Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

 

 

Б.Б-Д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогч Т.Мижиддорж /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/924  дугаар шүүгчийн захирамжтай Б.Б-Д холбогдох 2034002350377 дугаартай 1 хавтас, 229 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б-,

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутагт 2020 оны 02 дугаар сарын 20-ны 20 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 91 дэх км-д Т.Ланд Круйзер-80 маркийн 12-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь хэсэгт заасан “эсрэг хочр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Сугарын жолоодож явсан Т.Ланд Круйзер-200 маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу 95.419.756 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/924 дугаар шүүгчийн захирамжаар:

            Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ашбагад овгийн Борисын Б-Д холбогдох эрүүгийн 2034002350377 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ашбагад овгийн Борисын Б-Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...1.Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон буюу түүний урьд ял шийтгэгдэж байсан эсэх талаар тодруулаагүй орхигдуулсан байна өөрөөр хэлбэл Б.Б урьд ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдэж шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зйүлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоорял оногдуулах эсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна гэжээ.

-Шүүгдэгч Б.Быг хувийн байдлыг тогтоосон цагдаагийн ерөнхий газрын асап сангийн мэдээлэл иргэний бүртгэлийн давалгаа зэрэг баримтууд хэрэгт хавсаргагдсан ба прокуророос шүүгдэгчийг урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар танилцуулан ял шалгуулах хуудсыг шүүх хуралдаан дээр авч ирсэн байхад ач холбогдол өгөөгүй бөгөөд гэм буруутайд тооцоогүй байж ял оногдуулахад асуудлыг шийдвэрлэхэд ойлгомжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.Хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Буянравжих мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 05 дугаар сарын 05 ны өдөр өгсөн хэмжилт хийж байх үед цагдаа нар А цэг тавин хэмжилт хийж эхэлсэн бгөөөд нөгөө төлын маргалдсан тээврийн хэрэгслийн зорчигч жолооч нар нийлсэн 3 залуу хэл ам хийж А цэг ийм байх ёсгүй аваар энд болсон гэж урсгал сөргүүлж тавиулах талаар маргаан болсон бөгөөд би нөгөө залуучуудтай маргалдсан... Анх бол дуудлаганд ирсэн замын цагдаа ирээд өөрөө үзэж харж байгаад А цэгээ тавьсан бөгөөд нөгөө талын залуучууд хэл ам хийгээд цагдаа нь би өөрөө мэдэж байна, үгүй бол та нар өөрсдөө хэмжилтээ хйийх юм уу гээд уурлаж байсан гэх мэдүүлгийг шалгаж тодруулаагүй гэжээ.

-Хэрэгт хавсаргасан шүүгдэгч хохирогч нар шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй шүүх эргэлзээтэй гэж үзвэл гэрчийг шүүх хуралдаанд оролцуулан асуулт тавьж тодруулах боломжтой байхад мөрдөн байцаалтын шатанд тодруулахаар заасан нь үндэслэлгүй байна.

3.Зам тээврийн осол 2020 оны 02 дугаар сарын 20 ны орой 20 цаг 30 минутанд Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багын нутагт Улаанбатар хотоос Хэнтий аймагявах чиглэлийн 91 дэх км-д Т.Ланд куруйзер 80 маркийн 12-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл Т.Ланд куруйзер 200 маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйл баримт болжээ. Уг үйл баримтын талаар хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 02 дугаар сарын 20 ны өдрийн бүртгэлийн 613 дугаартай Улаанбаатар хот Баянгол дүүрэг 51-31 тоотод оршин суух Т.Мижиддоржоос холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг 2020 оны орой 20 цаг 00 минутанд хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн байна. өөрөөр хэлбэл 2020оны 02 дугаар сарын 20 ны орой 20 цаг 30 минутанд зам тээврийн осол гарсан байхад уг зам тээврийн осол гархыг урьдчилан мэдэж зам тээврийн осол гарахаас өмнө 2020 оны 02 дугаар сарын 20 ны орой 20 цаг 00 Т.Мижиддорж гомдол мэдээлэл гаргасан ойлгомжгүй зөрүүтэй цаг хугацааны хувьд алдаатай нөхцөл байдал бий болсон харагдаж байна гэжээ.

-Хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг осол гарсан цаг минутын дуудлагыг зөрүүтэй бичигдсэн байдал техникийн шинжтэй алдаануудыг дурдаж хэргийг буцаажээ уг хэрэг 2020 оны 02 дугаар сарын 20 ны 20 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багын нутагт Улаанбатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 91 дэх км-д гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байцаан шийтгэх ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй техникийн шинжтэй алдааг зааж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгчийн захирамжинд хэрэгт ямар ажиллагаа хийх, захирамжинд дурьдсан зөрчлийг хэрхэн засах талаар чиглэл байхгүй байна өөрөөр хэлбэл нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа тохиолдолд ямар ажиллагааг хийлгэх, гарсан алдааг хэрхэн засуулах талаар чиглэлийг захирамжиндаа дурьдаагүй шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байна.

Хэрэв шүүх нотлох баримтыг ойлгомжгүй гэж үзэж байгаа бол шүүхийн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээний үндсэн дээр тодруулж шийдвэрээ гаргах ёстой Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар эд зүйл хураан авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад хэргийг буцаах үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд Б.Б-Д холбогдох Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/924 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Т.Мижиддорж гаргасан тайлбартаа: Прокурорын саналыг дэмжиж байна. Хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан саналдаа: Прокурорын саналыг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан. Хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх нь зүйтэй байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Аймгийн Прокурорын газраас Б.Быг Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутагт 2020 оны 02 дугаар сарын 20-ны 20 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 91 дэх км-д Т.Ланд Круйзер-80 маркийн 12-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Д.Сугарын жолоодож явсан Т.Ланд Круйзер-200 маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу 95419756 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Б-Д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн  хэрэгт шүүгдэгч Б.Бын ял шалгах хуудас авагдаагүй байх ба энэ нь шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно. Яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг бүрэн тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарна.

Түүнчлэн хэргийн газарт үзлэг хийж “А” цэгийг тогтооход Т.Ланд Круйзер-200 маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч, жолооч нар нөлөөлсөн, “А” цэг буруу авагдсан талаар гэрч Б.Буян-Арвижихын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгчийн захирамжид дурдагдсан цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар утсаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд цаг хугацаа буюу минут зөрүүтэй бичигдсэн, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хуурамч эсэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн  материалд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл байсан эсэх, хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрч оролцуулсан эсэх, тэмдэглэлд зурагдсан гарын үсэг хөндлөнгийн гэрч П.Цогтоо, М.Б-Дралт нарынх мөн эсэхийг шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагагүй байна.

Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат “анх мөргөлдсөн “А” цэгийг тогтоохдоо ямар ул мөрийг үндэслэсэн нь тодорхойгүй, Төв аймгийн Цагдаагийн газрын  зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнийн гаргасан №37 дугаартай дүгнэлт эргэлзээтэй тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах” хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гаргасан байна.

Эрүүгийн хэрэгт шинжилгээ хийхийг шинжилгээний байгууллагад даалгасан мөрдөгчийн тогтоол 2020 оны 04 сарын 03-ны өдөр гарсан байх ба уг тогтоолд шинжилгээ хийхийг шинжилгээний аль байгууллагад даалгасныг тусгаагүй /хх-73/ байна.

Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолд шинжилгээ хийлгэх байгууллагын нэрийг тодорхой тусгах, тухайн шинжилгээний байгууллага тогтоолыг хүлээн авч шинжээчийн мэргэжил, ажлын дадлага туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгах, уг даалгасан шинжээч дүгнэлт гаргах хуулийн зохицуулалттай байтал уг хэрэгт цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ ямар үндэслэлээр дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар томилогдсон эрх бүхий этгээд мөн эсэхэд хамаарах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчиж гарсан шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүйгээс гадна хэргийн газрын үзлэгээр тогтоосон “А” цэг үндэслэлгүй тул түүнийг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Иймд яллагдагч Б.Б-Д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020

оны 09 сарын 09-ны өдрийн 2020/ШЗ/924 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 34 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Хэргийг прокурорт очтол Б.Б-Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн

шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

      ШҮҮГЧИД                                               Т.ЭНХМАА

 

                                                                      Г.БОЛОРМАА