Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2022/00706

 

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2022/00706

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00504/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, **-** тоотод оршин суух, утас: 9900****, ЧЛ67****** регистрийн дугаартай, Д овогт Дийн Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байр, ** тоотод байрлах, утас: 9908****, 8506****, 27***** регистрийн дугаартай, Д................... ХХК,

Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байр, ** тоотод оршин суух, утас: 9939****, ТА95****** регистрийн дугаартай, Ц овогт Аын Х нарт холбогдох,

Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Хариуцагч А.Х,

Хариуцагч Д.................. ХХК-ийн төлөөлөгч О.С,

Хариуцагчийн өмгөөлөгч А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Л.......................... ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гол нөхцөл нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороололд *** айлын байрыг барихад хөрөнгө оруулж, тэргүүн ээлжид ашиг авах, хэрвээ төлбөрийг барагдуулахгүй бол орон сууцыг өмчлөх эрхтэйгээр гэрээг байгуулсан. Гэтэл Л.................... ХХК-аас тухайн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь хөрөнгө оруулалтын гэрээг 2 удаа сунгаж, 3 дахь гэрээгээрээ хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсан. Энэ гэрээнд байрны төлбөрийн хэмжээгээр төлбөр төлөх, худалдан борлуулсан байрны барьцааны гэрээг чөлөөлүүлэх гэрээг байгуулсан боловч мөн гэрээний үүргээ биелүүлээгүй. Бид Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2,500,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан. Тухайн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгэх ажиллагаагаар нийт Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байрны 144 айлын байрнаас 1 м.кв-ыг 972,820 төгрөгөөр тооцож *** байрнаас 24 айлын орон сууц, *** байраас 20 айлын орон сууцыг төлбөрт тооцуулан авахаар хүсэлт гаргаж, 2019 онд Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар бүртгэлийн зөрчилгүй байрыг түүж өөрсдийн эзэмшилд авч гэрчилгээг гаргуулсан. Гэтэл дээрх байранд хууль бусаар оршин суух айлууд гарч ирсэн. Үүний нэг нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байр, ** тоотод байрлах 1 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Уг орон сууцыг нь Д....................... ХХК-ийн зүгээс бараа бүтээгдэхүүн нийлүүлж оронд нь уг байрыг авсан гэдэг. Одоо тус байранд иргэн А.Х оршин сууж байгаа. Цаашид өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулахад саад болж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, ** дугаар хороолол, *** байр, ** тоотод хууль бусаар оршин сууж байгаа тул Д.......................... ХХК болон иргэн А.Х нарыг уг байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д....................... ХХК-ийн төлөөлөгч О.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Болормаагийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2021 онд Д....................... ХХК-аас Л................. ХХК, Д.Б нарт холбогдуулан энэхүү орон сууцтай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан бөгөөд Д....................... ХХК-ийн төлөөлөгч О.С миний хүсэлтээр энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Д.Бийн гаргасан нэхэмжлэл нь давхардаж байна. Одоо Л........................ ХХК-ийн захирал Т.Чд холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэл нээж шалгаж байна. Учир нь Л.................. ХХК-аас Д....................... ХХК-нд 2014 онд өгөх байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байрны ** тоотод байрлах 71,46 м.кв орон сууц, 09 тоотод байрлах 41.3 м.кв орон сууцуудыг Т.Ч нь Л................... ХХК-ийн захирал болоод удаагүй байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Д.Бд өгснийг шалгаж байна. Би Д.Б гэдэг хүн хөрөнгө оруулалт хийсэн тухай огт мэдээгүй. Энэ байранд манай компани байдаггүй. Манай эхнэрийн дүү А.Х амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч А.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би А.С болон М эгч нараас энэ орон сууцыг авч, 2016 оноос хойш энэ орон сууцанд амьдарч байгаа. А.С ах удахгүй орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэдэг. Би Д.Б гэдэг хүнийг огт мэдэхгүй. Нэхэмжлэгч Д.Бг ямар журмаар энэ орон сууцыг авсныг мэдэхгүй. А.С болон М эгч хоёр намайг энэ байранд амьдарч бай л гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2 дахь тал/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэх хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, Д.Б, Л.................... ХХК нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан 01/** дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ /хавтаст хэргийн 5-6/, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/**1 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хавтаст хэргийн 11 дэх тал/, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/** дугаартай барьцааны гэрээ, гэрээний хавсралт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 15 дахь тал/, 00069**** дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 16 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/, 2018***** дугаартай хэрэгт Д.Б нь гэрчээр оролцож байгаа гэх цагдаагийн байгууллагын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 34/2/4151 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 18 дахь тал/, Л................... ХХК-ийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн Д.Бийн төлбөрт өгөх байрны жагсаалтын хуулбар /хавтаст хэргийн 19 дэх тал/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/0**** дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэргийг,

Хариуцагч Д....................... ХХК хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар Л.................. ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15/** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 33 дахь тал/, Д....................... ХХК-аас Л................... ХХК-нд нийлүүлсэн блокийн тооцоо /хавтаст хэргийн 34 дэх тал/, Л.................. ХХК, Д....................... ХХК нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д....................... ХХК, хариуцагч А.Х нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум ** дүгээр баг, ** хороолол, *** байр, ** тоот орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д....................... ХХК-ийн захирал О.С нь манай компани болон миний бие уг орон сууцанд амьдардаггүй, миний эхнэрийн дүү А.Х амьдардаг. Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад Л...................... ХХК-ийн захирал Т.Чд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,

хариуцагч А.Х нь намайг уг байранд манай эгч М, С ах 2 оруулсан. 2016 оноос одоог хүртэл амьдарч байна. Гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгэх ажиллагаагаар нийт Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байрны 144 айлын байрнаас 1 м.кв-ыг 972,820 төгрөгөөр тооцож *** байрнаас 24 айлын орон сууц, *** байраас 20 айлын орон сууцыг төлбөрт тооцуулан авахаар хүсэлт гаргаж, улмаар өөрийн өмчлөлд авч гэрчилгээг гаргуулсан. Гэтэл дээрх байранд хууль бусаар оршин суух айлууд гарч ирсэн. Үүний нэг нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байр, ** тоотод байрлах 1 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Уг орон сууцыг нь Д....................... ХХК-ийн зүгээс бараа бүтээгдэхүүн нийлүүлж оронд нь уг байрыг авсан гэдэг. Одоо тус байранд иргэн А.Х оршин сууж байгаа. Цаашид өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулахад саад болж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байр, ** тоотод хууль бусаар оршин сууж байгаа тул Д........................... ХХК болон иргэн А.Х нарыг уг байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Д.Б нь Л..................... ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дугаар хороололд байрлах, Л..................... ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 1500 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос ашиг авах, гүйцэтгэгч тал нь хөрөнгө оруулагч талын оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг буцаан өгөхөөр харилцан тохиролцсон ба гэрээний хугацааг сунгасан байна. /хавтаст хэргийн 5-13 дахь тал/

Улмаар гүйцэтгэгч тал дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй Д.Болормаа нь Л............................. ХХК-д холбогдуулан 3,000,000,000 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр өргөдөл гаргагч Д.Б. нь алданги болох 500,000,000 төгрөгөөс татгалзаж, уригдсан тал Л.................... ХХК нь үлдэх 2,500,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/0**** дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Төлбөр авагч Д.Бийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л..................... ХХК-ийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн Д.Бийн төлбөрт өгөх байрны жагсаалт гарч А блокоос 20, Б блокоос 24 байрыг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Д.Бийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00069**** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаартай гэрчилгээ олгосон байна. /хавтаст хэргийн 3, 16 дахь тал/

Хариуцагч Д....................... ХХК-аас ирүүлсэн 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээгээр А тал Л...................... ХХК, нөгөө талаас Б тал Д....................... ХХК нь харилцан тохиролцож Б тал нь 1600 м.куб хөнгөн блокыг тээвэрлэн хүргэж өгөх, А тал нь бүтээгдэхүүний зарим хэсэгт Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Л............... хотхоны Б блок, * дүгээр орц ** тоотод байрлах 71,46 м.кв талбайтай 3 өрөө байр, ** тоотод байрлах 41,3 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус ашиглалтад оруулж өгөх, зөрүү төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. /хавтаст хэргийн 35 дахь тал/

Дээрх гэрээний талууд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Тооцоо нийлсэн ба 1 өрөө байр, 3 өрөө байрыг төлбөрт тооцож, үлдэгдэл төлбөр 80,000,000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 34 дэх тал/

Хэдийгээр хариуцагч Д....................... ХХК нь Л....................... ХХК-тай гэрээний харилцаатай байдал тогтоогдож байх боловч энэ гэрээний үүрэг нь нэхэмжлэгч Д.Бтай холбоогүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх гэрээний үүрэг нь зөвхөн гэрээний талуудад хамааралтай юм.

Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Б болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд маргааны бүхий 1 өрөө орон сууцанд 2016 оноос хойш одоо хүртэл хариуцагч Д....................... ХХК-ийн захирал О.Сын эхнэрийн хамаатан дүү А.Х гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Д....................... ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч А.Х нь ...О.С болон М эгч нараас энэ орон сууцыг авч, 2016 оноос хойш энэ орон сууцанд амьдарч байгаа. О.С ах удахгүй орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэдэг. О.С болон М эгч хоёр намайг энэ байранд амьдарч бай л гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэсэн тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байр, ** тоот орон сууцыг хариуцагч А.Хы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч А.Хы хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** байр, ** тоот орон сууцыг албадан чөлөөлж, хариуцагч Д....................... ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА