Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 354

 

Б.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар магадлалтай, 201522000188 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй,

-2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлснийг  Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар магадлалаар 2 жил хорих ял болгож өөрчилсөн, Элжигэн овогт Б.С нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат бичсэн дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 8 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн 1066 дугаартай шүүгчийн захирамжид “тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна. Өөрөөр хэлбэл тус тусдаа мөрдөн байцаалт явуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн 2 өөр шийтгэх тогтоол гарсан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тогтоогоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй байна” гэж тодорхойлох хэсэгт дурдан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Б.С-д холбогдох эрүүгийн 201626011314 дугаартай хэргийг эрүүгийн 2016011314 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь яллагдагч Б.Солонгын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байсан. Гэтэл Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж Б.С-ын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож Б.С-д холбогдох дээрх 2 хэргийг нэгтгэн шалгах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Б.С нь 2016 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Иймд Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар магадлалын Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад шүүгдэгч Б.С нь бүлэглэн, удаа дараагийн давтан үйлдлээр орон байрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт үйлдэлд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар магадлалаар 2 жил хорих ял шийтгүүлсэн цаг хугацаанаас өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамжны 34 тоотод байрлах иргэн У.Түмэннасангийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 600.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол, магадлалаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” тохиолдол нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулжээ.

Б.С-д холбогдох 201626011314 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар магадлалтай эрүүгийн хэргийн Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэх хэргийг нэгтгэн шалгаж, нэг тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар магадлалын Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.С-д холбогдох 201522000188 болон 201626011314 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар магадлалын Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Б.С-д холбогдох 201522000188 болон 201626011314 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН