2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/929

 

 

 

 

 

 

 

 

 

2025         04         14                                     2025/ШЦТ/929

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,  

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.А,

шинжээч Б.С,

шүүгдэгч Ц.О,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбат, Х.Даваахүү,

нарийн бичгийн даргаар Б.Батзаяа нарыг оролцуулан эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өглөөний 07 цаг 45 минутын орчимд *********** дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********, тойргийн тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд “Хонда Фит /Honda Fit/” загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-т заасан заалтуудыг зөрчиж,  “Хьюндэй Аэросити /Hyundai Aerocity/” загварын *********улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч хохирогч Д.А унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өглөөний 07 цаг 45 минутын орчимд *********** дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********, тойргийн тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд “Хонда Фит /Honda Fit/” загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйн улмаас “Хьюндэй Аэросити /Hyundai Aerocity/” загварын *********улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, нийтийн тээврийн хэрэгслийн зорчигч хохирогч Д.А унаж, улмаар бие махбодид нь “ахар сүүлний 5-р нугалмын хугарал, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- хохирогч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07:40 цагт Дэнжийн мянгын цагаан байрны баруун талын автобусны буудал дээрээс 120 орохоор цэнхэр өнгийн *********улсын дугаартай “Дэнжийн мянга-Зайсан” чиглэлийн автобусанд урд хаалгаар суусан. Намайг суух үед автобус дотор олон хүнтэй байсан мөн уг буудлаас хүмүүс нэмж суусан. Би ороод автобусанд байгаа хүмүүсийн дундуур явсаар байгаад голын хаалганы хажууд талын бөөрөнхий бариулаас бариад зогсоогоороо явж байсан. Суудал бүгд дүүрсэн байсан. Автобусны жолоочийг огт танихгүй, миний үеийн л эрэгтэй хүн байсан. Автобус хөдлөөд Баянбүрдийн тойрог дээр зүүн гар тал руу эргэхээр явж байхдаа огцом тоормос гишгэхэд автобусны хойд суудалд сууж явсан болон зогсож явсан хүмүүс ташраараа урагшилж, инерцээрээ урагш шалан дээр унацгаасан. Энэ үед миний дэргэд зогсож байсан эмэгтэй тоормос гишгэхэд унасан бөгөөд унахдаа миний дээрээс дарж унасан. Би унах үед бөгсөн биеэрээ хатуу зүйл дээр унасан ба ямар юман дээр уначихваа уг нь энэ хавьд шат байх ёсгүй дээ гэж бодоод гараараа бөгсөн доорх зүйлээ тэмтэрч үзэхэд хүний гутал гарт баригдсан, гутал хажуу тийш харсан байхад нь би дээр нь ахар сүүлээрээ унасны улмаас миний ахар сүүл эвгүй болсон. Тэгээд хүмүүс босоод буугаад байхаар нь би босоод бууя гэж бодоод голын хаалганд байдаг карт уншуулах гээд очиход карт уншигч хажуу тийш далийчихсан байхаар нь картаа уншуулчхаад эргээд буух гээд урд хаалга руу явтал хүмүүс өөдөөс гайгүй юм шиг байна одоо явах гэж байна гэхээр нь би буулгүй автобусанд зогсоогоороо явж байгаад миний хажууд талын суудал дээр сууж явсан хүн буухаар нь уг сандал дээр нь таллаж суугаад явж байхад дотор эвгүйрхээд даралт ихсээд шоконд орсон байдалтай 120 мянгат хүртэл явсан. Тэгэхэд тэр жолооч надаас болон бусад хүмүүсээс биеийн байдал асуугаагүй ба 120-ын автобусны буудал орохын өмнөхөн автобус түгжрээнд зогсоод байхаар нь би урд хаалган дээр очиж жолоочид нь энд буучихъя миний ахар сүүл өвдөөд, дотор эвгүйрхээд байна гэж хэлэхэд энд зогсохгүй буудал дээрээ л зогсоно. Энд зогсвол торгоно гэж хэлэхээр нь яс юман дээрээ чамаас болж гэмтсэн учраас энд буухгүй бол дараагийн буудлаас суух хүмүүс дайрч орж ирээд би бууж чадахгүй болно гэж хэлэхэд жолооч надад би тоормос гишгээгүй байсан бол та нар бүгд аваарт орох байсан гэж хэлэхээр нь гэнэт миний уур хүрээд чиний л буруу ш дээ гэж хэлээд буудал дээр зогсохоор нь би буусан. Тэгээд ажил руугаа явсан боловч ахар сүүл өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд ахар сүүл хугарсан байна гэж хэлсэн. Жолооч нь урдуур нэг цагаан машин орж ирээд баруун, зүүн эргэх нь мэдэгдэхгүй байж байгаад гэнэт урдуур орж ирэхээр нь огцом тоормос гишгэсэн гэж хэлсэн. Миний биед автобусанд явж байгаад унасны улмаас ахар сүүл хугарсан. Өөр гэмтэл бэртэл байхгүй. Автобусанд би ганцаараа эрүүл саруул суусан. Буухдаа гэмтээд буусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр миний автомашиныг эхнэр Д.О хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх гээд жолоодож явсан манай эхнэр Д.О жолоодож явах эрхтэй бид хоёрын дундын өмч байгаа юм би тухайн ослын улмаас хохирогч гээд хүнд учирсан хохирлын талаар хэрэгт авагдсан материалтай санал нийлэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

- гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Дэнжийн мянгаас Зайсан чиглэлд зорчигч тээвэрлээд хойноосоо Баянбүрдийн тойрог руу орж ирээд зүүн гар тийш эргэх гээд 3-р эгнээндээ орчихсон явж байхад Баянбүрдийн тойргийн зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөнд оролцож явсан 3 эгнээ замын 1,2-р эгнээний машинууд надад зам тавьж өгсөн. Тэгэхээр нь би хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд зүүнээс баруун чиглэлийн 3-р эгнээнд явж байсан цагаан өнгийн жижиг тэрэг миний өмнүүр хөндлөн ороод ирэхээр нь огцом тоормос гишгэхэд зорчигч нар хашгиралдаад явчихсан. Нэлээн олон заал дүүрэн хүнтэй явж байсан. Зорчигч нар унасан үгүйг мэдэхгүй байна. Надад хэн ч юу ч хэлээгүй. Араас нэг хүүхэдтэй хүүхэн эвтэйхэн яваач гэж хашгирахаар нь уучлаарай урдуур хөндлөн машин ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд би шууд зогсоод аваараа татаад буухад урдуур хөндлөн орж ирсэн цагаан машин урд зогсож байсан бөгөөд жолооч нь буугаад ирэхээр нь чигээрээ явах гэж байгаа бол 2-р эгнээгээрээ явахгүй яасан юм гэхэд эмэгтэй жолооч харин тийм ээ гээд сандраад ахаа уучлаарай гэж хэлчхээд яваад өгсөн. Би тэр машины улсын дугаарыг тогтоогоогүй маркийг нь санахгүй байна. Тэгээд буцаж автобусандаа суугаад хөдөлгөөнөө үргэлжлүүлээд Төв номын сангийн буудал руу дөхөөд явж байтал нэг эмэгтэй надад энд бууя гэхээр буудал руу орж байж зогсоно гэхэд би чамаас болоод гэмтчихлээ, буумаар байна гэж хэлсэн. Ахар сүүл гэмтчихлээ гэж хэлээд байсан. Намайг Төв номын сангийн буудал дээр зогсоход тэр эмэгтэй урд хаалгаар буусан. Буухдаа чамаас болж гэмтчихлээ гэж хэлээд надтай хэрэлдээд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д-ийн гаргасан “...1 .Д.Агийн биед ахар сүүлний 5-р нугалмын хугарал, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Болор-Эрдэнийн гаргасан “...4. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн тээврийн хэрэгсэл нь "Honda" маркийн "Fit First generation(GD/GE;2001)" загварын тээврийн хэрэгсэлтэй төстэй байна...” гэх 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3549 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 118-112 дугаар хуудас/,

- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн дүгнэлтээр ...Тоормосны систем нь шингэн ABS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 238-241 дүгээр хуудас/,

- 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-29 дүгээр хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цаг 53 минут 17 секундэд цэнхэр алаг автобус хойноос урагшаа чиглэлд явж байх бөгөөд зүүн талд цагаан өнгийн суудлын автомашин явж байгаа харагдана. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цаг 53 минут 19 секундэд цэнхэр алаг автобусны зүүн талд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин автобустай мөргөлдөж байгааг харагдана. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цаг 53 минут 22 секундэд мөргөлдсөн автобус суудлын автомашин зогсож байгааг харуулав. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цаг 53 минут 59 секундэд автобуснаас эрэгтэй жолооч суудлын автомашинаас эмэгтэй жолооч бууж ирээд зогсож байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,

- 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Эд мөрийн баримт тооцох тухай” сиди нэг ширхэг /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 04-ий өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас/ ,

- 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  Шинжээчийн дүгнэлт: “1.1 Hyundai aero city маркийн *********улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Батболд нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 1.2 Honda Fit маркийн *********улсын дугаартай автомашины жолооч Ц.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4 “жолооч байр эзэлхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 1.3 Honda Fit маркийн *********улсын дугаартай автомашины жолооч Ц.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх  /2 дугаар хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,

-   2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Зам тээврийн  осол дээр тогтоосон акт” /2 дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

-  Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /2 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 90-94 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Ц.О нь суудлын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч өөрийгөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчих үйлдэл хийхдээ осол аваар гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдан эгнээ солихдоо баруун талдаа явж байсан нийтийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж урдуур нь орсны улмаас нийтийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.А нь унаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр  хүргэсэн гэмт үйлдэл хийжээ.         

Тиймээс шүүгдэгч Ц.Оийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 07 цаг 45 минутын орчимд *********** дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********, тойргийн замд “Хонда фит /Honda Fit/” загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хьюндэй Аэросити /Hyundai Aerocity/” загварын *********улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.А нь унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдлийг 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хууль тогтоогчийн зүгээс тус зүйл заалтад нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс: “Шүүгдэгч Ц.Оийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, нийтийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн ардаас нь ирж мөргөж осол гарсан” гэх утга агуулгаар өмгөөллийн хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгчийг гэм буруугүй гэж санал гаргасан.

Тус хэрэгт тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт хийгдсэн СиДи болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Оийн гэм буруутай үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, тус гэмт хэрэгтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас Д.А нь эрүүл мэндийн даатгалын сангаас 224.000 төгрөг гарсныг яллагдагч Б.О-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэж мэдүүлжээ. Шүүгдэгч Ц.Оийн зүгээс тус хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 608.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед 832.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зарлалд 628.000 гарсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирлоос илүү төлсөн 224.000 төгрөгийг хасаж тооцон түүнээс 404.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохирлыг хохирогч Б.А-д бүрэн төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А нь сэтгэл санааны хохирлоо нэхэмжилсэн боловч дээрх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр болсон байх ба сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Иргэний хууль, тогтоомжийг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэх ёсгүй учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн “Эдийн бус гэм хорыг арилгах” тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болж үйлчилж байгаа болно. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн хүчинтэй болсон үеэс хойш үйлдсэн гэмт хэргүүдэд тус сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүх мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулах учиртай.

Иймд хохирогчийн зүгээс гаргасан сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн Ажилгүй байсан хугацааны цалин, листны мөнгө гэх 326.000 төгрөг нэхэмжилснийг шүүхэд ирүүлсэн баримт нь дутуу, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал зэрэгтэй холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ц.О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Од 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Оийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

                

5. Хохирогч Б.А-ийн сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ