| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0957/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1281 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Г.Баярмаа /НПГ/,
иргэдийн төлөөлөгч *************,
шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* овогт *************ы *************ид холбогдох эрүүгийн 2502000000086 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ********** төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ******** дүүргийн ********** дугаар хороо, ****** дугаар хороолол, ******** дүгээр байрны ********** тоотод оршин суудаг, ам бүл 5, эхнэр, охин, эх, ахын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасалгүйгээр 60,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ************* овогт *************ы ************* (РД:*************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь Америкийн Нэгдсэн Улсаас 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр илгээж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр улсын хилээр нэвтэрсэн “************* *************" гэх бичиглэлтэй хажуу талдаа “663440” дугаартай ачаанд багтсан "New English teas" гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцагтай, 10 ширхэг гялгар ууттай хатаасан ургамал мэт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, нийт 102,1481 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” орон сууцны 9 дүгээр байрны 113 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*************” ХХК (РД:*************)-ний “*************” (*************) гэх нэртэй олон улсын шуудан илгээмжийн газраар дамжуулан хүлээн авч, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 онд миний бие хүзүү нуруу нугасны хагалгаанд орсон. Тэгээд би интернэтээс энэ өвчнийг хэрхэн даван туулж байгаа мэдээллийг судалсан юм. Учир нь, өвдөлтөөсөө болоод саажилтад орсон, өөрийн мэдрэлгүй өтгөн, шингэнээ гаргадаг байсан. Тэгээд хэсэг зуур Сэлэнгэ, Дарханы нутгаас ургамал түүж цай шиг чанаад хэрэглэдэг байсан. Сүүлд 2024 оны 12 сарын сүүлээр АНУ-д аялж байх зуураа чанартай ургамлыг худалдаж авсан, 3 сарын хэрэглээ гэж тооцсон. Монгол улсын хуулиар хорлогдог гэж мэдээгүй, энэ ургамлыг хэрэглэхийг АНУ-д зөвшөөрдөг юм билээ. Би энэ үйлдэлдээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Шүүгдэгч ************* нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 102.1481 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч *************: “...шүүгдэгч ************* нь гэм буруутай байна. Гэхдээ тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан уг ургамлыг хэрэглэж байсан, цаашдаа хэрэглэхгүй гэж ухамсарласан байгааг харгалзан үзэх хэрэгтэй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг: “...************* нь гэм буруу дээр маргахгүй байгаа тул оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *************ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
Шүүгдэгч ************* нь Америкийн Нэгдсэн Улсаас 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр илгээж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр улсын хилээр нэвтэрсэн “************* *************" гэх бичиглэлтэй хажуу талдаа “663440” дугаартай ачаанд багтсан "New English teas" гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцагтай, 10 ширхэг гялгар ууттай хатаасан ургамал мэт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, нийт 102,1481 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” орон сууцны 9 дүгээр байрны 113 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*************” ХХК (РД:*************)-ний “*************” (*************) гэх нэртэй олон улсын шуудан илгээмжийн газраар дамжуулан хүлээн авч, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт нь:
1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...************* ************* гэх бичиглэлтэй хажуу талдаа 663440 гэж хар өнгийн зүйлээр гараар бичсэн цаасан хайрцгийг оролцогч *************аар задлуулан үзэхэд “Starburst, Reese’s, Aero” гэсэн бичиглэлтэй чихрүүд байх ба уутнуудыг харахад задраагүй бүтэн байв. Мөн “Eiria” гэсэн бичиглэлтэй эмэгтэй хүний зурагтай хайрцагтай зүйл буюу үсний будаг мэт зүйл байх ба задалж үзэхэд доторх эд зүйлсийн уут нь задраагүй бүтэн байв. Мөн цаасан чимэглэл мэт 2 ширхэг гялгар ууттай зүйл байх ба уут задраагүй бүтэн байв. Мөн камерын төхөөрөмжийн тогтоогч, баттерей гэх мэт зүйл байв. Мөн цагаан өнгийн гялгар уутанд хар өнгийн хуванцар зүйл байх ба гялгар уут нь задраагүй байв. Мөн цахилгаанд залгаж асаадаг туузан гэрэл байв.
Хар өнгийн төмөр хайрцагтай эмэгтэй хүний зурагтай “New English teaas” гэсэн бичиглэл бүхий зүйл байх ба уг төмөр хайрцаг нь урьд өмнө задарч байсан байв. Уг хайрцгийг *************аар онгойлгуулж үзэхэд дотор нь 10 ширхэг гялгар ууттай хатаасан ургамал мэт зүйл байв. Уг 10 ширхэг гялгар ууттай хатаасан ургамал мэт зүйлээс ямар төрлийн бодис байгаа болохыг тогтоох зорилгоор ГЕГ-н Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн гаалийн улсын байцаагч *************а дээж аван Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг таньж илрүүлэх “Target-ID” гэх нэршилтэй төхөөрөмжөөр шалгаж үзэхэд “Tethrahydrocannabinol Lуsergide” гэх нэршилтэй бодис илэрсэн болно. 10 ширхэг гялгар ууттай хатаасан ургамал мэт зүйлийг төмөр хайрцгийн хамт Vibra гэх нэршилтэй /стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан/ жинлэх төхөөрөмжөөр үзэхэд бохир жингээр 257.82 грамм байв. 10 ширхэг гялгар ууттай ургамал мэт зүйлийг дангаар нь жинлэж үзэхэд бохир жингээр 111.84 грамм байв” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 4-14 дэх тал),
2. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 18-28 дахь тал),
3. “*************” (*************) шуудан илгээмжийн газрын хяналтын камер болон тус газрын захиалгын системд 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 58 минутад гаднаас нүдний шилтэй, саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй /*************/ орж ирээд 2 ширхэг цаасан хайрцагтай илгээмж аваад 21 цаг 00 минутад байгууллагаас гарч явав” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 37-43 дахь тал),
4. Иргэний гадаад паспорт болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 47-67 дахь тал),
5. Гэрч *************ын: “...Би Гаалийн ерөнхий газарт Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтэст гаалийн улсын байцаагчийн ажлыг хийдэг бөгөөд миний хийх үндсэн чиг үүрэг нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын алба хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах гэсэн үүрэгтэй байдаг...Би тухайн үзлэгт албан хэрэгцээнд ашигладаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг анхан шатанд таньж тодорхойлогч “Target-ID” гэх нэршилтэй зөөврийн багажийн хамтаар оролцсон. Улмаар иргэн *************ийн биедээ авч явсан хайрцгаас гарч ирсэн 10 ширхэг гялгар ууттай зүйлээс дээжлэн 1 ширхэг гялгар ууттай зүйлийг нээж маш бага хэмжээгээр дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг анхан шатанд таньж тодорхойлогч “Target-ID” гэх нэршилтэй зөөврийн багажаар шинжилж үзэхэд " Delta-9 Tethrahydrocannabinol” “Lуsergide” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн. “Target-ID” гэх нэршилтэй зөөврийн багаж нь 2500 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, химийн бодис, тэсрэх бодис, угтвар бодисыг тогтоох бодисын сантай байдаг. Уг төхөөрөмжийг Монгол улсад албан ёсоор баталгаажуулж хяналт тавьдаг байгууллага байхгүй бөгөөд миний ажиллаж байсан хугацаанд бол энэхүү багаж нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг зөв тодорхойлж чаддаг байгаа юм” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал),
6. Гэрч *************ын: “... Би Нарны хорооллын 9 дүгээр байранд байх ************* гэх нэршилтэй карго үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт ажилладаг байсан. Би ************* гэх хүнийг танина. Манай карго илгээмжээр олон удаа үйлчлүүлж байсан болохоор нь таньж мэддэг байсан, түүнээс өөр харилцаа холбоо байхгүй. Манай карго илгээмжийн газар нь зөвхөн Америк улсаас ирсэн карго үйлчилгээ явуулдаг, өөр улсаас ирсэн карго илгээмж ирдэггүй юм. Намайг 2025 оны 02 сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байхад иргэн ************* нь ойролцоогоор 20-22 цагийн хооронд ганцаараа орж ирсэн бөгөөд ************* нь “2 ачаа байгаа” гэсний дагуу 2 ширхэг цаасан хайрцагтай эд зүйлийг *************ид хүлээлгэн өгч байгууллагын гар утсан дээр цахим байдлаар гарын үсэг зуруулан карго илгээмжийг хүлээлгэн өгснийг баталгаажуулж авсан. Улмаар ************* нь 2 ширхэг цаасан хайрцагтай эд зүйлээ үзэж шалгалгүй шууд манай байгууллагаас гарч явсан. Би тэр цаасан хайрцагтай эд зүйлсийг задалж үзээгүй, манай байгууллага бусдыг ачаа барааг задалж үздэггүй юм. Тухайн ачаа барааг мэдээж Америк улс дахь манай карго илгээмжийн салбар газарт хэн нэгэн хүлээлгэж өгсөн эсхүл онлайнаар захиалаад улмаар нисэх онгоцоор ачаа маань ирээд Монгол улсад Чингис хаан олон улсын нисэх буудал дээр буугаад манай ачааг Буянт ухаа нисэх онгоцны буудал руу авч явж шалгаад манай байгууллага болохоор Буянт ухаа нисэх онгоцны буудлаас ачаагаа хүлээж авдаг” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал),
7. Гэрч *************ын: “...************* нь манай нөхөр, бид хоёр гэр бүл болоод ойролцоогоор 31 жил болж байна, дундаасаа нэг охинтой юм. Нөхөр бид хоёр хувиараа тоглоомын дэлгүүр ажиллуулдаг. Миний хажууд ямар нэгэн сэжиг бүхий зүйл хэрэглэж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ хаяа нэг гаднаас гэртээ орж ирэх үед гэрээс сонин үнэр үнэртээд байдаг. Тэгээд *************аас асуухаар зүгээрээ чиний бодож байгаа шиг айхтар хүнд хортой зүйл бишээ, би өөрөө мэдэж байгаа гэж хэлж байсан. Би бол тухайн зүйлийг нь огт харж байгаагүй, манай гэрт харагдаж үзэгдсэн зүйл байхгүй. Мөн тэр хэрэглээд байгаа зүйл нь хориотой зүйл яг мөн эсэхийг би нарийн мэдэхгүй байна. ************* нь өөрийнхөө хэрэглэдэг гэх зүйлийг хаанаас хэрхэн олж авдаг талаар би мэдэхгүй байна. *************ийг хэрхэн мансуурдаг талаар би мэдэхгүй байна. Миний нүдэнд харагдахаар илт мэдэгдсэн зүйл байхгүй. Манай нөхөр ************* нь 2020 онд нуруу, хүзүүний үе солих хагалгаанд орсон. Сэргээн засах эмчилгээ хийлгэсний үр дүнд ************* нь одоо өөрөө ганцаараа явах чадвартай болсон бөгөөд эмнэлгийн хяналтад байнгын байдаг” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дахь тал),
8. Гэрч *************ын: “...Би тухайн ************* гэх хүнийг сайн санахгүй байна. Манай эмч нарын ашигладаг программ дээр регистрийн дугаарыг нь хийж үзтэл манай мэдрэлийн эмч М.Билгээгийн хяналтад байдаг юм байна. ************* гэх хүн нь болохоор хүзүү мөрний сүлжээний эмгэг гэх өвчний улмаас эмчид үзүүлдэг юм байна. Одоо *************эмч хүүхэд асрах чөлөөтэй байгаа учраас эмнэлэг дээр ирэхгүй байгаа. ************* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 654 буюу захын мэдрэлийн сүлжээний эмгэг гэх өвчний улмаас сар бүр тэтгэмж авдаг юм байна.
************* нь эмчээс зөвлөсөн, Монгол Улсад хэрэглэж болохоор зөвшөөрсөн эм болон бусад эмчилгээг хийлгэхэд хангалттай байсан. Түүнээс заавал хориглосон төрлийн бодис хэрэглэх ёсгүй байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал),
9. Гэрч *************ын: “...*************ийг манай байгууллагаар байнга шуудан, илгээмж хүлээж авдаг гэдгээр нь таньж мэднэ. Манай байгууллагын ачаа бараа Америк улсаас нисэх онгоцоор Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дээр буугаад улмаар хуучин нисэх онгоцны буудлын хажууд байдаг “DHL’' ХХК-ний байранд байрладаг шуудангийн гаалийн хяналтын бүсээр шалгуулаад дууссаных нь дараа манай байгууллага хүлээж авдаг... Би өөрийн байгууллагын цахим бүртгэлээс *************ийн талаарх мэдээллийг харсан. Тухайн бүртгэл мэдээлэлд Tracking# гэсэн хэсэгт тусгай тоо байсан учир Америк улсад илгээмжийг зөвхөн шуудангаар хүргүүлсэн байна гэсэн үг юм. Хэрэв хувь хүн өөрөө биечилж өгсөн бол Tracking# гэсэн хэсэгт хоосон байдаг юм. Манай байгууллагын хувьд Америк улсад ямар шуудангаар хаанаас хэн явуулсныг мэдэх боломжгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал),
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №ЕГ0325/1782 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“ ...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн бор өнгийн нунтаг зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. №01-10 хүртэл дугаарласан шавар мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 Tethrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 Tethrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Бор өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 18 грамм, №01 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,1056, №02 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,3447 грамм, №03 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,1516 грамм, №04 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,0544 грамм, №05 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,2909 грамм, №06 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,1088 грамм, №07 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,2228 грамм, №08 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,0325 грамм, №09 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,2665 грамм, №10 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 10,5703 грамм болов” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 101-105 дахь тал),
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №ЕГ0325/1781 дугаартай биологийн дээжид шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:
“Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "Гэмт хэргийн шинжтэй Г-25/009 дугаартай гомдол мэдээлэлд оролцогч *************ийн шээсний дээж” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол (Tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын хоёрдугаар жагсаалтад хамаарна” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал),
12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 221 дугаартай дүгнэлт:
“...************* нь Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. *************ийн дээрх эмгэг нь 2020 оноос каннабинойд бодисыг хэрэглэж эхэлснээс хойш үүссэн байх боломжтой байна. *************ийн дээрх эмгэг нь тухайн хүний сэтгэл зүйн онцлог шинж байдал, сэтгэл засал, эмийн эмчилгээнд эдгэрэх боломжтой эмгэг болно. ************* нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. ************* нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ************* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ************* нь өөртөө болон бусдад аюул учруулж болох эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 124-126 дахь тал),
13. Гаалийн ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1/52 дугаартай албан бичиг, түүний хавсралт: “...Танай газраас ирүүлсэн албан бичигт дурдагдсан иргэн ************* ************* гэх нэр дээр ирсэн илгээмжүүд нь Төө аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч тус газрын харьяа “Ди-Эйч-Эл", “Монгол шуудан нисэх", “Монгол инфинити шуудан" гаалийн хяналтын бүсийн хяналтад орж гаалийн хяналт шалгалт хийгдсэн байна. Тус иргэний нэр дээр 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд гадаад улсаас илгээмж ирсэн тухай мэдээллийг хавсралтаар хүргүүлэв Мөн Л ************* захиралтай “*************" ХХК-ийн нэр дээр 2024 онд 12- 2181001-********* дугаартай гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. Хавсралт 4 хуудастай” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 191-195 дахь тал),
14. Шүүгдэгч *************ийн: “...Би 2024 оны 11 сарын 30-ны өдөр Монгол улсаас шууд Америкийн Нэгдсэн улс руу нисэх онгоцонд сууж аялах зорилгоор тухайн улсын нутагт очсон. Тэгээд Америк улсын 4 мужаар явсан бөгөөд хол замд яваад ачаалал аваад ядарсан тул миний гар чичирч таталт өгсөн. Тэгээд би Нивада мужын Рэно гэх хотод явж байхдаа эмийн сан мэт газар луу ороод миний бие болохгүй байна, ТНС weed /өвс/ гэх зүйл байна уу? гэж асууж орсон. Улмаар тухайн газраас надад ийм төрлийн зүйл байна, бас хямдрал зарлачихсан байна гэхээр нь би 10 ширхэг гялгар ууттай авч явахаар авсан. Мөн тухайн үедээ хэрэглэх зориулалтаар ороочихсон буюу янжуур байдлаар 2 ширхгийг нийт 240 орчим доллароор бэлнээр худалдан авсан. Улмаар Аризона мужид явж байхдаа өөрийнхөө *************-ний New Jersey гэх хаяг руу орон нутгийн шуудангаар 2024 оны 12 сарын 10-аар илгээсэн. Хэрэглэх зориулалтаар ороочихсон буюу янжуур байдлаар худалдан авсан 2 ширхийг тухайн улсад хэрэглэчхээд 2024 оны 12 сарын 20-ны өдөр Монгол Улс руу шууд нислэгээр ирсэн.
Улмаар Монгол улсад байж байхад ************* гэх карго үйлчилгээний газраас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр миний бараа ирсэн талаар мэдээд ойролцоогоор 21 цагийн орчимд би очиж өөрийнхөө барааг хүлээн аваад гартал тагнуулын байгууллагын ажилтан нар байна гээд намайг саатуулах болсон. Би Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн эмч *************гэж дууддаг, Мягмарцэрэн гэх эмч нарын хяналтад байдаг. Би урьд өмнө гадаад улсаас өвс гэж нэрлэдэг ургамал оруулж ирж байгаагүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,
мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т[1] зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус заасан.
Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэдэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эдийг Монгол Улсын хилийг нууцаар, эсхүл худал мэдүүлж илээр нэвтрүүлсэн болон олон улсын шуудан илгээмжээр илгээснийг тус тус ойлгоно.
“Олж авах” гэдэг нь “тухайн бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан бэлэг, өр зээлээр болон бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тодруулбал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №ЕГ0325/1782 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №01-10 хүртэл дугаарласан 10 уут шавар мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 Tethrahydrocannabinol)-ын агууламж илэрч, уг илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн ************* нь 2020 онд нуруу, нугасны хагалгаанд орж, өвдөлтөө намдаах зорилгоор ургамлыг хэргэлдэг байсан гэх бөгөөд тэрээр 2024 оны 12 дугаар сарын сүүлээр өөрөө АНУ-д аялж байхдаа хэрэглэх зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, Монгол Улсад ирэх хугацаагаа тооцоолон илгээмжийг авах хүнийг “************* *************" гэж буюу өөрийн нэрийг бичиж олон улсын шуудан илгээмжээр явуулсан нь Монгол Улсын хилээр нэвтэрч, улмаар ************* нь Монгол улсад ирсэн байхдаа өөрийн нэрээр ирсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодистой шуудан илгээмжийг сайн дураараа, өөрийн идэвхтэй үйлдлээр, бичиг баримтаа шалгуулан “*************” ХХК-аас хүлээн авсан буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Америкийн нэгдсэн улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************* нь өөрийн идэвхтэй үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэв.
Хохирол, хор уршгийн тухайд:
Шүүгдэгч ************* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч нь “...Шүүгдэгч *************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг: ...миний үйлчлүүлэгч ************* нь 2020 оны 6 сард нуруу нугасны том хагалгаанд орсон, хагалгааны дараа өвдөлт ихтэй, доод бие саажилтад орж хүний асаргаанд орсон байдаг. Улмаар энэ өвчнөөсөө болж хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон бөгөөд жил бүр сунгуулаад явж байгаа. Энэ хүн энэ хүнд байдлаас гарах, даван туулах зорилгоор уг өвс, ургамлыг хэрэглэж ирсэн байдаг. ************* нь АНУ-д явж байхдаа өөрөө хэрэглэх зорилгоор энэ ургамлыг худалдан авсан, худалдаалах зорилгогүй байгаа нь тогтоогдсон тул түүний нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэн оногдуулах ялыг багаар тогтоож өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч *************ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар заасан.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж болон хор уршгийн шинж чанарыг ихээр агуулсан ба уг гэмт хэрэгтэй Монгол Улс төдийгүй дэлхий даяар тэмцэж байгаа хэдий боловч тус хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөргүй байдал, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, түүний хувийн байдал /ХЧА 69 хувиар тогтоосон баримттай, нуруу нугасны мэдрэлийн эмгэг өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч *************ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 3 (гурван) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “************* *************” гэх бичиглэлтэй хажуу талдаа “663440” дугаартай цаасан хайрцаг 1 ширхэг, "New English teas" гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцагтай, 10 ширхэг гялгар ууттай хатаасан ургамал Дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай, нийт 102.1481 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, хэргийн хамт ирсэн 3 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овогт *************ы *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *************ид 3 (гурван) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “************* *************” гэх бичиглэлтэй хажуу талдаа “663440” дугаартай цаасан хайрцаг 1 ширхэг, "New English teas" гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцагтай, 10 ширхэг гялгар ууттай хатаасан ургамал Дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай, нийт 102.1481 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис”-ийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, хэргийн хамт ирсэн 3 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *************ид авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчлөн шүүгдэгч *************ийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР