| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0074/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/81 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.У |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Б.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б-д холбогдох 2516000160063 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт **** аймгийн ***** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** регистрийн дугаартай ***** овогт Н.Б.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-г 2024 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед Говь-Алтай аймгийн **** сумын төвөөс 25-30 километрийн зайд байх Суварганы ойролцоох замд ***** улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас довон мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох эхнэр Ц.О-н биед бүсэлхийн 1, 4 дүгээр нугалмын шахагдсан хугарал, нурууны булчингийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн **** сумын төвөөс 25-30 километрийн зайд байх Суварганы ойролцоох замд 2024 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед **** улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас довон мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох эхнэр Ц.О-н биед бүсэлхийн 1, 4 дүгээр нугалмын шахагдсан хугарал, нурууны булчингийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
1. Хохирогч Ц.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ***** аймгийн ***** сумын хөдөө оршин суух гэрээсээ нөхөр Н.Б, одоо 8 сартай байгаа хүүхдийн хамтаар сумын төв рүү ******* улсын дугаартай Н.Б-н эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 11 цагийн үед орж ирсэн. Сумын төв дээр ирээд би ээж Ц-н оршин суух гэрт нь хүүхдийн хамт үлдсэн. Харин манай нөхөр Н.Б нь машинаа унаад хүнтэй уулзаад ирье гэж хэлээд гарсан. Үүнээс хойш 18 цагийн үед манай нөхөр Н.Б нь буцаж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу ирээд гэртээ харих уу гээд бид нар гарсан. Гараад явж байхдаа замаараа сургууль орж нүүрс аваад мөн суманд ойр зуурын ажил амжуулж байгаад 19 цаг 40 минутын үед сумаас гараад сумаас ойролцоогоор 25-30 километрийн зайд явж байгаад сувраганы ойролцоо довон дээгүүр харайх үед суудлын ар талд хийсэн байсан хөлдүү мах ойж ирээд миний нуруу хэсэгт цохисон. Тэгээд машин шууд унтраад манай нөхөр Н.Б нь машинаа асаах гэтэл асахгүй байсан. Үүний дараа миний нуруу өвдөөд хөдөлж болохгүй байхаар нь сумаас эмч дуудтал 21 цагийн үед эмч ирж үзээд намайг хүүхэдтэй цуг аваад явсан. Манай нөхөр Н.Б нь машиндаа үлдсэн. Манай нөхөр Н.Б нь жолоо бариад би хүүхдээ тэврээд жолоочийн эсрэг талын сандалд суугаад явж байсан. Осол гарах үед бид гурав л байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг хх-ийн 34-36/,
-түүний Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргасан “...Хохирогч О би өөрийн нөхөр Б-с сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй. Учир нь нялх хүүхэдтэй учраас шинжилгээ хийлгэх хүсэлгүй байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх хүсэлт /хх-ийн 102/,
2. Иргэний нэхэмжпэгч Б.Э-н “Ц.О 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 5,715,840 төгрөгийн мэс заслын тусламж үйлчилгээг авсан байна. 332 гэсэн онош нь Бүсэлхийн нугалмын хугарал. 248 гэсэн онош нь хяналтын үзлэг, 380 гэсэн онош нь өвдөг бяцрах онош байна. Мөн Орхон аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэгийн үйлчилгээ авсан байна. Энэ хэрэгт холбогдуулан Ц.О-н эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 5,868,390 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
3.Ц.О нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар ЭМДЕГ-ын цахим системээс татсан лавлагаа /хх-ийн 45/
4. Гэрч Ж.Б-н “...2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг өнгөрч байхад ***** сумын эмнэлгээс хүн гэмтсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудпага дээр яваад очиход Н.Б гэх хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад машинаа бутан дээгүүр үсэргэсэн гэсэн бөгөөд эхнэр нь нуруу нь гэмтсэн гэх байдалтай **** сумын эмнэлэгт байсан. Н.Б гэх хүнийг драгер үлээлгэхэд 1.96 хувийн согтолттой байсан. Хаана хэнтэй уусан талаар нь би тодруулж асуугаагүй. Эхнэр хүүхдийн хамт хөдөө гэр рүүгээ явж байсан гэж хэлсэн. ****** гэх улсын дугаартай Бонго маркийн тээрийн хэрэгсэл жолоодсон байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 51-53/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “1. Ц.О-н биед бүсэлхийн 1, 4 дүгээр нугалмын шахагдсан хугарал, нурууны булчингийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх 1082 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 20-24/,
6. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй талаар жолоочийн лавлагаа /хх-ийн 13/,
7. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн “1.1. Портер-2 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.Б нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 1.2. Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсний улмаас дээрх осол болоход нөлөөлсөн байна.” гэх магадалгаа, /хх-ийн 54-55/,
8. Яллагдагч Н.Б-р драгер үлээлгэсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37, 82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн ******** сумын төвөөс 25-30 километрийн зайд байх Суварганы ойролцоох замд 2024 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед ***** улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас довон мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох эхнэр Ц.Оын биед бүсэлхийн 1, 4 дүгээр нугалмын шахагдсан хугарал, нурууны булчингийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогчийн зүгээс “...Хохирогч О би өөрийн нөхөр Б-с сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй. Учир нь нялх хүүхэдтэй учраас шинжилгээ хийлгэх хүсэлгүй байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно..” гэх хүсэлт (хх-ийн 102) авагдсан, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5,868,390 төгрөгийг шүүгдэгч Н.Б төлөхөө илэрхийлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Б-н буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.О-н эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 5,868,390 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг шүүгдэгч Н.Б-с гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар Н.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч **** овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Н.Б-д мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б-с 5,868,390 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Э буюу Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ