Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 50

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                           Д.Нямдэлэг  

      Хохирогч                                              Э.Төрбат

      Нарийн бичгийн дарга                        Б.Урангоо нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгачууд шүтээн овогт Батхуягийн Өнөболдод холбогдох 201718000075  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, тусгай дунд боловсролтой, воган үзэгч мэргэжилтэй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг, 3 дугаар хэсгийн 189 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Авгачууд шүтээн овогт Батхуягийн Өнөболд, /РД:МЮ89122870/,

 

 Шүүгдэгч Б.Өнөболд нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Төрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас маргалдаж, зодолдож улмаар Э.Төрбатыг мөргөж унагаан биед нь хүндэвтэр гэмтэл  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            

Тодорхойлох нь ;

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Өнөболдын 2017 оны 03-р сарын 15-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 11-ний оройн 22 цагийн үед “Коллектив” нэртэй бааранд найз Хүрэлтулгийн хамтаар орсон ба бааранд ороод пиво уугаад бүжиглэж байхад миний зүс таньдаг “Монгол зоог” гээд хоолны газрын эзэн Төрөө ах архи уусан согтуу байдалтай бааран дотор яваад байсан. Энэ үед би бүжгийн талбай руу гарч бүжиглэж байхад Төрөө ах ард урдуур явахдаа мөрлөөд түлхээд согтуурхаад яваад байхаар нь “ахаа та боль л доо согтуурхаад мөрлөж, түлхээд байх юм, битгий ингэ л дээ” гэж хэлэхэд үл тоосон байдалтай бүжиглэж байгаад хөлөн дээр гишгээд байсан юм. Энэ үед би юм ярилгүй чимээгүй л байсан. Тухайн үед Төрөө ах бааранд байсан ихэнх хүмүүсийг мөрлөөд түлхээд согтуурхаад яваад байсан, бааранд ганцаараа байгаа юм шиг аашилж байсан. Надаас хамаагүй олон насаар ах хүн учир би нэг их олон зүйл яриагүй юм. Ингээд бааранд сууж байхад баар хаах болоод хөгжмөө зогсооход би текэн дээр очиж тооцоогоо барменд өгөх үед хажууд Төрөө ах ирээд “чи муу пизда, лалрын бацаан надад томордог хэн бэ” гэж хэлэхээр нь “та намайг зүгээр байхад мөрлөөд, хөлөн дээр удаа дараа гишгэсэн шүү дээ, таныг зүгээр байхад чинь юм хэлсэн юм уу” гэхэд “чи муу том бацаан байна, чамайг ална” гэж над руу дайраад намайг заамдаж аваад миний нүүр лүү 6-7 удаа гараараа цохисон ба намайг цохиод миний нүүр өвдөөд хавдчихаар нь “та намайг цохиж болов уу, би зүгээр байлаа шүү” гэж хэлэхэд “чи муу лалрын бацаан одоо энэ баарнаас зайл” гэж баарны бармен, зөөгч болон найз Хүрэлтулга, өөр бусад хүмүүсийн дэргэд хэлэхээр нь гэнэт уур хүрээд “би таныг их удаан тэслээ, зөндөө олон удаа зүгээр байж байгаад цохиуллаа” гэж хэлээд аргагүй эрхэнд мөргөхөд газарт унасан ба дээрээс нь гараараа 2 удаа нүүр лүү нь цохисон. Ингээд баарнаас шууд гарч яваад такси хүлээгээд баарны гадаа зогсож байхдаа найз Хүрэлтулгийг “баар луу ороод харчихаад ир” гэж хэлээд оруулсан ба Хүрэлтулга “Төрөө ах шалан дээрээс боссон баарны 00-н өрөө рүү орсон нүүрээ угааж байна, гайгүй байх шиг байна” гэж хэлэхээр нь таксинд суугаад харьчихсан юм. Тухайн үед миний толгой өвдөөд байсан учир түрүүлж би хүргүүлээд Хүрэлтулга харихаар явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Би бага зэрэг халамцуу байсан. Харин Төрөө ах нилээн согтсон байдалтай байсан хүн хүнийг очиж мөрлөөд яваад байсан бааран дотор зүгээр байхгүй энэ тэнд согтуурхаж яваад байсан. Энэ талаар баарны бармен зөөгч нар мэдэж байгаа. Баар хаах дөхсөн байхад над руу дайрч хэл амаар доромжилж намайг цохисныг зөөгч, бармен болон Хүрэлтулга нар харж байсан. Би үнэндээ маш удаан тэвчсэн, сүүлдээ тэсэхээ байгаад мөргөж цохисон. Би ямар ч хүмүүстэй маргаж муудалцсан зүйл болоогүй. Энэ талаар зөөгч, бармен болон Хүрэлтулга нар хэлээд өгөх байх. Төрөө ах л тавьтиргүй зан гаргаад, буруутай үйлдлээс нь болоод одоо ийм байдалд орчихоод байж байна. Төрөө ах ямар учиртай худлаа зүйл ярьж байгааг гайхаж байна. Миний хэлж ярьсан бүгд үнэн. Би газарт унасан байхад нь гараараа нүүр лүү нь 2 удаа цохисон. Хөлөөрөө өшиглөсөн зүйл огт болоогүй. Харсан хүмүүс нь хэлж ярих байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 79-р ху/,

2. Шүүгдэгч Б.Өнөболдын 2017 оны 03-р сарын 23-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Э.Төрбат ах худал мэдүүлэг өгсөн байна. Миний хувьд бааран дотор хүмүүстэй маргаж, томорч дээрэлхсэн зүйл огт болоогүй. Тухайн үед намайг бүжиглэж байхад Төрөө ах мөрлөөд түлхээд хөлөн дээр удаа дараа гишгэсэн “энэ үед би аятайхан яв л даа ахаа” гэж хэлтэл намайг үл тоосон байдалтай тоохгүй байсан. Ингээд баарны дуу зогсоод би тооцоогоо баарны текэн дээр очиж хийх үед Төрөө ах миний хажууд ирээд “чи муу лалрын бацаан яадаг том бацаан бэ, миний өөдөөс юм ярилаа” гэх зэргээр надад томорч хэлэхээр нь “та намайг зүгээр байхад намайг мөрлөж, удаа дараа хөлөн дээр гишгэсэн биз дээ” гэхэд “зүгээр байгаарай пизда минь” гэж хэлээд өөдөөс дайрахаар нь “та өөрөө зүгээр байгаарай” гэж хэлэхэд намайг шууд багалзуурдаж нүүрний шанаа хэсэг рүү 6-7 удаа гараараа цохисон. Намайг цохих үед би зүгээр байж байгаад өөдөөс нь хөдөлгүй цохиулсан, намайг “одоо баарнаас зайл” гэх мэтээр хэлээд над руу салаавч өгөхөөр нь аргаа барагдаад уур хүрээд баарны барменд “юу болсныг харсан биз дээ” гэж хэлээд эргэж хараад мөргөж унагаагаад унасан байхад нь 2 удаа цохисон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 80-р ху/,

3.Шүүгдэгч Б.Өнөболдын 2017 оны 04-р сарын 03-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би цохиод Э.Төрбатын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан учир зөвшөөрч байна. Уул нь Э.Төрбат өөрөө намайг өдөж байж цохиулсан шүү дээ би зүгээр байхад нь өдөж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Энэ байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Намайг цохисон боловч миний биед гэмтэл тогтоогдоогүй байгаа. Би өмнөх байцаалтандаа болсон зүйлийг тодорхой ярьсан байгаа. Э.Төрбат бааран дотор нилээн согтолттой яваад байсан ба миний хөлөн дээр удаа дараа гишгэсэн, мөрлөж, түлхсэн. Энэ үед тоолгүй орхисон. “Ахаа замаа харж яв л даа” гэж удаа дараа хэлсэн. баарны дуу зогсоод би тооцоогоо баарны текэн дээр очиж хийх үед Төрөө ах миний хажууд ирээд “чи муу лалрын бацаан яадаг том бацаан бэ, миний өөдөөс юм ярилаа” гэх зэргээр надад томорч хэлэхээр нь “та намайг зүгээр байхад намайг мөрлөж, удаа дараа хөлөн дээр гишгэсэн биз дээ” гэхэд “зүгээр байгаарай пизда минь” гэж хэлээд өөдөөс дайрахаар нь “та өөрөө зүгээр байгаарай” гэж хэлэхэд намайг шууд багалзуурдаж нүүрний шанаа хэсэг рүү 6-7 удаа гараараа цохисон. Намайг цохих үед би зүгээр байж байгаад өөдөөс нь хөдөлгүй цохиулсан ба намайг “одоо баарнаас зайл” гэх мэтээр хэлээд над руу салаавч өгөхөөр нь арга барагдаад уур хүрээд баарны барменд “юу болсныг харсан биз дээ” гэж хэлээд эргэж хараад мөргөж унагаагаад унасан байхад нь 2 удаа цохисон. Ийм л зүйл болсон. Бааранд хүмүүст томорсон зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 82-р ху/,

4. Шүүгдэгч Б.Өнөболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед найз Хүрэлтулгын хамт “Коллектив” бааранд орж 2, 2 пиво уусан. Гэтэл Төрбат ах элдвээр хэлж хүн болгон луу дайраад байсан. Тэгээд баар хаах үед тооцоогоо хийх гэж байсан чинь намайг “яасан том бацаан бэ?” гэж хэлээд 7-8 удаа цохисон. Тэгэхэд нь миний тэвчээр алдагдаж Төрбат ахыг мөргөж унагаагаад 2 удаа цохисон. Хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж хохирлын мөнгө гэж 2.500.000 төгрөг төлсөн. ...гэх мэдүүлэг,

         5. Хохирогч Э.Төрбатын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед найз Энхболдын хамтаар “Irish” нэртэй ресторанд орж 0,75 граммын “Сархад” архи авч хуваан уусан ба архи уугаад дуусах үед би нилээн согтсон байсан. Манай найз Энхболд хамт сууж байгаад “гарчихаад ирье” гээд явчихсан юм. Ингээд би ганцаараа хүлээгээд суугаад байхад 5-10 минут орчим орж ирэлгүй алга болчихоор нь хааччихсан юм бол гэж бодоод араас нь гартал гадаа байхгүй байсан. Согтуудаа “Коллектив” баар луу орсон байж магадгүй гэж бодоод баар луу яваад ороход маш олон хүмүүс бүжиглээд их дуу чимээтэй байсан. Ингээд бааран дотор явж найзыгаа хайтал байхгүй байсан ба бааран дотор нилээн удаан бүжиглэж явсан. Ингээд баар хаах болоод дуугаа зогсоочихоор нь би баарны текэн дээр явж очоод текны дэргэд зогсож байхад миний хажууд өндөр махлаг шар залуу зогсож байсан ба би согтуудаа тухайн залууд хандаж хэдэн үг хэлээд мөрлөж нударсан юм. Учир нь тухайн залуу хэдэн залуучуудад томроод их пээдгэр яваад байхаар нь миний дургүй хүрээд зүгээр хараад байж чадалгүй хэдэн үг хэлсэн юм. Гэтэл надад хандаж “өөрт чинь хамаагүй” гэх зэргээр над руу томорч юм хэлэхээр нь өөдөөс нь би “чи яасан том бацаан бэ, ахыгаа яах гэж байгаа юм” гэх зэргээр ярьж маргаад бие рүү нь гараараа цохих үед учир зүггүй намайг эргэж хараад мөргөөд би газарт унахад нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Ингэж цохиулаад текны доор унаад газарт хэсэг хэвтэж байгаад босож ирээд ам, хамраас цус гараад байхаар нь арчиж цэвэрлэсэн ба баарнаас ганцаараа гарч яваад “Irish” ресторан руу явж ороод гар утсаар эхнэр Энхцэцэг рүү залгаж хэлээд намайг хүрч ирж авч явсан. Ингэж зодуулаад эмнэлэгт очиж үзүүлээд шөнө унтаж амраад маргааш өглөө нь цагдаад мэдэгдэж шалгуулсан. Тухайн үед миний хамар амнаас цус гараад тогтохгүй байсан ба цус тогтоох тариа хийлгэсэн. Маргааш нь өглөө нь Дархан-Уул аймгийн эмнэлэгт очиж томографикийн зураг авахуулахад нүүрний зүүн хэсгийн бүхий л яснууд хугарсан, хамрын яс гэмтсэн байна лээ. Улаанбаатар хот руу явж 1 дүгээр эмнэлэгт очиж хагалгаанд орно. Тухайн үед би нилээн согтсон бааранд орсон ба текэн дээр явж очоод зогсож байхдаа Б.Өнөболд гэх залууд хэдэн үг хэлээд маргаад, мөрлөж нударсан, цээж рүү хэд гараараа цохисон юм. Гэтэл надад уурлаад намайг зогсож байхад мөргөөд унахад нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Ингэж намайг цохичихоод баарнаас гараад явсан. Би цустайгаа холилдоод текний урд талын шалан дээр хэвтэж байсан. Би эхэлж юм хэлж мөр лүү нь цохисон байж болно, гэхдээ надад хүнд гэмтэл учруулж цохиж зодож болохгүй. Одоо нүүрний маань зүүн хэсгийн бүхий л яснууд хугарчихаад хагалгаанд орох гэж байна. Үнэндээ маш их хохирлоо, намайг хөнгөн гэмтэлтэй цохисон бол би юм ярихгүй цагдаад мэдэгдэлгүй орхих байлаа. Гэтэл намайг арай дэндүү болгочихлоо. Би Өнөболдын хоолойг нь гараараа боосон зүйл байхгүй. Мөр лүү нь цохих үедээ хэтрүүлж нүүр лүү нь цохисон байж магадгүй юм. Би бүжиглэж байхдаа Өнөболдын хөлөн дээр нь санаандгүй гишгэж мөрлөж түлхсэн зүйл байгаа. Согтсон байсан учир олон хүмүүс дунд хөлөн дээр нь гишгэх, мөрлөх, түлхэх асуудал байсан. Би санаатай ийм үйлдэл хийгээгүй. Тухайн үед надад хандаж “та аятайхан яваач, хөлөн дээр гишгэлээ” гэх мэтээр уурлаж байсан би нэг их зүйл ярилгүй орхисон. Зодуулсандаа гомдолтой байна. Өнөболд гэх залуу надтай ирж уулзсан. Хохирлоо нэхэмжлэхэд “барагдуулна” гэж хэлсэн. Хэзээ хохирлыг маань барагдуулахыг хэлж мэдэхгүй байна. Одоогоор 3 сая төгрөгний зардал гарсан байна. Цаашид хэдэн төгрөгний зардал гарахыг мэдэхгүй байна.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 36-р ху/,       

6. Хохирогч Э.Төрбатын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Би өмнөх байцаалтандаа хэлсэн байгаа. Би бүжиглэж байхдаа санаандгүй хөлөн дээр нь гишгэсэн асуудал байгаа. Санаатай гишгээгүй жаахан согтсон байсан учир гишгэсэн. Өнөболд хэдэн залуустай хамт явж байгаа юм шиг харагдсан. Хэдэн залуучуудад юм хэлээд томроод байгаа юм шиг харагдсан. Би хөндлөнгөөс харахад их пээдгэр бацаан шиг харагдсан. Би хэдэн үг хэлээд маргаан үүсгээд зодуулсан нь үнэн. Гэхдээ намайг арай дэндүү гэмтэл учиртал зодсон юм. Ингэж зодоогүй бол би тоолгүй орхих байсан. Одоо хүний урманд биеийг минь асууж ярихгүй байгаа. Эмнэлэгт хэвтэж байхад ганц удаа ч яриагүй. Хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна уу гэж бодож байна. Б.Өнөболд ямар учиртай тийм зүйл яриад байгааг гайхаж байна. Би зүгээр байхад нь маргаж зодуулсан зүйл байхгүй, хүмүүст томроод байхаар нь ах хүний хувиар хэдэн үг сануулж хэлээд зодуулсан. Би эмнэлэгт хэвтэхээр явахдаа Хас банкнаас 2 сая төгрөгний зээл аваад явсан уг баримт нь надад байгаа. Би нийт 3 сая төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэх явцад ажлаа хийгээгүй зоогийн газраа ажиллуулаагүй. Энэ байдлаас үүдэн орлогоо алдаж хохирч байна. Энэ мэтчилэн зөндөө зардал байгаа. Үүнийг би нэхэмжлэхгүй байгаа. Зөвхөн эмчилгээнд гарсан мөнгийг нэхэмжилж байна. Миний зүүн хацар хэсгийн ясыг хадаасаар хадсан байгаа уг хадаасыг  намар 3 сарын дараа авахуулна мөн мөнгө хэрэгтэй байна. Норкозонд орж хагалгаа хийлгэснээс үүдэн одоо юм аа мартаж санаад байдаг болсон. Эрүүл мэнд сэтгэцийн хувьд хүртэл хохирч байна. Миний биеийн байдал гүйцэт сайжрахгүй байна. Толгой өвдөөд нүүрний зүүн хэсэг мэдээгүй юм идэхээр амтыг нь мэдрэхгүй байна. Хатуу юм идэж чадахгүй, байнгын шингэн зөөлөн зүйл идэж байна. Анх байсныгаа бодвол одоо арай гайгүй байна. Миний эмчилгээнд гарсан 3 сая төгрөг болон цаашид гарах хохирлыг нэхэмжилнэ. Миний хувьд бол гомдолтой байна, надтай ганц удаа Б.Өнөболд уулзаагүй, биеийг маань асуугаагүй. Үүнд их гомдолтой байна. Уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/,

7. Хохирогч Э.Төрбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Энхболд гэх найзтайгаа “Irish” ресторан руу орж 0,75 граммын шилтэй “Сархад” архинаас 1 шилийг авч уугаад байж байтал найз маань гарч яваад орж ирэхгүй байхаар нь “Коллектив” баар руу орж хайсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь тэр баарандаа бүжиглэж байгаад Өнөболдын хөл дээр санаандгүй гишгэсэн. Гэтэл Өнөболд хүн амьтанд томроод яваад байсан. Тэгээд баар хаах үед би Өнөболдыг дуудаж “чи яасан том бацаан бэ?” гэж хэлээд 1 цохисон чинь намайг мөргөөд унахад дээрээс дэвсээд гараад явсан. Миний нүүр амнаас их цус гарсан тул эхнэрээ дуудаж гэртээ харьсан чинь цус тогтохгүй байсан тул эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлэх гэж байтал “Төрөө ахаа та миний амьдралыг баллаад хаячихлаа” гэсэн мессэж бичсэн байсан. Тэгээд би Дархан-Уул аймаг руу очиж эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу явж  эрүүний хагалгаанд орсон. Тэгээд эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэж эмчлүүлсэн. Надад маш хүнд байсан. Гуурсаар хооллож байсан. Цаашид хамар, нүүрний муруйлтаа эмчлүүлж хагалгаанд орох ёстой. Шүүгдэгч бараг эрүүл шахуу байсан байж намайг ийм болгосон. Надаас уучлалт гуйгаагүй. Хүн чанар муутай хүүхэд байна лээ. Одоогоор хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтын хүрээнд хохирлоо төлүүлсэн.  Эмчилгээ хийлгэнэ, тэр үед нь зардлаа нэхэмжлэнэ. гэх мэдүүлэг,          

8. Гэрч О.Эрдэнэтуяагийн 2017 оны 03-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн “Коллектив” бааранд зөөгч ажилтай. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний бие “Коллекти”в бааранд бармен хийж байсан. Бармен хийдэг эмэгтэй “ажилтай” гээд ирээгүй болохоор би барменээр ажиллаж Ууганаа гэх залуу зөөгчөөр ажилласан юм. Баар өдрийн 16 цагт нээгдээг цэвэрлэгээ хийгдээд оройны 19 цагийн үед яг ажиллаж эхэлсэн ба оройны 23 цаг 30 минут ажиллаад 00 цаг гэхэд хүмүүсээ гаргаж дуусаад буугаад харьдаг юм. Энэ өдөр 23 цаг 30 минутын үед баарны хөгжмийг зогсоогоод үйлчүүлэгч нараас тооцоогоо авч байхад Өнөболд гэх залуу текэн дээр ирж пиво авсан тооцооны 10,000 төгрөг өгсөн юм. Энэ үед Төрөө ах ирээд Өнөболдын хажууд ирээд нэг харсан чинь хоорондоо маргаад байсан. Энэ үед би хүмүүсээс тооцоогоо аваад тооллого хийж байхад хоорондоо маргаад байсан ба нэг их тоолгүй зогсож байхад гэнэт Төрөө ах уурлаад Өнөболд гэх залууг хүзүүнээс нь нэг гараараа нэг гараараа нүүр хэсэг рүү нь учир зүггүй цохиод байсан. Энэ үед Өнөболд гэх залуу зүгээр зогсож байгаад цохиулаад байсан ба Төрөө ах цохиод болоход Өнөболдын нүүр шанаа хэсгээрээ хавдсан байдалтай байсан ба Өнөболд гэх залуу надад хандаж “чи харсан биз дээ, намайг зүгээр байхад цохилоо, би зүгээр цохиуллаа шүү” гэж хэлээд эргэж хараад Төрөө ахыг нэг мөргөөд унахад нь дээрээс нь 1-2 удаа цохих шиг болсон. Төрөө ах цохиулаад шалан дээр хэвтэж байсан ба Өнөболд гараад явчихсан. Төрөө ах шалан дээрээс босоод иртэл хамраас нь аймаар их цус гараад би салфитик өгч цусыг нь арчтал над руу уурлаад “гичий, янхан” гэх зэргээр янз бүрийн үгээр доромжилсон. Учир зүггүй хараагаад эхэлсэн. Энэ үед би “намайг яагаад харааж, доромжлоод байгаа юм бэ, би таныг цусаа арч гээд салфитик өглөө, одоо манай баарнаас гар харь” гэхэд хэсэг сууж байгаад 00-ын өрөө ороод цусаа угааж байгаад баарнаас гарч явсан. Гарч яваад хажуугийн “Irish” руу орсон байсан ба эхнэр нь хүрч ирээд авах гэхэд ресторанаас гарч яваад рестораны хашаан дотор ганцаараа хэвтэж байсан гэж сонссон. Тухайн үед ийм л зүйл болсон. Төрөө ах бааранд оройны 22 цагийн үед нилээн согтуу байдалтай ганцаараа орж ирсэн. Баарнаас орж ирээд шууд тек рүү буюу над руу хүрч ирээд “хаанаас яваа юм бэ” гэж асуухад “хажуугийн ресторанд чинь сууж байгаа ирлээ” гэхээр нь “та бүжиглэх гэж орж ирсэн юм уу?” гэж асуухад “харин тиймээ” гэж хэлсэн ба “нэг пиво өгчих” гээд авч уусан. Тухайн үед текэн дээр сууж байсан ба хөгжим тавихад пиво бариад бүжгийн талбай руу гарч бүжиглэж байсан. Нилээн согтсон байсан учир бүжиглэж байгаа хүмүүсийг зүгээр байлгахгүй өдөөд түлхээд янз бүрийн авир, ааш гаргаад байсан. Тухайн үед би Төрөө ахтай уулзаад “та болиоч ээ, хүмүүсийг тайван бүжиглүүлэхгүй, согтуурхаад байх юм” гэж хэлэхэд намайг тоохгүй байсан. Тухайн үед согтуурхаад жаахан жаахан агсам зан  гаргах гээд байсан. Бүжиглэж байгаа хүмүүсийг очиж мөрлөөд, түлхээд чанга чанга дуугаар үг нь ойлгогдохгүй юм яриад орилоод гараа атгаад авирлаад байсан. Энэ үед бүжиглэж байсан Өнөболд гэх залуутай юм яриад байх шиг байсан. Хоорондоо юу ярьсныг мэдэхгүй байна. Өнөболд гэх залуу уурласан байдалтай харагдсан. Төрөө ахын хувьд архи уухаараа жаахан агсам зантай болчихдог. Тухайн үед намайг харж байхад зодоон болсон. Төрбат ахыг мөргөж шалан дээр унагаагаад унасан байхад нь нүүр лүү нь гараараа цохисон. Хэн нэгэн хүнтэй бүлэглэсэн зүйл байхгүй. Өшиглөсөн зүйл огт болоогүй. Хэн нэгэн салгасан хүн байхгүй “би болиоч ээ” гэж хэлээд удалгүй зодоон дууссан. Маш хурдан болж өнгөрсөн Төрболд ах Өнөболдыг гараараа нилээн хэд цохиход Өнөболд цохиулаад дараа нь надад хандаж “харсан биз дээ” гэж хэлээд эргэж хараад шууд мөргөөд унахад нь гараараа цохичихоод явчихсан юм. Бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Дундуур нь салгахаар ч удаан зодоон болоогүй. Төрөө ах зүгээр байсан хүнийг хэрэгт хийчихлээ гэж бодож байна. Тухайн үед миний үгэнд ороод хариад харьчихсан бол ийм зүйл болохгүй байсан. Би хамаатан гээд худлаа зүйл ярихгүй, яг болсон зүйлийг л ярьж байна....гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,

9. Гэрч О.Ууганбаярын 2017 оны 03-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн. ...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бааранд зөөгчөөр ажиллаж байсан ба барменаар Эрдэнэтуяа гэдэг охин ажиллаж байсан юм. 22 цагийн үед миний зүс таньдаг “Монгол зоог”ийн эзэн Төрөө ах архи уусан байдалтай согтуу орж ирсэн ба текэн дээр ирээд 1 шил пиво авсан. Пиво аваад сууж байхдаа бүжгийн талбай руу гарч бүжиглэж байсан. Бүжиглэж байхдаа зүгээр бүжиглэхгүй бүжиглэж байгаа хүмүүсийг мөрлөөд түлхээд орилж, чарлаад хүмүүстэй маргаад агсараад яваад байсан. Өнөболд гэх залуутай бүжиглэж байгаад маргаад хоорондоо юм яриад байсан. Их авир гаргаж бааран дотор явсан. Ингээд 23 цаг 30 минутын үед хөгжмөө зогсоогоод Өнөболд гэх залуу текэн дээр ирж тооцоогоо хийх үед Төрөө ах хажууд нь зогсоод Өнөболдтой юм яриад байсан. Нэг мэдсэн Төрөө ах Өнөболдыг багалзуурдсан гараараа нүүр лүү нь цохиж байсан. Өнөболд зүгээр зогсож байгаад хэд хэд цохиулаад Төрөө ахыг барьж аваад мөргөхөд шалан дээр унасан ба унахад нь дээрээс нь гараараа цохиж байсан. Ингэж цохиод баарнаас гараад явчихсан. Тухайн үед бааранд орж ирээд бүжиглэж байгаа хүмүүс рүү мөрлөөд, түлхээд хүмүүстэй маргаад байсан хүмүүсийг “ална шудна” гэх зэргээр хэлж авирлаж харагдсан. Миний ойлгосноор Төрөө ах агсараад авирлаж байсан, их агсам зантай хүн байна лээ. Хүн хүн рүү онгироод авирлаад байсан. Төрбат ахын нүүр лүү өшиглөөгүй. Гараараа цохиж байсан. Хэн нэгэнтэй бүлэглэж зодсон зүйл огт болоогүй. Хамт явсан залуу нь хөндлөнгөөс хараад зогсож байсан. Дундуур нь орж салгаагүй, харилцсан зодолдсон гэж хэлж болно. Төрөө ах эхэлж цохиод дараа нь Өнөболд мөргөж цохисон юм.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

10. Гэрч Э.Хүрэлтулгын 2017 оны 03-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найз Өнөболдтой уулзаад 21 цаг өнгөрч байх үед “Коллектив” баар луу хамт орсон. Бааранд ороод 4 шил “Сэнгүр” аваад 2, 2-р нь уусан. Тухайн үед бааранд хөгжим тавиад хүмүүс гарч бүжиглээд байхаар нь бид 2 гарч бүжиглэсэн. Бүжиглэж байх үед зүс таних “Монгол зоог”ийн эзэн Төрөө ах согтуу байдалтай бүжиглэж энд тэндтэй яваад байсан. Тухайн үед Өнөболдыг мөрлөөд түлхээд хөлөн дээр нь удаа дараа гишгэсэн миний хүртэл хөлөн дээр гишгээд мөрлөсөн. Тухайн үед бид 2-с гадна өөр бусад хүмүүсийг зүгээр бүжиглүүлэхгүй түлхэж, мөрлөөд согтуурхаад байна уу даа гэж харсан. 23 цаг өнгөрч байх үед хөгжим зогсоод Өнөболд пиво авсан тооцоогоо хийхээр тек рүү очих үед Төрөө ах хажууд нь явж очоод Өнөболдод тулж зогсоод нэг зүйл яриад байсан. Тухайн үед би ширээн дээр сууж байсан. Гэтэл Өнөболдыг Төрөө ах багалзуурдаж аваад нүүр лүү нь нилээн хэд цохисон. Өнөболд цохиулаад ямар нэгэн хариу үйлдэл хийлгүй зогсоод байсан ба цохиж дуусахад нь “та яагаад давраад байгаа юм бэ, би зүгээр байж байгаад цохиуллаа шүү, таны буруу биз дээ” гэж хэлэхэд өөдөөс нь Төрөө ах салаавч гаргаад ам руу чичлээд нэг зүйл яриад байсан гэтэл Өнөболд гэнэт өөдөөс нь уурлаад мөргөж унагаагаад дээрээс нь 2 удаа гараараа нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Ингээд “гаръя” гээд намайг дагуулаад гарсан ба баарны гадаа гараад такси барих гээд зогсож байхад “чи ороод харчихаад ир” гэж хэлэхээр нь би баар луу явж ороход Төрөө ах баарны 00-ын өрөөнд цусаа угаагаад зогсож байсан ба би гарах үед араас дагаад гарч байсан. Ингээд би Өнөболдод “гайгүй юм шиг байна, зүгээр нүүрээ угаагаад зогсож байна, гараад хажуугийн ресторан руу орчихлоо” гэж хэлэхэд “за за” гэж хэлээд хөдлөөд явсан ба Өнөболд “найзынх нь толгой өвдөөд байна” гэж хэлэхээр нь түрүүлж Өнөболдыг хүргэж өгөөд би харихаар явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Төрөө ах нилээн согтуу харагдсан их агсам зантай хүн шиг байна лээ. Хүн хүн рүү үсчээд томроод яваад байсан. Өнөболдын хувьд бол согтоогүй эрүүл байсан. Цохиулаад элдвээр хэлүүлээд сүүлдээ тэвчихээ байгаад цохих шиг болсон. Сонсоход “лалрын бацаан, пизда” гэх зэрэг үг хэлж байсан. Би зодоонд оролцоогүй, хөндлөнгөөс хараад зогсож байсан. Бааранд Өнөболд бид 2 л орсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42,43-р ху/,

11. Гэрч Г.Төрболдын 2017 оны 03-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний найз Б.Өнөболд багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн, бүтэн өнчин эцэг, эх 2 нь нас бараад их удаж байна. Одоо ээжийнхээ аав, ээжтэй хамт салхитын аманд амьдардаг. Б.Өнөболдын хувьд эхнэр, хүүхэдгүй ганц бие,төмөр замд вагон үзэгчээр ажиллаж байгаад 2015 онд ажлаасаа халагдсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Зан байдлын хувьд даруухан төлөв ааш зантай, илүү дутуу аашгүй, хүнд тусархуу бид 2 нөхөрлөөд 20 гаран жил болж байна. Багаасаа тоглож өссөн. Би Б.Өнөболдоос сонссон. Хүрэлтулгийн хамт бааранд орсон юм байна лээ. Төрөө гэх “Монгол зоог”ийн эзэн ах өдөөд элдэв үгээр хэлээд цохиж зодсон гэсэн сүүлдээ тэвчихээ байгаад мөргөөд, гараараа цохичихсон гэж өөрөөс нь сонссон. Манай найз уул нь хүнтэй зодоон хийгээд байдаггүй, их даруу томоотой хүн дээ. Зүгээр байгаа хүнийг цохиж зодох хүн биш. Миний найз хар багаасаа хүнд хэцүү амьдралаар өссөн. Одоо хүнтэй сууж хүүхэдтэй болох байх шоронд орвол амьдрал нь сүйрнэ. Хөгшин эмээ, өвөө нь хэцүүднэ. Иймд ар гэрийн байдлыг нь харж үзэн хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/,

12. Гэрч Г.Алтанхуягын 2017 оны 03-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний найз Б.Өнөболд бүтэн өнчин эцэг, эх 2 нь нас бараад их удаж байна. Б.Өнөболдын хувьд эхнэр, хүүхэдгүй ганц бие,төмөр замд вагон үзэгчээр ажиллаж байгаад 2015 онд ажлаасаа халагдсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Зан байдлын хувьд даруухан төлөв ааш зантай, илүү дутуу аашгүй, жинхэнэ л эр хүн дээ. Би нөхөрлөөд 13 жил болж байна. Хүнд их тусархуу амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй. Хүнтэй зөв нөхөрлөж чаддаг л хүн дээ. Багаасаа зовлон үзсэн эцэг, эхээсээ алдсан эмээ, өвөө дээрээ л өссөн. Би Б.Өнөболдоос сонссон. Хүрэлтулгын хамт бааранд орсон юм байна лээ. Төрөө гэдэг хүн өдөөд элдэв үгээр хэлээд цохиж зодсон гэсэн, сүүлдээ тэвчихээ байгаад мөргөөд, гараараа цохичихсон гэж өөрөөс нь сонссон. Манай найз уул нь хүнтэй зодоон хийгээд байдаггүй. Төрөө гэдэг хүн өдөөд элдэв үгээр хэлээд цохиулсан юм шиг байгаа юм. Тэрнээс зүгээр байгаа хүнийг цохиж зодох хүн биш. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

13. Гэрч Г.Баасанжаргалын 2017 оны 04-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч ажилтай. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутаас 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 30 минут хүртэл хоногоор жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж хоносон. 01 цагийн үед байсан шиг санаж байна хүнд зодуулсан гэх мэдээлэл надад хүлээн авах тасгаас ирүүлсний дагуу тухайн хүний биеийн байдлыг үзэхэд Төрбат гэдэг 45 настай эрэгтэй байсан. Миний зүс таньдаг ах байна лээ. Төрбат ах өөрийн эхнэртэйгээ ирээд надад биеэ үзүүлсэн, биед нь үзлэг хийхэд зүүн талынх нь нүд хөхөрч хавдаад нүдээ тагласан, зүүн нүдийг нь үзэх боломж байхгүй. Зүүн шанаа хэсэг нь хавдсан дарахад өвчинтэй, эрүү ясны зуулт буруу ясанд гэмтэлтэй байсан. Өөр ч гэмтэл байгаагүй, амнаас нь их цус гарч байсан учир цус намдаах, өвчин намдаах тариа хийж өгөөд маргааш өглөө гэхэд яаралтай Дархан-Уул аймаг явж томографийн зураг авахуулах шаардлагатай байсан учир анхны тусламж үзүүлээд явуулсан. Миний асуултанд тодорхой хариулахгүй өнгөц байдлаар хариулж байсан. Архи бол их уусан ер нь согтолттой орж ирсэн. Архи маш ихээр үнэртэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,

14. Гэрч Д.Энхболдын 2017 оны 04-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найз Төрбаттай уулзаад 21 цагийн үед “Irish” нэртэй ресторан орсон юм. Ороод нэг шил 0,75 граммын “Сархад” архи аваад юм ярьж суугаад архиа уусан. Ууж байгаад талаас доогуур болоод би нилээн согтоод мөнгөгүй байсан учир мөнгө авах гээд гэр лүүгээ алхаж явсан ба гэртээ ороод “гарна” гэхэд эхнэр гаргаагүй юм. Тухайн үед нилээн согтсон байсан. Гэхдээ ухаанаа алдталаа согтоогүй байсан. Гарч явахдаа Төрбатад “гарчихаад ирье” гэж хэлээд харьчихаад буцаад гарах гэтэл эхнэр уурлаад гаргаагүй юм. Согтуу байсан учир тэр дороо унтаад өгсөн. Төрбаттай ерөөсөө холбоо бариагүй ба маргааш өглөө нь хүнд зодуулсан талаар мэдсэн. Төрбат зан байдлын хувьд төлөв даруу, элдэв зан авир гаргаад байдаггүй, уусан үедээ зүгээр л байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р ху/,

15. Гэрч С.Сувданцэцэгийн 2017 оны 04-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Төрбат гэдэг хүнийг сайн таньж мэдэхгүй. “Монгол зоог” гэдэг хоолны газрыг ажиллуулдагаар нь мэднэ. Би 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зөөгчөөр ажиллаж байхад 21 цаг өнгөрч байх үед зүс таних Төрбат ах өөрийнхөө үеийн нэг ахтай орж ирээд 1 шил 0,75 граммын “Сархад” архи 2 ундаа аваад 6 дугаар ширээнд суусан. Ингээд архиа хувааж ууж байгаад Төрбат ахтай хамт сууж байсан ах гараад явсан, ууж байсан архи талаасаа доогуур үлдэж байсан. Ресторанаас гарч явсан ах жаахан согтсон байдалтай байсан ба дахиж орж ирээгүй. Төрбат ах ганцаараа суугаад архиа ууж дуусгаж байсан ба намайг дуудаад “манай найз хааччихав” гэж асуугаад байсан ба хаана байгааг нь мэдэхгүй талаараа хэлэхэд “би найзыгаа гарч хайлаа” гээд гадуур хувцасаа үлдээгээд цамцтайгаа гарч явсан. Ингэж гараад нэг цаг орчмын дараа 23 цаг 40,50 минутын үед цусаа гоожуулсан нүүр нь хавдсан амнаас нь цас гараад байсан. Хүн зодуулсан шинжтэй аймаар царай төрхтэй хүн орж ирэхээр нь нойтон салфитка өгөөд нүүрээ арчаад 00-руу орж угаагаад байсан. Ресторанаас гарч явахдаа нилээн согтсон харагдсан. Харин орж ирэхдээ согтуу байсан ба ухаан санаагаа алдатлаа согтсон харагдаагүй, гайгүй орж ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р ху/,

16. Гэрч Ч.Сарангэрэлийн 2017 оны 04-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай бааранд камер байхгүй. Одоогоос 2,3 хоногийн өмнөөс бааранд камер тавигдах ажил явагдаж байна, удахгүй дуусах байх. Э.Төрбат манай нөхөр талын хамаатны хүн байгаа юм. Зан аашны хувьд гайгүй хүн , архи уусан үедээ ч элдэв авир зан гаргаад байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

17.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 14-ний өдрийн  № 87 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Э.Төрбатын биед ухархай, хоншоор ясны цуурал, хугарал, дээд эрүүний баруун хэсгийн хугарал, хамар ясны хугарал, таславч мурийсан, гаймор хөндийд цус дүүрсэн, зовхинд цус хуралт, уруул язарсан шархтай, үүдэн дээд 4 шүд бага зэргийн хөдөлсөн, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт, /хх-ийн 55-р ху/,

 

        18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 14-ний өдрийн  № 82 тоот нэмэлт актын дүгнэлт хэсэгт:

       1. Б.Өнөболдын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 62-р ху/,

 19. Толгойн комьютерт томографийн шинжилгээний дүгнэлт хэсэг:

-Хоншоор ясны баруун хэсэгт дээш хатуу тагнай руу үргэлжилсэн ташуу шугаман хугаралтай.

-Зүүн гайморын хөндийд урд хананд дотогш 0,8 см гүн цөмөрч, дотогш гайморын хөндийн дотор /хажуу хана руу, дээш зүүн нүдний ухархайн доод хана руу тус тус үргэлжилсэн хавсарсан нийлмэл хугаралтай. Мөн гайморын хөндийн ар хананд дотогш 0,5 см гүн цөмөрч, дээш зүүн нүдний ухархайн ар/доод хана болон гадна/ хажуу хана руу тус тус үргэлжилсэн хавсарсан нийлмэл хугаралтай: Эдгээр хугаралуудын улмаас зүүн гайморын хөндийн хэлбэр деформацилагдсан, хөндийд +70HU нягтралтай цустай.

-Зүүн нүдний ухархайн дотор хананд 2,3 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,6 см гүн цөмөрсөн хугаралтай.

-Хацар ясны нуманд зөрөөгүй шугаман хугаралтай. Зүүн хацар шанаа болон зүүн нүдний дээд доод зовхинд бага зэрэг хавантай.

-Зүүн чамархайн ясны zygomatic process-с хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугаралтай, хөхлөг сэртэнгийн агааржилт тархмалаар буурсан, агаарт хөндийнүүдэд +52HU хүртэл нягтралтай, шингэнтэй. Антрум болон дунд чихний хөндийд шингэнтэй.

-Хамар ясны зүүн хажуу хананд дотогш 0,5 см гүн цөмөрч, зөрсөн хугаралтай, үүний улмаас хамрын хэлбэр деформацилагдсан. Хамрын таславч дунд хэсгээр зүүн тийш муруйлттай. Баруун гаймор болон суурийн хөндийн хана дагасан салст жигд бус зузаарсан. Баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. гэх дүгнэлт /хх-ийн 72-р ху/,

20. Гэрч С.Бүрэнжаргалын 2017 оны 04-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эмчийн үзлэгийн тэмдэглэл болон томографийн зураг зэрэгт үндэслэн шинжээчийн дүгнэлтийг тогтоосон Э.Төрбатын нүүрний зүүн хэсгийн хацар, хамар ухархайн яс болон хоншоорын ясны баруун тал цуурч хугарсан, таславчны мурийлт, гайморын хөндийд цус дүүрсэн, уруул сэтэрч язарсан, зовхинд цус хурсан, үүдэн 4 шүд бага зэрэг хөдөлгөөн орсон. Зөөлийн эдийн няцралттай гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...гэх дүгнэлт /хх-ийн 73-р ху/,

 

Шүүгдэгч Б.Өнөболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 84-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 77-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 78-80-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 81-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 82-р ху/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 88-р ху/, нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх 61-р ху/, өвчний түүхийн хуулбар, /хх 67-71-р ху/, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд, /хх 10-33-р ху/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх 95-98-р ху/, хохирогчийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх 99-102-р ху/,хохирогчид захиргааны шийтгэл хүлээлгэсэн шийдвэр, / хх 104-105-р ху/, хохирол төлсөн баримт, /хх 109-110-р ху/,  шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 88-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 57,63–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 58,64–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 85-р ху/, зэрэг болно.

 

   Шүүгдэгч Б.Өнөболд нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Төрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас маргалдаж, зодолдож улмаар Э.Төрбатыг мөргөж унагаан биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, гэрч, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал, өвчний түүхийн хуулбар,  хохирогчийн эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд,эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  Шүүгдэгч Б.Өнөболдод холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Б.Өнөболдын үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах  нь зүйтэй.

  Энэ хэрэгт шүүгдэгч Б.Өнөболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 3 ширхэг томографикийн рентген зураг хураагдаж ирсэн ирснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 292-р зүйлийн 292.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Авгачууд шүтээн овогт Батхуягийн Өнөболдыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдод оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Өнөболд нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг томографикийн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Эрдэнэбатын Төрбатад буцаан олгосугай.

6.Хохирогч Э.Төрбат нь цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдод оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Б.Өнөболдод сануулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Өнөболдод хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

10. Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч,  хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч,  хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх  хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН