Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

 

 

 

 

 

Ж.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ /онлайнаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч /Т.А/-ийн өмгөөлөгч Б.Б /онлайнаар/,

Шүүгдэгч Т.А, Ж.Б, Н.Т /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Б нарт холбогдох 2034000000520 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сахлаг овгийн Нямаагийн Т, 1988 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 19б-39 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ФБ880123**,

Хан Хөгшин Бумбар овгийн Түмэнжаргалын А, 1992 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, геодези зураг зүйн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо 40-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: УШ920719**,

Очирван овгийн Жавхлангийн Б,1990 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 7, эмээ, 2 эгч, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо 24-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд: 

1.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоосон, 

2.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: УМ900302**.

Шүүгдэгч Т.А, Ж.Б, Н.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутаг тариалалт эрхлээгүй тариалангийн талбайгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 13,7037 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, 78-89 УБП улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Очирван Жавхлангийн Б, Сахлаг Нямаагийн Т, Хан Хөгшин Бумбар Түмэнжаргалын А нарыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг 1 /нэг/ жил хорих ялаар, шүүгдэгч Н.Тийг 1 /нэг/ жил хорих ялаар, шүүгдэгч Ж.Бг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Н.Т нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Приус 30 /Toyota Prius 30/ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7 981 300 төгрөгийг шүүгдэгч Ж.Бгаас 2 660 433 /хоёр сая зургаан зуун жаран мянга дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөг, Т.Агээс 2 660 433 /хоёр сая зургаан зуун жаран мянга дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөг, Н.Төөс 2 660 433 /хоёр сая зургаан зуун жаран мянга дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт оруулахаар,

Төрийн банкны нэр дээрх 7888 УБП улсын дугаартай Тоёота Приус 30 /Toyota Prius 30/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020.8.19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, 2020.8.19-ний өдрийн хяналтын прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би 2020.08.18-ны өдөр Ж.Б, Т.А нартай хотоос Эрдэнэт рүү найзынхаа зураг авалтанд оролцохоор явах замдаа Жаргалант сумын тариалангийн талбайд явж байгаад сэтгэцэд нөлөөлөх ургамал 13.7037 гр жинтэйг авч худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшин ойлгож байна. Дахин ийм хэрэг хийхгүй байж чадна. Шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдож түүндээ чин сэтгэлээсээ гэмшиж ойлгож байна. Ар гэрийн 5 ам бүлийг тэжээн тэтгэж авч явдаг хүн нь би байсан. Одоо хүнд нөхцөлд 0-7 насны 4 хүүхэд, эхнэр ажил төрөл байхгүй. Гэрт хүүхдүүдээ хардаг байсан. Амьдрахад маш хүнд байдалд орж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Т.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие 2020.08.18-ны өдөр Ж.Б, Н.Т нарын хамт Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу найзын хуримын зураг авалтад гэрчээр оролцохоор явах замдаа завсартай замыг товчлох гэж Жаргалант сумыг дайран явсан. Явах замдаа тариалангийн талбайн хажууд урьд өмнө интернэт орчинд бичлэгээс үзэж байсан сэтгэцэд нөлөөлөх ургамал ургаж байгааг мөн болохыг таньсан. Үзэж байсан бичлэг дээрх хүний үйлдлийг даган дуурайж хийснээр 13.7037 грамм жинтэй гэж тогтоогдсон хар зүйлийг худалдах, бусдад дамжуулах зорилгогүйгээр бэлтгэсэн болох нь гэм буруугаа хүлээж, хийсэн болчимгүй үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм болчимгүй үйлдэл гаргаж цагдан хорих байранд байхыг хүсэхгүй байгаагаа уг байранд орж ирсэн мөчөөсөө хойш цаг, минут тутамд ухаарч байна. Миний бие дахин гэмт хэрэгт орохгүй амьдарч чадна гэдгээ амлаж байна. Үүнийгээ мөн ажил хөдөлмөрөөрөө харуулах болно. Шүүх надад оногдуулсан нэг жилийн хорих ялыг өөрчилж нийгмээс тусгаарлахгүй ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2020.08.18-нд Т.А, Н.Т нарын хамт хотоос Эрдэнэт рүү найзын хуримын зураг авалтад оролцохоор явах замдаа замаа товчлон Жаргалант сумын нутгаар дайрч тариалангийн талбайн хажуугаар явах замдаа сэтгэцэд нөлөөлөх ургамал 13.7037 гр жинтэйг түүж худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж ойлгож өөрийн бурууг ухамсарлаж дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Шүүхээс хорих ялыг оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, зэргийг дурдсан нь энэ хэрэгт намайг толгойлсон мэтээр үзэж, урьд ял шийтгэлтэй хэмээн үзэж үүний дээр сэтгэц мэдрэлийн үндэсний төвийн эмч нарын гаргасан дүгнэлт буюу намайг F-12 гэдэг зэрэглэлд багтаан байнга хэрэглээтэй гэж гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай байцаагч, шүүгч нарт хэлсэн боловч үл тоон бусдад донтогч мэт ойлгогдож явсаар 2.6 жилийн хорих ял сонссондоо залуу хүн миний хувьд маш их харамсаж байна. Миний бие энэ төрлийн гэмт хэрэгт дахин холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж байна. Ар гэрээ авч явдаг миний хувьд одоогийн ийм хүнд цаг үед ардаа үлдэж байгаа 0-6 насны 3-н дүү, хөгшин настай эмээ, түрээс төлж ажилдаг эгчийнхээ нэр дээр төрийн банкинд 16.800.000 төгрөгийн зээл үүн дээр хэрэгт холбогдож улсад 2.660.433 төгрөгийн төлбөр төлөх ёстой болон үлдээж байгаад хувийн зүгээс үнэхээр гэмшиж байна. Ийм хүнд цаг үед маш том ачаа болон үлдэж байна. Иймд ар гэр болон хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа. Бгийн хувьд өмнө нь ийм төрлийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Шүүгдэгч Т.А, Н.Т нарт шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулахад тусгайлан гаргах саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /Т.А/-ийн өмгөөлөгч Б.Б гаргасан саналдаа: Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ чин шударгаар хүлээж байгаа. Хувийн байдал сайн, хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Хөнгөн хэрэгт хорих ял оногдуулсанд харамсаж байгаа. Анхан шатны шүүх дээр тэнсэн харгалзахад боломжтой байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Т.А гаргасан тайлбартаа: Нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Ж.Б гаргасан тайлбартаа: Тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Н.Т гаргасан тайлбартаа: Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Тэнсэж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Б, Н.Т, Т.А нарт холбогдох эрүүгийн 2034000000520 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.Б, Т.А, Н.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт тариалалт эрхлээгүй тариалангийн талбайгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 13,7037 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр бэлтгэж, 7889 УБП улсын дугаартай Тоёота Приус 30 /Toyota Prius 30/ маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:

  Шүүгдэгч Ж.Б /хх-ийн 17-18, 118-119, 130-131/, шүүгдэгч Н.Т /хх-ийн 19-20, 21-22, 123-124, 134-135/, гэрч Т.А /хх-ийн 23-24, 25-26, 128-129, 132-133/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4635 дугаартай дүгнэлт: “1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Хар хүрэн өнгийн бөөрөнхий хэлбэртэй шавар мэт зүйл /3ш/, хар хүрэн өнгийн шавар мэт зүйл наалдсан ногоон өнгийн асаагуур тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шавар мэт зүйлүүдийн цэвэр жин нь 13,7037 байсан ба шинжилгээнд 0,06 гр-ыг зарцуулав.” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37, 38/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4636 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Б 2020.8.19 2119”, “Н.Т 2020.8.19 2105”, “Т.А 2020.10.19 2230” гэж хаягласан 3 ширхэг шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна." гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-41, 42, 43/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б, Н.Т, Т.А нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шийтгэх тогтоолд эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ 3 ширхэг хар өнгийн шаварлаг бөөрөнхий зүйлийг устгуулахаар ямар байгууллагад шилжүүлэхийг заагаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн эд мөрийн баримтыг шийдвэрлэсэн заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг “4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн асаагуур 1 ширхэг, 3 ширхэг хар өнгийн шаварлаг бөөрөнхий зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Б, Н.Т, Т.А нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Н.Т, Т.А нарын 2020 оны 11 сарын 04-ны өдрөөс 2021 оны 01 сарын 21-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 78 /далан найм/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулж тус тус тооцсугай.

5. Шүүгдэгч Ж.Б, Н.Т, Т.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, Ш.ҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ