Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

 

 

 

 

Ө.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/435 дугаар шийтгэх тогтоолтой Ө.Ад холбогдох 2034000000426 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө.А-,

Ө.А нь 2020 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чанар” амралтын газар иргэн Ц.Пүрэвсүрэнг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/435 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Өлзийсайханы Аг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Боржигон овогт Өлзийсайханы Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ө.Ад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.А нь хохирогч Ц.Пүрэвсүрэнд хохирлын 1.154.945 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Пүрэвсүрэн нь 2.190.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Пүрэвсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн 2034000000426 дугаартай хэрэгт щүүгдэгч Ө.Амзрбаясгалан нь хохирогч Ц.Пүрэвсүрзи намайг хоёр удаа хутгалж хүнд гэмтэл учруулсан үйлдэлд шүүхээс гэм буруутайд тооцож 4 жилийн хорих ял оногдуулсан шийдвэр нь миний ирээдүйд амьд явах эрхэнд маш нодтой халдсан шийдвэр болсон байна.

Учир нь шүүгдэгч Ө.Агийн хамаарал бүхий этгээдүүд анхан шатны шүүх хурлаас хойш намайг амь насыг чинь бүрэлгэнэ гэж заналхийлж байна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэрийн гаднаас алга болж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байна.

Иимд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн аихан шатны шүүхийн 2020 оиы 10 дугаар 16-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ө.Аг ялаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй энэ нь шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлсөн, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зэргээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэлтэй байна.

1. Шүүх шийтгэх тогтоолын дүгнэлт буюу тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Ямар үндэслэлээр ингэж дүгнэсэн нь тодорхойгүй. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд удаа дараагийн өгсөн мэдүүлэг шүүхийн шинэчилсэн байцаалтаар хохирогчийн биед хутгаар хүнд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож байна, миний буруу хохиролыг барагдуулна гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөлдөө Прокурорын яллах дүгнэлт, хуулийн зүйл анги, гэм буруугийн хувьд маргахгүй гэж хэлсэн. Гэтэл шүүх шүүгдэгчийг гэм буруугаа ухамсарлаагуй, хүсэж үйлдээгүй гэсэн мэтээр хавтаст хэрэгт авагдаагүй баримтаар үндэслэлгүй дүгнэсэн. Мөн шүүх шүүгдэгч Ө.А нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа хутга хэрэглэсэн нь энэ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэв гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан байхад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон.

2. Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй. Тогтоолд эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ... түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн хэдий ч ...шүүгдэгч Ө.Ад ЭХТА-ийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Энэ дүгнэлтээс харахад ЭХЕА-ийн 6.7-р зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн байдал байна. Гэтэл ТОГТООХ хэсэгт шүүгдэгч Ө.Аг ЭХЕА-ийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4-т зааснаар 4-н жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж заасан.

3. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.7,1.8,1.9-д заасан Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Шийтгэх тогтоолын Эрүүгийн хариуцлагын талаархи дүгнэлт болон хэрэгт авагдсан шүүх хуралдааны бичмэл тэмдэглэлтэй танилцахад Эрүүгийн хариуцлагын шүүх хурал дээр шүүгдэгчийн өмгөөлөгч миний шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ЭХЕА-ийн 6.7-р зүйлийн 1.4-т... гэж заасныг удирдлага болгон тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 5-н жилийн хорих ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр доош татаж ялыг оногдуулж өгнө үү гэж хэлснийг ЭХЕА-ийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээг ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэж хэлсэн мэтээр өөрчлөн бичсэн байна. Шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд эрүүгийн хариуцлагын хуралдааны бичлэгээс өмгөөлөгчийн өмгөөллийн үг, улсын яллагчийн ялын талаархи дүгнэлт, өмгөөллийн үгийн дараахи улсын яллагчийн 2 дахь шүүмжлэл зэргийг хассан, хурлын тэмдэглэл байхгүй болсон байв. Улсын яллагч өмгөөлөгчийн ЭХЕА-ийн 6.7-р зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон гэж хэлснийг мэдэж байгаа ба энэ зүйл хэсгийг журамлан ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэж хэлж байсан.

Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн ТОГТООХ хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байсан. Шүүгч Ю.Энхмаа шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо ТОГТООХ хэсгийн 2-т Шүүгдэгч Боржигон овогийн Өлзийсайханы Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг журамлан... шийтгэсүгэй гэж уншсан ба гардан авсан шийтгэх тогтоолд ЭХЕА-ийн 6.7-р зүйлийн 1.3-т заасныг журамлан гэж зөрүүтэй бичсэн. Гэтэл шүүх хуралдааны дууны бичлэгт шүүгч ЭХЕА-ийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг журамлан гэж хэлсэн нь бичигдсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд ЭХЕА-ийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэж хэлсэн мэтээр зөрүүтэй бичсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл, дууны бичлэг зөрүүтэй байгаа юм.

4. Шүүх шүүгдэгчийг ЭХ-ийн ТА-ийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба уг гэмт хэрэг нь 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл анги ба шүүх 6.7-р зүйлийг журамлан ял оногдуулахдаа хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5. Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан ЭХийн ЕА-ийн 6.7-р зүйлийг хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн амьдрал ахуйн хувьд 03-11 насны 3 хүүхэдтэй эхнэр нь ажилгүй хүүхэд харах чөлөөтэй байдаг ганцаар ажиллаж гэр бүлээ авч явдаг. Өрхийн амьжиргааны түвшин доогуур өрхөд хамрагддаг.

Иймд шүүгдэгч Ө.Ад ЭХ-ийн ЕА-ийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ЭХийн ТА-ийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээ болох 5-н жилийн хорих ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр доош нь татаж оногдуулсан 4-н жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шийдвэрлэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Шүүх хуралдаан дээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-ийг баримтлан ялыг доош татаж өгнө үү гэсэн санал гаргасан байхад тогтоолд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ыг хэрэглэн ял оногдуулж өгнө үү гэж хэлсэн мэтээр бичигдсэн. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэх тогтоолыг өөрчлөх, зөвтгөн засах боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-ийг баримтлан 4 жилийн хорих ялаас хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Ад холбогдох эрүүгийн 2034000000426 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чанар” амралтын газар иргэн Ц.Пүрэвсүрэнг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-7 тал/,
  • Эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8-13 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 49 тал/,
  • Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 67-72, 103-117 тал/,
  • Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны едрийн №48 дугаартай "...Ц.Пүрэвсүрэнгийн биед зүүн суга, хэвлийн шарх, нарийн гэдэсний гогцооны нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /800мл/ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,
  • Хохирогч Ц.Пүрэвсүрэн /хх-ийн 17-21 тал/, гэрч Б.Ганцэцэг /хх-ийн 25 тал/, гэрч Э.Даваасамбуу /хх-ийн 26-27 тал/, гэрч Х.Лхагвасүрэн /хх-ийн 30 тал/, гэрч Б.Өлзийнаран /хх-ийн 31 тал/, гэрч А.Ичинхорлоо /хх-ийн 32 тал/, гэрч Бат-Өлзий /хх-ийн 33 тал/, шүүгдэгч Ө.А /хх-ийн 51-55 тал/ нарын мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ”...шүүх 6.7-р зүйлийг журамлан ял оногдуулахдаа хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэсэн гомдол нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т ялын хэмжээ нь таваас арван хоёр жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж ялыг хөнгөрүүлж болно. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Агийн хорих ялыг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ө.Ад оногдуулсан 4 жилийн хорих ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ө.Аг ялаас чөлөөлж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим болох “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/435 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “1 дэх хэсгийн 1.3-т заасныг” гэснийг “1 дэх хэсгийн 1.4-т заасныг” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Агийн 2020 оны 10 сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 сарын 21-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 97 /ерэн долоо// хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

5. Шүүгдэгч Ө.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ