Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/90

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Ө.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.М-д холбогдох 2516000930096 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр ***** аймгийн **** суманд төрсөн, **** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ***** регистрийн дугаартай, Г ургийн овгийн Г.М.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-г Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэр Хар эрэг гэх газар 2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн үед Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М нь Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэр Хар эрэг гэх газар 2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн үед Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.М гэм буруутай болох нь:

Гэрч Н.Ц-н “...Би Говь-Аптай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Халиун сум хариуцсан хэсгийн төлөөлөгч ажилтай. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 06 цаг 10 минутад хэсгийн цагдаа Б утсаар мэдэгдэхдээ нүүрс ачсан манай сум руу ирж байсан машин замдаа онхолдсон байна гэсэн дуудлагын дагуу хэсгийн цагдаагийн хамт Халиун сумаас 5 орчим км зайд Хар эрэг гэх газар очиход ***** Улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл нь онхолдсон байдалтай байсан. Тухайн машины хажууд хоёр хүн байсан ба уг хоёр хүнээс юу болсон талаар тодруулахад аймгийн төвөөс Халиун сумын уурын зуухны нүүрс ачаад гарсан. Тэгээд энд онхолдсон гзх ба тухайн хоёр хүнээс архи согтууруулах ундаа үнэртэж согтуу нь илт мэдэгдэж байсан. Б гэх иргэний нүүр болон толгой хэсэгтэй гэмтэлтэй харагдаж байсан учир Халиун сумын эрүүл мэндийн төв рүү авч явсан юм. Эмнэлэгт ирж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Б-г драгер багаж үлээлгэхэд 2.40 хувийн согтолттой, М-г драгер үлээлгэхэд 4.14 хувийн согтолттой байсан тул цагдаагийн бүртгэлд оруулж шалгасан. Тухайн үед М өөрөө унаж явсан, хажууд нь Б нь суугаад явж байсан гэсэн. Тээврийн хэрэгслийн жолооч нар замдаа пиво уусан гэсэн өгүүлэмжтэй байсныг цагдаагийн энгэрийн камераар баталгаажуулан авсан. М-н эхнэр болох А гэх хүний нэр дээр байсан. М нь жолоодох эрхээ 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэг жилээр хасуулсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг, /хх-ийн 92-93-р тал/

Гэрч Г.Б-н “...Би Говь-Алтай аймгийн ***** суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би 2025 оны 03 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим найз М-н хамт Говь-Алтай аймгийн төвөөс Халиун суманд нүүрс буулгахаар М-н өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замдаа М бид хоёр дөрвөн лааз пиво хувааж уугаад би нэг хэсэгхэн зуур машин дотор унтаад сэрэхэд машин онхолдсон байсан. М машины урд шилийг хөлөөрөө жийгээд бид хоёр машинаас гарсан. Бид хоёр утсаар ярих гэхэд сүлжээ байхгүй байсан тул ууланд алхаад сүлжээ олоод Халиун сумын цагдаад мэдэгдсэн юм. Тухайн үед М өөрөө унаж явсан. Би хажууд нь суугаад нэг хэсэгхэн зуур унтсан байсан юм. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй, тухайн үед би толгой, дух, хөмсөг зэрэг газраа шарх авч, хөмсөг болон дух хэсэгтээ оёо тавиулсан юм. М-н өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан юм. Надад санал гомдол байхгүй. М бид хоёр, хоёр хоёр лааз пиво уусан байсан. М согтуу бол байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 95-96-р тал/,

Гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, тус аймгийн Цагдаагийн газрын Халиун сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Б-н 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11,12,48-р тал/,

Г.М нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.3 дах заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тухай Цагдаагийн газрын Асап сангийн лавлагаа, /хх- ийн 112-р тал/,

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэр, /хх- ийн 51-53-р тал/

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-н 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаартай 1. Г.Б-н биед зулай, баруун чамархай, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.З. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдартанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 37- 38-р тал/,

2025 оны 03 дугаар 27-ны өдөр цагдаагийн дэслэгч Ч.Ц-н 1 минут 28 секунтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 13-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-н “...миний нэр дээр ***** улсын дугаартай хово маркийн тээврийн хэрэгсэл байдаг, манай нөхөр М нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа иргэний үнэмлэхгүй байсан тул миний нэр дээр авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, / хх-ийн 87-88-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.М-г амьсгал дахь спиртийн агууламж  тогтоогч багажаар шалгаж үзэхэд 4,14% спиртийн зүйл илэрсэн болох нь драгер үлээлгэсэн эрх бүхий албан тушаалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.М-д Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/163 шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тус шийтгэврийн хуулбараар тогтоогдож байна.

2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Г.М-г Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэр Хар эрэг гэх газар 2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн үед Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г ургийн овгийн Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Г.М-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн эхлэн тоолсугай.

5.  Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч Г.М-д мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардуулж эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА