Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 64

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                     Л.Энхтайван

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Г.Амартүвшин

      Нарийн бичгийн дарга                 Б.Янжинлхам нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Цэрэнбалжирын Доржнамжилд холбогдох 201718000059 тоот хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой,  нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 1,  Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27-р “Дунд дарь эх”-ийн 22-р гудамж 1518 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Монгол овогт Цэрэнбалжирын Доржнамжил, /РД:МД-90103071/,

 

Шүүгдэгч Ц.Доржнамжил нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын 46/2997 км-н шонгийн орчимд 07-59 УБН улсын дугаартай “Toyota pruis” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин иргэн Ө.Сүхбатын 1 тооны халтар зүстэй морийг мөргөж, улмаар осол гарсан газрыг санаатай орхин зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

                                           

Тодорхойлох нь ;

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ц.Доржнамжилын 2017 оны 02-р сарын 24-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би төрсөн эгч Ундармаагийн хамт 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ОХУ-с Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор орж ирсэн. Бид 2 Алтанбулаг сумаас шууд Сүхбаатар сум орж эгчийнхээ найзын гэрт очиж цай хоол идчихээд тэр айлаас эгчийн эзэмшлийн “Тоёота Приус 20” маркийн 07-59 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч би өөрөө жолоодож Тужийн нарсны захиргааны байрны ар  талд байрлах айлд эд зүйл өгчихөөд тэндээсээ шууд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Улаанбаатар хот руу бид хоёр 01 цаг өнгөрөөгөөд гарсан. Улаанбаатар хот руу явах зам буюу Шаамар сум руу салдаг уулзвар хэсгийг өнгөрөөд явж байх үед миний эсрэг урсгалаас 2 тээврийн хэрэгсэл гарч ирээд нэг нь нөгөө тээврийн хэрэгслээ гүйцэж түрүүлэх гэж байх үедээ тэр 2 машин 2-лаа гэрлээ шилжүүлээгүйн улмаас миний нүд гэрлийн гялбаанд ороод байхаар нь би хурдаа сааруулаад гэрлээрээ дохио өгөхөд тэр 2 тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би тээврийн хэрэгслийнхээ гэрлийг эргээд хол дээрээ тавих үед миний тээврийн хэрэгслийн урдхан талд бараан зүсмийн адуу зогсож байсан. Тухайн адууны бөгсөн хэсэг нь засмал зам дээр толгой хэсэг нь замын хөвөө хэсэг дээр байсан. Би тормосоо гишгээд зүүн гар тал руу дарах үед миний тээврийн хэрэгслийн баруун толь хэсгээр адууг мөргөөд өнгөрсөн. Тэгээд би тээврийн хэрэгслийнхээ жолооны хүрдийг баруун гар тал руугаа дараад замаа чөлөөлөөд зогссон. Би осол болсон газраас 60 орчим метр өнгөрөөд зогссон байна лээ. Тухайн үед миний ард явж байсан Дархан-Уул аймгийн дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн зэрэгцээ зогсоод цонхоо онгойлгоод “зүгээр үү” гэж асуухад нь “зүгээр ах” гэж хэлтэл “харин тийм байхаа, гэнэт далбилзаад явчихсан юм” гэж хэлж яриад тухайн тээврийн хэрэгсэл өнгөрөөд явсан. Тэр тээврийн хэрэгсэл өнгөрөөд явсаны дараа манай эгч тухайн адуу байсан хэсэг рүү машиныхаа толийг авах гэж явсан. Би тухайн үед тээврийн хэрэгслээ эргүүлж тухайн орчныг гэрэлтүүлж өгсөн. Машины толь сууриараа хугарч бутарсан байсан. Толины унасан хэсгийн гадна хуванцар болон толь хэсэг хагарч бутарсан байхаар нь толины араам хэсгээ авч бутарсан хэсгүүдийг нь тэндээ үлдээгээд цааш хөдлөхийн өмнө тээврийн хэрэгслээрээ тухайн адуу байсан хэсгээс цааш замын хажуу тал руу гэрэлтүүлэн харахад замаас 10 орчим метрийн зайнд нэг бараан зүсмийн адуу цаашаа бусад адууныхаа араас удаанаар алхаад явж харагдахаар нь тухайн адууг гэмтэж бэртээгүй гэж бодоод цааш Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэр шөнөөс 2 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас над руу утасдаад хэрэг явдал болсон талаар хэлсэн. Би 2017  оны 02 дугаар сарын 06-ны өглөө чухал ажилтай байсан, ослын улмаас бага зэрэг цочирдсон байсан учраас хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй осол гарсан газрыг орхиж явсан юм. Мөн тухайн адуу бэртэж гэмтээгүй юм шиг харагдсан учир тийм үйлдэл гаргасан. Би Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмд заасан жолоочийн үүрэг болох осол аваар болсны дараа авах арга хэмжээнүүдийг аваагүйдээ харамсаж байна. Миний тээврийн хэрэгслийн баруун талын толь сууриараа хугарч унасан. Өөрөөр ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Би тухайн адууны баруун хойл талын гуя хэсгийг өөрийн тээврийн хэрэгслийн баруун толь хэсгээр мөргөсөн байна лээ. Тээврийн хэрэгслийн эд анги учраас тэнд нь хаяж байхаар гэж бодоод аваад явсан. Тэрнээс хэргийн ул мөрөө аргилгах гэсэн ямар нэгэн санаа байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 96-р ху/,

2. Шүүгдэгч Ц.Доржнамжилын 2017 оны 03-р сарын 28-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын өгсөн: ... Би дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Нэмж ярих зүйл алга байна. Тээврийн хэрэгслийн эд анги бүрэн ажиллагаатай явж байсан. Осол аваарт нөлөөлөх хүчин зүйл байгаагүй. Тухайн газар орчны үзэгдэх орчин бага зэрэг муу байсан. Гэрэлтүүлэг байхгүй замын хажуугаар бургас ихтэй, миний эсрэг урсгалаас хоёр тээврийн хэрэгсэл холын гэрэлтэйгээ зөрсөн зэрэг шалтгаанаар харагдах орчин муу болсон. Толины урд доод талын хонхорхой хэрэг гарах орой адуу шүргэх үед үүссэн юм. Зүүн талын крылонд үүссэн хонхорхой, арын буферний баруун болон зүүн хэсэгт үүссэн цууралт, зүүн хойд крыло зурагдаж хонхойсон зэрэг гэмтлүүд хэзээ хэрхэн үүссэн талаар надад санах зүйл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 99-р ху/,

       3. Шүүгдэгч Ц.Доржнамжилын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие тэр өдөр Орост хэд хоночихоод Замын-Үүд рүү яаралтай ажлаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Тоёото приус”-20 маркийн 07-59 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж адуу мөргөсөн. Тухайн үед 90 орчим километр цагийн хурдтай явж байсан, урдаас ирж байгаа машин их гэрлээ тавьсан байсан болохоор 70 руу шилжүүлсэн.  Тэгээд гэрлийн гялбаанд ороод гэнэт адуу мөргөөд  машины баруун талын толь сууриараа хугарсан. Эргэж харахад адуу явж байхаар нь “гайгүй юм байна” гэж бодоод цааш явсан.  Тухайн үед цагдаагийн байгуулагад мэдэгдээгүй нь миний буруу. Санаатай зугтааж байна гэж тухайн үедээ бодоогүй. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү.  гэх мэдүүлэг,

     4. Иргэний нэхэмжлэгч Ө.Сүхбатын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн адуугаа Ундрагчийн бригадын урд талын уул өөд бэлчээсэн. Тэр өдрөөс хойш адуугаа хаана бэлчиж байгаа талаар хараагүй байсан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн орчимд би өөрийн гэртээ байж байх үед миний танил төмөр замд ажилладаг залуу утасдаад “таны халтар морь машинд дайруулсан байдалтай зам дээр амьд хэвтэж байна, босож чадахгүй байна, хойд 2 хөл нь хугарсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Гал, Дөл гэх хүүхдүүддээ “нэгэнт үхээгүй байгаа малыг зовоогоод яах вэ, миний 2 хүү амийг нь тасалчихаад ир” гэж хэлээд явуулсан. Манай 2 хүү очиж халтар морио янзлаад 2 гуяыг нь болон хаанаас нь 4 хавирга, ширийг нь авч ирсэн. Хоёр гуяных нь шаант чөмөгний яс нь хугарсан байна лээ, ширийг нь харахад манай халтар зүсмийн баруун гуяндаа саран дэвсгэртэй чандмань тамгатай нас гүйцсэн морь мөн байсан. Бод малыг байнга хариулна гэдэг бараг боломжгүй зүйл байгаа юм. Тиймээс малаа хааяа даа хаана бэлчиж байгааг нь харахаас биш байнга хариулаад байдаггүй. Комиссоос гаргасан үнэлгээнд санал нийлж байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 53-р ху/,

5. Иргэний нэхэмжлэгч С.Ундрахбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Их имж” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг ХХК юм. Иргэн Ц.Ундрах өөрийн эзэмшлийн 07-59 УБН улсын дугаартай “тоёота приус 20” маркын автомашиныг манай ХХК-д 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Зээл төлөгдөж дуустал манай ХХК-ний өмч юм. Зээлийн үндсэн төлбөр хийгдээгүй. Машиныг 2 удаа зээлэнд барьцаалж байна. Хамгийн сүүлд 2015 оны 11-р сарын 13-ны өдөр уг 2.500.000 төгрөгийг авсан. Хэрэв шүүхийн шийдвэр гарч машин хураагдвал 2,500,000 төгрөг нэхэмжилнэ. Өөр санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 58-р ху/,     

  6. Гэрч М.Баасансүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Доржнамжил 2008 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Зан байдлыг хувьд даруу төлөв, ямар нэгэн муу араншингүй хүн байгаа юм. Миний сайн найзуудын нэг юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 63-р ху/,

7. Гэрч Г.Гансүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Доржнамжилын төрсөн эгчийнх нь хүүхдийн нөхөр байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Доржнамжил төрсөн эгч Удармаагийн хамт манай гэрт цай, хоол идээд өөрийнхөө “Приус 20” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэр 2-той өөр ямар нэгэн хүн хамт яваагүй. Доржнамжил болон түүний эгч ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Доржнамжил даруу төлөв, хүнтэй яриа яриа хөөрөө сайтай, хөгжилтэй, соёлтой залуу байгаа юм. Өмнө нь хэрэгт зөрчилд холбогдож байгаагүй байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 64-р ху/,

8. Б.Энхмаагийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Доржнамжил миний нагац ах байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулиа алтан медальтай төгсөөд Улаанбаатар эрдэм оюу сургуулийг гаалийн байцаагчийн мэргэжлээр суралцаж төгссөн. Зан байдлын хувьд даруу төлөв, хүн хэлэх үгээ хэлчихдэг шударга зантай, ажилсаг, хийж эхэлсэн зүйлээ дуусгаж байж санаа нь амардаг тийм хүн байгаа юм. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбдогдож байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 65-р ху/,

9. Гэрч С.Галын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед манай аав над руу утасдаад “манай адууны хөлийг дайрчихсан, зам дээр хэвтэж байна гэнэ, очиж үзээд гайгүй шиг байвал авч ир, гайтай бол гаргачих” гэж хэлсэн юм. Тэгээд би төрсөн дүү Дөлийн хамт Ундрагчийн бригадын орчим Хайрга толгойн зүүн талд засмал зам явсан хотгор газарт манай халтар зүсмийн, сартай чандмань тамгатай нас гүйцсэн морь хэвтэж байсан. Хойд талын 2 хөл нь хугараад зам дээр цус нь гойжчихсон байсан. Тэгээд эдгэрэхээсээ өнгөрсөн гэж санаад адуугаа замын хажуу тал руу чирж оруулаад нугаслаж янзлаад машин дээр ачаад аваад явсан. Дөрвөн шийрийг нь тэнд байсан нүх рүү харин толгойг нь модон дээр тавиад орхисон юм. Баруун, зүүн талын хойд хоёр хөл нь шаант чөмөгний дээд талаар ташраараа хугарч, зүүн хөлнийх нь яс нь арьсаа цоолоод гараад ирсэн байсан. Миний бодлоор жижиг оврын тээврийн хэрэгсэл хөл хэсэг рүү нь мөргөсөн юм шиг байна лээ. Тухайн үед адуу Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн хөвөө болон засмал замын хэсгийн орчим хэвтэж байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 66-р ху/,

10. Гэрч О.Эрдэнэсувдын 2017 оны 04-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би малын их эмчийн ажлыг 1992 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Малын хөл бол маш чухал эрхтэн байдаг юм. Адууны хойд талын хоёр хөл шаанд чөмөг хэсгээрээ хугарсан тохиолдолд уг адуу цаашид амьдрах нөхцөл бололцоо маш бага байдаг юм. Адуу тийм гэмтэл авсан тохиолдолд нядалсан нь дээр байдаг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-р ху/,

11. Гэрч Т.Дэлгэрсайханы 2017 оны 03-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байрлах Төмөр замын 43 дугаар өртөө буюу точиг руу ажилдаа явж байхад Шаамар сумын нутагт “Хайрга толгой” гэх газрын орчим засмал зам дээр халтар зүсмийн адуу машинд мөргүүлсэн гэмээр байдалтай Дархан-Уул аймгийн чиглэл рүү толгой хэсэг нь харсан засмал замын ертөнцийн зүгээр баруун талын урсгал хэсгийн орчим үхээгүй хэвтэж байсан юм. Тухайн адууны хажуухан манай ажлын Гал гэх залуугийн аав Сүхбат гуайн адуу байхаар нь тэр машинд мөргүүлсэн гэмээр адууг Сүхбат гуайн адуу байна гэж бодоод Сүхбат гуай руу утасдаад тухайн адууны талаар хэлсэн. Тухайн адууны хэвтэж байсан замын хэсэгт цус урсаж тогтсон байсан. Адууны ямар эд эрхтэн гэмтсэн, ямар эд эрхтнээс нь цус гарсан талаар бол надад мэдэгдэх зүйл байгаагүй. Тэгээд би ажил руугаа явсан. Тухайн осол аваар гаргасан гэмээр тээврийн хэрэгсэл байгаагүй. Харин зам зуурын тээврийн хэрэгсэл бол тэрүүгээр зөрж өнгөрч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 69-р ху/,

12. Гэрч Ц.Золбаатарын 2017 оны 04-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед хувийн ажлаар Дархан-Уул аймаг руу найзынхаа тээврийн хэрэгслээр явж байхад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг “Хайрга толгой” гэх газарт засмал замын Дархан чиглэлийн урсгал замын ертөнцийн зүгээр баруун хэсэгт засмал зам болон хөвөө хоёрын зааг хэсэг дээр халтар зүсмийн адуу дөрвөн хөлөө нугалсан байдалтай хэвтэж байсан. Адууны бие нилэнхүйдээ цантчихсан харагдсан. Тухайн адууг тээврийн хэрэгсэлд мөргүүлээд бэртчихэж гэж санаад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036102 дугаарын утас руу залгаж дуудлага өгчихөөд цааш явсан. Тухайн адууны хэвтэж байсан асфальтан замын хэсэг болон хөвөө хэсэг чийг даасан байдалтай харагдсан. Тухайн орчимд тээврийн хэрэгслийн эвдэрсэн, хагарсан эд анги байсан эсэх талаар бол надад харагдаагүй. Тухайн үед өөр адуу мал байгаагүй. Цус гарсан эсэх талаар бол анзаарч хараагүй. Адууны бие нилэнхүйдээ цантсан байсныг бодвол адууны биеэс гарсан цус нь хэвтэж байсан газраа хуримтлагдаж бие нь цантсан байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 70-р ху/,

13. Гэрч З.Энхмандахын 2017 оны 04-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 24 цагийн хугацаатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр өдрийн 10 цаг 40 минутын үед цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд  “нэг адуу тээврийн хэрэгсэлд дайрагдсан байна” гэсэн дуудлага ирсэн бөгөөд тухайн дуудлагын дагуу би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Хайрга толгой” гэх газар луу ганцаараа 01-00 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Хэргийн газар очих үед бага зэрэг уруу байрлалтай засмал замын ертөнцийн зүгээр баруун талд цасан дээр халтар зүсмийн адууг 2 залуу нядалж өвчиж байсан. Тухайн залуучууд тэр адууг “өөрийн адуу, адууны хойд талын 2 хөл нь хугарсан учир амьтан зовоож байхаар гаргачихлаа” гэж байсан. Засмал замын Дархан-Уул аймгийн чиглэлийн урсгалын хөвөө хэсэгтэй ойрхон хэсэг газар их хэмжээний цус тогтож хөлдсөн байдалтай байсан. Тэр адуу тухайн цус болсон хэсэг дээр хэвтэж байхад нь адууны эзэд замын хажуу руу чирж оруулан нядалсан юм байна лээ. Засмал зам дээр тогтсон цусны хажууханд байсан тээврийн хэрэгслийн толины хэлтэрхийнүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан. Хэргийн газрын ойр орчим ямар нэгэн айл, адуу мал харагдаагүй. Би хэргийн газарт очих үед тухайн адууны арьсыг өвчиж хөлнүүдийг нь мөчлөөд авчихсан байсан. Хугарсан гэх хөлийг нь би хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 71-р ху/,

14.Гэрч Н.Гангинжийн 2017 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний нөхөр Б.Бямбажав нь 2017 оны 03 дугаар сарын эхээр Хэнтий, Сүхбаатар, Архангай аймгуудын нутгаар иргэдээс ноолуур худалдаж авахаар явсан. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийнхөө 95863388 дугаартай утаснаас над руу яриад Сүхбаатар аймагт явж эндээс Архангай аймаг руу явна гэж байсан. Үүнээс хойш огт холбоо бариагүй, явснаас хойш гэртээ ирээгүй, хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 73-р ху/,

15.Гэрч Ц.Ундармаагийн 2017 оны 04-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хуульд заасан эрхийнхээ дагуу төрсөн дүү Ц.Доржнамжилын эсрэг мэдүүлэг өгөхгүй, ер нь мэдүүлэг өгмөөргүй байна. Учир нь миний биеийн байдал тааруу байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 75-р ху/,

16. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №17 тоот актын шинжээчийн дүгнэлт.

       1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн 1-14 гэж дугаарласан хуванцар хэсгүүд нь “Тоёота Приус 20” маркийн 07-59 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос гарч ирсэн саарал өнгийн 15 гэж дугаарласан хуванцартай өөр хоорондоо зах ирмэг хэсгээрээ нийлж нэг бүхэл үүсгэж байна.

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 30 ширхэг хар өнгийн хуванцарууд нь 07-59 УБН дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан 33,8х9,3х10,4 см хэмжээтэй “RHR 7784-FBT-GF55-3 гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцартай нэг бүхэл үүсгэхгүй байна.

07-59 УБН дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгний хэсгээс хураан авсан 17 гэж дугаарласан толины хэлтэрхийг хэргийн газраас хураан авсан 14 гэж дугаарласан толины хэлтэрхийтэй зах ирмэгээрээ нэг бүхэл үүсгэж байна. гэх дүгнэлт, /хх-ийн 80-р ху/,

17. Шинжээч Э.Баярсайханы 2017 оны 04-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч Д.Мөнхбатын шинжээч томилсон тогтоолын хамт хар өнгийн хуванцар 31 ширхэг, саарал өнгийн хуванцар 21 ширхэг, толины хэлтэрхий 4 ширхэгийг ирүүлсэн юм. Хэргийн газрын үзлэг болон тээврийн хэрэгслээс хураан авсан хуванцарууд нь нэг бүхлийг үүсгэж байгаа эсэх талаар шинжилгээ хийхэд хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн 15 ширхэг хуванцар нь 07-59 УБН дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан саарал өнгийн хуванцарын хэсэгтэй нэг бүхэл болж таарч тохирч байсан юм. Харин хэргийн газраас хураан авсан хар өнгийн толины суурь хэсэгтэй зах ирмэг, шинж тэмдэг, гадаргуун зузаан, нимгэн зэргээрээ таарч тохирохгүй байсан юм. Гэхдээ хэргийн газрын үзлэгээр хураан авсан 30 ширхэг хар өнгийн хуванцарууд нь Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн толины ард талын тогтоогч хэсэг байж болох юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 82-р ху/,

18. Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт:

1.Магадлуулагч Ц.Доржнамжил нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох аргаж хэмжээ авна гэсэн зүйл заалт, 15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх. а/ ... Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт зөрчсөн байна.

 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол болсон эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,  /6.3-т Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт саад аюулыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалт, мөн в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/ -д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Магадлуулагч Ө.Сүхбат нь замын хөдөлгөөний дүрмийн 23.7 Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.

3.Зам тээврийн осол мөн. /зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэглслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал

4. Магадлуулагч Ө.Сүхбат нь замын хөдөлгөөний дүрмийн 23.7 Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн. гэж үзэв. ...гэх дүгнэлт, /хх-ийн 88-р ху/,

 

Шүүгдэгч Ц.Доржнамжилын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 113-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 94-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 95,96-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 97,98-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 99-р ху/, хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-р ху/, жолоочийн лавлагаа, /хх 13-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх 20-21-р ху/, замын цагдаагийн газрын зохицуулагч нарын осол гаргасан  машиныг эрэн сурвалжилсан талаархи илтгэх хуудас, /хх 25-32-р ху/, тээврийн хэрэгсэлд морь дайрагдсан талаархи Шаамар сумын засаг даргын тодорхойлолт, / хх 24-р ху/,  “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ /хх-ийн 37-38-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-43-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 44-45-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47-р ху/, хураан авах тухай тогтоол, /хх 48-р ху/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 49-р ху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 50-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-р ху/, шинжээчийн 17 тоот дүгнэлтэнд хавсаргасан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт, /хх 82-84-р ху/, хохирогчийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 85-90-р ху/, шүүгдэгчийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 86,89-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 107-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  хуулбар, лавлагаа, /хх 13,111-р ху/,шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх 112-р ху/, малаа хариулгагүй явуулж байсан малчинд захиргааны шийтгэл оногдуулах  тухай шийдвэр, шийтгэврийн хуудас, /хх 114,115-р ху/, гэх зэрэг болно.

 

        Шүүгдэгч Ц.Доржнамжил нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын 46/2997 км-н шонгийн орчимд 07-59 УБН улсын дугаартай “Toyota pruis” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин иргэн Ө.Сүхбатын 1 тооны халтар зүстэй морийг мөргөж, улмаар осол гарсан газрыг санаатай орхин зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

 

Шүүгдэгчийн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, замын цагдаагийн газрын зохицуулагч нарын осол гаргасан  машиныг эрэн сурвалжилсан талаархи илтгэх хуудас, тээврийн хэрэгсэлд морь дайрагдсан талаархи Шаамар сумын засаг даргын тодорхойлолт, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тухай тогтоол,эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 17 тоот дүгнэлтэнд хавсаргасан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт ...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

       Шүүгдэгч Ц.Доржнамжилд холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Ц.Доржнамжилын үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь  зүйтэй.

   Шүүх хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.

    Энэ хэрэгт шүүгдэгч  Ц.Доржнамжил нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар  саарал өнгийн хуванцар 20 ширхэг,  хар өнгийн хуванцар 30 ширхэг,  толины 2 ширхэг хэлтэрхий,  07-59 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг хэсгээс гарч ирсэн хар өнгийн хуванцар 1 ширхэг, саарал өнгийн хуванцар 1 ширхэг, мөн № 998658 тоот жолоочийн үнэмлэх хураагдаж ирснийг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290.3, 292-р зүйлийн 292.2,  294,  295, 296, 297, 298-р   зүйлүүдийг  удирдлага болгон  Тогтоох нь ;

 

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Цэрэнбалжирын Доржнамжилыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 216-р зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 216-р зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Доржнамжилыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Доржнамжилд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Доржнамжил нь энэ гэмт хэргийн улмаас  бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн хуванцар 20 ширхэг,  хар өнгийн хуванцар 30 ширхэг,  толины 2 ширхэг хэлтэрхий,  07-59 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг хэсгээс гарч ирсэн хар өнгийн хуванцар 1 ширхэг, саарал өнгийн хуванцар 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  хавтаст хэргийн 48-р хуудсанд авагдсан “ хураан авах тухай тогтоол”оор хураан авч хэрэгт хавсаргасан  № 998658 тоот жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Ц.Доржнамжилд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Доржнамжилд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.      

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан  Ц.Доржнамжилд сануулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Доржнамжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргинй Цагдаагийн газарт даалгасугай.  

9. Шүүгдэгч Ц.Доржнамжилд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

10. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

12. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч,түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй хэсэгт/ эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН