| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
******* аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2433001360021 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр ******* аймгийн ******* туруун суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын 1-р баг, ******* ам гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* /РД:/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сумын гэх газарт иргэн гээгдүүлсэн “Самсунг А13” загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би 10 дугаар сарын дундуур үхэр эргүүлж яваад гар утас олсон. Гар утас олсноос хойш манайд гэрт 10 гаруй хоног байж байтал би өөрийнхөө гар утсыг усанд унагаачихсан. Тэгээд олсон гар утсаа би өөрөө барьсан. Сүүлд эзэнд нь өгөөд хохиролгүй болгосон...” гэв.
1. Иргэн гаргасан гомдол мэдээллийг ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 11 сарын 03-ны өдөр гомдол мэдээллийг бүртгэлийн №596 /1100-5118/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,
2. Хохирогч “...2023 оны 09 дүгээр сард манай эхнэр надад Дархан-Уул аймгийн Мобикомоос Самсунг А13 загварын гар утсыг шинээр нь худалдаж авч өгч байсан юм. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна ******* аймгийн ******* сумын гэх газрын орчим хониндоо явж байгаад би тухайн гар утсаа хаячихсан ба тэр өдрөө хайгаад олоогүй, харанхуй болохоор нь дугаар луугаа залгаад ч олоогүй. Миний алдсан гэх гар утас хар өнгийн Самсунг А13 загварын гар утас байсан. Хар өнгийн резин кейстэй. Анх 700,000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Хамгийн сүүлд 2024 оны 10 сарын 12,13-ны үед 16 цагийн орчим утсаараа фейсбүүк орж ашиглаж байсан. Нэг их удаагүй утсаа ашиглах гэсэн чинь утсаа хайгаад олоогүй. Утсаа өөрийнхөө халаас руу хийдэг байсан. Тэгэхдээ хийгээгүй унагаачихсан байх.
2024 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд миний фейсбүүкээр хүн ороод чатад идэвхитэй харагдаад байхаар нь манай эхнэр миний чат луу шагнал өгье гэж бичихэд гар утсан дээр байсан миний бүх зургуудыг явуулчхаад эргээд хариу бичихгүй алга болсон гэсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөтөл орж ирээд сим картаа тэр даруй сэргээлгээд фейсбүүкийнхээ кодыг сольсон. Тухайн үед нэвтэрсэн байсан гар утсыг фейсбүүкээсээ гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17- 18-р хуудас/,
3. "" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн Самсунг А13 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар 500,000 төгрөг байна гэх дүгнэлт /хх-ийн 34-37-р хуудас/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******ас гаргаж өгсөн Самсунг А13 загварын , гэх имей кодтой хар өнгийн гар утсыг хүлээн авсан тухай, 2024 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр Самсунг А13 загварын , имей кодтой хар өнгийн гар утсыг хохирогч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 40-41, 42-р хуудас/,
5. Юнител үүрэн телефоны газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12-01/7981 дугаартай имей кодтой утсанд дугаарыг 2024 оны 11 дүгээр 30-ны өдрөөс хийж ашигласан байна гэх лавлагаа /хх-ийн 28-р хуудас/,
6. Яллагдагч “...2024 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна, үхрээ эргүүлэх санаатай ******* сумын ар гэх газрын орчим явж байсан чинь газар нэг хар өнгийн ухаалаг гар утас байхаар нь тухайн гар утсыг аваад гэртээ 10 орчим хоног ашиглаагүй тавьчихсан байсан. Тэгээд би барьдаг байсан өөрийнхөө гар утсыг усанд унагаагаад ашиглах боломжгүй болчихоор нь нөгөө олсон гар утсандаа сим картаа сольж хийгээд барьчихсан юм.
гэх дугаар нь миний төрсөн дүү нэр дээр бүртгэлтэй дугаар байгаа юм. 2024 оны 10 дугаар сараас хойш энэ дугаарыг ашиглаж байгаа. Би гар утсыг хээрээс олсон болохоор эзэн нь олдохгүй байх гэж бодсон. Тухайн утсанд байсан сим картыг гаргаж хаяад өөрийнхөө симийг хийгээд асаасан чинь код нэхэж байсан. Тэгээд 0000 гээд хийсэн чинь шууд нээгдчихсэн. Дотроо зургууд дугаар гэх зүйлс байсан. Тэгэхээр нь би форматлаад өөрөө ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сумын гэх газарт иргэн гээгдүүлсэн “Самсунг А13” загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Иргэн гаргасан гомдол мэдээллийг ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 11 сарын 03-ны өдөр гомдол мэдээллийг бүртгэлийн №596 /1100-5118/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,
Хохирогч мэдүүлэг /хх-ийн 17- 18-р хуудас/,
"" үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-37-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******ас гаргаж өгсөн Самсунг А13 загварын , гэх имей кодтой хар өнгийн гар утсыг хүлээн авсан тухай, 2024 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр Самсунг А13 загварын , имей кодтой хар өнгийн гар утсыг хохирогч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 40-41, 42-р хуудас/,
Юнител үүрэн телефоны газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12-01/7981 дугаартай ... имей кодтой утсанд дугаарыг 2024 оны 11 дүгээр 30-ны өдрөөс хийж ашигласан байна гэх лавлагаа /хх-ийн 28-р хуудас/,
Яллагдагч мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/ Худалдаа хөгжлийн банкны тоот дансны лавлагаа /хх-ийн 31-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сумын гэх газарт иргэн гээгдүүлсэн “Самсунг А13” загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн тухайд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрсөн байдаг онцлогтой.
Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
Гэтэл шүүгдэгч нь тухайн гар утасны өмчлөгч эзэмшигч холбогдож байхад хүлээлгэн өгөөгүй төдийгүй зохих байгууллагад мэдэгдээгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, гээгдэл эд хөрөнгө олсон этгээд нь тухай эд хөрөнгийг өөрийн бус бусдын өмчлөл, эзэмшлийн гэдгийг мэдсээр байж тухайн цаг хугацаанд үүссэн шунахайн сэдэлт, идэвхтэй үйлдлээр завшиж, улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сумын гэх газарт иргэн гээгдүүлсэн Самсунг А13 загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Шүүгдэгч ******* нь хохирогч гар утсыг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 73/
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгөх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь торгуулийн ялын 500,000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэв.
Бусад:
Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь торгуулийн ялын 500,000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА