| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/1177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1352 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1352
2025 05 21 2025/ШЦТ/1352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Н.Дамбадаржаа,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ийн Б-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр **********иргэн Л.Эгийн эзэмшлийн хашаан дотроос Тоёота виш маркийн тээврийн хэрэгслийн моторын доод ангийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед Дарь-Эхэд байдаг гэрээсээ гараад найзынх руугаа явж байсан. Найзынх руугаа явж байхад хашааны хаалга онгорхой байхаар нь авсан. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг дүүгээрээ барагдуулсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ********** дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Л.Эгийн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 24/615 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-80-р хуудас/, гэрч Г.Мийн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/, хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-28-р хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-44-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-40-р хуудас/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримт лавлагаа, хохирол төлсөн баримт /хх-ийн 73-74, 77-78-р хуудас/, яллагдагч А.Бийн мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч А.Бид холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч А.Б нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ********** иргэн Л.Эгийн эзэмшлийн хашаан дотроос Тоёота виш маркийн тээврийн хэрэгслийн моторын доод ангийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Л.Эгийн: “...2024 оны 6 сарын 11-ний өдөр 13-14 цагийн хооронд манайх нохой хуцаад байхаар нь хүүхдээ гараад үзээдэх гэж хэлсэн чинь хүү маань нэг танихгүй хүн хашаа давж байна гэж хэлсэн. Тэгээд би босоод хашааныхаа камерыг ухраагаад үзсэн чинь цэнхэр подволктой, хар канттай өмдтэй, нэг залуу манай хашаанаас тоёота виш моторын дээд доод анги хулгайлаад аваад гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Тэгээд би гадаа зам дагуух камераа үзсэн чинь манай цаана байдаг түүхий эд авдаг газар луу зөөсөн байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд тэр түүхий эд авах газар луу очсон чинь миний моторын дээд доод анги эвдэрсэн байсан тэгээд би энийг хэн авч ирж өгсөн юм бэ гэсэн чинь манай энэ хавьд харагдаагүй хүн авч ирж өгсөн гэж тэр түүхий эд авдаг хүн хэлсэн тэгээд би тэр хоёрдогч түүхий эд авах газрын хяналтын камерын бичлэгийг утсан дээрээ бичиж авсан. Тэгээд би цааш яваад дэлгүүрийн хүнээс асуутал тийм хүн рашааны тийшээ явсан гэхээр нь би араас нь явсан чинь тэр миний машины эд ангийг хулгайлсан хүн тэр түц дээр сууж байсан. Тэгээд би цагдаа дуудаад тэр хүнийг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
- “Дамно” ХХК-ний 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 24/615 дугаартай: “Тоёота виш 2010 оны загвар, моторын доод эрүүтэй, 2022 онд машинаас нь тайлж салгасан 800,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-80-р хуудас/,
- Гэрч Г.Мийн: “...2024 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна нэг залуу мотор /машины/ барьчихсан ирээд авах уу гэхээр нь задраагүй болохоор /хайлш/ 100,000 төгрөгөөр авсан. Мөнгөө бэлнээр өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа ирээд мотороо буцааж аваад эзэнд нь өгнө гэж хэлээд дахиж ирээгүй. Ганцаараа явж байсан. Тухайн мотор байхгүй, зарагдсан. Хайлшин задлаагүй мотор байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/
- Хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийсэн “Миний машины эд ангийг хулгайлсан хүн байна гэж 1 дугаартай хүнийг заав. Би түүнийг нүүрний ерөнхий байрлал болон нүд амаар нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-28-р хуудас/,
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...хашааны хойд талд цагаан хаалгатай гараж, залгаа хаалгагүй ногоон өнгийн сэлбэг /автомашины/ хийсэн агуулах байв. Алга болсон гэх моторын доод анги байсан гэх ногоон өнгийн гаражийг хохирогчоор заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг хашааны зүүн талын хашааг давж гарсан гэх газрыг хохирогчоор заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 41-44-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “хохирогч Л.Эы гэрийн тээврийн хэрэгсэл орж гардаг цэнхэр өнгийн гүйдэг хаалга нь онгорхой, гадаа нь А.Б куртиктэй, жинсэн өмдтэй, пүүзтэй, онгорхой хаалганы завсраар хашаан доторхыг харж байгааг харуулав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 38-40-р хуудас/,
- Яллагдагч А.Бийн “...би тухайн өдөр гэртээ ганцаараа 1 шил 0.33 гр хэмжээтэй архи уучхаад найз Түвшөөгийн гэр рүү өөрийнхөө гэр болох Дарь-эхээс явж байсан тэгээд замд 14 цагийн үед станцын буудлын зам дагуу айлын урдуур явсан чинь хашаан дотор нь машины гавал /хайлш/ харагдсан тэгээд би тухайн айлын хашаа руу ар хэсгээр нь даваад ороход хашаан дотор байшингийн мухарт тайлчихсан хэвтэж байхаар нь аваад хашаанаас буцаж давж гараад тухайн төмрийн станцын буудлын доор байдаг төмрийн цэг дээр 100,000 төгрөгөөр тушаагаад бэлнээр мөнгийг нь авсан. Тухайн төмрийн цэг дээр эмэгтэй 50 орчим насны эгч байсан тэгээд би тухайн төмрийн цэгээс гараад ********** рашааны гадаа ганцаараа ус уугаад сааданд сууж байсан чинь нэг залуу ирээд намайг бариад цагдаа нарт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас / зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас өмчлөгч, эзэмшигчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэт захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, шүүгдэгч А.Б нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр **********иргэн Л.Эгийн эзэмшлийн хашаан дотроос Тоёота виш маркийн тээврийн хэрэгслийн моторын доод ангийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба гэмт хэргийн улмаас хохирогч Л.Эд учирсан 1,000,000 төгрөгийн хохирол /хх-ийн 77-80-р хуудас/-оос шүүгдэгч А.Б нь 1,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Л.Эы гаргасан хүсэлт /хх-ийн 100-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч А.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч А.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 21 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлаар тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 282 цагаар тогтоов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн цагдан хоригдсон 21 /хорин нэгэн/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлаар тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 282 /хоёр зуун наян хоёр/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч А.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
7. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт 21 /хорин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйиргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ