2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/979

 

 

 

 

 

 

 

 

2025       04        17                                           2025/ШЦТ/979

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.З,

шүүгдэгч А.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Чингис нарыг оролцуулан эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвгэрт хохирогч Ц.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.000.000 төгрөг өөртөө шилжүүлэн авч залилсан, 2023 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Э-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 840.000 төгрөгийн үнэ бүхий гурил өөртөө шилжүүлэн авч залилсан, 2024 оны 01 сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.З-ыг зохиомол байдлыг зориуд бий болгож 8.257.500 төгрөгийн үнэ бүхий хониний мах өөртөө шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагийн нутаг дэвсгэрт  хохирогч Ц.Б-Д “шинэ цагийн шаазан аягыг хуучин цагийн аяга” гэж худалдан борлуулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5135534557 дугаартай дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Улаанбаатар хот руу буцах замдаа буюу 2022 оны 07-р сарын 16-ны өдөр Архангай аймгийн төв дээр ирээд аяга зарна гээд байсан Б гэгчтэй холбогдож нөгөө аягыг нь үзэхэд нөгөө аяга нь гангар шаазан /нимгэн шилтэй/ хөх ногоон, өнгийн хээтэй аяга байсан, би тухайн аягыг өөрөө хараад хуучных гэдгийг нь мэдэхгүй учраас Г гэх хүнрүү дүрс чат буюу видео каллаар залгасан боловч холбогдож чадаагүй ба тэгээд аягыг нь Улаанбаатар хотод авчирч үзүүлээрэй гэж хэлчхээд хөдлөөд явж байтал, араас дахин залгаад, тухайн аягыг өөрөө авч яваад, хотод очоод мэддэг хүндээ үзүүлчхээд, надтай холбогдоорой гэж хэлээд аягаа өгөөд явуулсан юм. Тэгээд би тухайн үед Б-аас аягыг нь шинэ цагийнх биш биздээ гэж асуухад, үгүй найдвартай манай гэрт их олон жил болж байгаа аяга юм гэж хэлээд тухайн аягыг 4.000.000 төгрөгөөр авахаар тохиролцоод, хэрвээ тухайн аяга нь шинэ цагийнх байх юм бол авахгүй, буцаж явуулна гэдгээ хэлэхэд, надад одоогоор урьдчилгаа болгоод бэлэн мөнгө аваад өгөөч, гэхээр нь би зөвшөөрөөгүй, хүндээ үзүүлж байж болно гэж хэлээд аягыг нь Улаанбаатар хот руу аваад явсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 07-р сарын 17-ны өдөр тухайн аягыг үзүүлэх хүндээ үзүүлж амжаагүй, байж байтал Б гэгч нь над руу ********* дугаараас залгаад, хүндээ үзүүлсэн үү гэж асуугаад, би хүнд үзүүлж амжаагүй байгаа талаараа Хэлэхэд "наад аяга чинь найдвартай, би чамд өгөөд итгэж байхад гэж хэлэхээр нь би мөнгийг нь шилжүүлээгүй ба, тэгээд намайг машинаа янзлуулах гээд Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Акума төвийн ойролцоо явж байхад, Бат-Амгалан нь дахиж залгаад намайг мөнгөө хийчээч, наад аяга чинь найдвартай хуучин цагийнх гэж хэлэхээр нь би Б-д хандаж хэрвээ хуучин цагийн аяга биш байх юм бол, миний мөнгийг буцаагаад хийж, аягаа аваарай гэж сануулаад, Б гэх хүний Хаан банкны ********** дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг 2 удаа хийж нийт 4.000.000 төгрөгийг "********** ауgа" гэх утгатайгаар хийсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 07-р сарын 18-ний өдөр авсан гэх шаазан аягаа, өөрийн төрсөн ах болох Г-д үзүүлэхэд, тухайн аягыг хараад хуучин цагийнх бишээ, шинэ цагийн хулхины хуурамч аяга байна, хэд хэдэн иймэрхүү аяганууд эртний эдлэлийн дэлгүүрүүдээр яваад байна гэж хэлэхээр нь би Б-тай холбогдож тухайн аягыг хуурамч байна, мөнгөө буцааж авья, аягыг чинь автобусанд хийгээд явуулчихья гэхэд Б нь автобусанд хийгээд хэрэггүй, аяга хагарчихна, би 2 хоногоос Улаанбаатар хот орохоороо өөрөө аягаа аваад мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн. Тухайн үед Б нөгөө аягаа хуучин цагийнх биш байна, шинэ цагийнх байна гэдгийг нь мэдээд, надтай ямар нэгэн маргаан үүсгэхгүй байсан. Тэгээд Б нь 2 хоноод хотод ирсэн үгүй мэдэгдэхгүй, гар утсаа авахгүй байсан ба, дахиад хэд хоног утсаа авахгүй олон хоноод, өөр хүний гар утсаар залгахаар авчхаад, мөнгөө яг одоо хийлээ гэх мэтээр худлаа яриад байсан. Тэгээд би Архангай аймгийн төв рүү 2022 оны 09-р сарын 07, 08-ний үеэр очоод Б-г ачилтын машинаа унаад явж байхад нь олоод, нэг засварын газар луу орчихоор нь араас нь ороод аягыг нь өгөөд мөнгөө авья гэтэл Б нь уурлаж, ална, би нутаг дээрээ байна гэх мэтээр дайраад байхад тухайн үед надтай хамт явж байсан найз эмэгтэй болох Н нь Архангайн цагдаад хандаж, цагдаад нар ирээд тухайн аягыг Б-д бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөхөд Б нь би 7 хоногийн дараагаар мөнгийг чинь явсан зардалтай чинь хамт араас чинь шилжүүлнэ гэсэн, тэгэхээр нь би итгээд Улаанбаатар хот руу явчихсан ба тэгээд дахиад утсаа авахгүй, өөр утсаар ярьсан ч яг одоо, цагийн дараа гэх мэтээр худлаа яриад байгаа учраас би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

- гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз Ц.Б нь 2022 оны 07-р сард хүнээс хуучин цагийн аяга авах гээд байна, тухайн аяга нь 4.000.000 төгрөг юм байна, хэрвээ тухайн аяга нь шинэ цагийн аяга байх юм бол Архангай аймагт байх А.Б гэх хүнд буцаагаад өгчихнө гэж хэлсэн* Тэгээд надаас 2.000.000 төгрөг зээлээч гэсний дагуу би зээлсэн юм. Тэгээд тухайн аягыг авсны дараагаар Ц.Б нь хуучин цагийнх биш байна, буцаагаад мөнгийг нь хийчих байх, аягыг нь буцаагаад явуулахаар боллоо гэж хэлж байсан. Тэгээд хэсэг хуганааны дараагаар мөнгийг нь өгөхгүй байна гээд байхаар нь би Ц.Б найздаа итгэхгүй байсан учраас хамт 2022 оны 09-р сард Архангай аймаг руу нөгөө аягыг нь авч очиж А.Б гэх хүнтэй уулзахад, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж ална гээд дайраад байсан учир би цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн үед Б Ба нарын хамт Архангай аймгийн цагдаагийн газарт очиход Б, Ба нар хоорондоо тохиролцоод гэрээ хэлэлцээр хийгээд, Б бид хоёр буцаад Улаанбаатар хотод ирж байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас),

- гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...энэ аяга бол Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн аяга байна, Манж Чин гүрний үеийн шаазанг дуурайлгаж хийсэн аяга байна, энэ аяга нь болохоор надад нэг залуу үзүүлж байсан энэ ямар учиртай аяга юм бэ гэж үзүүлэхээр нь би бас л хэлж байсан юм, энэ аяга бол үсрээд хоёроос гурван жилийн өмнө хийгдсэн аяга байна лээ доороо цэнхэр тамгатай байна тэр нь Манж Чин улсын үеийн тамгыг дуурайж хийсэн тамга байна, Хятадууд хоол унд ногоо цагаа хийх зориулалтаар хийсэн байх гэж бодож байна үүнийг манай монголчууд аваад зарж ашиг олох гэж урдаас авчирсан гэж бодож байнаа, гангар шаазан гэж нэрлээд байгаа учир нь нимгэн хөнгөн гэх утгатайгаар манай монголчуудын өгсөн нэршил байгаа юм, хэрэв жинхэнэ эртний эдлэл гэвэл 1900 оноос өмнөх үеийн аягыг хэлнэ, аяганы эдэлгээний хувьд мэдэгдэж байна будаг хээ хуар нь шинээрээ байна, хуучралт байхгүй элэгдэл гандалт байхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар хуудас),

- “Дамно үнэлгээ” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЧД2- 24-*** дугаартай үнэлгээгээр эд зүйл 1.142.392 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас) зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2. Шүүгдэгч А.Б нь 2023 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул 2” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах Г.Э-ын лангуунаас 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Г.Э-ын лангуунаас нийтдээ 15 ширхэг шуудайтай /840.000/ төгрөгийн үнэтэй гурилыг 4 удаагийн үйлдлээр авч төлбөрийг нь төлөлгүй залилсан үйл баримт нь дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үедээ би эхнэрийнхээ хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул2 худалдааны төвд гадаа талбай дээр байсан 5 дугаартай контейнерт гурил будааны бөөний төв ажиллуулж байсан. Гэтэл нэг өдер 2023 оны 12 дугаар сард иргэн А.Б гэгч нь манай ажил дээр ирээд гурил аваад байсан тэр үедээ оны өмнөхөн нь нэг хэсэгтээ л ирээд манай лангуунаас гурил авч байсан юм, тэгээд сүүлд нь 2024 оны 01 дүгээр сард бас л хэд хэдэн удаа гурил авч байсан юм, тэгэхдээ дандаа зээлээр авч байсан юм, тэгж байгаад цагаан cap дөхөж байгаад бид нар өгсөн гурилынхаа мөнгийг нэхсэн чинь одоо удахгүй өгнө гэж хэлээд таг чиг алга болсон юм, тэгээд бид нар болохоор нилээн олон удаа гар утасруу нь залгаж байгаад түүнийг ирэхгүй байхаар нь танайд гомдлоо гаргаж өгч байсан юм. Бид нар ямар учраас түүнийг овог нэрийг нь мэдээд байна гэхээр нь тэр үедээ бас нэг өр ширтэй хүндээ зодуулсан байсан тэгээд тэр нь болохоор А.Б-г мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь өөрийг нь зодсон гэж байсан тэгээд А.Б нь нэг шөнө надруу залгаад хэлж байсан би ахаа бусдад зодуулчихлаа гэж хэлээд шүүх эмнэлэгт таньдаг хүн байна уу гэж асуухаар нь би түүнд байгаа байгаа гэж хэлж байсан юм. Тэгээд түүнээс овог, нэр, регистрийн дугаараа наашаа явуулаач гэж хэлж байсан тэгсэн чинь тэр залуу А.Б нь надруу гар утсаараа мессеж бичээд овог нэр регистрийн дугаар явуулсан байсан тэгээд би түүнийг нь мэдэж авч байсан юм, тэгээд тэрнээс хойш алга болоод байсан юм. Ингээд тэр хүн нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 3 ширхэг шуудай 25кг алтан тариан гурил, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 ширхэг шуудай гурил, 2024 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 2 ширхэг шуудай гурил, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5 ширхэг шуудай гурил Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул2" худалдааны төвд ажлынхаа лангуунаас нийтдээ 15 ширхэг шуудайтай 1,110,000 төгрөгний үнэтэй гурил өгч залилуулсан байдаг юм. Тэр үедээ эхнэр бид нар хамтдаа лангуун дээрээ ажиллаж байсан бөгөөд би өөрөө түүний ажиллаж байсан гэх буузны цехэд нь гурилнуудаа үүрээд авчирч ирээд өгч байсан юм. Тэгтэл тэр хүн одоо болтол миний мөнгийг өгөхгүй байгаа юм. Би одоо түүнийг хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байна найз нөхөд хамсаатных нь талаар нь мэдэхгүй байна надад ганцхан гар утасны дугаар нь байна. ******** дугаартай байгаа тэр дугаар дээрээ байгаад байна лээ бид нар байнгын мессеж бичилцэж байдаг юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

- гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр залууг танина тэр хүн болохоор манай лангуун дээр ирээд надаас гурил авч байсан юм, тэгээд тэр нь болохоор 2023 оны 12 дугаар сараас эхэлж надаас гурил авч байсан нэг ёсондоо буузны цехдээ гурил авч байна гээд авч байсан хоёр гурван удаа авахдаа дандаа мөнгө төгрөгөө тооцоогоо нийлээд авдаг байсан тэгээд шинэ он гарсаар 2024 онд надаас хэд хэдэн удаа зээлээр цувуулаад авч байсан дандаа хүргэлтээр гурилаа авдаг болсон юм. Тэр залуу А.Б нь он гарсаар манай лангуунаас 4 удаа гурил аваад тооцоогоо нийлээгүйгээр алга болчихсон юм. Тэгээд тэр нь болохоор дандаа буузны үйлдвэртээ гурил авч байна гэж хэлээд зээлээр аваад байдаг байсан юм. Хамгийн эхлээд 2024 оны 01 сарын эхээр алтан тариан дээд гурил 25кг ууттай 3 ширхэг гурил авч байсан тэгээд дараагаар нь А.Б-ийн хамтдаа ажилладаг гэх тогооч нь ирээд хэд хоногийн дараагаар нь 2 ширхэг шуудай гурил аваад явж байсан тэгээд түүнийхээ дараагаар нь хэд хоногийн дараа нь дахиад 5 ширхэг шуудайтай гурил аваад явч байсан. Тэгээд түүнийхээ дараагаар нь дахиад 5 шуудайтай гурил аваад явж байсан юм. Ингээд нийтдээ 15 ширхэг шуудайтай алтан тариан дээд гурил авч байсан тэр нь болохоор нэг шуудайтай гурил нь 74,000 төгрөг болж байсан тэгээд 15 ширхэг гурил нь 1,110,000 төгрөг болж байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /840.000/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас) зэрэг хавтас хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

3. шүүгдэгч А.Б нь 2024 оны 01 сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.З “цахим орчинд мах зарна” гэсэн зар тавьсаны дагуу холбогдон, улмаар хохирогчийн 56ш буюу 1тн 101 кг бүхий нийт 8.257.500 төгрөгийн хонины махыг худалдан авна гэж итгүүлэн өөртөө шилжүүлэн авч, төлбөрийг нь өгөлгүй залилсан үйл баримт нь дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн 33 минутын үед санагдаад байна А.Б хүн над руу залгаад Архангай аймгийн Хангай сумаас гарал үүслийн /************* / бичигтэй авчирч зарах гэж байсан хонины гулууз нийт 56 ширхэг махыг 1 килограммыг нь 8500 төгрөгөөр бодож авсан. Тэгээд 9.358.000 төгрөгөөр бодож А.Б гэх ********* гэх дугаартай хүнд тохиролцоод худалдаж зарсан боловч мөнгө төгрөгөө огт өгөөгүй болохоор цагдаад хандаж байна. Би анх хонины гулууз нийт 56 ширхэг махыг 1 килограммыг нь 8500 төгрөгөөр бодож худалдсан. Тэгээд 9.350.000 төгрөгөөр бодож тухайн үедээ аман гэрээ хийж баримт үйлдсэн. Тэр хүн гараараа бичиж тамга тэмдэг дарж өгсөн. Гэвч гэрээгээр халхавчилж намайг хохироож залилсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас),

- гэрч О.Б-ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн 40 минутын үед санагдаад байна. Нутгийн танил дүү болох Б.З гэх дүү маань залгаад хамт хонины гулууз мах зарах гэж байгаа та өөрийн машинаараа ачаад дөхүүлээд өгөөч гэсэн юм тэгээд би өөрийн ********* ниссан кондор гэх цагаан өнгийн машиндаа 57 ширхэг гулууз ачаад бид Чингэлтэй дүүрэгт байх газар ирээд Төөлэй гэх цехийн гадна ирээд цех рүү зөөж оруулсан. Тэгээд А.Б гэх тэр залуу Б.З 2 тохиролцоод гэрээ хийгээд цаасан баримт гэрээ үйлдээд тамга дараад байсан хонины гулууз нийт 56 ширхэг махыг 1 килограммыг нь 8500 төгрөгөөр бодож худалдсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас),

- "Дамно үнэлгээ" ХХК-ний үнэлгээгээр 1тн 101 кг хонины мах 8.257.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас) зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч А.Б нь нэр бүхий гурван хохирогчоос байршил газрууд нь тус тусдаа өөр өөр цаг хугацаанд бэлэн мөнгө, эд зүйлүүдийг нь залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэлүүд хйисэн болох нь тогтоогдсон ба түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэл гэж үзэн нэг гэмт хэрэг үйлдсэнээр тооцох журмыг улсын яллагчийн зүгээс ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэхдээ хэрэглээгүй байгаа нь зүйд нийцэхгүй байна. Тиймээс шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэрэглэх ёстой журмыг баримтлан зөвтгөх боломжтой гэж үзэв.  

Иймд шүүгдэгч А.Б үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд “шинэ цагийн шаазан аягыг хуучин цагийн аяга гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Б-оос 4.000.000 төгрөг шилжүүлэн өөртөө авч залилсан, түүнчлэн гурил авах үедээ байнга төлбөрөө төлж итгэл төрүүлэн падаанаас падааны хооронд зээлээр гурил авахаа илэрхийлж 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Г.Э-ын лангуунаас нийтдээ 15 ширхэг шуудайтай /840.000/ төгрөгийн үнэтэй гурилыг 4 удаагийн үйлдлээр авч төлбөрийг төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилсан, мөн 2024 оны 01 сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.З-ын цахим орчинд “мах зарна” гэсэн зарын дагуу холбогдон  56ш буюу 1тн 101 кг бүхий 8.257.500 төгрөгийн үнэ бүхий хонины махыг худалдан авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, зарим хохирлоо төлж барагдуулсан үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох ял оногдуулах нь тохирно гэж үзэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б-ийн өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Бусад асуудлын талаар

шүүгдэгч А.Б нь хохирогч Ц.Б-д 4.000.000, хохирогч Г.Э-д 840.000, хохирогч Б.З-т 8.257.500 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Б, Г.Э нарын хохирлыг бүрэн барагдуулсан, шүүхийн шатанд хохирогч Б.З-т 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч А.Б-аас нийт 7.257.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З-т олгуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Б-ийн орлого олох боломж, өөрийнх санал хүсэлт, хохирогч Б.З-ын саналыг тус тус харгалзан үлдэх хохирлыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аяга 1 ширхэгийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б-д буцаан олгохоор шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад нийт 13.097.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-г 3000 /гурван мянган/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Б-г торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-аас хохирогч Б.З /РД/-т 7.257.500 /долоон сая хоёр зуун тавин долоон мянга таван зуун/ төгрөгийг олгож, 2 /хоёр/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг аягыг шүүгдэгч А.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

             

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бат-Амгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ