2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1345

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         5         21                                    2025/ШЦТ/1345

 

 

                          

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Х.Билгүүн,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн Э-г ийн Дд холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын зохиолчдын эвлэл"-ийн байрны хойд талын зам дээр хохирогч М.Быг үл ялих зүйлээр шалтаглан зодож, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд урууланд няцарсан шарх, дээд уруул, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн *********** дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч М.Бы өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, гэрч Г.Эийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, гэрч Т.Эын өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12919 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл /хоёрдугаар/ тогтоосон маягт /хх-ийн 22-р хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2024 оны 9 дүгээр сарын 29- ний өдрийн М.Бд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хуудас, /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, “Цагаан титэм” ХХК-ийн шүдний эмнэлгийн “М.Б нь 2024 оны 10 дугаар сарын 05-нд үүдэн 2 шүд хийлгэж, 1,350,000 төгрөг төлсөн болно” гэх магадлагаа /хх-ийн 26-р хуудас/, Төрийн үйлчилгээний нэгсэн системийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *********** регистрийн дугаартай Мийн Б 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлчлүүлсэн 124762 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцсан гэх “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл” /хх-ийн 31-р хуудас/, шинжээч эмч С.Чулуунсүхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/, хохирогч М.Б 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.         

Шүүгдэгч Э.Д нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.             Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Э.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Э.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын зохиолчдын эвлэл"-ийн байрны хойд талын зам дээр хохирогч М.Быг үл ялих зүйлээр шалтаглан зодож, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд урууланд няцарсан шарх, дээд уруул, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Хохирогч М.Бы: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед найз Эын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо “Хобби” төвийн баруун талын төв замаар зам хөндлөн гарах гэж байх үед цагаан өнгийн “сай” маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаарыг нь мэдэхгүй байна найз Э яаж байгаа гөлөг нь гупэр хэсэг рүү нь өшиглөөд бид 2 явж байх үед тухайн машины жолооч нь машинаа зогсоож байгаад гудамжинд найз Эыг эхлээд үсдэж байгаад нүүр Халтарух нь 1 удаа цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гээд салгахад эргэж хараад намайг нүүр рүү 1 удаа цохиход би ухаан алдаад унасан юм шиг байсан. Хажууд хараад байж байсан хүмүүс хэлэхдээ намайг унасан хойно өшиглөсөн гэсэн. Тэр үед манай дүү Э ирээд тэр залууг бариад цагдаад дуудлага өгсөн. Намайг зодсон гэх газрын ойр орчимд хяналтын камер байгаа...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- Гэрч Г.Эийн: “...2024 оны 9 дүгээр сарын 28-ны бүтэн сайн өдөр үдээс хойш би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Монголын зохиолчдын эвлэлийн хойд талын Хобби центрт байрлах ажлын байрлуугаа орох гээд машинтайгаа зогсоол руу орж явтал Б ах нэг найзтайгаа халамцуу бололтой гуйвсан байдалтай алхаж явтал араас нь хар өнгийн хувцастай эрэгтэй хүн гүйж очоод Б ахын найзын нүүр лүү гараараа 2 удаа цохисон, тэгтэл Б ах болиулах гээд дундуур нь ортол Б ахын нүүр лүү 2 удаа гараараа цохисон, тэгээд тэр хоёрыг газар унагаад дээрээс нь гутлынхаа хоншоороор дэвсээд байсан. Тэр хоёр газар унасан байсан болохоор хэнийх нь нүүр лүү нь өшиглөөд байгаад харж чадаагүй. Энэ бүх үйл явдлыг би машин дотроосоо харсан, маш хурдан болж өнгөрсөн л дөө. Тэр хоёрыг зодчихоод тухайн эрэгтэй машиндаа суугаад явах гэж байхад нь би гүйж очиж тухайн машины араас гүйж очоод "наанаа байж бай чи" гээд машины зургийг дарсан байгаа. Би тэгээд Цагдаагийн байгууллага руу дуудлага өгөөд, цагдаа нар иртэл хамт байсан... Тухайн үед Б ахын үүдэн 2 шүд нь унаад, уруул нь сэтэрчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

- Гэрч Т.Эын: “...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр найз Бы ажил дээр 1 шил архи уугаад хамт гараад явж байхдаа зам хөндлөн гарах гээд явж байх үеэр зам уул нь түгжрэлтэй байсан юм. Тэгээд тэр машины хажуугаар зөрөхдөө миний гар хүрсэн юм шиг байна лээ. Тэгсэн тэр машины жолооч гэх эрэгтэй хүн бууж ирээд эхлээд миний нүүр лүү цохиж унагаагаад дээрээс өшиглөөд байсан, Бы нүүр лүү бас цохиод урд талын хиймэл шүдийг нь цөм цохиод уруулыг нь сэт цохичихсон байсан. Харин тэгтэл Бы ажлын газрын гэх залуу хүрч ирээд жолооч залууг барьж аваад цагдаад дуудлага өгсөн.... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12919 дугаартай: “М.Бы биед тархи доргилт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд урууланд няцарсан шарх, дээд уруул, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, өшиглөгдөх үйлчлэлээр, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн М.Бд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хуудас /хх-ийн 25-р хуудас/,

- “Цагаан титэм” ХХК-ийн шүдний эмнэлгийн “М.Б нь 2024 оны 10 дугаар сарын 05-нд үүдэн 2 шүд хийлгэж, 1,350,000 төгрөг төлсөн болно” гэсэн магадлагаа /хх-ийн 26-р хуудас/,

- Төрийн үйлчилгээний нэгсэн системийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *********** регистрийн дугаартай Мийн Б 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлчлүүлсэн 124,762 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцсан гэх “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл” /xx-ийн 31-р хуудас/,

- Шинжээч эмч С.Чулуунсүхийн: “...Хиймэл шүд нь өөрийн шүд гэж тооцогдохгүй учраас хиймэл шүдний гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй учраас шинжээчийн дүгнэлт дээр энэ талаар тусгаагүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

- Хохирогч М.Б 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...Хиймэл шүд хийлгэсэн 1,350,000 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр надад өгсөн. Одоо 2,850,000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй. Урууландаа косметик оёо хийлгэсэн, нуруу бариулсан, эм тариа авч хэрэглэсэн. Эдгээрт гаргаж өгөх баримт надад алга. Эдгээр зардлыг би өөрөөсөө гаргасан болохоор миний биед хохирол учруулсан хүнээс гаргуулмаар байна... Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... Сэтгэцийн шинжээч томилуулах шаардлагагүй... эмчилгээний зардлаа л гаргуулмаар байна. Өөр гомдол, санал алга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын зохиолчдын эвлэл"-ийн байрны хойд талын зам дээр хохирогч М.Быг үл ялих зүйлээр шалтаглан зодож, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд урууланд няцарсан шарх, дээд уруул, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хохиролтой шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч М.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Б нь уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой 1,350,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.Д нь хохирогч М.Бд 1,350,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан талаарх хэрэгт авагдсан боловч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтныг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулаагүй байх тул дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Бы цаашид гарах эмчилгээний зардал болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хохирогч М.Бы эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа бүрэн төлж барагдуулсан талаарх арилжааны банкны баримтууд зэргээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь түүнд холбогдох хэргийн гэм буруугийн үндсэн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх үед мөн адил гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Э.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн Э-г ийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Э.Дг чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Э.Дд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Бы цаашид гарах эмчилгээний зардал болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ