ухаангүй, хурхирсан, хүүхэн хараа хоёр талд өргөссөн байдалтай, биеийн байдал маш хүнд байсан. Тухайн үед жижиг өрөөнийх нь гэрэл унтраастай, нөгөө өрөөнийх нь гэрэл туссан байдалтай байсан. Би тухайн үед үзлэгийн гэрлээр нүд болон биед үзлэгийг хийсэн. Тэгээд би тухайн хүний цусан дахь сахар болон биеийн температурыг хэмжиж үзэн судас тариа хийж шингэн сэлбэхэд даралт нь бага уначихсан, 80 харьцах нь 40-тэй байсан учраас эмнэлгийн байгууллага руу зөөвөрлөхөөр болсон. Тухайн үед байсан ах нь гэх эрэгтэй хүнийг түргэний машин руугаа гаргаж нацилк буюу зөөвөрлөх ор луу гаргаж, тухайн үед хамт байсан гэх настайвтар эрэгтэй болон өөр нэг ах, эгч хоёрынх нь хамт түргэний машиндаа зөөвөрлөж тээвэрлэсэн. Тухайн үед өвчтөнтэй хамт настайвтар ах нь машинд хамт явж байсан ба хамгийн ойр эмнэлэг болох Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү өвчтөнг тээвэрлүүлэхэд жижүүрийн эмч нь үзээд, өвчтөн гэмтлийн шалтгаантай байгаа учир Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэх шаардлагатай гэсний дагуу гэмтлийн эмнэлэг рүү аваачсан. Тухайн үед өвчтөний амьсгалын замыг нээж чөлөөлөх зорилгоор хамарт амьсгалын хөндийд байх нус, цэр, бөөлжис гэх мэт зүйлүүдийг соруулж авсан байсан. Тэгээд гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах эмчид хүлээлгэн өгч тархины компьютер томографын зураг авхуулахад өвчтөнг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Өвчтөний ах нь гэх настайвтар эрэгтэй хүн, мөн ах нь гэх арай залуувтар эрэгтэй, эгч нь гэх эмэгтэй гурван хүн байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Ямар нэгэн үг өгүүлэмж хэлэх чадваргүй, ухаангүй байдалтай байсан. Дуудлага мэдээлэл өгсөн гэх найстайвтар ах нь надад хэлэхдээ “олон хоног архи уусан, орой 23 цагийн үед дүү буюу өвчтөнтэй муудаад нүүр лүү нь цохиод, хоёр удаа толгой руу нь өшиглөсөн, мөн ариун цэврийн өрөө орох гэж байхдаа хана мөргөж унасан” гэж хэлсэн. Тэгэхэд нь би хана мөргөж унасны дараагаар хэрхэн жижиг өрөөндөө оруулсан талаар асуухад надад хариулахдаа “зөөж авчирсан” л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тэгээд мөн ах нь хэлэхдээ “шөнийн 02 цагийн үед сэрээд харахад доошоо харсан байдалтай хурхираад байхаар нь дуудлага өгсөн” гэж хэлсэн боловч дуудлага мэдээлэл 04 цаг 05 минутад ирсэн байсан. Би болон нийслэлийн түргэн тусламжийн бүх эмч нар дуудлага мэдээлэл бүртээ өвчтөний карт нээж, үзлэг болон эмчилгээ болон тухайн үед очсон байдлын талаар тэмдэглэл хийдэг юм. Би тухайн хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоож мэдэх боломжгүй байсан. Мөн тухайн хүнээс тухайн үед архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан эсэхийг анзаараагүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар тал/,

 

Гэрч Б.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ГССҮТ-ийн гэмтлийн тасагт эмчийн ажил хийдэг. Би тухайн хүний биед үзлэг хийснээ өвчний түүх дээрх тэмдэглэлд бичсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар тал/,

 

Түргэн тусламжийн хуудас №2023000317, 2023.01.02, 03:40 “яаралтай урьдчилсан онош: S00.9 Толгойн тодорхойгүй хэсгийн өнгөц гэмтэл тархины битүү гэмтэл, зүүн нүд хөхөрсөн, хамраас цус гоожоод хатсан байдалтай, хэвтүүлсэн шилжүүлсэн эмнэлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв” /1 дүгээр хх-ийн 70 дугаар тал/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 80-86 дугаар тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 88-91 дүгээр тал/,

 

“Юнител” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/1668 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /1 дүгээр хх-ийн 94-96 дугаар тал/,

 

“Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4/1494 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хх-ийн 100-101 дүгээр тал/,

 

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 13д1/224 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 223 дугаартай: “...Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 2023.01.02-ны өдрийн 20 цаг 40 минутад нас барсан байна. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацрын төвгөр, хамрын нуруу, дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүү сарвуу, баруун зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач ГССҮТ-д 14 цаг эмчлэгдсэн тул цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 120-126 дугаар тал/,

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл. Толгойн чамархайн хэсэгт хүрч үйлчлэлээр дээрх гавал тархины гэмтэл үүснэ. Дээрх гэмтлүүдийг авсан хүн удаан хугацаанд явах боломжгүй. Идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, ухаангүй болж, таталт өгөх, бөөлжих, хурхирах гэх мэт эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрнэ. Дээрх эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрснээр гэмтлийг авсан байх боломжтой. Дүгнэлтийн онош 3 дээр заасан зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн баруун хацрын төвгөр, хамрын нуруу, дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үхэлд нөлөөлөхгүй, тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141 дүгээр тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 346 дугаартай: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №223 үндэслэлтэй байна. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт гэмтэлд хүнд зэрэг, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацрын төвгөр, хамрын нуруу дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун, зүүн гуя нурууны цус хуралт, зулгаралт гэмтэлд хөнгөн зэрэг тус тус тогтооно. Эдгээр гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. Гавал тархины гэмтэл нь цохих үед үүсэх нь илүү, биеийн зулгаралтууд нь унахад үүснэ. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцралын улмаас тархи дарагдан шахагдаж, хоёр хажуугийн ховдол, 3, 4-р ховдол, багана тархинд хоёрдогчоор цус харваж үхэлд хүргэжээ. Гавал тархины гэмтэл аваад түр ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинжүүд илрээд улмаар ухаан алдан хурхирна. Хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа нь тархийг дарж шахах хүртэл 2-3 цагийн хугацаанд саруул үед байх ба энэ үедээ ухамсарт үйлдэл хийж болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 142-147 дугаар тал/,

 

Шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь толгойн зүүн чамархай хэсэгт цохих, өшиглөх үед үүссэн гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 174 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Амь хохирогчийн гэмтэл унах цохиход үүсгэгдэх гэмтлийг ялгахад цохигдох гэмтлээс үүснэ. Оюун-Эрдэнэ эмчийн шинжилгээнд зүүн чамархайд няцарсан байсан. Энэ хүний гэмтэл зүүн зулай, чамархайн хугарал, ухархайн дээд хананы хугарал, цусан хураа, тархины няцрал, цохилт авсан газраа тархи няцардаг. Хүн бондгор зүйл дээр унахад цохилт гэж үзнэ. Гавал тархины гэмтлүүд хуйхнаасаа болон хугарсан газраа няцарсан байна. Унасан бол эсрэг цохилтоор тархины эсрэг талд няцралт үүсдэг. Хугарал хүч үүссэн газар үүсдэг, тархины няцрал бол цохисон механизмаас болж зүүн талдаа үүссэн. Унаж цохих, юмаар цохих, цохисон газрын эсрэг талд нь няцрах, цус харвах тогтоц 100 хувь ялгагдах үзүүлэлт мөн. Хүний тархи дотроо шингэн зөөлөн эд байгаа. Цалгих үйлчлэлээр тархи, нугасны шингэн гэж байгаа. Гавал тархи нэг талаас цохиход нөгөө талдаа цалгиж үйлчилдэг. Уналт бол өөрийн жингээр хүчтэй унах бөгөөд цалгих зүйл байхгүй гэсэн үг. Цохилтын хувьд цалгих үйлчлэл байдаггүй. Их өндрөөс унах нь гавал задарч, тархи гараад явчихдаг. Өндрөөс уналттай харьцуулж үзэхгүй, өөрийнхөө өндрөөс эсхүл цохилтыг ялгах гээд байна. Оюун-Эрдэнэ эмчийн шинжилгээ хийхдээ авсан фото зургууд байна. Үүний цаана хугарал байгаа. Энд зулгаралт гэмтэл байхгүй байна. Унах үед зулгарч гэмтдэг, унахад хуйханд зулгаралт үүсэх ёстой, үүн дээр ямар ч гэмтэл байхгүй. Унасан байх магадлал багатай. Унасан үед хуйханд гэмтэл байх нь унаж байгаа өнцгөөс хамаарна. 7 буудал хавьд зодуулсан гээд байгаа. Тэр 31-ний өдөр бүгд баярлах гээд явдаг. Захын хүмүүс 16 цаг гээд тараад хүмүүс баярлах гээд явдаг. 17 цаг бүрэнхий болоод 18 цагт хав харанхуй Б ог. 16-17 цагийн хооронд зодоон болсон байх. 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ хэвийн орсон. Ийм гэмтэлтэй хүн үйлдэл хийгээд, гэрээ явж олоод хэвийн орох боломжгүй. Тэнд олон гэмтэл байх бөгөөд хуйхны гэмтэл, гавал ясны хугарал, тархины дээд доод цусан хураа, онош дээр тусгагдаагүй ч аалзан бүрхүүлийн зэрэг бүх гэмтлүүд учирсан тул энэ хүн явах боломжгүй. Үйлдэл ухамсартай, утсаа ашиглах боломж байхгүй. Хугацаа дээр ийм гэмтэлтэй хүн тархи доргилтын үед ухаан алддаг, тархи хавагнах, цусан хурааны мөчид хурхираад унтаад орчинтой харьцаагүй бол комын байдалтай байж байгаад үхэлд хүргэдэг. Тархи хавагнаж, цусан хурааг гавлын ясыг цооноглож аваад тархи хавагнаад, цүлхийж гардаг тархины маш их хаван байсан гэсэн үг. Тархины хүндрэл байх бөгөөд тархи цооноглосон газраас өөр газраар гардаг. Тархины хамгийн өөрчлөлттэй газраас авах ёстой. Макро шинжилгээнд хараад бичсэн. Няцралтай хэсгээс аваагүй бусад хэсгээс авбал няцрал гарахгүй. Оюун-Эрдэнэ шинжээч няцралтай хэсгээс аваагүй байна. Тархины бүх гэмтлүүд байна, дүгнэлтэд амь насыг аврах боломжгүй байсан талаар байдаг. Цаг алдалгүй буюу хамгийн богино хугацаа байдаг. Гэртээ байгаа хүн гэмтэл аваад оношилно, түргэний эмч очоод үүргээ гүйцэтгээд эмнэлэг дээр хүргэсэн, компьютер томографын шинжилгээний хариуг авна. Тархи дээр учрах бүх гэмтлийг авсан. Механизм байхгүй тул цохилт байх зүйл байна. Нойл дээр унахыг цохилт гэж үзнэ. Хүн багалзуурдаад алчихвал бид механизмыг тогтоодог. ...Бид үхэлд хүрсэн шалтгааныг тогтооно, олон гэмтлүүд байгаа. Гараар цохиод  үүсгэгдэнэ. Алгадалт гэдэг нь цохилтоос өөр болно. ...Хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины няцарсан судаснууд цусаа хаях, том судас хагарсан бол хурдан. Яс хугарахаар шүүрээд гараад байдаг. Бага багаар алддаг, том судас дайрсан бол үхүүлчихдэг. Ухаангүй болно гэдэг тархины няцрал, тархи доргилтын үед ч хүн түр ухаан алддаг. Терфанаци хийгээд ясыг нь авсан байсан. Нүдний ухархайн хана руу орсон хугарлаас болж цус хурсан. Хүмүүс гэмтэлгүй байсан гээд байгаа. Хойшоогоо унасан гэж байна. Унавал зүүн талаараа унана. Нойлд унасан даруйдаа орчинтойгоо харьцах боломжгүй. Ийм гэмтэл авсан хүн авангуутаа ухаан алдана. Нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсэх бөгөөд хуйх нь үйлчлээд яс нь хугараад, бүрхүүлээс болж цусан хураа ихсэж байгаа. Шинжилгээ хийх үед зураг авч бэхжүүлнэ, үүнийг тархи няцарсан гэж харсан. Эд эсийн шинжилгээгээр няцралын шинж тэмдэг бичигдээгүй. Няцарсан хэсгээс буюу тархины хэсэгт няцарсан, бусад хэсгээс авбал няцарсан гарахгүй. Макро харагдаж байгаа тул оновчгүй газраас авсан байх. ...Макрогоор гарсан, микроскопоор  хараад хэлж байгаа. Энэ өнгөтөөр мэргэжлийн шинжээч нар гаргаад авсан байгаа. Хугарал, цус хуралтыг биш гэж үзэхгүй. Би анхны шинжилгээг хийгээгүй. Батлах, нотлох зүйлээ бүрдүүлчихсэн гэж үзвэл эд эсийн шинжилгээгээр дамжуулах шаардлагагүй. Нүдээр харж, барьж үзэх ёстой. Эд эсийн шинжилгээнд батлагдсан зүйлгүй байна, гэхдээ нүдээрээ харж, фото зургаар бэхжүүлээд няцрал гэж тогтоосон. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл буюу гавал тархинд үүссэн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Нэг гэмтлийг нэг цохилтоор үүснэ гэж үздэг. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шинжээч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүдийг авсан хүн авсан даруйдаа ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрч улмаар ухаан алдан хурхирна. Эмнэл зүйн шинж тэмдэг илрэх боловч тархи дарагдах хүртэл ойр зуурын үйлдэл хийж болно. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 197 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1071 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн богино ханцуйтай цамцанд 178мм, 32мм, 170мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 177-180 дугаар тал/,

 

Амь хохирогч Т.Б  нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн талаарх өвчний түүхийн холбогдох баримтууд /1 дүгээр хх-ийн 184-193 дугаар тал/,

 

2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрч Ц.Б ээр яллагдагч Н.Л ийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 230-235 дугаар тал/,

 

2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн гэрч Г.Н н мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 236-238 дугаар тал,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 94 дугаартай: “...Н.Л  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Л  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Л  нь хэрэг хариуцах чадвартай байна. Н.Л  нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 116-117 дугаар тал/,

 

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Н.Л ийн дахин өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 246-247 дугаар тал/,

 

Яллагдагч Н.Л ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 248-250, 3 дугаар хх-ийн 1-3 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Л  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Дүү бид хоёр төрсөн цагаас эхлээд цуг амьдарч байсан. 2008 онд Япон явсан бөгөөд 3 жил гэрээгээр ажиллачхаад 2011 онд ирэхэд би ахын хашаанаас нүүх шаардлагатай болоод найзынхаа хашааг Чингэлтэй дүүрэгт түрээсэлж байсан. Гайгүй мөнгө төгрөгтэй, машин тэрэгтэй ирчихсэн сайхан байсан. Ахтайгаа цуг амьдраач гэж хэд хэдэн удаа санал тавихад ингэсгээд очно, энийг хийчхээд очно гэж хэлдэг байсан. Байр түрээслэх хүртэл нэг ч удаа хонож үзээгүй. Мэдүүлэгт ах нь очиж зодож, нүдэж, хөөдөг байсан нь худал. Гэрч ч бас тийм зүйл ярьж байсан. Тэр орой согтуу ирсэн, эхлээд залгахад утсаа аваагүй. Амрах гэж байхад түлхүүртэй юм байж гаднаас хаалга цохиод байхаар нь очтол хаалганы цаана хана налаад зогсож байхаар нь юу болоод яаж байна вэ гээд загнаад алгадаад, 2-3 сэгсрэхэд би хүнд зодуулчхаад ирлээ гэж хэлсэн. Тэнцвэр алдахдаа захнаас зуурсан бөгөөд гарыг нь тавиулах гээд байж байтал хойшоо уначихсан. Хувцас хунараа тайл, амармаар байна гэж хэлсэн. Би орон дээр очоод тамхи татаад тайвшраад суусан бөгөөд коридорт түчигнээд эхэлсэн ба 3-4 минутын дараа харахад дээрх хувцсаа тайлчихсан байсан. Чи хувцсаа тайлаад амар, би маргааш ажилтай гэхэд за гэсэн бөгөөд тэгээд би орондоо орсон. Нээх удаагүй өмдөө тайлаад нойлын өрөө орчхоод өрөөндөө ороод унтаад өгсөн. Би ганц зурагт үзээд хэвтэж байсан, өөр гэрэл асаагаагүй байсан. Шөнө 01 цаг 30 минутын орчимд тас хийх чимээ гарах үед би боссон бөгөөд нойлын хаалга онгорхой, үүдэнд толгой нь дотогшоо орчихсон байсан. Би шээе гэж дуугарсан бөгөөд би арай хийж босгоод шээлгээд, буцаагаад ор луу нь арай хийж аваачсан. Тэрнээс хойш унтаж байтал шөнө муухай дуугараад байсан бөгөөд би бөөлжсөндөө хахаж байна гэж бодсон. Гэтэл хурхирах гэдэг юм байна лээ. Би бөөлжсөндөө хахсан юм байх гэж бодтол хамар, амнаас нь шингэн зүйл гарчихсан байхаар нь нойлоос арчуур аваад цэвэрлэсэн. Би нөгөө тийш нь харуулж хэвтүүлээд хөлийг нь хуччихаад буцаад унтаад өгсөн. Тэрнээс хойш 30 минутын дараа муухай дуугараад эхлэхээр нь яваад очиход бүүр их шингэн гарчихсан байсан. Тэр үед болохгүй болж гэж ойлгоод түргэн дуудсан. М  доошоо 2 буудал зайтай тул тэр хоёр луу залгаад хүрээд ир гэж хэлээд нөгөө хоёр ирсэн. Түргэн ирээд аваад явсан. Би дүүгээ зодож цохисон зүйл огт байхгүй. Би шөнө унтаж байгаад унасан гэж хэлсэн байхад хана мөргөсөн гэж хэлээд байна. Нойлын хаалга булангийн цаана байдаг бөгөөд тас хийсэн чимээ гараад боссоноос юу цохиж унаж байгааг харах боломжгүй. Би тэр байранд 20 хоноход надтай хамт 3 удаа л хоносон байдаг...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/ мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Н.Л  нь ... тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хамаатны дүү болох Т ийн Б той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгойн хэсэгт нь өшиглөж хана руу түлхэн унагаах зэргээр гавал тархины битүү гэмтэл учруулж зодож алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шинжлэн судалж хэргийн үйл баримтыг тогтоовол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр гэмт хэрэг хаана болсон нь тогтоогдоно. Гэрч М , Л , Н  нар шүүгдэгчтэй төрөл садны хүмүүс байгаа учир хэргийн үйл баримт болох хугацаанд харсан гэрч байхгүй тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг дамжмал эх сурвалж гэж үзэж байна. Үйл баримт юугаар нотлогдож байна вэ, шүүгдэгч хэрхэн бусдын амийг хөнөөсөн бэ гэвэл амь хохирогч 10 цагт гэр лүүгээ ямар нэгэн гэмтэлгүйгээр орсон талаар хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. Шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан мэдүүлэг, шинжээч эмч нарын дүгнэлтүүдээр амь хохирогч юунаас шалтгаалж нас барсан бэ гэвэл тархины гэмтлүүд байна. Гэмтэл авснаас хойш 2-3 цагийн дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ. Гэрч нарын хэлснээр 30, 31-ний өдөр бусдад зодуулж гэмтэл авсан бол шинж тэмдэг илрэх боломжтой байсан. Энэ цаг хугацаанд хохирогч тархинд гэмтэл аваагүй болох нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, өдрийн цагаар хамт байсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог буюу эрүүл мэнддээ гэмтэл аваагүй, тархи зүгээр, бусадтай харьцах харьцаа хэвийн байсан нь тогтоогдоно. 22 цагт гэртээ ороод, орсноос хойш шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдсан тухайн үйл баримтыг харсан гэрчгүй. Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, худал мэдүүлэг өгөх эрхтэйн хүрээнд үйл баримтыг нотлох үүргийг хүлээхгүй. Хоорондоо маргалдсан амь хохирогчийн бусад байдлаар эрүүл мэндэд учирсан гэмтлүүд амь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо маргалдсан ноцолдсон байдлыг харуулж байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд цохиогүй гэх боловч анх дуудлагаар очсон эмч, ГССҮТ дээр үзлэг хийсэн эмч нарын мэдүүлэг, тэмдэглэлд энэ хүн дүүгээ 2-3 удаа өшиглөсөн, цохисон, хана руу унасан талаар үйл баримтын үед буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, хэрэг болсны дараа эмч нарт мэдүүлсэн баримт авагдсан байгаа. Үүнээс хойш цагдаа шалгаад ирэхээр шүүгдэгчийн мэдүүлэг хувирдаг. Тархины гэмтлийг шинжээч эмч хэлсэн бөгөөд унах үед үйлчлэх, цохих үед үйлчлэх өөр. Эмнэл зүйн хувьд цохих, унах гэж байгаа ч цохих үед үйлчилнэ, яс хугарч, бяцрал үүсэж, хальсанд цусан хураа үүсэж байгаа учир цохих үйлдлийн улмаас хүний амь нас гавал тархины гэмтлээр нас барсныг шинжээч эмч хэлсэн. Тухайн үед шүүгдэгчийг өөрөө цохисон, өшиглөсөн талаар энэ хүн мэдүүлсэн гэж анх дуудлагаар очсон эмч маань шүүгдэгчийг таньж олуулах ажиллагаа хийж заасан. Эдгээр үйл баримтаар тогтоогоод шүүгдэгч амь хохирогчийн тархи руу цохисон, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж уурлаж түүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах хангалттай нотлох баримт байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Хар багаасаа хамт байсан хүмүүс байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцсон байдал амь хохирогчийг төлөөлсөн эсэхэд эргэлзээтэй санагдаж байна. Энэ хүн нас барсан, энэ хүнийг авъя гэх сэтгэл зүйгээр хандаж байна уу гэж санагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Хувцагаанаас: “...Шүүгдэгч Н.Л ид холбогдох хэрэг гэм буруугийн шатанд байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр хэрэг шүүхэд шилжсэнээс эхэлж оролцож эхэлсэн. Улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хангахгүй, эрх зүйн туслалцаа үзүүлэхгүй, өмгөөлөгчийн үүргийг биелүүлэхгүй гэж 2 удаа сонсож байна. Та шалгуулах эрхтэй. Бид тангараг өргөж хуульч болсон ч шүүгдэгчийн эсрэг үйл ажиллагаа явуулах эрхгүй, энэ хүн надаас татгалзаагүй тул энэ процесс ажиллагаанд оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө энэ хэргийн хохирогч тархины гэмтлээс хүнд гэмтэл авсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Гэхдээ энэ дүгнэлтийн хувьд 2-3 удаагийн дүгнэлтээр, мэдүүлэг нар хоорондоо зөрүүтэй байгаа. Зөрүүтэй байгааг тэр хүний амнаас гарсныг Монгол хэлээр сонссон. Шинжээчийн хэлснээр цохилтын улмаас үүссэн гэж байна. Цохисон хэсэгт тархи няцарсан гэж байна. Тэр эмчийн хувьд няцарсан гэж тайлбарлаж хэлж чадах мэдлэг байхгүй. Тусгай мэдлэг шаардсан шинжээчийг няцаах нь хүндрэлтэй ч хэлэх зүйл байна. Тархины эд эс няцрах нь анатомийн бүрэн бүтэн байдлын хувьд тархины эс задарч бутрахыг хэлэх буюу шаазан хагарсантай адил юм. Цус хурах гэдэг нь өөр ойлголт. Тархийг тэжээдэг нарийн судас тасарвал жижиг хэмжээгээр цус гарч, гарсан цус бүлэгнэхийг цус хурах гэж анагаах ухааны үүднээс хэлдэг. Няцарсан гэдгийг шинжээч юугаар нотолсон бэ? Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу шинжээчид хууль сануулж, өөрийн дүгнэлтийг өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл тархины няцралаас авсан эд эсийн шинжилгээгээр тодорхой хэмжээгээр граммаар авч шинжилдэг. Түүний хариу няцарсан гэж гарч ирдэг. Өнөөдөр тийм зүйл байхгүй байна гэж ойлгож байна. Ийм учраас няцралт нь цохилтоос үүсдэг бол шинжээч эмч нотолж чадаагүй. Талийгаач тархины гэмтлээс нас барсныг хүлээн зөвшөөрнө. Хаанаас ямар хүч үүсэж, эргэлт, төгсгөл хаана байсныг шинжээч хэлж чадаагүй. Шинжээч эмч хийж байгаад өмгөөлөгч болчихсон, асуулт нь анагаах ухааны үүднээс тавьж, хариулт авч байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач нас барсан ч гэсэн ямар хүч үйлчлээд, ийм гэмтэл хүргэсэн бэ гэдэг асуудал. Шөнийн 2 цагт гэмтэл авсан гэж үзье. Имрай, рентген авна гэвч  энэ хүнд өглөө 8 хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байж нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийдэг. Ах дүү хамаатан садан гэх утгаар биш хуулийн хүрээнд дүгнэлт гаргана. Шүүгдэгчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, алгадсан, цохисон, тас хийж шалан дээр ойсон. Д.Гомбо хэргийн газар үзлэг хийлгэж заалгаад авсан байгаа. Шүүгдэгч урьд зөрчилд холбогдож байгаагүй, ийм учраас анхны мэдүүлэг, сүүлд өгсөн мэдүүлэгт онцын өөрчлөлт ороогүй гэж үзэж байна. Гэрч Н ын мэдүүлэг буюу 01 дүгээр 01-ний өдрийн 21 цагт амь хохирогч над руу би Дамбад явж байна гэж ярьсан. Эд нарын байдаг газар очиж үзсэн бөгөөд миний асуултад шүүгдэгч тодорхой хариулж өгөхгүй байсан. Машинаар, явганаар хаанаас орж болохыг очиж нүдээр үзсэн. Тэнд унаагаар эсхүл автобусаар ирнэ. Дамбадаржаагаас явж Чингэлтэйгээр өгсвөл шууд явах унаа байхгүй. Ирэх үедээ энэ хүн ямар байдалтай ирсэн бэ? Дараагийн асуудал нь М  гэдэг гэрч мэдүүлэхдээ 31-ний өдөр уулзахад шартаж үхлээ, уухаар бөөлжөөд байна гэж хэлдэг. Шартсан хүн дотор муухайрч бөөлждөг, тархины гэмтэл авсан хүн дотор муухайрч бөөлждөг. Энэ хүн ганц удаа архи уугаад шартаагүй, 2011 оноос хойш байнга архи уусан харагдаж байна. Ганц өдөр шартаад үхэх үү? Тэр өдрийн турш архи уусан нь гэрчийн мэдүүлэгт байгаа. Ийм гэмтэл авчихсан, комд орсон хүн хамгийн түрүүнд эмнэлэгт очиход спиртийн агууламж үзэх ёстой, өнөөдөр хэрэгт байхгүй. Сүүлд эмчилгээнд ороод тариа гээд үзэх боломжгүй болсон. Согтолтын хэддүгээр зэрэгтэй байсан бэ? 2-3 зэрэг байсан бол хүний асрамжгүй өнхөрч ойчно, өнхрөхдөө ямар ч гэмтэлд ороод ирж болно. Согтуу ч гэсэн сохор ухаантайн үлгэрээр согтуу хүн ороод ирдэг. Анагаах ухааны дүгнэлтээр хэдхэн секунд ухаан орж, ухаан гардаг талаар нотолж тогтоосон. Ийм ажиллагаануудыг хийгээгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байна. Эхний хүч хаанаас үйлчилсэн бэ? ухамсарт ухаанаа алдах гэж уг гэмтэл гарснаас хойш хэдий хугацаанд шоконд орох вэ? одоо үед гэрэлт үе гэж ярьдаг болсон байсан. Тархины гэмтлийн улмаас том судас хагарав уу? жижиг судас хагарч комд орсон эсэхийг тогтоодог. Гэм буруутай эсэхэд эргэлзэж байх тул шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилох нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбоос: “...Өмнө зодсон эсэх дээр гайгүй юм байна. Орж ирсний дараа юу болсон бэ гэдэгт шинжээч тодорхой хариулсан. 22 цагт орж ирээд ноцолдож, зодолдсон. Анхан шатны шүүгчийн шийдвэр, давж заалдах шатны шийдвэрт ямар үйлдлийн улмаас үхэлд хүргэх гэмтэл учруулсан бэ? 2-3 удаа цохисон, өшиглөсөн, хана руу наасан. Яллах дүгнэлтэд алинаас болж үхэлд хүргэсэн бэ? юу гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Энэ асуудлаас болж нэгдүгээрт гараараа цохисон, өшиглөсөн гэх зүйл угаасаа байхгүй. Түргэний эмч дам дамаараа ярьсан байх. Гараараа цохисон, алгадсан гэж ярьж байгаа. Гараараа цохиход үүсэх тохиолдол байгаа, мод чулуугаар цохисон ч үүсэхгүй байх зүйл байна гэж байна. Хувь хүний цохилт үүсгэж буй хувийн байдал, нэгдүгээрт баруун гартай юу, цохиод 14 см хэмжээгээр ангайлгаж, доторх венийн судсыг тас цохиод огцом зуур үхэлд хүргэх хэмжээгээр цохилт хийсэн байх магадлал шүүгдэгчийн хувьд хэр вэ? бид нар ч гэсэн маш хэцүү. Үүнийг шалгах ёстой байсан байна. Үүн дээр дотоод итгэлээр дүгнэлт хийхээс өөр аргагүй буюу шинжээч  эмч байж болно, болохгүй гэж ярьсан. Анхны мэдүүлгээр хойшоо налж унасан гэж байгаа ба авсан гэмтэл зүүн чамархай бөгөөд хойшоо налж унахад ийм гэмтэл авах боломжгүй. Дараагийн асуудал нь 22 цагт энэ хүн унтаад 8 цаг болсон бөгөөд ийм зүйл болох боломжгүй. Ойр зуурын үйлдэл хийнэ үү гэхээс босож явах боломжгүй. 10-20 минут авсан гэмтэл байлаа гэхэд 00 цаг хүртэл энэ хүний асуудал шийдэгдэх ёстой. Эсхүл энэ гэмтлийг аваад газар дээрээ орчинтой харьцаагүй болно. Том судас тасраад нүд рүү маш хурдан цус гадагшилж байна. Ангархай нь 14 см тул тэр завсраар хурдацтай цус гарч дарагдал өгнө гэж ярьж байна. Яс цуурсан бол 24 цаг, 48 цаг явж байгаа нь цууралтын хажуугаар шүүрэхэд тэгдэг юм байна. 14 см урт бол тийм зүйлээр цус алдвал тэр дороо ухаангүй, үсрээд 2-3 цаг ухаантай байж байгаад ухаангүй болно. 8 цаг байх боломжгүй, ерөөсөө 2-3 цаг болно. Цаг хугацааны хувьд унасны дараах асуудал цаг хугацааны хувьд учирсан гэмтлийн тухайд туршлага хуримтлуулсан, эмчийн тайлбарт дүгнэлт хийх хэмжээнд хүрчихсэн болов уу? 4 цаг өнгөрөөд түргэн ирээд, 6 цаг хүртэл амь хохирогч амьтай голтой байсан болов уу. Дөрөвний нэг буюу нэг ийм тохиолдол байдаг бөгөөд уначхаад тархи цалгиагүй зүйл Б ог. Хүн амины хүнд гэмтлүүд гардаг бөгөөд дөрөвний нэг гээд бодвол маш их. Энэ хүн тэр дороо орчиндоо харьцаагүй болчихсон. Шинж тэмдэг нь тэгж болоод амнаас нь юм хум гоожсон, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Ганц удаа хойшоо унахад үүсэх боломжгүй гэж андуурсан. Тэгвэл газар дээрээ явсан байх магадлалтай гэж байна. Тархи цалгих эсэх нь хэр хүчтэй унасан, ямар өнцгөөр унасан эсэхээс шалтгаалах байх. Орж байсан хэргүүдээс харахад тархи цалгихгүй тохиолдолд хүчтэй хавтангаар цохиход үүсдэг гэмтэл. Уналтын хүч багатай, эгзэг таарч унавал нөгөө талдаа харвалт өгөхгүйгээр учирч болох гэмтэл. Дөрөвний нэг магадлагаагаар шүүгдэгчийн хувийн байдал биеийн хөгжил дээр бүгдэд нь дүгнэлт хийх ёстой. 14 см хэмжээтэй ангархайг нэг цохилтоор үүсгэсэн гэдгээс хамаагүй магадлалтай зүйл байна. Шинжээч хагас дутуу ойлголттой орж ирсэн байна. Оюун-Эрдэнэ ингээд унахад үүсэх боломжтой гэж хэлсэн байдаг. Энэ нь шалгаад ирэхэд эцсийн боломжит хувилбар нь шөнийн 2 цагт унаснаас болж үүсэж ноцтой гэмтэл учирч, үүнээс үүдэж тэр дороо орчиндоо харилцаагүй болсон нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн зууралдаж ганц нэг цохисон, алгадсан нь үхэлд хүргээгүй. Хойшоо унасан бол болгоомжгүй үйлдэл болно. Гараар цохисон гэх үйлдэл баруун гараараа хүчтэй цохиод ч хэцүү сонсогдож байна. Үүнийг 60 хоногоор хойшлуулж, шинжээч томилуулах. Цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар цагаатгах нь үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Улсын яллагчийн зүгээс хэргийн талаар нотолбол зохих асуудалд үндэслэж гэм буруутай гэж үзэх буюу гэрч, яллагдагчийн мэдүүлгийг үндэслэл болгосон байна. Гэвч энэ нь хуулиар хязгаартай. Яллагдагчийн мэдүүлэг дангаараа яллах талын нотлох баримт болохгүй. Мөрдөгдөж буй хуулиар гэрчээр мэдүүлэг авч болох ч гэрчийн мэдүүлгийг хууль сануулах, өмгөөлөгчтэй мэдүүлэг авах, гэрчээр өгсөн мэдүүлгийг өөрийн эсрэг ашиглахыг хязгаарласан зохицуулалтаар хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэж байгаа нь боломжгүй байна. Бусад нотлох баримтын хувьд гэвэл хохирогчийн биед гавал тархины гэмтэл учирсан. Гавал тархины гэмтлээс үүсэх байрлал, шинж чанар, боломж, механизм зэрэг нарийн асуудалд шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг ижил үнэлэгдэх ёстой. Шинжээч хийсэн дүгнэлтийн талаар зөрчилгүй байр сууриа илэрхийлж мэдүүлэг тайлбар өгдөг. Оюун-Эрдэнийн дүгнэлтээр гавал тархины гэмтэл учирсан, үүссэн механизмыг унах үед үүсэх боломжтой гэсэн. Давтан дүгнэлтээр унах үед тархины гэмтэл үүсдэггүй гэж үг хэлчихсэн. Унахад тархины гэмтэл үүсэхгүй гэхэд итгэх хүн байх уу? Унасан хүнээс тархи нь зүгээр үү гэж асуудаг. Унах үед үүсээгүйг ялгаж тайлбарласан тайлбар нь шинжлэх ухааны судалгаа, магадлал үндэслэсэн зүйл байхгүй. Зөвхөн өөрийн үзэмжээр тайлбарлаж байна. Хүний толгой руу сүхээр цохих, сүх дээр унах зэрэгт энэ нь цохисон гэж нарийн тогтоох боломжгүй. Шинжилж үзэхэд тодорхой хувь буюу гавал ясны гэмтэл учраагүй бол тархи савах төдий үйлчлэлд эсрэг талдаа няцрал үзүүлэх. Нэг газраа хүч үйлчилбэл эсрэг талд няцрал байж болно, байхгүй байж болно. Энэ нь хоёр зөрүүтэй байдал үүсэж байна. Шинжээчийн дүгнэлтэд тавих шаардлага буюу Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжлэх ухааны үндэслэлтэй, стандарт бүхий бодитой дүгнэлт гаргана гэж байгаа. Энэ дүгнэлтүүдээр шинжлэн ухааны үндэслэлээр баталсан зүйлгүй. Тархи няцарсан гэж зураг дээр ярьж болохгүй. Зургийг хараад няцарсан гэж хэлж болохгүй. Няцарсан тархинаас авч эсийн шинжилгээнд оруулж байж тархины няцрал гэж үзэх ёстой, тэр байхгүй байна. Гавал ясны хугарал өнөөдрийн шинжээч шинжилгээ хийгээгүй, протокол, зураг хараад дүгнэлт гаргасан байна. Ясны хугарлын байрлал, хэмжээ, аль хэсэгт хүч үйлчилснийг шинжээч тогтоох нь чухал. Толгой дээр цохиход олон газар хугарал үүсэж болно. Аалзны тор шиг ч хугарал байдаг бөгөөд энд хүч үйлчилсэн гэж гардаг болохоос шинжээчийн дүгнэлт тэгж болохгүй. Аль хэсэгт хүч үйлчилж хугарал үүссэн бэ? хаанаас хаашаа явсан бэ? голдоо үүсээд хоёр тийшээ явсан уу? гэдгийг тогтоох ёстой. Улсын яллагчийн үндэслэл цохиод арагш нь түлхээд унагаасан гэх үйлдэл хугарал байрлалын хувьд зөрсөн. Дух яс гэж орох ёстой бөгөөд нүдний дээд тал руу орсон хугарал байна. Энд хүч үйлчилсэн нь толгойг бөөрөнхий гээд хоёр хуваавал урд тал хэсэг хугарал үүссэн байхад энд хүч үйлчилсэн шүүгдэгч учруулсан гээд байна. Духаар нь унагаасан гэж хэлээгүй бөгөөд хойшоо хана руу түлхсэн бөгөөд тэр үед гэмтэл учирсан гэх магадлал зөрж байна. Барагтай толгойгоороо эргэхэд хүч саарах зэрэг байрлалын хувьд тохиромжгүй байна. Шүүгдэгчийг яллах талыг барьж болохгүй, цагаатгах талыг барих ёстой, жорлонд урагшаа хараад уначихсан байсан. Энэ тохиолдолд гэмтэл учраагүй гэх нотолгоо байхгүй байна. Дагзны хэсгийн буруу харуулсан зургуудад шинжээч нар дух яс, зулай гэдгийг анзаараагүй байдал анзаарагдаж байна. Нүдний гэмтэл асуухад урд талын хэсэг рүү орж байна. Нүдний дээд талын орбитын яс хугарахад тэндээс гарсан цус гарч ясны завсраар нэвчиж овойгоод тодроод ирсэн. Байрлал хаана байгааг тогтоосон. Энэ үүднээс өмгөөлөгчийн хувьд яллаж байгаа нотолгоо бол шүүгдэгчийн мэдүүлгийг ашигласан. Хэргийн талаар нотолбол зохих байдалтай тохирохгүй байна. Дахин экскамаци шинжилгээ хийх ёстой, шүүх томилж хэрэгжүүлэх боломжгүй тул 60 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж, аль хэсэгт гэмтэл үүссэн бэ? нөжөөр хаана үүссэнийг тогтоох боломжгүй. Тэрийг нарийн тогтоож байж, энэ байрлал, энэ хүн гэмтэл учруулсан уу гэх нотолгоог уялдуулж үзэхгүй бол энэ хүний хувь заяа хэлмэгдэх нөхцөл байдал байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөгч хойшлуулшгүй ажиллагааг явуулаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай эсэхийг тогтоох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна. Гэмт хэргийг хэн үйлдсэн, хохирол хор уршиг, цаг хугацаа тодорхойгүй байхад хүсэлт гаргаад эхлээд манай хүсэлтийг хүлээн авч прокурорт буцаасан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ирсэн ч нотолбол зохих байдлууд нотлогдоогүй. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэм буруугийн асуудлыг эргэлзээгүй нотолсон байхыг шаарддаг. Эргэлзээгүй нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Улсын яллагчийн гол үндэслэл нь ганцхан камерын бичлэг байх бөгөөд бичлэгт энэ хүн гэртээ зүгээр ороод, тэндээс түргэний тэрэгт орсон гэх ганц нотлох баримт байна. Шүүгдэгч, амь хохирогч нарын хооронд ямар үйлдэл болсныг бүү мэд. Хоёр алгадсан, толгой хэсэгт өшиглөсөн, хана луу түлхэж унагаасан гэх үйлдлүүд ямар нотлох баримтаар нотлогдож байна вэ? Шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Улсын Дээд Шүүхээс үүнтэй холбоотой тогтоол гаргасан, тэр нь гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байхыг тайлбарлаагүй, мэргэжилгүй хүн тэрийг ойлгохгүй. Тэрийг яллах дүгнэлтийн үндэслэл болгож бичиж байна. Түргэний эмч шүүгдэгчийг ярьсан гэж яриад байна. Хэрэгт ач холбогдолтой гэрч мөн үү? ямар үйл баримт болсныг тэр хүн хараагүй. Шүүгдэгчийн үйлдлээс болж амь хохирогч нас барсан гэх нэг ч нотлох баримт байхгүй, бүгд дамжмал нотлох баримт. Гэмт хэрэг гарсан газар ямар үйл баримт болсныг сэргээн дүрслэх гэхээр хойшлуулшгүй ажиллагаа явуулаагүй тул боломжгүй. Хэргийн газар хэмжилт хийгээгүй, нөхөн сэргээж дүрслэх гэхээр боломжгүй. Маш жижигхэн орон зайд болсон бөгөөд цохиход хаашаа унасныг бүү мэд. Мөрдөн шалгах ажиллагаанд эд мөрийн баримтаар эд зүйлийг хурааж аваагүй, хураан авч үзлэг хийдэггүй юм уу? биед үзлэг хийх, хувцсанд үзлэг хийх ёстой. Хүн амины хэрэг байхад эд мөрийн баримтаар хурааж аваад, амь хохирогчийн хувцсыг хураан авах ёстой. Би шүүгдэгчийн хувцсыг өөрөө аваачиж өгсөн бөгөөд тэр нь миний мөрдөн шалгах ажиллагаанд гарсан гомдол хүсэлтээс харагдана. Энэ хүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр зодуулж, гэмтэл нь 2-3 өдөр үргэлжилж, үүний улмаас нас барсан гэж буруу ойлгосон байна. Энэ гэмтлийг тогтоох, ямар гэмтлийн улмаас нас барсан эсэх, ямар хүчин зүйлээр үүсгэгдсэнийг хуульч нар учир мэдэхгүй тул би Э.Ганбат өмгөөлөгчийг оролцуулах саналыг гаргасан. Энэ чинь таамаглал болсон бөгөөд шүүгдэгч, хохирогч байж байгаад түлхээд, зодоод алсан гэх таамаглал үгүйсгэгдсэн буюу амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдээр үгүйсгэгдсэн. 2-3 удаа нүүр лүү цохиж, толгой хэсэгт өшиглөсөн гэж байна. Өшиглөсөн бол гуталтай байсан уу? гуталгүй байсан уу? гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй. Бакалтай байж хүнд гэмтэл учруулна. Толгой хэсэгт 2-3 удаа цохисон гэж байна. Яг хаана нь цохисон бэ? Энэ бол зулай хэсэгт үүсэн гэмтэл байгаа. Гараараа шанаанд цохиход чамархай хэсэгт гэмтэл үүсэх үү? Хэрэв цохисон бол хөхрөлт, няцралт, зулгаралт үүснэ. Өнөөдөр тийм зүйл байхгүй бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр харагддаг. Шинжээч нарын дүгнэлт хавтгай гадаргуу дээр үүсэх үү гэхэд боломжгүй гэсэн. Тэгвэл эд зүйлээр цохисон бол яагаад зулгаралт, няцралт үүсэхгүй байна вэ? Бакалтай хөлөөрөө үүсэхэд том хэмжээний зулгаралт, няцралт үүссэн баймаар байтал үүсээгүй. Үхлийн шалтгаан нь өнөөдөр ямар хүчин зүйлийн улмаас үүссэнийг тогтоох. Энэ үйлдлээс болсон гэж дүгнэх ямар ч боломжгүй, эхнээсээ байсан ч арилаагүй. Эргэлзээгүй нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Эмч нар нь өөрсдөө хоорондоо санал зөрөлдсөн, Оюун-Эрдэнэ хавтгай гадаргуу дээр унаснаас үүссэн байх боломжтой гэдэг. Зулгарал няцралт үүсээгүйгээр хавтгай гадаргуу дээр унахад үүснэ гэдэг. Гэвч урд талд нь гэмтэл учирсан буюу бүх зүйл зөрүүтэй байхад яаж гэм бурууг тогтоох вэ? Нансалмаа нь энэ хүн энэ гэмтлийг авбал хөдлөх боломжгүй, ухаан алдаж унана гэдэг. Амь хохирогч унаад, өрөөндөө очиж унтаад, босож ирээд нойлд унасан нөхцөл байдал тогтоогдоод байна. Орж ирэхэд цохисон зэрэг нь үйлчлэхгүй, унтаж байгаад босож ирснийг бүх гэрчүүд нотолсон. Нойл руу орох гэж байхдаа нойлоо мөргөж унасан уу гэж таамаглаж байна. Урд талд үүсэн гэмтэл тул нүдний чамархай хэсэгт үүссэн байна. Үүнийг цохисон бол хөхрөлт, няцралт үүснэ. Би бол одоо ч хэн ч тогтоож чадаагүй гэж үзэж байна. Бид эргэлзээгүй нотолсон байх ёстой. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд зааснаар хуралдааныг хойшлуулж, дахин шинжээч томилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Б өөс: “...Энэ хүн өшиглөсөн барьсан гэж байна, хэргийг хойшлуулаад дахиж шалгах ёстой. Гэрч орж ирээд харсан гэж байсан бөгөөд харж байсан хүмүүсийг дуудаж шалгах нь зүйтэй байх...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардах бөгөөд талийгаач Т.Б ын биед учирсан, үхэлд хүргэсэн гэмтлийг 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ... тоотод шүүгдэгч Н.Л  нь “архи уулаа” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж ...нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгой хэсэгт нь өшиглөх, хана руу түлхэж унагаах зэргээр зодож учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байхаас гадна шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн нас барсан шалтгаан хоёр нь шууд холбоотой гэж дүгнэлээ.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 223 дугаартай, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 346 дугаартай дүгнэлтүүдээр “...талийгаач Т.Б  нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг 40 минутад ...гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцралын улмаас тархи дарагдан шахагдаж, хоёр хажуугийн ховдол, 3, 4-р ховдол, багана тархинд хоёрдогчоор цус харваж үхэлд хүрсэн...” болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Л ийн хохирогч Т.Б ын биед халдаж, цохиж, түлхэж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний амь насыг хохироосонд тооцно.

Иймд шүүгдэгч Н.Л ийг “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбоос: “...гараараа цохисон, өшиглөсөн гэх зүйл угаасаа байхгүй. ...шинжээч Оюун-Эрдэнэ ...унахад үүсэх боломжтой гэж хэлсэн байдаг. Энэ нь шалгаад ирэхэд эцсийн боломжит хувилбар нь шөнийн 2 цагт унаснаас болж үүсэж ноцтой гэмтэл учирч, үүнээс үүдэж тэр дороо орчиндоо харилцаагүй болсон нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн зууралдаж ганц нэг цохисон, алгадсан нь үхэлд хүргээгүй. Хойшоо унасан бол болгоомжгүй үйлдэл болно. Иймд ....шинжээч томилуулах. Цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас: “...Яллагдагчийн мэдүүлэг дангаараа яллах талын нотлох баримт болохгүй. ...хохирогчийн биед гавал тархины гэмтэл учирсан. Гавал тархины гэмтлээс үүсэх байрлал, шинж чанар, боломж, механизм зэрэг нарийн асуудалд шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. ...Оюун-Эрдэнийн дүгнэлтээр гавал тархины гэмтэл учирсан, үүссэн механизмыг унах үед үүсэх боломжтой гэсэн. Давтан дүгнэлтээр унах үед тархины гэмтэл үүсдэггүй гэж үг хэлчихсэн. ...тодорхой хувь буюу гавал ясны гэмтэл учраагүй бол тархи савах төдий үйлчлэлд эсрэг талдаа няцрал үзүүлэх. Нэг газраа хүч үйлчилбэл эсрэг талд няцрал байж болно, байхгүй байж болно. ...Зургийг хараад няцарсан гэж хэлж болохгүй. Няцарсан тархинаас авч эсийн шинжилгээнд оруулж байж тархины няцрал гэж үзэх ёстой, тэр байхгүй байна. Духаар нь унагаасан гэж хэлээгүй бөгөөд хойшоо хана руу түлхсэн бөгөөд тэр үед гэмтэл учирсан гэх магадлал зөрж байна. Дахин ...шинжилгээ хийх ёстой, ...аль хэсэгт гэмтэл үүссэн бэ? нөжөөр хаана үүссэнийг тогтоох боломжгүй. Тэрийг нарийн тогтоож байж, энэ байрлал, энэ хүн гэмтэл учруулсан уу гэх нотолгоог уялдуулж үзэхгүй бол энэ хүнийг хэлмэгдэх нөхцөл байдал байна...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөгч хойшлуулшгүй ажиллагааг явуулаагүй. ...Эргэлзээгүй нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Улсын яллагчийн гол үндэслэл нь ганцхан камерын бичлэг байх бөгөөд бичлэгт энэ хүн гэртээ зүгээр ороод, тэндээс түргэний тэрэгт орсон гэх ганц нотлох баримт байна. Шүүгдэгч, амь хохирогч нарын хооронд ямар үйлдэл болсныг бүү мэд. Хоёр алгадсан, толгой хэсэгт өшиглөсөн, хана луу түлхэж унагаасан гэх үйлдлүүд ямар нотлох баримтаар нотлогдож байна вэ? Шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гээд ...Улсын Дээд Шүүхээс үүнтэй холбоотой тогтоол гаргасан. ...Түргэний эмч шүүгдэгчийг ярьсан гэж яриад байна. Хэрэгт ач холбогдолтой гэрч мөн үү? ...бүгд дамжмал нотлох баримт. ...Хэргийн газар хэмжилт хийгээгүй, нөхөн сэргээж дүрслэх гэхээр боломжгүй. ...эд мөрийн баримтаар эд зүйлийг хурааж аваагүй, ...биед үзлэг хийх, хувцсанд үзлэг хийх ёстой. ...толгой хэсэгт өшиглөсөн бол гуталтай байсан уу? гуталгүй байсан уу? гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй. ...Эмч нар нь өөрсдөө хоорондоо санал зөрөлдсөн, Оюун-Эрдэнэ хавтгай гадаргуу дээр унаснаас үүссэн байх боломжтой гэдэг. ...Нойл руу орох гэж байхдаа нойлоо мөргөж унасан уу гэж таамаглаж байна. Бид эргэлзээгүй нотолсон байх ёстой. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд зааснаар хуралдааныг хойшлуулж, дахин шинжээч томилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан;

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Б өөс: “...Энэ хүн өшиглөсөн барьсан гэж байна, хэргийг хойшлуулаад дахиж шалгах ёстой. Гэрч орж ирээд харсан гэж байсан бөгөөд харж байсан хүмүүсийг дуудаж шалгах нь зүйтэй байх...” гэсэн дүгнэлт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Нэгдүгээрт: Амь хохирогч Т.Б  өмнө нь буюу 2022 оны 12 дугаар сарын сүүлээр 7 буудал орчимд бусдад зодуулж гэмтэл авсан, улмаар нас барсан гэх агуулга бүхий дүгнэлтийн тухайд:

Гэрч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2022 оны 12 дугаар сарын сүүлийн өдрүүдийн нэг нь байсан гэж бодож байна, ...хартал Т.Б ыг архи согтууруулах ундааны зүйлийн хамааралтай хүмүүс зодож байсан. Би очоод тухайн хүмүүсийг салгахад Т.Б  босоод алхаад явж байхад нь араас нь очоод дахиад зодоод байсан. Тэгэхээр нь би очоод салгахад Т.Б  босоод хотын төв рүүгээ алхаад явж байгаа харагдсан...” /1 дүгээр хх-ийн 194-195 дугаар тал/ гэж,

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би 25, 26-ны өдрөөс зарж эхэлсэн бөгөөд 4-5 хонож байсан. ...хартал Б  зогсож байсан. ...Цагаан дэлгүүрийн урд бужигнаан болоод хартал архичид Б оог зодож байсан. ...Эхний улсууд бөөнөөрөө цохиж байсан, дараа нь хоёр эрэгтэй архичин өшиглөж байсан. Хөөе болиоч гээд явуулаад Б  босоод яваад өгсөн...” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ гэж тус тус мэдүүлсэн.

Уг мэдүүлэгт дурдсанаар амь хохирогч Т.Б  нь 2022 оны 12 дугаар сарын сүүлийн /29-31-ний/ өдрүүдийн хооронд бусдад зодуулж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан “үхэлд хүргэх” гэмтэл учирсан бол “...түр ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих, ухаан алдан хурхирах...” зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч ...2-3 цагийн хугацааны дараа ухамсарт үйлдэл хийх боломжгүй болох байсан.

Гэтэл Т.Б  зодуулсан гэх цаг хугацаанаас хойш 2-3 хоногт хэвийн, ил харагдах шарх, гэмтэлгүй, бусадтай харьцаж, утсаар ярьж, ухамсарт үйлдэл хийж байсан, мөн бусдын тусламжгүйгээр гэртээ орсон болох нь:

Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаачтай 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудалд 9 дүгээр гудамжны урд талын дэлгүүрийн үүдэнд 10 цагийн орчим таарсан. ...Би гэр лүүгээ яв гэхээр яах юм, ах уучихаар уурлаад байдаг юм, яаж архи үнэртүүлээд орох юм гэдэг байсан. Сүүлд 31-нд уулзахад шартаад үхлээ, уухаар бөөлжөөд байна гэж байсан. Харин ил харагдах шарх бол байгаагүй. Талийгаач уучихаараа хүнтэй маргалдаад байдаггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар тал/,

Гэрч О.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б ыг танина. ...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр оройны 21 цагийн үед над руу өөрийнхөө ...  дугаараас миний дугаар луу залгаад “ахаа танд өгөх мөнгөө хойшлуулаад өгч чадсангүй, шинэ оны мэнд хүргэе” гэж ярьж байсан. Цайлган сэтгэлтэй, хүнд их тусархуу, инээд алдаад явж байдаг хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр тал/,

Гэрч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаачтай хамгийн сүүлд хэзээ уулзсанаа сайн санахгүй байна. Хааяа бид хоёр утсаар ярьдаг байсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цаг 02 минутад над руу өөрийн ...  дугаараас миний ...  дугаар луу залгасан ба би аваад ярьтал “дүү нь машинаа асаах гэтэл асдаггүй ээ, маргааш машинаа асаахаас, хэд хоног гадаа зогсоочихсон чинь хөлдчихсөн юм шиг байна, Дамбад явж байна, дүү нь жаахан юм уучихсан байна, одоо харилаа” гэж хэлээд утсаа тасалчихсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр тал/,

Гэрч Ч.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... тоот гэртээ ээж Я.О , охиныхоо хамт байхад Т.Б  нь манай гэрт өглөө 10 цаг өнгөрч байхад ирээд цай, хоол идээд гараад явсан. ....Т.Б ын биед ил харагдахаар гэмтэл шарх байгаагүй, зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/,

Шинжээч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүдийг авсан хүн авсан даруйдаа ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрч улмаар ухаан алдан хурхирна. Эмнэл зүйн шинж тэмдэг илрэх боловч тархи дарагдах хүртэл ойр зуурын үйлдэл хийж болно. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 197 дугаар тал/ болон бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон.

Дээр дурдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгийг нэгтгэн дүгнэхэд амь хохирогч Т.Б  “...... тоот гэртээ Н.Л той хамт байх хугацаанд шинжээчийн дүгнэлтэд дурдсан үхэлд хүргэсэн гэмтлийг авсан...” гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Л  нь амь хохирогч Т.Б той хэрэг гарах цаг хугацаанд “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон /алгадсан/ үйл баримттай маргадаггүй ба уг үйл баримтыг гэрч Н.Л гийн: “...Манай дүү Л  надад хэлэхдээ “...согтуу орж ирэхээр нь Т.Б ыг 2-3 удаа цохиод авчихсан чинь надтай ноцолдоод байхаар нь би түлхэхэд аккумлятор луу уначихаар нь босгоод орон дээр нь унтуулаад, өөрөө унтаж байхад өрөөний гадна талд уначихсан байдалтай байсан. Тэгээд би шээмээр байна гэхээр нь Т.Б ыг арай гэж шээлгэчхээд орон дээр нь хэвтүүлэхэд хэсэг хугацааны дараа бөөлжөөд байх шиг сонин чимээ гараад байхаар нь очиход цус гарчихсан байхаар нь цэвэрлэж өгчхөөд хэвтэж байхад дахиад эвгүй чимээ гараад байхаар нь түргэн дуудсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хагалгаа хийсэн эмчтэй нь уулзсан бөгөөд 8 цагийн үед нас барсан. Хагалгаа хийсэн эмч нь тархиндаа гэмтэл авсан, хагалгаа хийхээс аргагүй ноцтой гэмтэл байна гэсэн. ...зодчихсон байна гэхэд ах нь юм чинь 5-6 хоног архи уухад алгадаад авч бололгүй яах вэ, унт гээд түлхчхэж бололгүй яах вэ, өөрөө тэгж хэлсэн гээд байдаг. Тийм зүйл байж болох талаар би хэлсэн. ...тэр миний мэдүүлэг биш...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Гэрч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутаас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чингэлтэйн салбарт дуудлагын эмчээр ажилласан юм. ...2023 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 05 минутад ...  дугаарын утаснаас “олон хоног архи уусан, татаад хурхираад байна, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн буудал дээр тосоод авна” гэх утгатай дуудлагын дагуу би  түргэний жолооч Б гийн хамт 01 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 34 минутад очсон. ...Тухайн байранд ороход жижиг өрөөнд нь 39 настай, Т.Б /тухайн үед би үзүүлэгчийн иргэний үнэмлэхийг харсан болохоор сайн мэдэж байна/ зүүн хажуу талаараа газарт хэвтчихсэн, хамраас нь цус гараад хатчихсан байдалтай, зүүн нүд хөхөрсөн, ухаангүй, хурхирсан, хүүхэн хараа хоёр талд өргөссөн байдалтай, биеийн байдал маш хүнд байсан. Тухайн үед жижиг өрөөнийх нь гэрэл унтраастай, нөгөө өрөөнийх нь гэрэл туссан байдалтай байсан. Би тухайн үед үзлэгийн гэрлээр нүд болон биед үзлэгийг хийсэн. Тэгээд би тухайн хүний цусан дахь сахар болон биеийн температурыг хэмжиж үзэн судас тариа хийж шингэн сэлбэхэд даралт нь бага уначихсан, 80 харьцах нь 40-тэй байсан учраас эмнэлгийн байгууллага руу зөөвөрлөхөөр болсон. ...Дуудлага мэдээлэл өгсөн гэх найстайвтар ах нь надад хэлэхдээ “олон хоног архи уусан, орой 23 цагийн үед дүү буюу өвчтөнтэй муудаад нүүр лүү нь цохиод, хоёр удаа толгой руу нь өшиглөсөн, мөн ариун цэврийн өрөө орох гэж байхдаа хана мөргөж унасан” гэж хэлсэн. Тэгэхэд нь би хана мөргөж унасны дараагаар хэрхэн жижиг өрөөндөө оруулсан талаар асуухад надад хариулахдаа “зөөж авчирсан” л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тэгээд мөн ах нь хэлэхдээ “шөнийн 02 цагийн үед сэрээд харахад доошоо харсан байдалтай хурхираад байхаар нь дуудлага өгсөн” гэж хэлсэн боловч дуудлага мэдээлэл 04 цаг 05 минутад ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар тал/ давхар нотолсон.

 

Хоёрдугаарт: Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “...унах үедээ уг гэмтлийг авсан, шүүгдэгч Н.Л  зодоогүй...” гэх дүгнэлт нь дараах нотлох баримтуудаар няцаагдаж байх буюу шүүхээс тогтоосон “...шүүгдэгч Н.Л  нь ... тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хамаатны дүү болох Т.Б той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, өшиглөх, хана руу түлхэж унагаах зэргээр зодож биед нь гавал тархины битүү гэмтэл учруулж хүнийг алсан...” үйл баримт нотолж байна.

Үүнд: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 223 дугаартай: “...Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 2023.01.02-ны өдрийн 20 цаг 40 минутад нас барсан байна. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацрын төвгөр, хамрын нуруу, дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүү сарвуу, баруун зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач ГССҮТ-д 14 цаг эмчлэгдсэн тул цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 120-126 дугаар тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 346 дугаартай: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №223 үндэслэлтэй байна. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт гэмтэлд хүнд зэрэг, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацрын төвгөр, хамрын нуруу дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун, зүүн гуя нурууны цус хуралт, зулгаралт гэмтэлд хөнгөн зэрэг тус тус тогтооно. Эдгээр гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. Гавал тархины гэмтэл нь цохих үед үүсэх нь илүү, биеийн зулгаралтууд нь унахад үүснэ. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцралын улмаас тархи дарагдан шахагдаж, хоёр хажуугийн ховдол, 3, 4-р ховдол, багана тархинд хоёрдогчоор цус харваж үхэлд хүргэжээ. Гавал тархины гэмтэл аваад түр ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинжүүд илрээд улмаар ухаан алдан хурхирна. Хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа нь тархийг дарж шахах хүртэл 2-3 цагийн хугацаанд саруул үед байх ба энэ үедээ ухамсарт үйлдэл хийж болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 142-147 дугаар тал/,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл. Толгойн чамархайн хэсэгт хүрч үйлчлэлээр дээрх гавал тархины гэмтэл үүснэ. Дээрх гэмтлүүдийг авсан хүн удаан хугацаанд явах боломжгүй. Идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, ухаангүй болж, таталт өгөх, бөөлжих, хурхирах гэх мэт эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрнэ. Дээрх эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрснээр гэмтлийг авсан байх боломжтой. Дүгнэлтийн онош 3 дээр заасан зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн баруун хацрын төвгөр, хамрын нуруу, дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үхэлд нөлөөлөхгүй, тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141 дүгээр тал/,

Шинжээч Ц.ГанБ ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь толгойн зүүн чамархай хэсэгт цохих, өшиглөх үед үүссэн гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 174 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Амь хохирогчийн гэмтэл унах цохиход үүсгэгдэх гэмтлийг ялгахад цохигдох гэмтлээс үүснэ. Оюун-Эрдэнэ эмчийн шинжилгээнд зүүн чамархайд няцарсан байсан. Энэ хүний гэмтэл зүүн зулай, чамархайн хугарал, ухархайн дээд хананы хугарал, цусан хураа, тархины няцрал, цохилт авсан газраа тархи няцардаг. Хүн бондгор зүйл дээр унахад цохилт гэж үзнэ. Гавал тархины гэмтлүүд хуйхнаасаа болон хугарсан газраа няцарсан байна. Унасан бол эсрэг цохилтоор тархины эсрэг талд няцралт үүсдэг. Хугарал хүч үүссэн газар үүсдэг, тархины няцрал бол цохисон механизмаас болж зүүн талдаа үүссэн. Унаж цохих, юмаар цохих, цохисон газрын эсрэг талд нь няцрах, цус харвах тогтоц 100 хувь ялгагдах үзүүлэлт мөн. Хүний тархи дотроо шингэн зөөлөн эд байгаа. Цалгих үйлчлэлээр тархи, нугасны шингэн гэж байгаа. Гавал тархи нэг талаас цохиход нөгөө талдаа цалгиж үйлчилдэг. Уналт бол өөрийн жингээр хүчтэй унах бөгөөд цалгих зүйл байхгүй гэсэн үг. Цохилтын хувьд цалгих үйлчлэл байдаггүй. Их өндрөөс унах нь гавал задарч, тархи гараад явчихдаг. Өндрөөс уналттай харьцуулж үзэхгүй, өөрийнхөө өндрөөс эсхүл цохилтыг ялгах гээд байна. Оюун-Эрдэнэ эмчийн шинжилгээ хийхдээ авсан фото зургууд байна. Үүний цаана хугарал байгаа. Энд зулгаралт гэмтэл байхгүй байна. Унах үед зулгарч гэмтдэг, унахад хуйханд зулгаралт үүсэх ёстой, үүн дээр ямар ч гэмтэл байхгүй. Унасан байх магадлал багатай...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч О.М , Н.Л а нарын мэдүүлэг зэрэг болно.

Тус хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ, Ц.ГанБ  нар “...гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэж хэн аль  нь мэдүүлсэн байхаас гадна шинжээч нарын дүгнэлтүүд агуулгын хувьд мэдүүлгээс зөрүүгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд үхэлд хүргэсэн гэх “...дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх үед үүссэн...” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гуравдугаарт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг шүүх тогтоох боломжтой гэж үзсэн ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар тооцон түүнийг буруутгаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүний өгсөн мэдүүлэгт агуулагдаж буюу мэдээллийг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй харьцуулж хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Л ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Н.Л ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Хувцагаанаас: “...Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Улсын яллагч хөнгөрүүлэх талыг хэлж саналаа хэллээ. Хуульд заасан хөнгөн ял буюу доод хэмжээнээс хэтрүүлэхгүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбоос: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Өнөөдөр шүүх гэм буруутайд тооцсон боловч хуульч хүний хувьд маргахаас өөр аргагүй нөхцөл байдал байсан тул бусдад төлөх төлбөргүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас: “...Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо нартай санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагаас: “...Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Л ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 197 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 195 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Л ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ дурдсан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх шинж нь болгоомжгүй гэмт хэргийн хувьд хамаарах ойлголт болно.

 

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 282 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Л ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 282 /хоёр зуун наян хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Л ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.