| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2034000000554 |
| Дугаар | 2021/ДШМ/15 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ДШМ/15
Х.Х-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгч Х.Х-д /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолтой Х.Х-дд холбогдох 2034000000554 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.Х-,
Шүүгдэгч Х.Х-д нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чанар” гэх амралтын газарт 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эхнэр Л.Оюунтуяаг хардсаны улмаас зодож Л.Оюунтуяагийн биед тархи доргилт, толгойд язарсан шарх, дээд уруулд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хэвлийд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун гарын 5 хуруу, зулай, дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол, иргэн Г.Баярцэцэгийг чамаас болж энэ асуудал үүслээ гэх шалтгааны улмаас толгойн тус газарт цохиж, Г.Баярцэцэгийн биед тархи доргилт, толгойд шарх, зулай хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Торгууд Хөгөлбөөгийн Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-дг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Х-дд энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 90 хоногийн хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 9 сар 7 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 21 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 21 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-дд оногдуулсан 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Л.Оюунтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Анхан шатны шүүхээс Г.Баярцэцэгийг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр гэм буруугийн шууд санаатай үйлдэл танхайн сэдэлтээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэг гарсан гэх өдөр миний бие найз Кунайм, Баярцэцэг нарын хамт Баярцэцэгийн төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор “Чанар” гэх амралтын газарт очсон бөгөөд амралтанд очсоны дараа шүүгдэгч Х уг амралтын газар бид нарын араас ирсэн ба ямар учир шалтгаанаар ирсэн талаар асуухад “Баярцэцэг Хруу залгаж танай Оюунтуяа чинь энд амралтын газар хүнтэй унтаад байна гэж худал хэлж, нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан учир бидний араас ирсэн гэж хэлдэг бөгөөд хохирогч Баярцэцэг яагаад Хд тэгж худлаа хэлж утсаар ярьсан талаар мэдэхгүй. Түүний хэлсэн шиг асуудал болоогүй бөгөөд дээрх гэмт хэрэг гарсанд миний зүгээс маш их харамсаж байгаа болно.
Дээрх байдлаас үзэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг хохирогч Баярцэцэг худал хэлж бүрдүүлсэн байхад анхан шатны шүүх Хг ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүний биед танхайн сэдэлтээр гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай бөгөөд хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
2. Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан бусад шалтгаанаар хамтран амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, амрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хоорондын харилцааг ойлгоно”, Гэр бүлийн тухай хуудлийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүний тус тус ойлгохоор хуульчилсан байна.
Шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг. Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг учиртай.
Гэтэл хохирогч Баярцэцэг дээрх хуулийн тайлбар заалтад заасан этгээдийн аль алинд нь хамаарахгүй этгээд байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна.
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэжээ. Харин ч шүүгдэгч Х.Х-дгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.6 дахь заалтад “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн,” гэх хөнгөрүүлэн үзэх үндэслэлэй.
Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар үйлийн 4 дэх хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан бөгөөд дээрх заалт нь шүүхэд эрх олгосон заалт ба хохирогч Баярцэцэг эр, эмийн хооронд яс хаяж худал ярьсаны улмаас шүүгдэгч Х.Х-д дээр гэмт хэргийн шинжтэй үйлдэх гаргах болсон бөгөөд энэ нь дээрх хуулийн заалтад заасан онцгой нөхцөл байдалд хамаарна гэж үзэхээр байгаа болно.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж оногдуулах ял шийтгэлийг сонгох санкцтай байдлаар хууль тогтоогчийн зүгээс хуульчилсан байна.
Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Х-дд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд анхан шатны шүүх дээрх саналыг үл харгалзан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж хуульд заасан хамгийн дээд ял шийтгэлийг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцээгүй болно.
Учир нь шүүгдэгч Х.Х-дгийн зүгээс гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Баярцэцэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан, хохирогч миний зүгээс түүнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн зүгээс нөхцөл байдлыг буруугаар төсөөлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн гэмт хэрэг гарах болсон зэрэг олон шалтгаан нөхцөл байсаар атал анхан шатны шүүх хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймээс дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч, Х.Х-дгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэлийн хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэх юм.
Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/456 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хуульд заасан хамгийн доод хэмжээгээр ял шийгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдсон. Хгийн хувьд тэнсэнгийн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Иймд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Х.Х-д гаргасан тайлбартаа: Хэрэг хийсэн нь үнэн. Айл гэр, үр хүүхдийг минь бодоод шийдвэр гаргаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Х-дд холбогдох эрүүгийн 2034000000554 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Х.Х-д нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чанар” амралтын газар 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хамтран амьдрагч Л.Оюунтуяаг хардсаны улмаас зодож эрүүл мэндэд тархи доргилт, толгойд язарсан шарх, дээд урууланд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хэвлийд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун гарын 5 хуруу, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
иргэн Г.Баярцэцэгийг “чамаас болж энэ асуудал үүслээ” гэх шалтгааны улмаас толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойд шарх, зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь;
Шүүгдэгч Х.Х-дн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Г.Баярцэцэг /хх-ийн 17-18, 19/, хохирогч Л.Оюунтуяа /хх-ийн 14-15/, гэрч К.Кунайм /хх-ийн 20-21/ нарын өгсөн мэдүүлгүүд,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 539 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Г.Баярцэцэгийн биед тархи доргилт, толгойд шарх, зулай хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэжээ. /хх-ийн 25-26/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 540 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Л.Оюунтуяагийн биед тархи доргилт, толгойд язарсан шарх, дээд урууланд шарх, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хэвлийд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун гарын 5-р хуруу, зулай, дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ /хх-ийн 32-33/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Х-дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн субьектив шинжүүд багтаж байхад шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь хэсэгт заасныг журамлан” гэсэн нь буруу байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан. Үүнийг дүгнэвэл шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийг бус ерөнхий ангийг давхар журамлаж болно гэж ойлгогдохоор байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 1.1 дүгээр зүйлээс 9.7 зүйл хүртэл хамаардаг. Гэтэл шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйл гэж буруу бичсэн байна.
Хохирогч Л.Оюунтуяагийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Х.Х-д нь хамтран амьдрагч Л.Оюунтуяаг хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэм буруугийн шууд санаатай үйлдлээр танхай сэдэлтээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Баярцэцэгийг ямар нэг шалтаг шалтгаагүйгээр гэм буруугийн шууд санаатай үйлдэл, танхай сэдэлтээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х-дг хамтран амьдрагч Л.Оюунтуяаг хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Л.Оюунтуяа, Г.Баярцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Хохирогч Г.Баярцэцэгийн хууль бус үйлдэл, шүүгдэгч Х.Х-д нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна.
Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/456 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хасаж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-дгийн 2020 оны 11 сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 сарын 21-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 79 /далан ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
4. Шүүгдэгч Х.Х-дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Л.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭХ.ху