| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0977/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1316 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1316
2025 05 20 2025/ШЦТ/1316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
шүүгдэгч А.Э нарыг оролцуулан,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Э
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Монел”-ын зам дагуу хохирогч Б.М-тай дуудлагын жолоочийн төлбөр, тооцоон дээрээс болж маргалдан түүний эзэмшлийн “Самсунг ЭС24 Ултра” загварын гар утсыг тээврийн хэрэгслийн цонхоор шидэж хууль бусаар гэмтээн, хохирогч Б.М-д 830,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч А.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Монел”-ын зам дагуу хохирогч Б.М-тай дуудлагын жолоочийн төлбөр, тооцоон дээрээс болж маргалдан түүний эзэмшлийн “Самсунг ЭС24 Ултра” загварын гар утсыг тээврийн хэрэгслийн цонхоор шидэж хууль бусаар гэмтээн, хохирогч Б.М-д 830,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өглөөний 04 цагийн орчим Ардын эрхийн урд байдаг Гандангийн зогсоол дээрээс өөрийн ** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариулан гэртээ харихаар өөрийн найз Золзаяагийн хамтаар дуудлагын жолоочоор машинаа бариулан найз З-г “Жуков”-ын ойролцоо гэрийнх нь гадаа буулгаад өөрийн *дүүргийн *дугаар хороо * тоотод хүргүүлээд тооцоогоо хийх гэтэл тухайн дуудпагын жолооч надаас “70,000 төгрөг төл” гэхээр нь “Би яахаараа 70,000 төгрөг төлдөг юм” гэхэд “20,000-25,000 төгрөг байдаг шүү дээ” гэж хэлхэд “Тэгвэл чиний машиныг байсан газар нь аваачиж тавина” гээд төв зам руу оруулаад замын баруун тал руу зогсоогоод “Мөнгөө өг” гэж надаас нэхээд сүүлдээ надаас 25,000 төгрөг авахаар болоод би данснаасаа 25,000 төгрөгийг нь шилжүүлэхээр дансыг дуудлагын жолоочоос өөрөөс нь асуухад дансны дугаараа өгөөд “Мөн байна” гэж хэлэхээр нь шилжүүлтэл буруу данс руу шилжүүлсэн байсан. Тухайн үедээ буруу данс руу шилжүүлсэн гэдгийг бид хоёр аль аль нь мэдээгүй. Мөнгө орж ирэхгүй байна гэхээр нь би дансны хуулгаа харуулахад миний “Самсунг ЭС24 Ултра” маркийн гар утсыг булааж аваад машины цонхоор шидсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тийм тухайн өдөр бид хоёр 3 дугаар сургуулийн тэнд байх бааранд архи согтууруулах ундаа хэрэглээд гарч ирсэн ба дуудлагын жолооч дуудаад явах гэтэл удах юм шиг байхаар нь гараа өргөөд такси зогсоогоод “Дуудлагын жолооч авах гэсэн юм, жолоочоор явах уу?” гэтэл нэг залуу зөвшөөрөөд машинаа үлдээгээд бид хоёрын машиныг бариад явсан юм. Уг жолооч 25,000 төгрөгөөр авч явна гэж тохироод явсан ба би гэртээ хүргүүлээд “Жуков”-т буусан ба М “Монел”-руу гэр рүүгээ уг жолоочоор хүргүүлээд явсан юм. Бусдыг нь бол би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн * дугаартай “Самсунг ЭС24 Ултра” загварын гар утасны дэлгэц, шилэн таг, балын үнэлгээ нийт 830,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 72 дугаар тал/,
Яллагдагч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Монел”-ын зам дагуу би хохирогч Б.М-ийн гар утсыг машины голын хайрцагнаас аваад газар шидсэн юм. Тэгээд дэлгэц нь хагарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэлэх зүйл байхгүй...” гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан торгох ялаас чөлөөлөх дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшсэн, хохирол төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөлж шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч А.Э-ыг чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД