Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2480

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02651 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 148 582 092 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагч Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эл ди жи” ХХК нь Хас банктай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1720002765 дугаартай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 28,8 хувийн хүүтэй авсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х ХХК болон иргэн Б.Б  нар нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1720002765-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2201005303 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3/30 байрны 15 тоот хаягт байрлах 31,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэн Б.Б  нь 1720002765-01 дугаар баталгаат ипотекийн гэрээнд нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалуулж барьцаалуулагчаар оролцсон тул энэ хэрэгт хариуцагчаар татан оролцуулж байгаа болно. Хас банк нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгч “Эл ди жи” ХХК, Ц.Цэрэнбадам нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 148 582 092 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201005303 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3/30 байрны 15 тоот хаягт байрлах 31,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 101/ШШ2018/00471 дугаартай шийдвэр гарган “Эл ди жи” ХХК, Ц.Цэрэнбадам нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 148 582 092 төгрөг гаргуулан Хас банкинд олгож шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Х ХХК нь давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 764 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүх нь магадлалдаа ...нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх гомдлыг хангах боломжгүй, нэхэмжлэгч баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний талуудад холбогдуулан шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй хэмээн дүгнэсэн. Хариуцагч “Эл ди жи” ХХК, Ц.Цэрэнбадам нар нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 148 582 092 төгрөгийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цэрэнбадам, Д.Лхагвадорж, Б.Билгүүн нартай уулзмаар байна. Ц.Цэрэнбадам гэдэг хүнийг би танихгүй, Д.Лхагвадоржийн эхнэр гэсэн. Эдгээр хүмүүс намайг та байраа барьцаалчих, хоёр юм уу гурван сарын дараа таны байрыг чөлөөлж өгнө, гарын үсэг зураад өгчих гэж гуйгаад байсан. Янз бүрийн зүйл болохгүй биз гэхэд болохгүй гэж хэлэхээр нь би гарын үсэг зурсан. Би цалингаасаа өөр орлогогүй, өмгөөлөгч авах гэхээр төлбөр авдаг гэсэн. Зээлээс би авч хэрэглэсэн зүйл байхгүй. Энэ хүмүүс миний мөнгийг өгөөгүй, ямар ч асуудалгүй гэж хэлээд миний гарын үсгийг зуруулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч “Эл ди жи” ХХК болон иргэн Ц.Цэрэнбадам нар үүргээ эс биелүүлбэл барьцааны зүйл болох хариуцагч Б.Б ы өмчлөлийн улсын бүртгэлийн 2201005303 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, 31.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь намайг хохироосон шийдвэр болсон. Бидэнд байгаа ганц хөрөнгийг хураан авбал бид бүгд гудамжинд гарахаар болоод байна. Д.Лхагвадоржоос 148 528 000 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор болсон бөгөөд Хас банк нь хариуцагчаас мөнгөө авах боломжтой байтал миний орон сууцыг авна гэж байгаа нь шударга биш байна. Би зээлдсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй. Д.Лхагвадоржийг шүүх хуралдаанд оруулж гэрчээр оролцуулж, нотлох гаргуулж, би бас нотлох баримт гаргаж өгөх хүсэлтэй байна. Анхан шатны шүүх надад өмгөөлөгч авах болон эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүйгээс би мэдэхгүй анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байна. Иймд  өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцмоор байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 148 582 092 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-67.1.4-т заасан байна.

 

Анхан шатны шүүх иргэний хэргийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үүсгэсэн атлаа хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг мөн өдөр тайлбарласан баримт хэрэгт авагдсан байна. Иргэний хэрэг үүсгэхээс өмнө хэргийн оролцогчид нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг тайлбарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмаар явуулсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн байна. Үүнээс үзвэл хариуцагчийн шүүхээс эрх, үүргийн талаар тайлбарлан өгөөгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болно.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02651 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ