Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2022/00682

 

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2022/00682

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00598/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 9909****, ЧЛ70****** регистрийн дугаартай, Б овогт Б.Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Б.Ө нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоот буюу эрхийн улсын бүртгэлийн 2003****** дугаарт бүртгэгдсэн 50.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь М.Х, Ө.М бид нарын дундын өмч юм.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот тогтоолоор М.Хийн төлөх төлбөрт Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод байрлах 4 өрөө орон сууцны М.Хд ногдох хэсгийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт битүүмжилж, хураасан эрхийн улсын бүртгэлийн 2003****** дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод байрлах 50.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэж, Капитал зууч ХХК нь 90 сая төгрөгөөр хэт өндөр үнэлж, үнэлгээг танилцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө буюу 4 өрөө орон сууцыг 2002 онд 45,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд тухайн орон сууцанд сүүлийн 16 жилийн турш ямар нэгэн засвар хийгээгүй. Гэтэл Дархан-Уул аймагт борлуулагдаж байгаа шинэ орон сууцны м.кв-н үнээр үнэлж, 4 өрөө орон сууцны үнийг 90,000,000 төгрөгөөр үнэлж байгааг ойлгохгүй байна. 

Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байсан тул 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ө.Цыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй учир миний хүү Ө.Цы өмчлөх эрх зөрчигдөж байгаа.

Иймд К............... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот тогтоолоор Мын Хаас Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоотод байрлах 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод байрлах 4 өрөө орон сууцыг хувьд ногтлох хэсгийн хохирлоор тооцохоор шийдвэрлэсэн.

Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, *** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хувьд ногдох хэсгийг төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 50,5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153020225/** дугаартай тогтоолоор битүүмжилж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15302026/** дугаартай тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авсан.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2018/0**** дугаартай захирамжаар Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөлийн асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/**4, 03/**7, 03/**8 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нараас үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн.

Шинжээч томилох тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/03 дугаартай тогтоолоор К................... ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

К............... ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тайланд эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 50,5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/**1, 01/**2, 01/**3 дугаартай албан бичгээр талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул гуравдагч этгээд Б.Өын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, Капитал зууч ХХК-ийн 2022/** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 4-16/, 0058*** дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 37 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, Б.Ө, М.Х нарын гэрлэлтийн гэрчилгээ /хавтаст хэргийн 39 дэх тал/, Ө.Цы төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартайгаа холбогдуулан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 52-89 дэх тал/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай магадлал /хавтаст хэргийн 90-123 дахь тал/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны *** дугаартай тогтоол /хавтаст хэргийн 124-138 дахь тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 139, 141, 155 дахь тал/, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15302026/** дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 140 дэх тал/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15302026/** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хавтаст хэргийн 142 дахь тал/, Б.Ө, М.Х, Ө.М нарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 01 дүгээр сард ирүүлсэн үнийн саналууд /хавтаст хэргийн 143-145 дахь тал/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2018/0**** дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж /хавтаст хэргийн 146 дахь тал/, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/**4, 03/**7, 03/**8 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 147-149 дэх тал/, Б.Ө, М.Х, Ө.М нарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн үнийн саналууд /хавтаст хэргийн 150-152 дахь тал/, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хавтаст хэргийн 153 дахь тал/, шинжээчийн эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 154 дэх тал/, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/**0, 01/**1, 01/**2 дугаартай мэдэгдлүүд /хавтаст хэргийн 156-158 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б.Ө нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан К................ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан үндэслэлээр татгалзаж байна.

Гомдол гаргагч нь гомдлын үндэслэлийг ...М.Хийн төлөх төлбөрт бидний гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод байрлах 4 өрөө орон сууцны ногдох хэсгийг хохиролд тооцож гаргуулахаар шийтгэх тогтоол, магадлал, дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад уг орон сууцыг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоосон ба 90,000,000 төгрөгөөр үнэлж ирүүлснийг зөвшөөрөхгүй. Учир нь уг 4 өрөө орон сууцыг 2002 онд 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан сүүлийн 16 жил засвар хийгээгүй байхад шинэ орон сууцны м.кв-ийн үнээр үнэлснийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор ...Б овогт Мын Хг Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, ....шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 50,000,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 50,000,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 50,000,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож... ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, ...шүүгдэгч М.Хийн ...Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоот 4 өрөө орон сууцны ногдох хэсгээс хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 52-89 дүгэр тал/

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны *** дугаартай тогтоолоор бусад шүүгдэгч нарт холбоотой зарим зүйл заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх ба тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 90-138 дахь тал/

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 сарын 08-ны өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудсаар ялтан М.Хулангийн Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот, 2 өрөө орон сууц, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоот, 4 өрөө орон сууцнуудын хувьд ногдох хэсгийг хохиролд тооцуулахаар бичигдсэн байна. /хавтаст хэргийн 51 дэх тал/

Үүний дагуу 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр *** дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоот, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр битүүмжилж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хураах тогтоолын дагуу хурааж, үнийн санал авахад 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Ө.М зах зээлийн үнэ цэнийг 70 сая төгрөгөөр, М.Х 80,0 сая төгрөгөөр, Б.Ө 60 сая төгрөгөөр үнэлж ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 160, 150-152 дахь тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоот, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор К................. ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу 2022 оны 02 дугаар сарын 21-ний үнэлгээний тайлангаар дээрх орон сууцыг 90,000,000 төгрөгөөр үнэлж ирүүлжээ. /хавтаст хэргийн 153, 161 дэх тал/

Шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Өад мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Ө нь тус шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Гомдол гаргагч Б.Ө нь гэр бүлийн дундын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг 16 жил засвар хийгээгүй байхад хэт өндөр үнэлсэн гэж гомдлын үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч зах зээлийн үнэ цэнээс хэтэрхий дээгүүр үнэлэгдэж байгааг ямар баримтыг үндэслэж, жишиж байгаа талаар нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн К.................. ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан К................ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч Б.Өын гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЛТАНТУЯА